Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Э.Золбадрах, Г.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: ******************************* оршин суугч *******ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Тус аймгийн *******, Засаг даргын *******д холбогдох тус аймгийн ******  сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр тус сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог цөөрүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах,  Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр /*******ийг тус сумын Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн ажлаас чөлөөлсөн/ тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* нь 2012 оны 02 сарын 01-ний өдөр Хөхморьт сумын Байгаль орчны байцаагчаар 3 жил ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2014 оны 03 сарын 17-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр халж 2014 оны 11 сарын 17-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2015 оны 01 сард Давж заалдах шатны шүүхийн магадлалаар ажилдаа эгүүлэн тогтоолгосон, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажилд аваад 2015 оны 06 сарын 17-ны өдөр мөн л үндэслэлгүйгээр ажлаас халсан. Дахин захиргааны хэргийн шүүхэд хандаж ажилд тогтоох тухай шийдвэр гарч 2015 оны 12 сарын 08-ны өдөр ажилд эгүүлэн тогтоож 2016 оны 01 сард бас дахин ажлаас үндэслэлгүйгээр халсан.

        2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ажлаас халсан тушаалдаа бүтэц орон тооны цомхотголоор  чөлөөлж байна гэж дурдан ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна. Иймд Хөхморьт  сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр тус сумын Засаг даргын Тамгын газрын /Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн/ орон тоог цөөрүүлсэн захирамжийг хүчингүй болгон,  Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр /*******ийг тус сумын Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн ажлаас чөлөөлсөн/ тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэжээ.

        Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн *******тэй холбоотой ажилгүй байсан хугацааны цалинг сумын Засаг даргын Тамгын газраас олгох боломжгүй байгаа. Энэ асуудлыг өмнө нь холбоотой байсан Засаг даргын ******* *******, сумын Засаг дарга ******* нараас гаргуулж авна уу. Захиргааны орон тоог цөөрүүлэхдээ, Нийгмийн ажилтан, мал эмнэлэг үржлийн албаны тасгаас оруулах тоотыг  эсэргүүцэж хууль бусаар сумд зайлшгүй хэрэгцээтэй байгаа Байгаль орчны байцаагчийн орон тоог өмнөх Засаг дарга цомхтгосон гэжээ.

        Хариуцагч Хөхморьт сумын Засаг даргын ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Байгаль орчны байцаагч *******ийг Засгийн газрын 2015 оны 425 дугаар тогтоол аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын А/404 тоот захирамжийг үндэслэн сумын Засаг даргын 2015 оны А/64 дугаар захирамжийн дагуу орон тоог цөөрүүлж ажлаас нь чөлөөлсөн. Иймд  сумын Засаг даргын захирамж биелүүлсэн. Сумын Засаг дарга орон тоо бүтэц тогтоосон захирамжийн өөрчлөн гаргаж  эвлэрэх шийдвэр гаргавал Хөхморьт сумын Засаг даргын ******* ******* миний хувьд татгалзах зүйлгүй болно гэжээ.

        Гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Миний бие болон миний нөхөр ***** овогтой ******той садан төрлийн холбоо байхгүй.  2015 оны 10 дугаар сарын 06-нд Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/14 дугаар тушаалаар *******гийн жирэмсэн амаржсаны дараа оронд ажиллаж байсан.  ******* нь Хөхморьт сумын Цэцэрлэгт багшаар ажилд орж 2016 оны 01 дүгээр сарын 1-нээс орж ажиллах болсон тул миний  бие  одоог хүртэл ажиллаж байна. Засаг дарга ******* надад тайлбар өгөхдөө улсын тусгай хамгаалалтын газартай тул Байгаль орчны байцаагчийг орон тооны цомхтголд оруулж байгаа гэсэн. Би тушаал шийдвэрийнхээ дагуу албан ёсныхоо ажлыг хийж байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:     

        *******ийн нэхэмжлэлтэй тус аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дугаар сумын Засаг даргын Тамгын газрын /Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн/ орон тоог цөөрүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах,  уг захирамжийг хэрэгжүүлсэн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр /*******ийг тус сумын Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн ажлаас чөлөөлсөн/ тушаалыг хүчингүй болгож,  ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.   

        Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай “... хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоог харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 1501-3000 хүртэлх хүн амтай суманд 14 орон тоотойгоор… ’’ тогтоосон ба тус Хөхморьт сумын нийт хүн амын тоо нь 2305 байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд тайлбарласан хариуцагчийн мэдүүлгээр нотлогдож байна. Монгол улсын Засгийн Газрын уг тогтоолыг үндэслэн Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/404 дугаартай сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчлөх тухай захирамжаар Хөхморьт сумын Тамгын газрыг 14 орон тоотойгоор батлаж улмаар үүнийг үндэслэн ******* нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 захирамжаар Тамгын газрын орон тоог 14 орон тоотойгоор баталжээ. Уг захирамжийг хэрэгжүүлэн Хөхморьт сумын Засаг даргын ******* 2016 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар *******ийг тус сумын Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн ажлаас чөлөөлжээ.

       Нэхэмжлэгч ******* тус аймгийн Хөхморьт  сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дугаар сумын Засаг даргын Тамгын газрын /Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн/ орон тоог цөөрүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д  ’’Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч ... сум дүүрэгт улсын ахлах байцаагч, улсын байцаагч болон байгаль хамгаалагч тус тус ажиллана ’’ гэж хуульчилсан байхад уг хуульд нийцээгүй захирамж үйлдсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.  

       Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч тус аймгийн Хөхморьт  сумын Засаг дарга ******* хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Засаг даргын захирамжийг хуульд нийцүүлэн шинээр батлах, / байгаль орчны байцаагч тухайн сумд зайлшгүй хэрэгцээтэй томилно гэх тухайн / асуудал нь түүний бүрэн эрхийн асуудал бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй гэж үзлээ.

       Нэхэмжлэгч *******ийн ажлаас чөлөөлсөн өдөр болох 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ны  шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  Хариуцагч тус аймгийн ******* *******гийн шүүхэд ирүүлсэн ’’…үндэслэлгүй шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар хохирлыг гаргуулах тухай …’’ асуудал нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар иргэнд учруулсан хохирлыг барагдуулсны улмаас өөрт учруулсан хохирлыг Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр заасан тул энэ хэргийн хүрээнд шийдвэрлэх асуудал биш байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  тус аймгийн Хөхморьт  сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр захирамж,  Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг тус, тус хүчингүй болгож, *******ийг тус сумын Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11  дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3.996.438 төгрөгийг хариуцагч тус аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******эд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

       6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ш.БАТТОГТОХ

                 

                             ШҮҮГЧИД                                               Э.ЗОЛБАДРАХ

      

                                                                                             Г.ЯНЖИНДУЛАМ