Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2019/0137/З |
Дугаар | 128/ШШ2019/0753 |
Огноо | 2019-10-30 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2019/0753
30 өдөр | Дугаар 128/ШШ2019/0753 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Ж -ийн гомдолтой, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нарт холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч: Ж.
Хариуцагч: УТ.З, Н.Х.
Гомдлын шаардлага: Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсын 2, 4, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т, нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Ж шүүхэд анх ирүүлсэн гомдолдоо: Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нар нь Ж ХХК-ийн 2012-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хийж, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №******* тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар шийтгэлийн хуудсын 6 дахь хэсгийн Жа ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2015 онд 2,624,666,592.00 төгрөг, 2016 онд 2,241,432,118.73 төгрөг нийт 4,866,098,710.73 төгрөгийн ажил үйлчилгээний орлогод Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь 2015, 2016 онд Жа ХХК-тай Баянхонгор аймгийн Галуут сумын С******* хэмээх газарт байрлах 77******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийх гэрээний дагуу манай Ж нь Жа ХХК-ийн талбайгаас өөрийн хүний нөөц, техник хүчин чадалд тулгуурлан 2015 онд сэлбэг, түлш шатахуун, цалин түрээс, тээвэр, хоол хүнс, харуул хамгаалалтад 2,327,217,392 төгрөгийн зардал гаргасан, 2016 онд 2,284,974,627 төгрөгийн зардал гаргаж нөхөн сэргээлт хийж алт олборлож, 4,866,098,710.73 төгрөгийн алтны орлогыг манай компани бүрэн эзэмших эрхтэй байсан.
Алтны орлогыг манай компанийн данс руу шилжүүлэх хүсэлтийг Жа ХХК нь алтны тушаалт хийх бүрт хамт гаргадаг байсан. Алтны борлуулалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Нэмэгдсэн өртгийн албан татварын албан татвараас чөлөөлөх барааг жагсаасан байдаг бөгөөд 13.1.11-д Борлуулсан алт гэж заасан байдаг.
Жа ХХК нь өөрийн алтны орлогоо Ж-ийн дансанд шилжүүлэх хүсэлт гарган авсан нь Жа ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 20 тоот, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 22 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 24 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 тоот, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 36 тоот, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 42 тоот, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 35 тоот албан бичгүүдээр нотлогддог. Хуульд алтны орлогыг алт тушаагч зөвхөн өөрийн дансаар авна гэсэн зохицуулалт байдаггүй. Жа ХХК нь манай компанийн данс руу орсон алтны орлогыг өөрийн нэр дээр тайлагнаагүй учир манай компани алтны орлогыг өөрийн компани дээр тайлагнасан.
Манай компани нь 2015-2016 онд нийт 4,612,192,559 төгрөгний зардал гаргаж Баянхонгор аймгийн Галуут сумын С******* хэмээх газарт байрлах 77******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгсөн. Ийнхүү манай компани нөхөн сэргээлт хийсэн тул олборлосон алтны орлогыг манай компани гэрээний дагуу эзэмших эрхтэй байсан. Гэтэл уг алтны орлогыг ажил гүйцэтгэх гэрээний дагуух орлого гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.
Жа ХХК-ийн нэрээр Монгол банканд тушаасан алтны борлуулалт нь манай компанийн данс руу ордог байсан учир алтны борлуулалтын орлого нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.11-д заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэсний дагуу чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №******* тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
Гомдол гаргагч Ж нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.З Н.Х нар нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Э-ын олгосон дугаар 2117******* тоот томилолтын дагуу Ж-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх 5 жилийн хугацааг хамруулан 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 18 хоногийн хугацаатай шалгах томилолттой байсан. Гэтэл байцаагчид нь хуульд заасан эрхээ хэтрүүлэн 2013 онд татварын шалгалт орсон байхад дахиж шалгасан, томилолтын хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 18-нд дууссан байхад хугацаанд нь сунгаагүй, хууль ёсны дагуу сунгагдаагүй хууль бус томилолтын дагуу 229 хоног үргэлжлүүлэн шалгасан, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №******* тоот шийтгэлийн хуудсыг хяналт шалгалтын хэлтсийн даргаар баталгаажуулаагүй, олгосон томилолт хуульд заасан шаардлага хангаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь дараах хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хүчин төгөлдөр бус акт гэж үзэх үндэслэл байна.
