Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2022/00392

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар     

           Нэхэмжлэгч Б дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоотод байрлах РД:0000000, "Н" ХХК

 

           Хариуцагч Б дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, “С” цогцолборт байрлах РД:000000, "Ү" ХХК

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн биелэлтэд 13.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч "Н" ХХК, хариуцагч "Ү" ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 13.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

         

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай байгууллага "Ү" ХХК-тай 2019 оны 11 дүгээр сард 34.000.000 төгрөгийн ажлын гэрээ байгуулсан.

Ингээд хариуцагч өнөө маргаашгүй ажлаа эхэлье, санхүүжилт олгоно, та нар өөрсдийн хөрөнгөөр нисэхийн онцгой бүсэд зөвшөөрөл авсан.

Кабелиа татаж байгаач гэсний дагуу бид харилцан тохиролцсон, өөрсдийн мөнгөөр кабель, материал авч, 10 хүний бүрэлдэхүүнтэй, 12 сарын хүйтэнд гадаа хөлдөх шахам 5 хоног ажилласан.

 “Хавраас ажлаа эхэлье” гэхэд өнөө маргаашгүй хэрэгтэй байна гэж сандаргаж, бид нар хөлдүү газрыг гал түлж гэсгээн, хэцүү нөхцөл байдалд ажлаа хийж ажилласан. Үүний дараа эхний хөрөнгө оруулалтаа авъя гэхэд "Ү" ХХК манай ажил зогссон, хөрөнгө оруулалт байхгүй гэсэн хариу өгсөн.

Үүнээс хойш 2 жил гаруй ажлын хөлс болон материалын үнийг гуйгаад өгөхгүй, шүүхэд хандаж байна. Эхлээд "Ү" ХХК-ийн харьяаллын дагуу С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З эхний шүүх хурал дээрээ өмгөөлөгч авна гэж хойшлуулан, дараагийн шүүх хурал дээр манайх энэ хаяг дээр байдаггүй харъяалалын дагуу Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэх болон цар тахал гарсан гэх янз бүрийн аргаар шүүх хуралдааны хойшлуулан удаашруулж, сүүлд эвлэрэх санал гаргаж, хэргийг эвлэрүүлэн зуучлахад хүргүүлэн, эвлэрэх боломжгүй болж өнөөг хүрсэн.

Шүүхээр энэ асуудлаар яваад 1 жил 6 сар гаруй болж байна. Иймд "Ү" ХХК-иас шилэн кабелийн материал 3.520.000 төгрөг, шилэн кабел болон кабел татсан ажлын хөлс мөн тээвэр, хөлдүү газар ухсан зэрэг нэмэгдсэн  зардал 4.080.000. төгрөг, хоол унданд 350.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараа нийлээд 8.745.000 төгрөг дээр алданги тооцоод 13.409.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Анх өгсөн баримт дээр алдаа гарган хоёрын тоог 4 гэж бичсэн байсан.

Харин кабелийн үнийн дүн хэвээрээ байгаа. 70х30  хувийн харилцаа гэдэг нь ажлаа эхлэхэд 70 хувийн урьдчилгаа аваад, төгсгөлд нь 30 хувь авна гэж тохиролцсон харилцаа. Танайх гэрээний дагуу санхүүжилтээ өгсөн бол ажлын хугацаа дууссан байх байсан.

Танайх мөнгөө өгөхгүйн улмаас ажил зогссон. Үүнийг захирал Б мэдэж байгаа. Мөнгөө авъя гэж хэлэхэд өнөө, маргаашгүй санхүүжилт орж ирнэ өгнө., тэгнэ гээд алга болдог.

Бидний алдаа бол итгэсэнд байгаа юм. Түүнээс гэрээнд заасан санхүүлжилтээ өгсний дараа ажлаа эхэлнэ гэхэд болох байсан. Б захирал эхлээд ямар байсан та нар өөрөөсөө төлбөр гаргаад ажлаа эхэлж байгаач гэж гуйсны дагуу бид ажлаа эхэлсэн.

Манай зүгээс гаргасан материал, ажлын хөлсөө нэхэмжилж байна.

