Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/1353

 

Б.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1540 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2006026261759 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Бын М, 1982 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, - тоотод оршин суух, /РД:-/;

            Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 140 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 261 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 479 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 96.2.5 дахь хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сарыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ялаар тогтоож,             Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 25 хоног хорих ялаас чөлөөлж,  2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр суллагдсан;

            Шүүгдэгч Б.М нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 5 дугаар сараас 6 дугаар сарын хооронд - тоот гэртээ өөрийн асран хамгаалалтад байсан бага насны хүүхэд Б.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зүүн гаран дээр нь дэвсэх, чихнээс нь зулгаах, залгуураар цохих зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь зүүн шуу ясны доод гуравны нэг бороолж байгаа зөрөөгүй далд хугарал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Бын Мыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Мад 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Мад оногдуулсан 2 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Д нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Маас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.М гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхнаасаа гэм буруугаа хүлээж, бусдад болон улс оронд төлөх хохиролгүй зэргийг харгалзан хань, үр хүүхдэдээ хурдан очиход минь гүн туслалцаа үзүүлж хаалттай дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэжээ.

            Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүүхдийн эрүүл мэндийн байдал нь сайжирсан байгаа. Хүүхдийн эхийнх нь төрсөн дүү болох Б гэх хүн байдаг. Өөр хамаатан, садан гэх хүмүүсийг нь мэдэхгүй. Өөр хэлэх тайлбаргүй. ...” гэв.

            Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Б.Мад 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Б.Мыг үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 5 дугаар сараас 6 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эх 42 дугаар гудамжны 1125 тоот гэртээ өөрийн асран хамгаалалтад байсан бага насны хүүхэд Б.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зүүн гаран дээр нь дэвсэх, чихнээс нь зулгаах, залгуураар цохих зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь зүүн шуу ясны доод гуравны нэг бороолж байгаа зөрөөгүй далд хугарал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн материалыг шинжлэн судлахад, Б.Мад холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1540 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Тодруулбал, шүүх гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон этгээдийн үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, сэдэлт зорилго зэргийг шалган нарийвчлан тогтоогоогүй, хэргийн үйл баримтад бодиттой үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.  

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн насанд хүрээгүй хохирогч Б.Мын “...М ах намайг “дүүгээ чимээгүй байлга” гээд намайг өргөж шидээд миний зүүн талын гарны шуу орчимд нэг удаа дэвссэн ба тэр үед гар хугарсан. ...Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү Бийн төрсөн дүү болох Батмөнх эгчтэй цуг явж гипс хийлгэсэн юм. Удалгүй гэрийн хогоо шүүрдэж байтал М ах намайг хогоо дутуу шүүрдсэн гээд миний хоёр чихнээс өргөөд толгой руу нэг удаа цохисон. Дараа нь миний зүүн талын чих өвдөөд байсан. Дараа нь 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гэртээ теле хичээлээ хийгээд сууж байтал М ах согтуу намайг цэнэглэгчээр миний баруун талын гуя руу цохиод байсан ба хөхөрч хавдаад өвдөөд байсан. ...” /хх 7-8/, гэрч Б.Дын “...Манай байгууллага нь Баянмөнх овогтой Мыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 2225 тоотод нагац эгч Б, түүний нөхөр Р нарт болон ар гэрт нь дасгах үйлчилгээнд хамруулах зорилгоор түүнийг хүлээлгэж өгсөн. Мын чөлөөний хуудас 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр дуусч Мыг тухайн айлаас авч Нийслэлийн засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүлээлгэн өгч тус төвийн эмч Уламбаяр нь үзлэг хийхэд зүүн талын чихний мөгөөрс нь гэмтсэн, баруун талын чихний мөгөөрс нь гэмтсэн, баруун талын гуя орчим хөхөрсөн,  баруун бугуй хэсгээр хугарч, далий идгэсэн байдалтай хүлээн авсан. Б.М нь “хамаатны ах намайг байнга зодож, миний биеийг ийм болгосон” гэж хэлсэн. ...” /хх 9/, гэрч Ч.Уийн “...Б.Мын өмсөж байсан хувцсыг тайлаад усанд оруулах гэтэл баруун талын гуяны гадна талд хөхөрч хавдсан, зүүн чих нь хугарч хавдсан байдалтай харагдсан. Б.М “зүүн гарын шуу орчимд хугарсан” гэж хэлсэн ба юу болсон талаар асуухад “М зүүн гар нь дээр дэвсээд, дараа хоёр чихнээс өргөөд зүүн талын чих хугалсан, утасны цэнэглэгчээр баруун талын гуя руу цохиж ороолгосон, М нь зүгээр байхад зоддог.” гэж байсан” /хх 10-11/, Б.Мын яллагдагчаар өгсөн “...Надад ямар нэгэн шалтгаан байхгүй. Би Мыг “хүн унтуулахгүй шуугилдсан, унтсан ороо хураа” гэж хэлээд баруун гараараа Мын зүүн талын мөрнөөс атгаад орон дээрээс түлхсэн ба газар унаад өгсөн. Удалгүй 10 орчим минутын дараа М нь зүүн талын гар хугарчихлаа гэж байсан. ...Дараа нь 7 хоногийн дараа Дундговь аймагт явж байтал над руу Р залгаад “Мын гар хугарсан байна” гэж хэлсэн. ...Би Мын зүүн гар талын шуу хэсгийг хугалсан. Би Мын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 29-30/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6633 дугаатай “...Б.Мын биед зүүн шууны ясны доод 1/3-ийн бороолж байгаа зөрөөгүй далд хугарал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх /хх 15/ дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