Үүнд: 1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана: 5.2.7-д өмнө хийсэн шалгалтын талаарх мэдээлэл,
4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх.
2. Захиргааны ерөнхий хуулийн 33.1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно.
33.11-д Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна,
33.8-д Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.
3. Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 5.7-д Татварын улсын (ахлах) байцаагчаар өмнө нь шалгасан татвар төлөгчийг давтан шалгуулахгуй байх. Хэрэв энэхүү байдлыг мэдээгүйн улмаас дахин шалгахаар томилолт олгогдсон бол тухайн татварын улсын (ахлах) байцаагч энэ талаар томилолт олгосон албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ.
5.10-д Татварын улсын (ахлах) байцаагч нь татварын хяналт шалгалтыг томилолтод заасан хугацаанд албан ажлын шаардлага болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дуусгах боломжгүй бол ТХШАЭН дарга эсхүл түүний ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд танилцуулна,
5.11-д ТХШАЭН дарга нь холбогдох баримт бичгийг үндэслэн журмын ......... 5.10-д заасан нөхцөлд сунгах бөгөөд энэ талаар мэдээллийн санд тус тус бүртгэнэ.
7.9-д Татварын хяналт шалгалт хийсэн Татварын улсын (ахлах) байцаагч акт, дүгнэлтийг ТХШАЭН-ийн даргад эсхүл түүний ажил үүргийг албан ёсоор түр орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд танилцуулан гарын үсэг зуруулж, хянан баталгаажуулна.
7.13-т Акт дүгнэлт нь татварын хяналт шалгалт хийсэн Татварын улсын (ахлах) байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, ТХШАЭН-ийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох...
4. Татварын Ерөнхий хуулийн 30.1-Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно, 30.1.3-т гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах, 30.1,5.хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг гажуудуулах...
5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1-Дараах барааг албан татвараас чөлөөлнө, 13.1.1 борлуулсан алт гэснийг тус тус зөрчсөн.
2015, 2016 онд Жа ХХК-тай Баянхонгор аймгийн Галуут сумын С******* хэмээх газарт байрлах 77******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийх гэрээний дагуу манай Ж нь Жа ХХК-ийн талбайгаас өөрийн хүний нөөц, техник хүчин чадалд тулгуурлан 2015 онд сэлбэг, түлш шатахуун, цалин түрээс, тээвэр, хоол хүнс, харуул хамгаалалтад 2,327,217,392 төгрөгийн зардал гаргасан, 2016 онд 2,284,974,627 төгрөгийн зардал гаргаж нөхөн сэргээлт хийж нөхөн сэргээлтийн талбайгаас эфел гааль угааж нөхөн сэргээлтийн зардлыг олох зорилгоор алт олборлож, 4,866,098,710.73 төгрөгийн алтны орлогыг манай компани бүрэн эзэмших эрхтэй байсан.
Алтны орлогыг манай компанийн данс руу шилжүүлэх хүсэлтийг Жа ХХК нь алтны тушаалт хийх бүрд хамт гаргадаг байсан. Алтны борлуулалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх барааг жагсаасан байдаг бөгөөд 13.1.11-д Борлуулсан алт гэж заасан байдаг.
Жа ХХК нь өөрийн алтны орлогоо Ж-ийн дансанд шилжүүлэх хүсэлт гарган авсан нь Жа ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 20 тоот, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 22 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 24 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 тоот, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 36 тоот, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 42 тоот, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 35 тоот албан бичгүүдээр нотлогддог ба хуульд алтны орлогыг алт тушаагч зөвхөн өөрийн дансаар авна гэсэн зохицуулалт байдаггүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд алтыг хэн борлуулж, хэн өөртөө орлогоор авах эсэх талаар тусгайлан заагаагүй бөгөөд алтны орлого л бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараа гэж үзэхээр заасан. Жа ХХК нь манай компанийн данс руу орсон алтны орлогыг өөрийн нэр дээр тайлагнаагүй учир манай компани алтны орлогыг өөрийн компани дээр тайлагнасан.