Өвлийн хүйтэнд хөлдүү газар ухуулж ажлаа хийлгэчихээд одоо ийм зүйл ярьж болохгүй та нар. Анхны тооцоо буруу гарсан байж болно. Сүүлийн тооцоо үнэн зөв. Нийт төлбөр дүн хэвээрээ.

Та бүхэн санхүүжилтээ гэрээнд заасны дагуу өгсөн бол бид ажлаа дуусгаад хүлээлгэн өгөх байсан.

Гэтэл худлаа хэлээд алга болсон. Бид үүргээ шударга биелүүлж байсан.

Та газар дээр биечлэн байгаагүй учраас ингэж бичиг цаас харан дүгнэлт хийгээд байна.

Гадаа хүйтэнд хөлдүү газар ухаад ажиллах ажил тийм амар хялбар байдаггүй. Яг үнэндээ ажлаа хурдан эхлээч, маргааш нөгөөдөр гэхэд төлбөр мөнгийг өгнө гэж хэлээд эхлүүлсэн танай тал.

Хийсэн ажил бодитоор тэр газраа байж байна. Гадаах ажил дуусаад дотор холболт үлдсэн байсан. Хүнээр гаднах хүнд ажлаа хийлгэж дуусгаад ийм зүйл ярьж болохгүй байх. Жудаг гэж зүйл бий. Тухайн үед ажил хийж байхад танай менежер ирж хяналт тавьж байсан.

Ажил гүйцэтгэсэн газар тусгай зориулалтын онцгой бүс байсан бөгөөд хамаагүй орж болдоггүй эрхгүй учраас бидний хийсэн ажил байх газраа байж байгаа.

Гэрээнд заасан санхүүжилтээ өгөөгүй ажил үргэлжлээгүй учраас акт гарахгүй нь ойлгомжтой. Танай буруутай үйлдлээс болсон. Одоо зөвхөн дотор холболт үлдсэн. Гаднах ажлаа хийлгэчихээд ингэж болохгүй. Шаардаж байгааг мөнгийг минь гаргаж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. "Н" ХХК болон "Ү" ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 34.000.000 төгрөгийн үнэтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний ажлыг уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын гадна талд заасан гадна кабель ажлын угсралтын холболтыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор хийхээр талууд тохиролцсон.

"Н" ХХК ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу зураг төсөлтэй танилцан, түүнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэн гэж заасан.

Өөрөөр хэлбэл,  уг гэрээний дагуу ажил гүйцэтгэх төсөвтэй байх байсан. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт захиалагч гэрээ хийснээс хойш гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ажлын явцыг тохиролцож 70 хувь, 30 хувиар санхүүжүүлнэ.

Гэхдээ гэрээнд заасан хугацаанд санхүүжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоногт торгууль 0.5 хувиар төлүүлнэ гэснийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлээд байна.

Иргэний хуульд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч, захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.3.дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан.

Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд шилэн кабелийн үнийг метрийн хэмжээгээр 4000 тоо ширхгээр тооцоолон нэгжийн үнийг 850 төгрөгөөр тооцон бүгд үнэ 400.000 төгрөг гэж тооцсон байгаа.

Нотлох баримтаар гаргаж өгсөн тооцоо дээр тоо ширхэг 2000 метр квадрат болгон нэгжийн үнийг 1760 төгрөгийн үнэтэй болгон 3.400.000 төгрөг дээрээ нэмэгдсэн өртгийн албан татвараа нэмж, хавтаст хэргийн 6 дугаар хуудсан дээрх “М” ХХК борлуулагч компанийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 54 минутанд гаргаж өгсөн захиалгын баримт дээр хүлээлгэн өгсөн үнийн дүнгээ нэмээд, тоо ширхгийг 2000, нэгжийн үнийг 1700 болгон 3.400.000 төгрөг болгож, нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүн 3.091.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын дүн 399.000 төгрөг гэж бичиж нийт үнийг 3.400.000 гэж бичсэн. 

