Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/00597

 

 

 

 

 

 

 

 

 

"Н" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/00392 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч "Н" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч "Ү" трейд ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний "Ү" т 8,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наст, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: "Н" ХХК нь "Ү" трейд ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Бүсийн нислэгийн Хөдөлгөөний Удирдлагын Төвийн барилгын гадна холбооны угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь нийт 34,000,000 төгрөгийн төсөвт өртгийн ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх "Ү" хүлээсэн. Ингээд хариуцагчаас урьдчилгаа төлбөр авахгүйгээр тус компанийн хүсэлтээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт ажлын 34,9 хувийг хийж гүйцэтгэсэн. Үүнтэй холбоотойгоор анх шүүхэд 13,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 8,700,000 төгрөг болгон багасгаж байна.

Үүнд, нэгж үнэ нь 1,650 төгрөг бүхий 1,300 метр кабель татсаны үнэ, хөлдүү газар ухсаны төлбөр 500,000 төгрөгийг 340,000 төгрөг гэж, тээврийн хөлс 200,000 төгрөг, бусад болон НӨАТ 500,000 төгрөг, алдангийг мөн багасгаж 3,000,000 төгрөг болгосноор нийт 8,700,000 төгрөгийг хариуцагч "Ү" трейд ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. "Н" ХХК болон "Ү" трейд ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 34,000,000 төгрөгийн үнэтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, кабель ажлын угсралтын холболтыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор хийхээр тохиролцсон. Гэрээний 4.1 дэх хэсэгт захиалагч гэрээ хийснээс хойш гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ажлын явцыг тохиролцож 70/30 хувиар санхүүжүүлнэ. Гэхдээ гэрээнд заасан хугацаанд санхүүжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоногт торгууль 0.5 хувиар төлүүлнэ гэснийг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Иргэний хуульд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч, захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд шилэн кабелийн үнийг метрийн хэмжээгээр 4,000 ширхэг, нэгжийн үнийг 850 төгрөгөөр тус тус тооцон нийт үнийг 400,000 төгрөг гэж тооцсон. Нотлох баримтаар гаргаж өгсөн тооцоо дээр тоо ширхэг 2,000 м.кв болгон нэгжийн үнийг 1,760 төгрөгийн үнэтэй болгон 3,400,000 төгрөг дээр НӨАТ-ыг нэмж, хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан Мон кабель систем ХХК борлуулагч компанийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 54 минутанд гаргаж өгсөн захиалгын баримт дээр хүлээлгэн өгсөн үнийн дүнгээ нэмээд, тоо ширхгийг 2,000, нэгжийн үнийг 1,700 төгрөг болгон 3,400,000 төгрөг болгож, НӨАТ-гүй дүн 3,091,000 төгрөг, НӨАТ-ын дүн 399,000 төгрөг гэж бичиж нийт үнийг 3,400,000 гэж бичсэн. Өнөөдөр гаргаж өгсөн баримтын огноо 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, нэгжийн үнийг 1,760 төгрөг, м.кв 2,000 гэж тооцон анх нэхэмжилж байсан үнийн дүнгээс өөрөөр тооцсон байна. Сувагчилсан кабель татах м.кв-ыг 2,000 гэж бичсэн. Гэтэл анх хавтаст хэргийн 5 дугаар хуудсан дээр тоо ширхгийг 4,000, нэгжийн үнийг 1,950 гэсэн байсан нь өнөөдрийн гаргаж буй үнийн дүн дээр 1,650 төгрөг гэсэн. Анх 7,800,000 төгрөгийг сувагчилсан кабель татах үнэд нэхэн, хөлдүү газар ухсан гэж 400,000 төгрөг, тээврийн зардалтай нийлэн 14,900,000 төгрөгийг нэхэмжилсэн бол хөл дүндээ тохируулан хөлдүү газар ухсан хэмжээгээ багасган, ажлын талбайг томсгон 25 метр квадрат болгон, нэгжийн үнийг 40,000 төгрөг байсныг 20,000 төгрөг болгон багасгасан байна. Үүнээс гадна нэхэмжлэгч нэхэмжлэлээ гарахдаа нэхэмжлэлийн хувь хэмжээг "Ү" трейд ХХК-ийн ажлын 39.4 хувийг хийсэн гэдэг. Гэтэл ийм баримт өгөөгүй. Тооцоо гаргасан н.Одхүү гэх хүний гарын үсэгтэй, ялгаатай 2 тооцоогоор 39.4 хувийг шаардаж байна. Иргэний хуулийн 346 дүгээр зүйлд талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгснөөр тооцно гэж заасан. Манай ажилд зориулсан төсвийн тайлан мөн эсэхийг бид мэдэхгүй. Мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэхээр тус тус заасан. Хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах, эсхүл хийсэн ажлын мөнгөө авна гэж байгаа нь ойлгомжгүй байна. Манай зүгээс эвлэрэн хэлэлцэх талаар их хичээсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Ү" трейд ХХК-аас 6,820,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Н" ХХК-д олгож, үлдсэн 1,880,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 124,070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээний хувьд талууд маргаагүй, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэрээний санхүүжилтийг урьдчилсан хийх байсан гэж дүгнэсэн нь буруу, учир нь гэрээний 2.3-т зааснаар санхүүжилтийг ажлыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор сүүлийн санхүүжилтийн хийж дуусгана гэж тохирсон. Гэрээний 4.1-д зааснаар санхүүжилтийг 70, 30 хувиар тус тус хийхээр тохиролцсон. Санхүүжилт 70 хувьдаа хүрээгүй байхад нэхэмжлэгч "Н" ХХК нь санхүүжилт буюу төлбөрөө авна гэж ярьдаг. Гэтэл бид 70 хувьдаа чанар стандартын шаардлагад хүрсэн ажлын гүйцэтгэлийг хүлээж авахаар нэхэмжлэгч талаас удаа дараа шаардсан хэдий ч нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөөгүй, Үүний дагуу Мон кабель ХХК болон Иргэний нисэхийн газраас Кабелийг татахдаа манай албанаас техникийн нөхцөл аваагүй, хяналтын инженер томилуулж ажиллуулаагүй, шилэн кабелийг хүлээлгэж өгөөгүй болно гэж мэдээ ирдэг. Өөрөөр хэлбэл хяналтын шаардлага хангасан кабель татсан эсэх нь эргэлзээтэй. Мөн хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Мон кабель ХХК-аас авчирсан 50,000 метр кабелийг 1,700 төгрөгөөр авсан гэх үнийн дүнг авчирч өгдөг. 1,300 метр кабель татсан үлдсэн хэсэгт ямар ч баримт байхгүй. Мөн алдангийн хэмжээг ямар үнээс тооцож байгаа нь ойлгомжгүй. Өвлийн 11 дүгээр сард бусад гэх зардлыг нэхэмжлэгч тодорхойлохдоо хоол хүнс гэдэг боловч энэ тухай баримт байхгүй, тээврээр зөөсөн эсэх баримт мөн байхгүй. Иймд анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн дүнгээс 3,505,000 төгрөгийг эс зөвшөөрч байх тул энэ үнийн дүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Гэрээний нийт ажлын 70 хувийг өгөөд 30 хувийг санхүүжүүлнэ гэж харилцан тохиролцсон байгаа. Түүнээс биш гэрээнд хэдэн хувийн гүйцэтгэлээр буюу гүйцэтгэл тулсан үед санхүүжилт олгоно гэж огт яриагүй. Бидний хувьд Мон кабель ХХК-аас 3,400,000 төгрөгийн материал аваад ажлаа эхлүүлсэн. 13,400,000 төгрөг нэхэмжилсэн. Кабель татсан баталгаа байхгүй гэдэг. Иргэний нисэхийн газрын өгсөн албан бичигт 1,200 метр кабель татагдсан гэдэг талаар бичигдсэн учир ажил хийгдсэн гэсэн үг. Бид нарын хувьд 2,000 метр кабель татсан боловч 1,200 метрээр тооцоод тал хувийг хассан. Ингээд 45 хувийн төлбөр хасагдсан байхад хоол, унааны мөнгө гэж утгагүй зүйл ярьмааргүй байгаа юм. Тухайн газар нь тусгай объект байсан, тус компаниас зөвшөөрөл авч олгосны үндсэн дээр бид нар тухайн кабелийг татсан. 70 орчим хувь татагдсан байна гэдгийг баталж Иргэний нисэхийн газраас бичиг өгсөн байгаа. Энэ дээр хариуцагч тал нэг ч төгрөгийн төлбөр гаргаагүй байж яагаад НӨАТ яриад байгааг ойлгохгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцнэ гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч "Н" ХХК нь хариуцагч "Ү" трейд ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8,700,000 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1, 102-104/

3.Хэргийн 3 дах талд авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19/06 дугаар ажил гүйцэтгэх гэрээг нэг талаас захиалагч "Ү" трейд ХХК, нөгөө талаас гүйцэтгэгч "Н" ХХК оролцон байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч тал нийт 34,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Бүсийн нислэгийн Хөдөлгөөний Удирдлагын Төвийн барилгын гадна холбооны угсралтын ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх, захиалагч тал гэрээ хийгдсэнээс хойш гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ажлын явцад 70, 30 хувиар тус тус санхүүжүүлэх нөхцлийг харилцан тохиролцсон байна./хх-3/ Гэрээний хүчин төгөлдөр байдалд хэн аль нь маргаангүй.