Манай компани нь 2015-2016 онд нийт 4,612,192,559 төгрөгний зардал гаргаж Баянхонгор аймгийн Галуут сумын С******* хэмээх газарт байрлах 77******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгсөн. Ийнхүү манай компани нөхөн сэргээлт хийсэн тул олборлосон алтны орлогыг манай компани гэрээний дагуу эзэмших эрхтэй байсан. Гэтэл уг алтны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.
2015 онд 2,624,666,592 төгрөгний алтны борлуулалт хийсэн ба тухайн орлого олсон хугацаа болох 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгож Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг Улсын төсвийн орлого хяналтын газарт гаргасны дагуу шалгалт орж 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр илүү төлөлтийг баталгаажуулсан татварын улсын байцаагчдын №******* дугаар бүхий акт гарсан. Тухайн актыг манай компани хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үндсэн шалтгаан нь нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт бус М ХХК-тай холбоотой санхүүгийн буруу бичилт хийгдсэн байсан ба уг бичилтийг 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөр засварласан тул Татварын маргаан таслах зөвлөлөөр хүчингүй болгож манай компанийн тайлагналын дагуу шийдвэрлэсэн.
Татварын Ерөнхий газраас Ж-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах тооцооны 3-р хэсэгт нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн борлуулалт хэсэгт 2,325,843,376.70 төгрөгийн алтны борлуулалтыг чөлөөлж баталгаажуулсан байдаг.
2012-2014 онд манай компани М ХХК-ны Баргилтын уурхайд Хөрс хуулалтын болон төмрийн хүдэр худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд тухайн хөрс хуулалтын төлбөрт төмрийн хүдэр авч Хятад улсад экспортоор гаргаж байсан. Энэхүү борлуулалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13-р зүйлийн 13.1.16-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байсан. Энэ борлуулалттай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг мөн баталгаажуулах хүсэлтийг гаргаж байсан ба 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр гаргасан №210201509 тоот татварын байцаагчийн актын дагуу бид нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө буцаан авч байсан.
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7-р зүйл 7.1 дэх заалтыг үндэслэн шийтгэл оногдуулсан. Мөн тухайн хуулийн 7-р зүйлийг хэрэглэхдээ зөвхөн тухайн 2 компанийн хооронд хийсэн гэрээний нэрэнд хамааруулж хуулийг хэрэглэсэн. Тухайн хуулийн 7-р зүйл 7.1 хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. гэж заасан байдаг ба алтны борлуулалт нь тус хуулийн 13-р зүйлд тусгайлан заагдсан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараа юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З. Н.Х нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №******* тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсын 2, 4, 6 дах хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
гэжээ.
Хариуцагч Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж" ХХК-ийн 2012-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн татварын хяналт шалгалт хийх 2117******* тоот томилолтын дагуу тус газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Т.З нар 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд шалгалт хийж 211820027 тоот актаар 12,279,424,721.3 төгрөгийн зөрчил илрүүлж, 1,182,313,385.7 төгрөгийн нөхөн татвар, 409,335,538.0 төгрөгийн торгууль, 193,558,342.2 төгрөгийн алданги, 819,622.8 төгрөгийн хүү, нийт 1,786,026,888.7 төгрөгийн төлбөр ногдуулсныг татвар төлөгч зөвшөөрөөгүй бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.
Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай тогтоолоор татвар төлөгчийн гаргасан дараах гомдлыг татварын улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн.
Борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчлийн талаар татвар төлөгчийн гаргасан гомдолд тайлбар гаргах нь: Жа ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу авсан 2015 онд 2,624,666,592.00 төгрөг, 2016 онд 2,241,432,118.73 төгрөг, нийт 4,866,098,710.73 төгрөгийн ажил, үйлчилгээний орлогыг алт борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн чөлөөлөгдөх орлого хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй.
Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 27.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 27.1.4-т ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах, 46.1-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон бүх төрлийн үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар тогтоолгож, тоо хэмжээг бүртгүүлнэ, 46.3-т Үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банк худалдан авч төлбөр хийхдээ олон улсын зах зээлийн үнийг баримтална, 47.11-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улирал бүр тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээг тооцсон үндэслэл болон төлбөрийн нийт хэмжээг тусгасан тайланг мэргэжлийн хяналтын албанаас баталсан маягтын дагуу үнэн зөв гаргаж, баталгаажуулан тус албанд ирүүлнэ гэсэн заалтуудаас дүгнэхэд зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч /Жа ХХК/ нь олборлосон алтаа борлуулах /Монгол банк түүний эрх олгосон банк/, тайлагнах үүрэгтэй байна. гэжээ.
