Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00498

 


2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 102/ШШ2022/00498 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... дүүргийн ...  дугаар хороо, ... хороолол, ...н гудамж ... байрны ... тоотод оршин суух ... овогтой ... гийн ... /РД:... /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Н... т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С....

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.... ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1 .Нэхэмжлэгч С.... нь хариуцагч Н... т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч М.... аас төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийн санал аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор танилцуулаагүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь бодитоор 130 м.кв орчим хэмжээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд заасан хэмжээ буюу 80 м.квс илүү хэмжээтэй байхад тайланд энэ талаар тусгаагүй нь зах зээлийн бодит үнэлгээ гараагүй гэж үзэж байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар захирамжаар С.... , М.... нараас 50,779,509 төгрөгийг гаргуулж ... ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ... -ний өдөр үүсгэн төлбөр төлөгч С.... , М.... нарын барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... дүүрэг ... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг ... -ны өдрийн ... дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. ... -ний өдрийн ... дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж үнийн санал авахад төлбөр төлөгч С.... , М.... нар 600,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч ... ББСБ ХХК-аас үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөгүй бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу ... ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 246,149,000 төгрөгөөр тогтоосон. Төлбөр төлөгч С.... , М.... болон төлбөр авагч ... ББСБ ХХК-нд 2021 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн ... , ... дугаартай албан бичгээр тус тус мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч иргэний үнэмлэхний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ...-ны өдрийн ... дугаар захирамж, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2... -ны өдрийн ... дугаартай шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгэх тухай захирамж, ... дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ...-ны өдрийн ... дугаартай хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, хариуцагчаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: төлбөр төлөгч М.... аас төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийн санал аваагүй, шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор танилцуулаагүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ бодитоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд заасан хэмжээ 80 м.кв с илүү буюу 130 м.кв орчим хэмжээтэй байхад тайланд энэ талаар тусгаагүй, зах зээлийн бодит үнэлгээ гараагүй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ...-ны өдрийн ... дугаар захирамжаар С.... , М.... нар нь 50,779,509 төгрөгийг ...-ны өдрөөс ...-ны өдрийг хүртэл тодорхой хуваарийн дагуу ... ББСБ ХХК-нд төлж барагдуулахаар, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... дүүрэг ... тоот хаягт байрлах 87 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ...-ны өдрийн ... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар Н... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... дүүрэг ... тоот хаягт байрлах 87 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... -ны өдрийн ... дугаартай тогтоолоор битүүмжилж, ... -ний өдрийн ... дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд талууд үнийг харилцан тохиролцоогүй байна.

 

5. Талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Н... нь ... дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгийн үнэлгээний ... ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцсэн байна.

 

6. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр ... ХХК-ийг томилсон, шинжээч дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 246,149,000 төгрөг болохыг тогтоосон байна.

Шинжээч ... ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд /хх 73-74/ байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7. Нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, зах зээлд тухайн орон сууц ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан талбайн хэмжээнээс илүү хэмжээтэй гэж тайлбарласан боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна гэж заасан бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

8. Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ажлын 3 өдрийн дотор буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр баталгаат шуудангаар төлбөр төлөгч нарт хүргүүлсэн болох нь хувийн хэрэгт авагдсан мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасантай нийцсэн байна.

 

9. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч М.... аас төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах ажиллагаа хийсэн талаарх баримт авагдаагүй байх боловч төлбөр төлөгч С.... хөрөнгийг 600,000,000 төгрөгөөр үнэлэх санал, төлбөр авагч ... ББСБ ХХК-аас хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилох санал тус тус гаргаж, төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнийн талаар харилцан тохиролцоогүй байх тул хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон ажиллагааг буруутгах боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг зөрчөөгүй байна. Иймд үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Н... т холбогдох М.... , С.... нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... дүүрэг ... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.... гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