Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 112/2016/0003/з |
Дугаар | 221/МА2017/0098 |
Огноо | 2017-02-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2017/0098
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 40 дүгээр шийдвэртэй, З.*******ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.*******ын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 40 дүгээр шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан З.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр захирамж, Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, З.*******ийг тус сумын Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар З.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3.996.438 төгрөгийг хариуцагч тус аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.******* давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11-р сарын 02-ны өдрийн 425-р тогтоол. Аймгийн Засаг даргын 2015 оны 12-р сарын 03-ны өдрийн А/404 тоот дугаартай сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог өөрчлөх тухай захирамжаар Хөхморьт сумын Тамгын газрын 14 орон тоотойгоор баталж улмаар үүнийг үндэслэн Хөхморьт сумын Засаг даргын 2015 оны 12-р сарын 30-ны өдрийн А/64 тоот захирамжаар Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн орон тоог хасаж Тамгын газрын орон тоог 14 орон тоотойгоор баталсан.
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар эүйлийн 33.4 дэх хэсэгт зааснаар сумын ЗДТГ-ын дарга нь тухайн шатны засаг даргатайгаа зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо цалингийн санг тогтоож ажилтнуудыг томилж чөлөөлнө гэсний дагуу тус сумын ЗДТГазар нь 15 орон тоотой ажиллаж байсныг Засаг даргын Тамгын газрын 2016 оны 01-р сарын 04-ны өдрийн Б/01 тушаалаар Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн орон тоог хасаж нэг хүний цомхотгол хийснийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгаль орчны улсын байцаагчийн орон тоог хассан гэж буруу үндэслэлгүй шийдвэр гаргасныг хүлээн авах боломжгүй учир давж заалдах гомдол гаргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсийг нь бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалд шилжих боломж, орон тоо байхгүй учир хуулийн дагуу тэтгэмжийг нь олгохыг тушаалд заасан байгааг хуульд нийцээгүй гэж дүгнэжээ.
... Засаг даргын тамгын газарт байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн орон тоо давхардаж байсан тул орон тоог цомхотгосон. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тус сумын Засаг даргын Тамгын газрын орон тоог 14 орон тоотойгоор баталсныг буруу гэж мөн байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн орон тоог цомхотгосон нь буруу гэж үзсэн байна. Тэгсэн хэрнээ Засгийн газрын 425 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/404 тоот захирамжинд ямар нэгэн орон тоог цомхотго гэж нэр зааж ирээгүй учраас БОБХТүшмэлийг цомхотгох нь буруу гэж шүүх үзжээ. З.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин 3996438 төгрөгийг Засаг даргын Тамгын газраас гаргуулах гэсэн нь 2016 онд ЗДТГазрыг 14 орон тоотой цалингийн санг нь хуваарилан өгсөн тул дээрх цалинг өгөх боломжгүй байна. Иймд доорхи Засаг даргын Тамгын газрын Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗЗДТГ-ын дарга, Санхүүгийн албаны дарга, Дотоод ажил хариуцсан түшмэл, Нийгмийн ажилтан, Газрын даамал, Санхүүгийн албаны нягтлан бодогч, Санхүүгийн албаны нягтлан бодогч, Төрийн сангийн мэргэжилтэн, МЭҮТ-ийн дарга, МЭҮТ-ийн мэргэжилтэн, Архив бичиг хэргийн эрхлэгч, Жолооч, БОБХТүшмэл нараас цомхотговол зохих албан тушаалтынхаа нэрийг тодруулж шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, мөн нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч З.*******ээс “Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.*******ын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эргүүлэн оруулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “... Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр захирамж, мөн ажлаас чөлөөлсөн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг тус тус хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү” гэж тодруулж, нэмэгдүүлжээ.
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчилсөн бөгөөд уг захирамжийг үндэслэж Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар З.*******ийг тус сумын байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог тогтоосон тус сумын Засаг даргын А/64 дүгээр захирамж нь “захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн” эсэхийг анхан шатны шүүх анхааралгүй нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагчаар Сумын Засаг даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг зөрчсөн байна.
Сумын Засаг даргын Тамгын газрын орон тоог баталсан дээрх захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр, үйл ажиллагааг ойлгоно” гэж заасанд хамаарахгүй, өөрөөр хэлбэл тухайн төрийн байгууллага баталсан орон тоотойгоор байнга ажиллах тул “тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан” гэж үзэхгүй, мөн тухайн байгууллагын зорилго, чиг үүргийг батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэхэд шаардлагатай албан тушаалын орон тоог баталдаг тул “гадагш чиглэсэн” шинжгүй байдаг.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 11.1.1, 37.1-д заасан захиргааны актад хамаарахгүй.
Харин уг захирамж нь хууль зөрчсөн гэж үзвэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, ... тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу Сумын Засаг дарга өөрөө хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сумын Засаг даргаар шинээр томилогдсон Н.Үйтүмэн нь нэхэмжлэгчийн маргаж байгаа Засаг даргын А/64 дүгээр захирамжийг “хууль зөрчсөн” болох талаар “суманд зайлшгүй хэрэгцээтэй байгаль орчны байцаагчийн орон тоог цомхтгосон байна” гэсэн тайлбар гаргахдаа албан ёсны тамга тэмдэгтэй, хэвлэмэл хуудас хэрэглээгүй байх тул албан тушаалтны хувьд гаргасан тайлбар гэж үзэж үнэлэх боломжгүй байна.
Шүүх Сумын Засаг дарга төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчим болон дээрх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хууль бус захирамжаа өөрчлөх, хүчингүй болгох эрхээ хэрэгжүүлэх эсэхийг тодруулж хариуцагчийн хувьд бус захиргааны албан тушаалтны хувьд албан ёсны тайлбар, лавлагаа авч нотлох баримтаар үнэлэн, улмаар уг захирамжийг үндэслэн гаргасан Тамгын газрын даргын Б/01 дүгээр захирамжийг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай.
Анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргааныг шийдвэрлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийгмийн ажилтан Т.Цэрэнчимэдийг гуравдагч этгээдээр татаж, хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй нотлох баримт буюу “нийгмийн ажилтан”-ы орон тоог хасах ёстой байсан талаар нотлох баримт цуглуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг ... шаардан гаргуулж болохгүй” гэж заасныг зөрчжээ. Сумын Засаг даргын Тамгын газарт “нийгмийн ажилтан” болон “байгаль орчны байцаагч”-ийн орон тооны аль нь шаардлагатай эсэх нь төрийн байгууллагын дотоод асуудал (дотогшоо чиглэсэн) тул захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүйг анхан шатнаа шүүх анхаарч холбогдох хэргийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн давж заалдах шатны шүүх урьд нь уг захиргааны хэргийг хариуцагчаас давж заалдах гомдол гаргасны дагуу хянан шийдвэрлэж, тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 424 дүгээр магадлалаар “... ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ олговрын хэмжээг хэрхэн тооцож гаргаснаа тодорхойлоогүй ... байх ба дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулахгүйгээр давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.” гэж үзэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан боловч энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 9-д “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна” гэж заасны дагуу цалингийн цэс, бүртгэл зэргийг нотлох баримт цуглуулаагүй, уг журмын дагуу олговрыг тооцсон эсэх нь тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүрэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 40 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