Хариуцагч Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нар гомдол гаргагчийн гомдлын шаардлагаа нэмэгдүүлсэн гомдолд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
"Ж" ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гомдол гаргажээ.
Татвар төлөгчийн гаргасан гомдолд тайлбар гаргах нь: 1.Шийтгэлийн хуудсын 2, 4 дэх хэсэгт заасан Хүдэр баяжуулсны төлбөрт өгсөн хүдрийг татвар ногдох орлогод тооцоогүй зөрчлийн талаар:
Ж нь М ХХК-тай хийсэн гэрээний дагуу авсан төмрийн хүдрийг М******* ХХК, В******* ХХК,БХХК-иудаар баяжуулан экспортод гаргаж байсан. 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүдэр баяжуулсны 168,517,640.00 төгрөгийн төлбөрт 4,371.54 тонн төмрийн хүдэр өгч, тус хүдрийн үнийг борлуулалтын орлогод тооцоогүй /168,517,640.00 төгрөгийг Бараа материалын зардлын КТ-ээс ДҮҮНЗ /Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс дансны ДТ-т бичиж зардалд шууд оруулсан, хэрэв борлуулалтын орлогод тооцсон бол Борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансны ДТ талд тусгах бөгөөд 168,517,640.00 төгрөгийг Борлуулалтын орлого дансны КТ, 16,851,764.0 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын өглөг дансны КТ, 185,369,404.00 төгрөгийг Дансны авлага дансны ДТ-д тооцож бичих ёстой байсан/ бөгөөд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж албан татвар ногдуулаагүй нь Борлуулалтын дансны дэлгэрэнгүй тайлан, Түүхий эд материалын дансны гүйлгээгээр нотлогдож байгаа болно. Борлуулалтын дансны дэлгэрэнгүй тайлан, Түүхий эд материалын дансны бичилтийг цаасаар хавсаргав.
2.Шийтгэлийн хуудсын 6 дахь хэсэгт заасан борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчлийн талаар: Жа ХХК-тай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 01/15 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний Нэг.Гэрээний ерөнхий нөхцөл 1.Гэрээний үндсэн зүйл зорилго: ...металлын агуулга бүхий элсийг олборлож, боловсруулах, олборлосон металлыг банканд тушаах, тусгай зөвшөөрлийн талбайд техникийн ба биологийн нөхөн сэргээлт хийх, ...Гүйцэтгэгч нь ажил үүргийг гүйцэтгэсэн ажлын хөлсөө олборлосон металлаа борлуулсан орлогоос тооцож авах... гэж заасны дагуу авсан 2015 онд 2,624,666,592.00 төгрөг, 2016 онд 2,241,432,118.73 төгрөг, нийт 4,866,098,710.73 төгрөгийн ажил, үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд алт борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн чөлөөлөгдөх орлого хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй.
Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 27.1 Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 27.1.4-т ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах, 46.1-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон бүх төрлийн үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар тогтоолгож, тоо хэмжээг бүртгүүлнэ, 46.3-т Үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банк худалдан авч төлбөр хийхдээ олон улсын зах зээлийн үнийг баримтална, 47.11-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улирал бүр тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээг тооцсон үндэслэл болон төлбөрийн нийт хэмжээг тусгасан тайланг мэргэжлийн хяналтын албанаас баталсан маягтын дагуу үнэн зөв гаргаж, баталгаажуулан тус албанд ирүүлнэ гэсэн заалтаас дүгнэхэд зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч /Жа ХХК/ нь олборлосон алтаа борлуулах /Монгол банк түүний эрх олгосон банк/, тайлагнах үүрэгтэй байна.