Өнөөдөр гаргаж өгсөн баримтын огноо 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, нэгжийн үнийг 1760 төгрөг, метр квадрат 2000 гэж тооцон анх нэхэмжилж байсан үнийн дүнгээс өөрөөр тооцсон байна. 

Сувагчилсан кабель татах метр квадратыг 2000 гэж бичсэн. Гэтэл анх хавтаст хэргийн 5 дугаар хуудсан дээр тоо ширхгийг 4000, нэгжийн үнийг 1950 гэсэн байсан нь өнөөдрийн гаргаж буй үнийн дүн дээр 1650 төгрөг гэсэн. Анх 7.800.000 төгрөгийг сувагчилсан кабель татах үнэд нэхэн, хөлдүү газар ухсан гэж 400.000 төгрөг, тээвэртэй нийлэн 14.900.000 төгрөгийг нэхэмжилсэн бол хөл дүндээ тохируулан хөлдүү газар ухсан хэмжээгээ багасган, ажлын талбайг томсгон 25 метр квадрат болгон, нэгжийн үнийг 40.000 төгрөг байсныг 20.000 төгрөг болгон багасгасан байна. 

Үүнээс гадна нэхэмжлэгч нэхэмжлэлээ гарахдаа нэхэмжлэлийн хувь хэмжээг "Ү" ХХК-ийн ажлын 39.4 хувийг хийсэн гэдэг. Ингэж хийсэн юм бол тухайн ажлын зураг, стандарт шаардлага, зарцуулсан төсөв зэргээ танилцуулах ёстой. 

Гэтэл ийм баримт өгөөгүй. Гүйцэтгэлээ батлах тоогүй тул нэхэмжилж байгаа 13.400.000 төгрөгийн 39.4 хувийн ажлын гүйцэтгэлдээ хуваан тоондоо дөхүүлэхийн тулд нэхэмжлэлийн үндэслэл болсон тооцооны баримт алдаатай. 

13.400.000 төгрөгийг ямар баримтаар нэхэмжлэх гээд байгаа юм бэ? Тооцоо гаргасан О гэх хүний гарын үсэгтэй, ялгаатай 2 тооцоогоор 39.4 хувийг шаардаж байна. Иргэний хуулийн 346 дүгээр зүйлд талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгснөөр тооцно гэж заасан.

"Н" ХХК ямар ажил хүлээлгэж өгсөн. Тооцоо үндэслэл яагаад зөрүүтэй байгаа бэ? Үүнийг яагаад шүүхэд гаргаж өгөхгүй байгаа юм. Нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй байж дураараа үндэслэлгүй үнэ бичин нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 

Манай ажилд зориулсан төсвийн тайлан эсэхийг бид мэдэхгүй. Мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх; мөн хуулийн 350.1.6 дахь хэсэгт захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж заасан. 

Нэхэмжлэгч гэрээний 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ажлын явцад 70, 30 гэсэн хувиар тохиролцсон. Энэ нь тухайн ажлын 70 хувийг хувиасаа материалын үнийг гарган гүйцэтгэхийг зөвшөөрсөн. 

Дараа нь ажлаа хүлээлгэн өгөөд мөнгөө ав гэх утгатай тохиролцоо хийсэн. Гэтэл гэрээндээ 70 хувь гэж тохиролцсон байхад 39.4 хувийг гүйцэтгэсэн мөнгөө авна гээд байна. Ямар учраас 39.4 хувийг авна гээд байгаа юм бэ? Сүүлд нотлох баримтаар өгсөн баримтаа үндэслэлтэй гэж тооцож байгаа юм бол 13.900.000 төгрөгийн баримтын 4.600.000 төгрөгийг алдангид нэхэмжилж байна. 

8.745.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн юм бол 39.4 дэх хэсэгт тохирохгүй. 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй. Бид ямар ажил хүлээж авсан юм бэ? Гэрээгээр 70, 30 хувийн ажлыг хүлээж авах ёстой юмуу? Эсвэл хөл дүнд тааруулсан ямар ч хамаагүй мөнгөн дүнтэй ажил хүлээн авах ёстой юмуу? Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан. 

