Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01451

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 05 210/МА2022/01451

 

 

С.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14ий өдрийн 102/ШШ2022/00498 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Агийн хариуцагч НШШГГ холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч М.Мягмаржаваас төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийн санал аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор танилцуулаагүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь бодитоор 130 м.кв орчим хэмжээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд заасан хэмжээ буюу 80 м.квс илүү хэмжээтэй байхад тайланд энэ талаар тусгаагүй нь зах зээлийн бодит үнэлгээ гараагүй гэж үзэж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/02208 дугаар захирамжаар С.А, М.Мягмаржав нараас 50,779,509 төгрөгийг гаргуулж Си Жи Эф финанс ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үүсгэн төлбөр төлөгч С.А, М.Мягмаржав нарын барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205005814 дугаартай Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 93 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 20250769/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 20250769/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж үнийн санал авахад төлбөр төлөгч С.А, М.Мягмаржав нар 600,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч Си Жи Эф Финанс ББСБ ХХК-аас үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөгүй бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу Виннэр-вей ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 246,149,000 төгрөгөөр тогтоосон. Төлбөр төлөгч С.А, М.Мягмаржав болон төлбөр авагч Си Жи Эф финанс ББСБ ХХК-нд 2021 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн 4-171/18099, 4-171/18100 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ холбогдох М.Мягмаржав, С.А нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205005814 дугаартай Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 93 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Агийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-т ...хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд төлбөр авагч М.Мягмаржаваас төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах ажиллагаа хийсэн талаарх баримт авагдаагүй... гэж дурьджээ.

4.а. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-т Дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож... гэж заасан. Энэхүү заалтаас үзвэл өмчлөгч болон төлбөр авагч нарыг бүгдийг нь оролцуулан харилцан тохиролцох ажиллагааг хийхээр хуульчилсан байна. Гэтэл М.Мягмаржавыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй мэтээр шүүх үзсэнд гомдолтой. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хууль хэрэгжүүлдэг байгууллага байж хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй хууль зөрчсөн байхад зөв зүйтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 заалтаас үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талууд хамт байж үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцохоор хуульчилсан байна. Гэтэл хуульд заагдаагүй үнийн санал гэх зүйлийг бичгээр авч шинжээч томилсон байна.

4.б. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-т ... маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан талбайн хэмжээнээс илүү гэж тайлбарласан боловч энэ тайлбараа нотлоогүй. гэж дурьджээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жижиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт,энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно. энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ,түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна. гэж заасан. Энэхүү хуулиас үзвэл үнэлгээчин үнэлгээ хийж буй хөрөнгийнхөө бодит хэмжээг гаргах ёстой байсан нь нотлогдож байна. Гэтэл үнэлгээний тайлан дээр бодит хэмжээг олж тогтоосон зүйлгүй байтал үнэлгээ үнэн зөв бодит гарсан гэж үзсэнд гомдолтой байна.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч НШШГГ холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/02208 дугаар захирамжаар С.А, М.Мягмаржав нар нь 50,779,509 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тодорхой хуваарийн дагуу Си Жи Эф финанс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205005814 дугаартай Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 93 тоот хаягт байрлах 87 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 8-9/

4. Төлбөр төлөгч нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Си Жи Эф финанс ББСБ ХХК-ийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 93 тоот хаягт байрлах 87 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хураах, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох ажиллагааг тус тус явуулжээ.

Төлбөр төлөгч С.А нь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийг 600,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 9/233 дугаар тогтоолоор Виннэр-Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 93 тоот хаягт байрлах 87 м.кв талбайтай орон сууцыг 246,149,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх118/

Хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээний Виннэр-Вэй ХХК-ийн хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээг төлбөр төлөгчид 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн байна. /хх 119/

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5.а. Хэрэгт төлбөр төлөгч С.А, М.Мягмаржав нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа авагдсан, тэдгээр нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч С.Агийн ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч эс зөвшөөрсөн, төлбөр төлөгч М.Мягмаржав үнийн санал ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцэж байна.

Иймд төлбөр төлөгч М.Мягмаржаваас үнийн санал аваагүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

5.б. Виннэр-Вэй ХХК-ийн үнэлгээчин нь тухайн орон сууцны үнэлгээг 246,149,000 төгрөгөөр тогтоохдоо үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан 87 м.кв талбайгаар тооцон, худалдан борлуулахаар нийтэд зарласан үл хөдлөх хөрөнгө, түүний зах зээлийн үнэтэй харьцуулж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байна. Нэхэмжлэгч нь орон сууцны талбайн бодит хэмжээ нь 130 м.квадрат орчим гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа нотлоогүй байна. Иймээс үнэлгээний тайлан дээр орон сууцны талбайн бодит хэмжээг олж тогтоогоогүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, тухайн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14ий өдрийн 102/ШШ2022/00498 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.БЯМБАСҮРЭН