3. Шийтгэлийн хуудсыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн гомдлын талаар: Тус компанид эрсдэлд суурилсан татварын бүрэн шалгалт хийгдэж байгаагүй бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Г*******, Ц.Н******* нар хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 212013/38 дугаартай илтгэх хуудас бичсэн байна. Тус компанийн хүсэлтийг үндэслэн 2011-2014 он, 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны хугацааг хамруулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулах шалгалт хийгдсэн байна.
Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны дүрэм-ийн: 4.1-т Татварын хяналт шалгалтыг Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө-г үндэслэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр хэлбэрээр татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ зохистой гэж үзсэн үедээ хийж гүйцэтгэнэ.
4.2-т Үндэсний татварын албаны татварын эрсдэлийн үнэлгээний дүрэм-ийн
5-д Эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын сонголт хэсгийн 5.1-5.5 дахь заалтын дагуу Татварын ерөнхий газрын даргын баталсан Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын төлөвлөгөө-өөр хийгдэж байгаа татварын хяналт шалгалтыг төлөвлөгөөт хяналт шалгалт гэнэ, 5.3-т Татварын хяналт шалгалтын томилолт-нд томилолт олгосон он, сар, өдөр, дугаар, ... татварын хяналт шалгалтад хамрагдах хугацаа, татварын хяналт шалгалтын төрөл, (төлөвлөгөөт, сэдэвчилсэн, татан буугдах, нэмэгдсэн өртгийн албан татвар баталгаажуулах, алдагдал баталгаажуулах, шийдвэр, үүрэг, даалгавар, дүгнэлт, хүсэлт, мэдээлэл, өргөдөл, гомдол бусад), татварын төрөл ... гэж заасны дагуу 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хамруулан шалгасан. Хэсэгчилсэн болон нэмэгдсэн өртгийн албан татвар баталгаажуулах шалгалт нь зөвхөн удирдамж, томилолтод заасан татварын төрөл, хугацаа, ажил гүйлгээг шалгадаг бол эрсдэлд суурилсан бүрэн шалгалтаар татварын хөөн хэлэлцэх хугацааны бүрэн шалгалтад хамрагдаагүй онуудын татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүх татварын төрлийг хамруулан хийдэг тул давхардуулан шалгалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Шалгалт үргэлжилсэн хугацааг программын аргаар тооцдог бөгөөд татварын шалгалт нь ажлын өдрөөр үргэлжилдэг тул тасалдсан гэж үзэх үндэслэлгүй юм.
2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн: 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана,
1.2-т шийтгэл оногдуулах; 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ,
Мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заасны дагуу хяналт шалгалтын хэлтсийн даргаар баталгаажуулахгүйгээр шийдвэр гаргахаар хуулиар зохицуулсан байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч Ж нь Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №******* тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг илт хууль бусд тооцуулах-ыг хүссэн гомдлын шаардлагыг анх гаргасан.
Улмаар 2019 оны 10 дугаар сарын 19-ны өдөр гомдлын шаардлагаа: Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №******* тоот шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсын 2 дахь хэсгийн 2013 онд хүдэр баяжуулсны 168,517.640 төгрөгийн төлбөрт өгсөн 4,371.54 тонн төмрийн хүдрийн үнийг борлуулалтын орлогод тооцоогүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй, 4 дэх хэсгийн 2013 онд хүдэр баяжуулсны 168,517,640 төгрөгийн төлбөрт өгсөн 4,371.54 тонн төмрийн хүдрийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй, 6 дахь хэсгийн Жа ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2015 онд 2,624,666,592.00 төгрөг, 2016 онд 2,241,432,118.73 төгрөг нийт 4,866,098,710.73 төгрөгийн ажил үйлчилгээний орлогод Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх шийтгэлийн хуудсын 2, 4, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах гэж буюу гомдлын шаардлагаа эцсийн байдлаар:
Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №******* тоот шийтгэлийн хуудсын 2, 4, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн болно.
Гомдол гаргагч нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №******* тоот шийтгэлийн хуудсын 2, 4, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлагаа тодорхойлон маргаж байх тул шүүх гомдлын шаардлагын хүрээнд дүгнэлт өгнө.
Гомдол гаргагч нь дараах үндэслэлүүдээр маргаж байна. Үүнд:
Манай компани нь Жа ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсны дагуу нөхөн сэргээлт хийж алт олборлосон тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн13.1.13-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой.
