Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 158

 

Ц.Дулмаад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнгөнсүх,

ялтан Ц.Дулмаа, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Дулмаа, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Дулмаад холбогдох 201625020567 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ончууд овгийн Цэднээгийн Дулмаа, 1966 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 41-2058 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УУ66011448/,

Ц.Дулмаа нь 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Т.Батцогт нь “...миний хүүхдийг хүн зааж өгч зодуулдаг, шалгасан мөрдөн байцаагчаа шоголдог. Т.Батцогтын хийж чадах ажил энэ гэдгийг баттай хэлж чадна...” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Дулмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Ончууд овогт Цэндээгийн Дулмааг хүний нэр төр, алдар хүнийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар Ц.Дулмааг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр /192.000 х 51/ буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солих болохыг анхааруулж,

Шүүгдэгч Ц.Дулмаа нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг, 2 хуудас захиа зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргаж,

Ц.Дулмаад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Дулмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2012 оноос хойш Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд Иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байсан. Ажиллаж байх явцад миний эрх зөрчигдөж, “би маш их хүчирхийлэлд өртөж байна” гэдгээ хэлэхийг хүссэн. Гэхдээ Т.Батцогтын нэр хүндэд халдаж, байгаагүй зүйлийг гүтгэсэн асуудал байхгүй. Орон нутаг, засаг захиргааны тухай хуулийг зөрчсөн талаар, өөрийгөө болон өөрийн хүүхдээ зодуулсан талаар хэлсэн. Миний хүүхдээс мэдүүлэг аваад өгөөч гэж хүсэлт гаргахаар хангаж шийдвэрлэдэггүй” гэв.

Ялтан Ц.Дулмаагийн өмгөөлөгч Г.Батбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн 2 үйл явдал болсон нь үнэн. Мөн шийтгэх тогтоол гарч амжаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар Т.Батцогт захиалагч уу, зохион байгуулагч уу гэдгийг нь шалгаад өгөөч гэж хэлсэн. Яагаад гэвэл тухайн хорооны төлөөлөгч нь Т.Батцогт. Гэмт хэрэг болох үйл явцыг зохион байгуулсан этгээд Мөнхдэлгэр болон ИТХ-ын дарга гэх 3 удирдах албан тушаалтны дунд 1 ИТХ-ын даргынх нь хүүхэд зодуулсан байдаг. Үүнийг шалгуулах гэж байх явцад Т.Батцогт нь гомдол гаргаж, Ц.Дулмаагийн хүүхдийг зодсон хэрэгт сэжигтнээр татагдахгүйн тулд шүүхийн тогтоол гаргуулаад, нэгэнт шүүхээс намайг цагаатгаад Ц.Дулмааг гүтгэсэн гэдгийг нь тогтоосон учраас энэ гэмт хэрэг захиалагч биш юм байна гэдгийг харуулахыг зорьсон. Тэрнээс биш уучлалт гуйх талаар олон удаа уулзъя гэж хэлсэн, мөн шүүх хуралдаанд “би уучлалт гуйж байна. Гэхдээ таны маш их буруутай үйлдэл байгаа. Надад учирсан эрх зүйн буруутай үйл ажиллагааг та зохион байгуулдаг” гэж ярьдаг” гэв.