шүүгдэгч Б.М нь 2020 оны 5 дугаар сараас 6 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эх 42 дугаар гудамжны 1125 тоот гэртээ өөрийн асран хамгаалалтад байсан бага насны хохирогч Б.Мын зүүн гаран дээр нь дэвсэх, чихнээс нь зулгаах, залгуураар цохих зэргээр биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь зүүн шуу ясны доод гуравны нэг бороолж байгаа зөрөөгүй далд хугарал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай гэж үзэв.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Мын бага насны хохирогч Мыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, зүүн гарыг хугалснаас хойш 7 хоногийн дараа дүү Р нь мэдсэн, бага насны хохирогч Мын “намайг шалтгаангүйгээр байнга зодоод байдаг, их өвдөөд байдаг” гэх мэдүүлэг, бага насны хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон 6633 дугаатай шинжээчийн дүгнэлт, мөн бага насны хохирогчийн хоёр чихнээс өргөх, толгой руу нь цохих, утас цэнэглэгчээр ороолгох зэргээр гэмтэл учруулсан үйлдэлд бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул дээрх ажиллагааг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нэгэн адил хамаарна” мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, мөн хэсгийн 5.1.6-т “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгоно” мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан ... үйлдэл эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус хуульчилсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.М нь Б.Мын нагац эгч Бийн нөхөр Ргийн төрсөн ах бөгөөд шүүгдэгч Б.М, бага насны хохирогч Б.М нар нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн, энэ нь гэрч Ч.Уийн “...Тусгай цогцолборт хэрэгжүүлдэг “Ар гэрт нь дасгах үйлчилгээ”-ний хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 20-ны орчим Б.Мыг нагац эгч болон нөхөрт нь 3 сарын хугацаатай хүлээлгэж өгсөн. ...Чөлөөг дахин 3 сараар сунгаж Мад хүлээлгэн өгсөн. ...” гэсэн, гэрч Б.Дын “...Манай байгууллага нь Б.Мыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны нагац эгч Б болон түүний нөхөр Р нарт ар гэрт нь дасгах үйлчилгээнд хамруулах зорилгоор түүнийг хүлээлгэн өгсөн. ....” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 2006026261759 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1540 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Мад холбогдох 2006026261759 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