Нэхэмжлэгчид гэрээг цуцлах гээд байгаа юмуу? Эсвэл хийсэн ажлын мөнгөө авна гэж байгаа юмуу? Энэ нь ойлгомжгүй байна. Энэ хэргийн нэхэмжлэгч "Н" ХХК хариуцагчийн зүгээс ер санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулж байгаа зүйл байхгүй.

Танай талтай эвлэрэх асуудлын талаар ярилцах гэж манай талаас санал гаргасан. Энэ бүх хугацаанд нотлох баримтуудаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа байхын хувьд байсан. Гэтэл ямар ч эдийн засгийн тооцоо үндэслэлгүй, зөрүүтэй баримт гарган биднээс мөнгө нэхэмжилж байгаадаа ичих хэрэгтэй. Ийм зөрүүтэй тооцоогоор, хэргээр хөл дүнд нь тааруулан алдангийн хэмжээгээ оруулан нэхэмжлэл гарган түүнийхээ 39.4 хувийг гаргаж ирж байгаа нь ойлгомжгүй. Ямар ажил хүлээлгэж өгсөн нь ойлгомжгүйгээр манайхаас мөнгө авах гэж байгаа нь нэхэмжлэгчийн хэлээд байгаа үнийн дүн нэхэмжлэлийн шаардлага хангах боломжгүй. Миний зүгээс эвлэрч, арга эвээ ололцохоор хичээсэн. 

Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

Хавтас хэрэгт цугларсан баримт:

 

Нэхэмжлэгчээс "Н" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 00/0 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Хаан” банкны шилжүүлгийн мэдээлэл, "Н" ХХК-ийн ерөнхий инженер Д.О гаргасан Чингис хаан нисэх буудлаас бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдах төвийн барилга хүртэл шилэн кабель татсан тооцооны баримт, “М” ХХК-ийн гаргасан Зарлагын баримт, 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 00/0 дугаартай "Н" ХХК-иас Л.Н-д олгосон “Итгэмжлэл”, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “М” ХХК-ийн гаргасан Нэхэмжлэх, "Н" ХХК-ийн ерөнхий инженер Д.О-н гаргасан Чингис хаан нисэх буудлаас бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдах төвийн барилга хүртэл шилэн кабель татсан тооцооны баримт, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “М” ХХК-ийн гаргасан Нэхэмжлэх, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/235 дугаартай "Н" ХХК-ийн Тодорхойлолт авах тухай албан бичиг, Иргэний нисэхийн үндэсний төвийн Холбоо, навигаци ажиглалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0/0 дугаартай албан бичиг, “М” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0/0 дугаартай Албан бичиг, түүний хавсралт, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Г овогтой Б-н “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. 

 

          Хариуцагчаас "Ү" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 00/00 дугаартай "Ү" ХХК-иас Э.З-д олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Баримт хүргүүлэх тухай”

 

Шүүхийн журмаар:

Иргэний нисэхийн Ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0/0 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг.

ҮНДЭСЛЭХ нь:  

      

           Шүүх нэхэмжлэгч "Н" ХХК, хариуцагч "Ү" ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 13.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н “Хариуцагч гэрээний үүргээ биелүүлж санхүүжилтээ өгөөгүйн улмаас ажил зогссон. Захиалагч 70х30 хувиар санхүүжилт өгсний дараа бид ажлаа эхлэх байсан. Гэтэл санхүүжилт маргааш, нөгөөдөр орно. Танайх мөнгө гаргаад ажлаа эхэлж байгаач гэж гуйсны дагуу бид кабель татах ажлаа эхэлж, мөнгөө гаргаж хийсэн учраас тухайн ажилд зарцуулсан төлбөрөө нэхэмжилж байгаа гэж шаардах эрхээ тодорхойлж байна.