4.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

5.Нэхэмжлэгч "Н" ХХК нь ажлын хөлс, материалын зардалд буюу кабелийн үнэ 3,400,000 төгрөг, хөлдүү газар ухсан төлбөр 340,000 төгрөг, тээврийн хөлс 200,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/ 500,000 төгрөг, нийт 8,700,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон, үндэслэлээ гэрээний дагуу санхүүжилт хийгээгүй, өөрсдийн хөрөнгөөр кабелиа татаж бай гэсний дагуу ажил гүйцэтгэсэн, санхүүжилт олгоогүй, хийсэн ажлын хөлс, материалын зардал өгнө гээд 2 жил өнгөрсөн учир шүүхэд хандсан гэж тайлбарласан байна. /хх-1/

6.Хариуцагч "Ү" трейд ХХК нь ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, материалын зардлын дүн зөрүүтэй гэж маргажээ. /хх-103, 104/ Энэ тохиолдолд маргаж буй үйл баримтыг нотлох үүргийг нэхэмжлэгч тал хүлээнэ. Анхан шатны шүүх нотолгооны үүргийн хуваарилалтын талаар буруу дүгнэлт хийсэн байна.

7.Зохигчдын тайлбар, хэргийн 83, 85 дах талд авагдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/86, Иргэний нисэхийн үндэсний төвийн Холбоо, навигаци, ажиглалтын албаны мөн сарын 10-ны өдрийн 10-22-14 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар "Н" ХХК нь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төв болон Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал хооронд 1,300 метр 12 корын шилэн кабель татах ажил хийж гүйцэтгэсэн болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг анхан шатны шүүх зөв тогтоосон.

8.Нэхэмжлэгч тал материалын зардал болон бусад зардлын тооцоолол, Монкабель системс ХХК-ийн нэхэмжлэх, зарлагын баримт, ХААН банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх-87-92/ Уг баримтуудад кабель утасны хэмжээ, нэгжийн үнийг өөр өөр дүнгээр бичсэн байх тул эргэлзээтэй баримт гэж үзнэ.

9.Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчээс кабель утасны хэмжээг 1,300 метр, нэгжийн үнийг 1,700 төгрөгөөр тодорхойлсныг хариуцагч үгүйсгээгүй байна. Анхан шатны шүүх дээрх тайлбарыг харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлс материалын зардлыг 2,210,000 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсгийн заасанд нийцжээ.

10.Талууд гэрээний 4.1-д Захиалагч гэрээ хийгдсэнээс хойш гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ажлын явцад харилцан тохиролцон 70, 30 хувиар тус тус санхүүжүүлнэ. Гэрээнд заасан хугацаанд санхүүжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногийн торгуулийг төсөвт 0,5 хувиар бодож төлүүлнэ гэж харилцан тохиролцжээ. /хх 3/ Энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн заасан алдангийн тодорхойлолтод нийцэж буй эсэх талаар талууд маргаагүй, хариуцагч тал гүйцэтгээгүй "Ү" буюу ажлын хөлсөд төлөх 2,210,000 төгрөгийн 50 хувиар /1,105,000 төгрөг/ алданги тооцохыг зөвшөөрсөн агуулгыг давж заалдах гомдолдоо тусгасан байна.

Хариуцагч тал гэрээний 4.1-д заасны дагуу санхүүжилт хийх үүргээ гүйцэтгээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Иймд гүйцэтгээгүй "Ү" болох 2,210,000 төгрөгт алданги тооцож, 1,105,000 төгрөг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсгийн заасантай, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан талуудын зарчимд тус тус нийцнэ.

Анхан шатны шүүх алдангийн хэмжээг 4,600,000 төгрөгийн 30 хувиар тооцож, 3,220,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч нь газар ухсан ажлын хөлсөнд 340,000 төгрөг, тээврийн хөлс 200,000 төгрөг, ажилчдын хоол унд, бензины зардал 350,000 төгрөг, НӨАТ-т 500,000 төгрөг, нийт 1,390,000 төгрөгийн зардал гарсан гэх үйл баримтаа баримтаар нотлоогүй байхад уг шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн, мөн хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд нь хамааруулан алданги тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

11.Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн зохицуулалтыг оновчгүй хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзсэн болно.

12.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/00392 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Ү" трейд ХХК-аас 3,315,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Н" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,385,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 124.070 гэснийг 67.990 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч "Ү" трейд ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ч.ЦЭНД