Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00074

 

 

Г.Т-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02383 дугаар шийдвэртэй, Г.Т-ийн нэхэмжлэлтэй, С.Б-д холбогдох

 Гэм хорын хохиролд 17 550 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Г.Т-ээс машиныг нь гуйж аваад осолд орсон. 2017 оны 07 дугаар сар хүртэл хохирлоо төлөхгүй тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас С.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгч нь тухайн автомашиныг худалдан авсны дараа 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Эмдаблви кредит” ББСБ-тай 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулахдаа тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, өөрийн өмчлөлийн 26-62 УНС улсын дугаартай Додж Рам /Dodge Ram/ маркийн автомашинаа ББСБ-ын нэр дээр шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, фидуцийн зүйлийг өөрөө эзэмшиж, ашиглаж байх хугацаанд түүний зөвшөөрлөөр хөдөө унаж явахдаа С.Б онхолдож, автомашинд 17 550 500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд ББСБ нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй болсон үндэслэлээр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсаныг шүүх шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа.

Хариуцагч хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй, машиныг 2 жилийн хугацаанд засуулж өгөөгүй, зассан гэж худал тайлбар гаргаж байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохиролд 17 550 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь Г.Т-ийн автомашиныг гуйж аваад онхолдуулсан нь үнэн. Гэхдээ бүрэн засварлуулсан бөгөөд засвараас очиж авахыг Г.Т-т хэлсэн боловч өөрөө аваагүй байгаа. Түүнчлэн С.Б нь өөрийн болон бусдын дансаар дамжуулан, мөн бэлэн мөнгөний шилжүүлгээр 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Г.Т-т мөнгө төлсөн. Төлбөр төлсөн байдлаа нотлох гэхэд шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Автомашиныг бүрэн засварласан, хэний өмчлөлд байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй байдлаа нотлоогүй байна. Банк бус санхүүгийн байгууллагын үүргийн гүйцэтгэлд өмчлөх эрх шилжүүлсэн байна. Үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулаагүй гэж шууд үзэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Автомашины үнэлгээг хэт өндөр тогтоогдсон гэж үзэхээр байх тул үнэлгээ үндэслэлгүй болно. Зах зээлийн үнэ 17 000 000 төгрөг байхад засварлах үнэ нь энэ хэмжээнд байдаг. Г.Т-ийн автомашин даатгалтай байсан түүнээсээ нөхөн төлбөр авсан мэдэгдэхгүй. Энэ мэт олон эргэлзээтэй асуудал байхад шүүх миний гаргасан хүсэлтийг хангахгүйгээр хуралдааныг хийсэнд гомдолтой. Шүүх хариуцагчаас мөнгө төлсөн байдал, ББСБ-аас зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулсан байх магадлал, нэхэмжлэгч нь сайн дурын даатгалаас нөхөн төлбөр авсан байж болзошгүй нөхцөл байдал, өмчлөгч мөн эсэх болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байдлыг нэг мөр болгохгүйгээр хэргийг шийдвэрлэх гэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1-д заасныг баримтлан С.Б-ээс гэм хорын хохиролд 17 550 500 төгрөгийг гаргуулж Г.Т-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 750 төгрөгөөс 245 703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 43 төгрөгийг, хариуцагчаас 245 703 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх зарим үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс талуудын хооронд үүссэн эрх зүйн зарим харилцааг зөв тодорхойлоогүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, улмаар хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Хариуцагч тухайн үед ресторан ажиллуулж байсан тул байнга бэлэн мөнгөтэй харьцдаг байснаас үүдэлтэй нэхэмжлэгчийн данс руу тодорхой хэмжээний бэлэн мөнгийг АТМ-аар автомашины хохиролд тооцож шилжүүлж байсан талаар хэлж, улмаар нэхэмжлэгчийн дансны хуулгыг харж бэлнээр АТМ-ээс хийсэн мөнгөнийхээ тооцоог гаргах боломжтойгоо хэлж нэхэмжлэгчийн хуулгыг нь авах хүсэлт гаргасан ч шүүх дансны хуулгыг авах шаардлагагүй гэж үзсэн. Дансны хуулгыг харж өгсөн мөнгөө тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн нь хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлага гэмт хэргийн улмаас учирсан гэм хор эсвэл өөр үндэслэлээр нэхэмжлээд байгаа эсэх талаар тодорхой бус байхад шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Автомашины үнэлгээг АНУ-аас импортоор орж ирэх үнээр тооцсон нь хуульд нийцээгүй.

 Миний бие хуульд заасны дагуу шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан атал шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дах хэсэгт заасныг зөрчиж шүүх бүрэлдэхүүн өөрсдөө татгалзсан нь үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэж тогтоол гаргаж хууль зөрчсөн, түүнчлэн Сүхбаатар дүүргийн шүүхээс татгалзахад шүүх бүрэлдэхүүн татгалзлыг хүлээн авахгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Т-ийн хариуцагч С.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 17 550 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчид өөр өөрийн үндэслэлээ тайлбарлан, мэтгэлцэн маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ын нэхэмжлэгч талаас гаргасан “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээг хэт өндөр гэж эс зөвшөөрч, бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, үнэлгээг дахин гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, автомашины өмчлөгчийн талаарх лавлагаа гаргуулах хүсэлтүүдийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн ХААН, Голомт банкны 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргуулж, хариуцагчийн данснаас нэхэмжлэгчийн данс руу, мөн хариуцагчаас нэхэмжлэгчийн дансанд АТМ-ээр дамжуулан бэлнээр мөнгө төлж байснаа нотлох зорилготой хүсэлт гаргасныг шүүх өөрийн дансаар төлбөр төлсөн гэх байдлаа баримтаа өөрөө гаргаж өгөх боломжтой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. /хх-69, 70 дугаар тал/

Түүнчлэн зохигч хохирлын үнэлгээг хэт өндөр гэж үзэж байгаа тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно гэж заасныг хэрэглэх эсэх талаар шүүх дүгнээгүй байна.

Хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд түүний хүсэлтэд үндэслэн шүүх нотлох баримт бүрдүүлнэ. Тиймээс анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Дээрх хүсэлтийг шийдвэрлэж, холбогдох нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан журмын дагуу бүрдүүлээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар талаар дүгнэлт хийх боломжгүй.

Иймд хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг хэргийг оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлээгүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02383 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 703 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                                        ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

                                                                                                          Д.БАЙГАЛМАА