Прокурор С.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ц.Дулмаа нь хүчирхийлэлд өртөж байсан, Т.Батцогт ажил хийлгэдэггүй байсан гэсэн байдлаар тайлбарлаж байна. Т.Батцогт гэх хүн хууль зөрчсөн Ц.Дулмаагийн ажлыг нь хийлгэдэггүй байсан, дарамталсан гэх баримт хавтаст хэрэгт байхгүй. Энэ талаар Ц.Дулмаа зохих шатны байгууллага буюу дүүргийн засаг дарга, Улсын их хурлын гишүүн, холбогдох бүх байгууллагад нь гомдлоо гаргаад шалгуулахад Т.Батцогт хууль зөрчсөн гэх дүгнэлт гараагүй. Мөн Ц.Дулмаа өнөөдрийн шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээж байна, уучлалт гуйх гэж оролдсон боловч уучлаагүй” гэсэн тайлбар хэлж байна. Эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сард үүсэхэд Т.Батцогт гэх хүнээс ганц удаа л уучлалт гуйсан. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Батбаяр уучлалт гуйсан мэтээр яриад байна. Тийм үйл явдал байгаа. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд “уучлалт гуйчаач ээ” гэхэд “би уучлалт гуйхгүй, би гэм буруугүй. Т.Батцогт гэх хүний буруутай үйл ажиллагаа” гэсэн байдлаар хэлж байсан. Ц.Дулмаа “намайг болон миний хүүхдийг зодсон” гэж яриад байна. Үүнтэй холбогдуулж шалгалт хийгээд дүүргийн прокурор шийдвэр гаргахад Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргахад “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан” хариуг өгсөн. Зодсон гэх асуудал нь Ц.Дулмаа өөрөө ажлаа хийхгүй, Иргэдийн Нийтийн хурлаа хийхгүй болохоор тухайн хорооны засаг дарга нь Ц.Дулмаа ажлаа хийхгүй байна гээд хорооныхоо иргэдээ цуглуулж байгаад санал асуулга явуулж байгаад гарын үсгүүдийг нь зуруулаад Ц.Дулмааг Иргэдийн Нийтийн хурлын даргаас нь огцоруулсан. Гэтэл Ц.Дулмаа тэнд очоод тамга, тэмдэгээ өгөхгүй, өөрөө үймээн бий болгосон. Тэрнээс үүдэлтэй Ц.Дулмаа нь “намайг болон миний охиныг зодчихлоо” гэж яриад байдаг. Гэтэл Иргэдийн Нийтийн хурлын дарга Ц.Дулмаагийн огцрох асуудалд Т.Батцогт хөндлөнгөөс оролцох боломжгүй. Үүнийг зөвхөн тухайн хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээрээ шийдвэрлэдэг. Гэтэл Ц.Дулмаа нь “Т.Батцогт намайг огцруулчихлаа” гэж өс санаад миний хүүхдийг зодчихлоо гэж хийсвэрээр сэтгээд Т.Батцогтыг холбоод байдаг. Хавтаст хэрэгт авагдсан сиди дээр “шалгасан мөрдөн байцаагчийг шоглодог, энэ бүхнийг хийж чаддаг, үүний ард Т.Батцогт гэдэг хүн байгаа гэдгийг би баттай хэлж байна” гэсэн бичлэг байгаа. Улсын Дээд шүүхийн тайлбараар зан байдлын талаар илэрсэн зүйлийн талаар ярьж байгаа бол иргэний эрх зүйн асуудал, эрүүгийн гэмт хэрэг биш. Т.Батцогт хүн явуулж зодуулсан гэх баримт зүйл байхгүй, тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд зааснаар Ц.Дулмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 689 дүгээр магадлалд заасан заалтууд бүрэн биелүүлээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу бөгөөд дараахь байдлуудыг мөрдөн байцаалтын шатанд дахин тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Үүнд:

            Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх CD бүхий дүрс бичлэгт шүүгдэгч Т.Дулмаа нь чухам юу гэж хэлсэн, түүний хэлсэн зүйлсээс чухам аль хэсэг нь хохирогч Т.Батцогттой холбоотой, өөрөөр хэлбэл Т.Батцогтын гомдолд дурдсан “…Хүн зааж өгөөд зодуулдаг, хүүхдийг нь зааж өгөөд зодуулдаг, байцаагчаа шоглодог эсвэл сольдог гэж хэлсэн эсэх, үүний алийг нь Т.Батцогттой хамаатуулан ойлгогдохыг дахин шалгаж тодруулах;  

            Ц.Дулмаагийн ярьсан зүйлс Т.Батцогтын нэр төр, алдар хүндийг гутаах зорилготой байсан эсэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд заасан “ бусдыг гүтгэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан сэдэлт, санаа зорилго, үйлдэл буй эсэхийг шалгаж тодруулах;

            Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураасан гэх бичлэг бүхий CD-г чухам хэнээс, хэн, хэзээ бэхжүүлж авсан, эд мөрийн баримтаар тооцсон нь тодорхойгүй бөгөөд хэргийн 1 дүгээр хавтасны 7-17 дахь талд авагдсан “Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”-ийг эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө үйлдсэн, уг тэмдэглэлд шүүгдэгч Ц.Дулмаагийн ярьсан үгийг бүрэн эхээр нь тусгасан болох нь тодорхойгүй байна.

            Иймээс хэргийн эд мөрийн баримт гэж хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг CD, бичлэг бүхий Ц.Дулмаагийн яриаг үнэлж болох нотлох баримтын шаардлага хангахуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу цуглуулсан эсэхийг тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 93 дугаар зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтыг бэхжүүлэх ажиллагааг дахин хийх шаардлагатай байна.

 Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тул ялтан Ц.Дулмаа, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг болон Ц.Дулмаагийн үйлдэл, гэм буруугийн талаар давж заалдах шатны шүүх энэ удаа дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Дулмаад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн шүүхээр дамжуулан тус дүүргийн прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Ц.Дулмаад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХТУУЛ

                                                                                                Ц.ОЧ