 

 Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З “Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ямар ажил хийсэн нь тодорхойгүй, гэрээгээр нэхэмжлэгч өөрөө мөнгө гаргаж ажил гүйцэтгэх байсан. Өнөөдрийн байдлаар хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй”  гэх тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

    

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

             

          Нэхэмжлэгч "Н" ХХК, хариуцагч "Ү" ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 0/0 дугаартай Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын гадна холбооны угсралтын ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хийхээр, ажлын төсөвт өртөг 34.000.000 төгрөг, захиалагч, гүйцэтгэгчийг ажлаа гүйцэтгэх нөхцөлөөр бүрэн хангаж, гэрээ хийгдсэнээс хойш гүйцэтгэлийн саналыг үндэслэн ажлын явцад 70х30 хувиар санхүүжүүлэхээр, харилцан тохиролцож “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулжээ.

 

          Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 Дээрх хуулийн зохицуулалтын агуулга нь ажил гүйцэтгэгч өөрийн эсхүл захиалагчийн материалаар хэлэлцэн тохиролцсон ажлыг гүйцэтгэх, захиалагч ажлыг хүлээн авч, хөлсийг төлөх үүрийг хүлээх байдаг.

 

           Иймээс уг нөхцөл байдлаас харахад, Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2, талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ажлын явцад 70х30 хувиар санхүүжүүлж, ажлын актыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор сүүлийн санхүүжилт хийж дуусгах. Гүйцэтгэгч ажлын үр дүнг нэг сарын хугацаанд бүрэн гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгөхөөр зохигчид гэрээндээ тухайлан заажээ.

 

           Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж хуульчилсан.

    

          Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хувьд эхний санхүүжилт орж ирснээр ажил эхлэх, харин хариуцагч ажлын хөлс төлснөөр шаардах эрх нь бий болж, нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгч хөлсөө бүрэн авах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой байна.

 

        Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан хариуцагч гэрээг байгуулсан талаараа маргаагүй хэдий ч нэхэмжлэгчийг маргаан бүхий ажлын гадна кабелийг татаагүй болон холбогдох зардлуудыг гаргаагүй, гэрээнд заасан ажлын урьдчилгаа төлбөрийг захиалагч олгосон эсэх мөн ажил яагаад үргэлжлүүлэн хийгдэх боломжгүй болсонд хариуцагч буруугүйг мөн нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэлээ нотлох баримтаар үгүйсгэж, нотолж чадахгүй байна.

 

          Тодруулбал мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1, 352.5.3, 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ажлын үр дүнг мэдсэн атлаа зайлшгүй хүлээн авах бодит үр дүн байтал хүлээж авахгүй байгаагаар эс үйлдэхүй гарган үүргээ биелүүлэхгүй, нэхэмжлэгчийн хийсэн ажил гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтойн тухайд маргахгүй, үлдсэн дотор холболтын ажилд шаардагдах санхүүжилтийг захиалагч "Ү" ХХК гэрээнд заасан харьцаагаар олгоогүй ба түүний буруугаар ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон үйл баримт зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

           Мөн талуудын байгуулсан гэрээнээс үзэхэд, нэхэмжлэгч өөрийн хөрөнгө материал, мөнгөөр ажил гүйцэтгэхийг тохиролцоогүй буюу тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1,5.2,5.3 дахь хэсэгт зааснаар зохигчид гэрээг зөрчсөн тохиолдолд хүлээх үүргийн талаар харилцан тохиролцож тусгажээ.

 

           Иймээс хариуцагч үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн баримтаар нотлогдож байх тул гэрээний дагуух хариуцлагыг хүлээх үндэслэлтэй гэж үзээд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасган 8.700.000 төгрөг нэхэмжилснээс 1300 метр кабель татсаны үнэ 1300х1700 төгрөг /нэг метрийн үнэ/=2.210.000 төгрөг, хөлдүү газар гэсгээж ухсаны хөлс 340.000 төгрөг, тээврийн хөлс 200.000 төгрөг, ажилчдын хоол, унд, бензины зардал 350.000 төгрөг, алданги 4.600.000 төгрөгийн х 30 хувь= 3.220.000 төгрөг, НӨАТ-т 500.000 төгрөг нийт 6.820.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, үлдсэн 1.880.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 6.820.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 124.070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     

        1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Ү" ХХК-иас 6.820.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Н" ХХК-д олгож, үлдсэн 1.880.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 124.070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

          

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА