Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Билгүүн,

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

Хохирогч Я.Оюунгэрэлийн өмгөөлөгч Я.Баярсайхан /ҮД: 1481/,

Шүүгдэгч Э.Золбаяр, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш /ҮД: 2173/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхсуурь овогт Энхтайваны Золбаярт холбогдох эрүүгийн 201625022455 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2017 оны 5 дугаар сарын 12ы өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Бүгд Найрамдах хятад ард улсын Бээжин хотын Сансар судлалын их сургуулийн оюутан, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 53 дугаар байрны 10 тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, Мөнхсуурь овогт Энхтайваны Золбаяр, /РД: ЧТ79070811/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Золбаяр нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах “Арвай” ресторанаар үйлчлүүлж байхдаа ууж байсан пивоноос шүдний чигчлүүр гарахад нь хүмүүсийн уусан пивоны шавхрууг өглөө гэж уурлан пивоны стакан шүүрч авч шидсэний улмаас хохирогч Я.Оюунгэрэлийн 55 инчийн самсунг маркийн зурагтын дэлгэц, дэлгэцний хүрээ зэргийг хагалан 1.914.666 төгрөгний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Золбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч Э.Золбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар 06-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Арвай" ресторан руу орсон. Тэгээд уг ресторанаас Арвай нэртэй 0.5 литрийн 3 ширхэг пиво захиалж нэг нэгээр нь уухаар болоод эхний 2 стакантай пивоо уучихаад сүүлийн нэг пивийг нь уухгүй тооцоогоо хийгээд гарах гэтэл Арвай рестораны зөөгч охин нь “та 3 ширхэг пиво захиалсан шүү дээ сүүлийн нэг пивийг чинь стаканд хийчихсэн байна” гэж хэлэхээр нь би “өө тиймүү за за уучихаад гаръя” гэж хэлээд пиво ууж эхэлсэн. Тэгээд пивоо ууж байтал стаканаас нь шүдний чигчлүүр гараад ирэхээр нь би уурлаж шууд тек руу нь очоод зөөгчид нь хандан “чи хүний ууж байсан пивоны шавхрууг надад аягалж өгсөн байна яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр охин “би хүний шавх руу аягалж өгөөгүй, та юу яриад байгаа юм бэ?” гээд надтай хэрэлдэж эхэлсэн. Энэ үед “Арвай” рестораны эзэн нь гэх 50 орчим настай эмэгтэй хүн хүрч ирээд “за уучлаарай та сүүлийн нэг пивоныхоо тооцоог хийхгүй явж болно эсвэл нэг шил пиво үнэгүй уугаарай” гэх зэрэг зүйл яриад байхаар нь би уурласан юм... Энэ ресторанд байсан хүмүүс нь миний уурыг хүргээд байхаар нь би гартаа барьж байсан пивоны стаканыг шал руу нь шидэхэд энэ стакан нь хананд байсан зурагтын баруун доод буланг оночихсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-28, 51-52, 142 дугаар хуудас/,

Хохирогч Я.Оюунгэрэл нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар 06-ны 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах миний өөрийн ажиллуулдаг "Арвай" ресторанд байж байтап зүс үл таних 30 орчим настай эрэгтэй хүн пивоны шил манай зөөгч рүү шидэхэд зөөгч эмэгтэйг онолгүй хананд өлгөөстэй байсан 55 инчийн смарт хар өнгийн эл си ди зурагтыг оносон. Тэгээд зурагтны доод булан хэсэг нь хагарч гэмтсэний улмаас ажиллахгүй эвдэрсэн. Тэр зүс үл таних эрэгтэй хүн хамгийн анх манай ресторанд орж ирээд үйлчлүүлж байхдаа задгай пиво авч уусан юм. Тэгтэл пиво ууж байсан стакан дотроос нь шүдний чигчлүүр гарлаа гэж уурлаад зөөгч охиныг элдэвээр хэлж загнаж уурлаж уцаарласан. Би энэ зурагтыг 5 сая төгрөгөөр хувь хүнээс 2016 оны 6 дугаар сард худалдаж авч байсан. Одоогийн байдлаар энэ зурагт нь 5 сая төгрөгний үнэтэй зарагдаж байгаа би 5 сая төгрөгөөр үнэлж байна... 3 пиво захиалж уучихаад тооцоогоо хийхдээ пивоны стаканаас чинь шүдний чигчлүүр гарч ирлээ гэж уурлаж байгаад зөөгч охин руу пивоны бакал барьж байснаа далайж шидэх гэж байгаад болиод шууд хананд өлгөөстэй байсан зурагт руу чиглүүлээд шидчихсэн тэгтэл зурагтыг онож хагалсан... манай Арвай рестораны хяналтын камерт бичигдсэн байсан. Яг одоогийн байдлаар бол устгагдсан байгаа учир нь хяналтын камер нь өөрөө 14 хоногийн дараа автоматаар устгагдчихдаг юм. Золбаярын пивоны стаканаар хагалсан зурагтыг засаж янзлаад ашиглаж болно гэхдээ яг одоогийн байдлаар уг зурагтны сэлбэгийг гадаад орноос Монгол улс руу оруулж ирэхээ больсон гэж “Би Эс Би” худалдааны төвийн менежер нь надад хэлсэн. Тиймээс би Золбаярыг миний зурагтыг эвдэлсэн гэж үзэж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 47, 120 дугаар хуудас/,

             Гэрч Б.Сэлэнгэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Арвай” ресторанд зөөгч хийсэн. Тэгтэл манай ресторанд зүс үл таних эрэгтэй 30 орчим настай 170 орчим см өндөртэй хар өнгийн пальто өмссөн хүн орж ирээд 3 ширхэг задгай “Арвай” пиво захиалсан. Тэгэхээр нь би пивийг нь 0.5 литрээр 2 удаа аягалж өгчихөөд дараагийн нэг ширхэг пивийг нь өгөх гэж байтал би 2 пиво уучихлаа сүүлийн пивоо авахгүй гэж хэлэхээр нь би “таны захиалсан пивийг чинь стаканд хийчихлээ шүү дээ” гэж хэлэхэд за за авий гэж хэлээд пивоо аваад ширээн дээр очиж суусан. Энэ хүн пиво уух зуураа байнга л утсаар яриад ресторан дотор ийш тийшээ алхаад яваад байсан. Тэгтэл пивоны стакан барьчихаад текен дээр хүрч ирчихээд “чиний аягалж өгсөн пивоноос чинь шүдний чигчлүүр гараад ирлээ, чи муу хүний ууж байсан шавхрууг өглөө” гэж байгаад над руу шидэх гэж байгаад болиод шууд хананд өлгөөстэй байсан зурагт руу чиглүүлээд пивоны стакан шидчихсэн. Энэ үед захирал Оюунгэрэл эгч “чи яаж байгаа юм бэ? уураа дар” гэж хэлж байсан. Оюунгэрэл эгч цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

             Гэрч Н.Мөнхсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 10 дугаар сарын 06-ны орой 20 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Арвай" ресторан орж хоол, пиво захиалаад суусан. Тэр өдөр "Арвай" ресторанд сууж байсан миний ширээний урд талын ширээнд зүс үл таних эрэгтэй хүн пиво уугаад сууж байсан... тэр эрэгтэй хүн босч ирээд текний урд талд очоод “пивоноос чинь шүдний чигчлүүр гарч ирлээ” гэж хэлээд хэрэлдээд зогсож байснаа гэнэт л стакан баруун гартаа барьж аваад хананд өлгөөстэй байсан хар өнгөтэй зурагт руу шидэхэд зурагт хагарсан... тэр залуу согтуу байсан. Тэр залуу “танай муу ганц зурагт юу юм бэ? Энэ зурагтыг чинь төлчихнө тэр цагдаагаа дууд” гэх зэргээр уурлаж уцаарлаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

 

Гэрч М.Анхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…манай байгууллагад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хагарсан зурагт авчирч өгсөн. Оюунгэрэл гэх хүнд энэ зурагтын дэлгэц нь хагарсан байна засуулж янзлуулаад дэлгэцийг бүрэн солиход нийт 2.953.000 төгрөг болно гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн нь үнэн. Одоогийн байдлаар самсунг брэндийн 55 инчийн зурагтны дэлгэц нь хагарсан сольж янзлах шаардлагатай гэхдээ манай байгууллага энэ зурагтны дэлгэц нь бэлнээр байхгүй гадны орноос захиалж авчирдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

Си ди-нд үзлэг хийсэн тэмдэглэлээр:

“...2016.10.06-ны орой 21 цаг 50 минут болж байгаа бичлэг байх ба дэлгэц дээр текний дотор талд 2 эмэгтэй хүн гадна талд нь саарал өнгийн пиджак, цагаан цоохор өнгийн срочкон цамц өмссөн эрэгтэй хүн зогсож байх ба хоорондоо юм ярьж байгаад эрэгтэй хүн нь пивоны хоосон стакан зүүн гараараа барьж аваад баруун гар руугаа дамжуулан барьчихаад шууд хананд байрлах асаалттай байсан зурагт руу 21 цаг 53 минут 00 секундэд шидэж хагалав...” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолоор: “...1 ширхэг бичлэг бүхий сидиг эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт хадгалахаар тогтов...” гэжээ. /хх-ийн 10 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /Дамно ХХК/ “...Үнэлэгдэх хөрөнгийн тодорхойлолт: тус үнэлэгдэж буй хөрөнгө нь “Самсунг” брендийн UE55ES8000SXMS моделийн ZVQ13MRC400276M сериал дугаар бүхий 55 инчийн зурагт болно. Нэхэмжлэгч талын ирүүлсэн өргөдөлд тус зурагт нь 2016 оны 6 дугаар сард худалдаж авахад шинэвтэр байсан гэх тул тус зурагтыг 2 жил ашигласан гэж үзэж элэгдэл тооцов. ... Шинжээчийн дүгнэлт: дээрх үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн жиших хандлагаар үнэлэгдлээ. Үнэлгээний эцэслэсэн дүнгээр үнэлэгдэж буй хөрөнгө нь 1.914.666 /нэг сая есөн зуун арван дөрвөн мянга зургаан зуун жаран зургаан төгрөг/-р үнэлэгдэв ...” гэжээ /хх-ийн 127-136 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 7-9/, албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл /хх 12-15/, шүүгдэгч Э.Золбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 59/, хувийн байдал тогтоосон баримт /хх 34-41/, гэмтэлтэй барааны тодорхойлолт /хх 139/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 140/, шүүх хуралд нэмж Н.Бямбасүрэнгээс “Энхтайван овогтой Золбаяраас 2017.05.18-ны өдөр Samsung 55 инчийн зурагт хүлээж авч гомдолгүй боллоо” гэсэн баримт, хохирогчоос өмгөөлөгчид төлсөн мөнгөний баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Золбаяр нь согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвай” ресторанаар үйлчлүүлж байхдаа “ууж байсан пивоноос шүдний чигчлүүр гарлаа,  хүмүүсийн уусан пивоны шавхрууг өглөө” гэж уурлаж зөөгч Б.Сэлэнгэтэй маргалдан улмаар пивоны стаканыг шидсэний улмаас хохирогч Я.Оюунгэрэлийн “Самсунг” маркийн 55 инчийн зурагтын дэлгэц, дэлгэцний хүрээ зэргийг хагалан 1.914.666 төгрөгний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Золбаярын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Я.Оюунгэрэл, гэрч Б.Сэлэнгэ, Н.Мөнхсүрэн нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Золбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул хуульд заасан ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Э.Золбаяр нь хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн, гомдол, саналгүй талаар хохирогч хүсэлтээ надад илэрхийлсэн” гэсэн тул шүүгдэгчээс хохирогчид учирсан хохирол, гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Мөрдөн байцаалтанд хохирогч Я.Оюунгэрэлээс “өмгөөллийн хөлсөнд өмгөөлөгч Я.Баярсайханд 1.500.000 төгрөгийг төлсөн тул өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс нэхэмжилнэ” гэж мэдүүлж шүүх хуралдаанд ирүүлсэн баримт болох кассын зарлагын ордерт хөлсийг төлсөн болох нь тогтоогджээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101 дүгээр зүйлийн 101.1 дэхь хэсэгт зааснаар байцаан шийтгэх ажиллагааны зардал болох хохирогч Я.Оюунгэрэлийн эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Э.Золбаяраас нөхөн гаргуулж хохирогч Я.Оюунгэрэлд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Э.Золбаярт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзав.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Э.Золбаярын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечилэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.Золбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                        

ТОГТООХ нь:

 

            1. Мөнхсуурь овогт Энхтайваны Золбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Золбаярыг 1 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Золбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Золбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, учирсан гэм хорын хохиролд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар хохирогчоос өмгөөлөлийн хөлсөнд нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Э.Золбаяраас гаргуулж, хохирогч Я.Оюунгэрэлд /РД:ШД69022261/ олгосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Золбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хариуцуулсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Золбаярт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН