Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2383

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 16 өдөр            Дугаар 181/ШШ2018/02383             Улаанбаатар хот

   

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                        

 

Нэхэмжлэгч: М овогт Г Т /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М овогт С Б /РД: /-т холбогдох, 

 

Гэм хорын хохиролд 17,550,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.                         

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, иргэдийн төлөөлөгч Ц.М, нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:   

2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр С.Б нь Г.Тээс машиныг нь гуйн авч яваад осолд орсон. 2017 оны 7 дугаар сар хүртэл хохирлоо төлөхийг хүлээсэн. Гэвч төлөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас С.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгч нь тухайн автомашиныг худалдан авсны дараа 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Эмдаблви кредит” ББСБ-тай 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулахдаа тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, өөрийн өмчлөлийн 26-62УНС улсын дугаартай “Додж Рам” маркийн автомашинаа ББСБ-ын нэр дээр шилжүүлэх фидуцийн гэрээ хийсэн байсан. Гэтэл фидуцийн зүйлийг өөрөө эзэмшиж, ашиглаж байх хугацаанд нь түүний зөвшөөрлөөр хөдөө унаж явахдаа С.Б онхолдож, автомашинд нийт 17,550,500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд ББСБ нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй болсон үндэслэлээр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Г.Тээс мөнгөөр шаардсаныг шүүх шийдвэрлэсэн байдаг. Одоо энэ шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа.

Хариуцагч нь учруулсан хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй, машиныг 2 жилийн хугацаанд засуулж өгөөгүй, зассан гэж худал тайлбар гаргаж байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу хариуцагчаас 17,550,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Б нь Г.Тийн машиныг гуйж авч яваад онхолдуулсан нь үнэн. Гэхдээ бүрэн засварлуулсан бөгөөд засвараас очиж авахыг Г.Тт  хэлсэн боловч өөрөө аваагүй байгаа. Тиймээс нэхэмжлэл үндэслэлгүй.

Түүнчлэн С.Б нь өөрийн болон бусдын дансаар дамжуулан, мөн бэлэн мөнгөний шилжүүлгээр 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-нйи өдрийн хооронд Г.Тт мөнгө төлсөн. Төлбөр төлсөн байдлаа нотлох гэхэд шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Автомашиныг бүрэн засварласан. Автомашин өнөөдөр хэний өмчлөлд байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй байдлаа нотлоогүй байна. Банк бус санхүүгийн байгууллагын үүргийн гүйцэтгэлд өмчлөх эрх шилжүүлсэн байна. Үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулаагүй гэж шууд үзэх боломжгүй. Тэгээд ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл маш тодорхойгүй байна. Автомашины үнэлгээг хэт өндөр тогтоогдсон гэж үзэхээр байх тул үнэлгээ үндэслэлгүй болно. Зах зээлийн үнэ 17,000,000 төгрөг байхад яахаараа засварлах үнэ нь энэ хэмжээнд байдаг юм. Хариуцагчаас л бүх хохирлоо шаардаад байх юм. Г.Тийн автомашин даатгалтай байсан ч юм билүү, түүнээсээ нөхөн төлбөр авсан ч юм билүү хэн мэдэх билээ.

Энэ мэтчилэн олон эргэлзээтэй асуудал байхад шүүх миний гаргасан хүсэлтийг хангахгүйгээр хурлыг хийж байгаад гомдолтой. Хэдийгээр татгалзлаа би нотлох үүрэгтэй, энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байдалдаа би буруутай боловч шүүх хариуцагчаас мөнгө төлсөн байдал, ББСБ-аас зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулсан байх магадлал, нэхэмжлэгч нь сайн дурын даатгалаас нөхөн төлбөр авсан байж болзошгүй нөхцөл байдал, өмчлөгч мөн эсэх болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байдлыг нэг мөр болгохгүйгээр хэргийг шийдвэрлэх гэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх түүний хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч С.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 17,550,500 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, автомашин нь засвараас гарсан боловч нэхэмжлэгч өөрөө аваагүй үндэслэлээр эс зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан бол шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Т өмчлөгч биш, фидуцийн гэрээний дагуу автомашиныг зээлийн төлбөрт тооцуулсан байх магадлалтай, засуулчихсан байхад өөрөө очиж авахгүй байсан, даатгалаар хохирлоо нөхөн төлүүлсэн байх боломжтой, хохирол хэт өндөр үнэлэгдсэн, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төлбөр төлсөн гэх үндэслэлүүдийг нэмж гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

Г.Т нь өөрийн өмчлөлийн 26-62УНС улсын дугаартай “Додж Рам” /Dodge Ram/ маркийн автомашиныг “Эмдаблви кредит” ББСБ-тай 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаагаар байгуулсан 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрийн Ф-00150050 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр тус ББСБ-ын өмчлөлд шилжүүлж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-т “Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно.” гэж заасны дагуу өөрөө ашиглаж байх явцад С.Бийн гаргасан хүсэлтийн дагуу түүнд шилжүүлэн өгсөн байна.

 

С.Б нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тухайн автомашиныг жолоодон явахдаа Архангай аймгаас Улаанбаатар хот руу ирэх замд онхолдож, автомашинд хохирол учруулсан, үүнээс хойш автомашиныг Г.Тт буцаан хүлээлгэж өгөөгүй үйл баримт тогтоогдож байна.

 

Г.Тийн гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгаас С.Бийн үйлдлийг шалгахад Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан “Бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсэн” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангах боловч хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан, байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1473 тоот тогтоолоор С.Бд холбогдох Г.Тийн гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

 

Шүүх тогтоогдсон дээрх үйл баримтад үндэслэн С.Бийн хууль бус үйлдлийн улмаас Г.Тийн эд хөрөнгөд гэм хор учирсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн автомашиныг фидуцийн гэрээний үндсэн дээр “Эмдаблви кредит ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн учир Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна.” гэж зааснаар шүүх автомашины өмчлөгчийг Г.Т гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул түүнийг өмчлөгч мөн эсэх нь эргэлзээтэй гэх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй болно.

 

“Эмдаблви кредит ББСБ” ХХК нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Г.Тээс мөнгөн хөрөнгөөр шаардсаныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00737 тоот захирамжаар шийдвэрлэж, Г.Тээс 17,900,748 төгрөг гаргуулж “Эмдаблви кредит ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр тул автомашины өмчлөгчийн талаар маргаангүй гэж үзнэ.

 

Энэ үйл баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “фидуцийн гэрээний дагуу автомашиныг зээлийн төлбөрт тооцуулсан байх магадлалтай” гэх тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байхын зэрэгцээ энэ үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах хамаарал бүхий үндэслэл биш болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн зөвшөөрлийн дагуу түүний автомашиныг ашиглаж байхдаа хохирол учруулсан байдалдаа маргаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй татгалзлын үндэслэлээ машин засагдсан байхад өөрөө аваагүй, нэхэмжлэгчид дансаар мөнгө өгсөн, даатгалаас хохирлоо авсан байх магадлалтай гэх зэргээр өөр хоорондоо зөрчилтэй, нэг агуулга нь нөгөө агуулгыг үгүйсгэсэн эсрэг утга бүхий байдлаар олон янзаар тайлбарлаж байгааг шүүх үндэслэл бүхий тайлбар гэж үзэхгүй.

 

Автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг “Итгэлт Эстимэйт” ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан тайландаа 17,098,000 төгрөгөөр тогтоосон байх ба үнэлгээ хийхэд үндсэн рам, бусад явах эд анги, агергатын үнэлгээг авто оношлогооны дүгнэлтийг үндэслэж, сэлбэгийн үнийг дотоодын зах зээлд байхгүй учир АНУ-аас импортоор орж ирэх үнээр тооцохдоо үүнд худалдаж авсан үнэ, тээврийн зардал, гаалийн татвар, компанийн ашиг зэргийг багтааж, сэлбэгийг зах зээлийн дундаж үнэ, 2 дугаар зэрэглэлийн засварын ажлын дундаж үнийн тарифыг үндэслэн тогтоожээ.

 

“Итгэлт Эстимэйт” ХХК нь дотоодын зах зээлээс худалдан авах боломжгүй сэлбэгийн үнийг импортоор орж ирэх үнээр буюу гадаад улсаас худалдан авах үнэ дээр зайлшгүй гарах зардал болох тээврийн зардал, гаалийн татвар, компанийн ашиг зэргийг нэмж тооцох замаар үнэ цэнийг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1 “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно.”, 13.1.1 “Хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох эрхтэй” гэсэн зохицуулалтад нийцсэн байна.

 

Хариуцагч тал хохирлын дээрх хэмжээг хэт өндөр, үндэслэлгүйгээр тогтоосон гэж маргах боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй, тайлбараа баримтаар нотлоогүй учир татгалзал үндэслэлгүй болно.

 

Тиймээс шүүх автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг 17,098,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээний ажлын хөлс 452,500 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Итгэлт Эстимэйт” ХХК-д төлсөн болох нь тус компанийн орлогын 0004123 тоот ордероор тогтоогдож байх тул энэ зардлыг хохиролд тооцно.

 

Хэргийн баримтаар хариуцагч нь гэм хорын хохирлын төлбөрөөс нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх, мөн нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо даатгалын байгууллагаар нөхөн төлүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүх хариуцагч С.Бээс гэм хорын хохиролд 17,550,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Тт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон   

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1-д заасныг баримтлан С.Бээс гэм хорын хохиролд 17,550,500 төгрөгийг гаргуулж Г.Тт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,750 төгрөгөөс 245,703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 43 төгрөгийг, хариуцагчаас 245,703 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.       

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэйг, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА

 

 

                        ШҮҮГЧ                                                           Б.УУГАНБАЯР

 

 

                                                                                                Д.НЯМБАЗАР