Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 1328

 

 

 

 

 

                        

  2020          10           13                                            2020/ДШМ/1328

 

Б.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаяр,                                   

шүүгдэгч Б.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Норовринчин, түүний өмгөөлөгч Д.Очирдорж,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 1868 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаярын бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 64 дугаартай эсэргүүцлээр Б.Бод холбогдох 201726011029 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Өртөө-Харуул овгийн Баарангийн Б, 1978 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөх Морьт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “....” ХХК-д барилгын даамал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Б.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу ажилтан Н.Отгонбаярт /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм МNS 4969:2000 стандартад зааснаар Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: /1.Урьдчилсан зааварчилга, 2.Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, 3.Давтан зааварчилга/ гэсэн, 4.17 /Урьдчилсан, ажлын байран дахь анхан шатны, давтан болон ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгын бүртгэлийн журнал /хавсралтын 1, 2, 3-р хүснэгт/-ийн дагуу бичгээр өгсөн, авсан хүний овог нэр, албан тушаалыг бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх/ аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилд гаргаагүйн улмаас 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мон Суль” ХХК-ийн агуулахын хашаан дотор тус компанийн ажилтан Н.Отгонбаяр нь 12 метр өндөртэй компанийн нефть агуулах босоо савыг ачаа өргөх кран автомашинд суурилуулсан сагсан дотор зогсож, будах ажил хийж гүйцэтгэж байгаад, сагс хазайж, холбирсны улмаас өндрөөс унаж гэмтээд, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангуулах талаархи хууль тогтоомжид заасан “ямар үүргүүдийг ажил олгогч ба холбогдох инженерүүд, бригадын дарга, ажилтан, жолооч нар хэзээ, хэрхэн яаж зөрчсөнийг” иж бүрэн, зөв шалган тогтоож, улмаар хууль зүйн оновчтой, зөв дүгнэлт хийхгүйгээр уг хэргийг зөв шийдвэрлэх үндэслэлгүй.

2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Мон Суль” компанийн агуулахын хашаан дотор тус компанийн ажилтан Н.Отгонбаяр үйлдвэрийн осолд орж, амь нас хохироход хүргэсэн “шалтгаанууд”-ын нэг нь “ачаа өргөх кранд суурилуулсан сагс хазайж, холбирсон асуудал” байсаар атал тухайн сагс суурилуулсан ачаа өргөх краныг ажиллуулах, аюулгүй ашиглах үүрэг бүхий этгээд бүрийн үүргийн хэрэгжилт, хяналт шалгалт, удирдлага, зохион байгуулалтын хариуцлагагүй ажиллагаа, үйлдэхүйг шалган тогтоож, улмаар хууль зүйн зөв, оновчтой дүгнэлт хийгээгүй байгааг шүүх зөвтгөх боломжгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар:

      Үйлдвэрийн осол болсон тухайн үед “Мон Суль” компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ерөнхий инженер А.Эрдэнэчимэг ажлын чөлөөтэй байсан болохоо мэдүүлсэн, тус компанийн барилгын даамал гэх Б.Б, гэрч Г.Дэмбэрэлнямбуу нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан холбогдох бусад нотлох баримтуудыг шалгахад Б.Бын хувьд тухайн сагс суурилуулсан ачаа өргөх краны техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг сахин хангах үүрэг, сахин хангуулах эрх, үүрэг хүлээгээгүй, тийнхүү хүлээсэн гэх нотлох баримт байхгүй буюу тухайн чиглэлээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцах, хангуулах эрх, үүрэг үүсээгүй байсан байх тул “Мон Суль” компани тийнхүү авч ажиллуулсан краны техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг сахин хангах, хангуулах эрх, үүрэг бүхий этгээд нь ямар хуулийн этгээд буюу түүний холбогдох удирдлага, ажилтан хэн болохыг эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлон тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсныг зөвтгөх үндэслэлгүй.

      “Дөтсайхан” ХХК-ийн эзэмшлийн тухайн сагс суурилуулсан ачаа өргөх краныг “Мон Суль” ХХК нь өөрийн газрын тосны сав будах ажилдаа авч ашиглахдаа тухайн краны техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг аль хуулийн этгээд хэрхэн хариуцах үүрэгтэй байсан эсэх талаар “Мон Суль” компаний захирал Э.Лхагвасүрэн, “Дөтсайхан” компаний захирал Д.Ганболд нар гэрч, яллагдагчаар тус тус харилцан бие биенийхээ эсрэг сонирхол, утга агуулгаар мэдүүлсэн байх боловч тус мэдүүлгийн зөрүүтэй байдлыг тухайн компаниудын хооронд хийгдсэн газрын тосны бүтээгдэхүүний агуулахын гэрээ краны техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаанд баримтлах хууль тогтоомжийн биелэлт, хэрэгжилтийг шалгасан улсын байцаагч (шинжээч) нарын гаргасан удаа дараагийн дүгнэлтүүд, мэдүүлэг, холбогдох бусад нотлох баримтуудын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, мөн барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн холбогдох заалтууд буюу хууль зүйн үндэслэлийнх нь дагуу зайлшгүй мухарлан шалгаж, хууль зүйн зөв, оновчтой дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой.

     Мөн “Мон Суль” компанийн газрын тосны сав будах ажилдаа ашигласан тухайн краны техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг “Дөтсайхан” компани хариуцах үүрэгтэй гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдсон бол тухайн компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан инженер, эрх бүхий ажилтан нь ирээгүй буюу байгаагүй, түүнчлэн “Мон Суль” компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан инженер тухайн үед чөлөөтэй байгаа тохиолдолд “Мон Суль” компанийн зүгээс газрын тосны сав будах ажлыг эхлүүлэхгүй байх шаардлага, үүрэгтэй байх атал тухайн ажлыг тийнхүү хэн, хэрхэн эхлүүлснийг давхар шалган тогтоох асуудал үүсэхээр байна.