2013 онд шалгалт орсон байхад дахин давхардуулан шалгалт хийсэн нь хууль зөрчсөн.
Томилолтын хугацаа дууссан байхад уг томилолтын хугацааг сунгаагүй байхад хяналт шалгалт хийсэн нь хууль бус.
Шийтгэлийн хуудсыг Хяналт шалгалтын хэлтсийн даргаар баталгаажуулаагүй нь хууль бус гэсэн агуулгаар гомдол гаргагч тайлбарлан эдгээр үндэслэлүүдээр маргаж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараахь барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө:, 13.1.13-д борлуулсан алт гэж заасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. гэж заасан ба Монгол улсын нутаг дэвсгэрт алт олборлох буюу ашиглахад эрх бүхий байгууллагаас заавал тусгай зөвшөөрөл авах шаардлагатай ба тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлохыг хориглодог тул ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй этгээд нь алт олборлох боломжгүй юм.
Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13-д заасан борлуулсан алтыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамаааралтай ба харинашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй Ж-д хамааралгүй, мөн Монгол банканд Ж биш Жа ХХК алт тушаасан тул Ж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчдын тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно: 7.3.1-д үйл ажиллагааны орлого гэж заасан байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, 7.1.4-д Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, 7.3-д Дор дурдсан үйл ажиллагааг "бараа борлуулсан" -д хамааруулна, 7.3.4-д өрийн төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаах гэж тус тус заасан байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2015 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж хуульчилсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №******* тоот шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь Жа ХХК-тай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 01/15 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу болон 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ №01/15, Нэмэлт №02 гэрээний дагуу олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, хүдэр баяжуулсны төлбөрт өгсөн төмрийн хүдрийн үнийг борлуулалтын орлогод болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй зөрчил гаргасан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Ж-ийг дээрх Ажил гүйцэтгэх гэрээний дагуу олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, хүдэр баяжуулсны төлбөрт өгсөн төмрийн хүдрийн үнийг орлогод болон татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулаагүй зэрэг зөрчлийг гаргасан гэж үзсэн нь нотлох баримтаар нотлогдсон, дээр дурдсан хуулийн зохицуулалтуудын дагуу шийтгэл оногдуулсан нь хуулийг зөв хэрэглэсэн байх тул 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №******* тоот шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2013 онд шалгалт орсон байхад дахин давхардуулан шалгалт хийсэн нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь хариуцагчид гомдол гаргагчийн гомдлын өөрчилсөн шаардлагад шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа тус компанид эрсдэлд суурилсан татварын бүрэн шалгалт хийгдэж байгаагүй бөгөөд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж байсан, тус компанийн хүсэлтийг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулах шалгалт хийгдсэн байсан, хэсэгчилсэн шалгалт нь зөвхөн удирдамж, томилолтод заасан татварын төрөл, хугацаа, ажил гүйлгээг шалгадаг бол эрсдэлд суурилсан бүрэн шалгалтаар татварын хөөн хэлэлцэх хугацааны дотор бүрэн шалгалтад хамрагдаагүй онуудын татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын бүх төрлийг хамруулан хийдэг тул давхардуулан шалгалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх тул давхардуулан шалгалт хийсэн гэх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь томилолтын хугацаа дууссан байхад уг томилолтын хугацааг сунгаагүй байхад хяналт шалгалт хийсэн нь хууль бус гэсэн үндэслэлээр маргаж байх хэдий ч хариуцагчид шалгалтын үргэлжилсэн хугацааг программын аргаар тооцдог бөгөөд уг программ нь татварын шалгалтын хугацааг ажлын өдрөөр тооцдог тул 7 хоногийн хугацаа хэтэрсэн мэт зөрүү гарсан гэсэн агуулгаар тайлбарлаж байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй.
Шийтгэлийн хуудсыг Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар баталгаажуулаагүй нь хууль бус гэсэн агуулгаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь мөн үндэслэлгүй байна.
Учир нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Шийтгэлийн хуудсыг харъяалах газар, хэлтсийн дарга баталгаажуулах талаар зохицуулалт байхгүй тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4, 7.3.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн7.3-т заасныг тус тус баримтлан Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсын 2, 4, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Ж-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Б