        Иймд үйлдвэрийн осол гарч, хүний амь нас хохироход хүргэсэн бүхий л зөрчил, шалтгаануудын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангах, хангуулахад хамаарах хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн ямар үүргүүдийг “ажил олгогч ба холбогдох инженерүүд, бригадын дарга, ажилтан, жолооч нар” хэрхэн яаж зөрчсөн эсэхийг холбогдох этгээд тус бүрээр “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчигдсөн зүйл, заалт" тус бүрийн хүрээнд нарийвчлан тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай, харин бусдын амь нас хохироход хүргэсэн “шалтгаанууд”-ын нэг болох сагс суурилуулсан краны техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа бүрэн хангагдаагүй тухайн зөрчлийн асуудлыг зөв шийдвэрлэхгүйгээр орхигдуулах үндэслэлгүй гэж үзнэ.

        Дээрх үндэслэл, нотлох баримтын хүрээнд зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн тогтоол хууль зүйн үндэслэлгүй тухай хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч нарын урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд гаргасан саналын үндэслэлийг үгүйсгэх боломжгүй.

2. Тус хэрэгт холбогдох хуулийн дагуу хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах, мөн “Мон Суль” болон “Дөтсайхан” компанийн хоорондын “газрын тосны бүтээгдэхүүний агуулахын гэрээ”-ний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлцсэн гэх акт, гэрээний ажлын хөлсийг хэзээ шилжүүлсэн эсэх баримт зэргийг хуулийн дагуу цуглуулж, шалгаагүй, мөн “Дөтсайхан” компанийн хөдөлмөр, аюулгүй ажиллагаа хариуцсан болон холбогдох бусад инженер, ажилтнуудаас ачаа өргөх краны техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллааг “Мон Суль” компанийн газрын тосны савыг будах тухайн үед хариуцах үүрэг хүлээж байсан эсэх болон бусад маргаан, зөрчил бүхий зарим асуудлаар мэдүүлэг авах зэрэг ажиллагаа хийгдээгүй, түүнчлэн үйлдвэрийн осолтой холбоотойгоор хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд баримтлах хууль тогтоомжуудын биелэлт, хэрэгжилтийг шалгуулж, дүгнэлт гаргуулсны ажлын хөлсийг хэрхэн төлж барагдуулсан эсэх, иргэний нэхэмжлэгч тогтоох эсэх асуудлыг шийдвэрлээгүй байх тул нөхөн гүйцэтгэх шаардлага бодитой үүсчээ.

                  3. Прокурорын шийдвэрт гомдол гаргах оролцогч нарын эрхийг хангаагүй. Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гарсан, харин уг тогтоолыг хохирогчийн төлөөлөгчид танилцуулаагүй, түүний өмгөөлөгч нарт 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, зарим яллагдагч, түүний өмгөөлөгч нарт 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус тус танилцуулж, улмаар яллагдагч Б.Бод холбогдох хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6, 32.7 дугаар зүйлд зааснаар тус хэргийн оролцогч нараас прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхийг хангаагүй байгааг зөвтгөх үндэслэлгүй болжээ.

                  4. Бусад асуудал. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь бланкетный диспозицтой хэм хэмжээ байх тул мөрдөгч, прокурор нь тус бланкетный диспозицид хамаарах хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг иж бүрэн судалж, тэдгээрийн зөрчигдсөн зүйл, заалтыг нэг бүрчлэн зөв, бүрэн тогтоож, зөв хэрэглэх, тайлбарлах, ашиглах чиг үүргээ бодитой хэрэгжүүлэхэд анхаарах. Тус чиг үүргийг шинжээч нарт хариуцуулах буюу хамтрах боломжгүй болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тайлбарлагдах ба хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд мөрдөгдөх тусгайлсан стандарт шаадлага, нөхцөлд хамаарах зарим асуудлаар шинжээч томилох эсэхийг зөв шийдвэрлэх нь анхаарах асуудал болно. Тийнхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актуудын зөрчигдсөн заалтуудыг олж тогтоосны үндсэн дээр тус зөрчил тус бүрт холбогдох бүхий л хүн, хуулийн этгээд буюу түүний эрх, үүрэг бүхий этгээд бүрийг тухайн хууль тогтоомжийн зөрчигдсөн зүйл, заалт тус бүрээр байцаах болон бусад нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх замаар гэмт хэрэгт холбогдох этгээд нь хэн болохыг зөв тогтоох ёстой ба тус шаардлага тус эрүүгийн хэрэгт бодитой, бүрэн хэрэгжээгүй болох нь дээр дурдсан үндэслэл, хэргийн зарим оролцогч нарыг байцаасан тэмдэглэл зэрэг эх сурвалжтай байх тул тус алдааг давтахгүй байх.

     Мөн хэрэгт цугларсан баримтаас үзэхэд “Мон Суль” компанийн захирал Э.Лхагвасүрэнг гэрч, яллагдагчаар, тус компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан инженер А.Эрдэнэчимэгийг гэрчээр, барилгын даамал Б.Быг гэрч, яллагдагчаар тус тус байцаахад Г.Цагаан тухай бүрт өмгөөлөгч нь байх боловч яллагдагч Э.Лхагвасүрэн, Б.Б нарын хувьд хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой гэх тохиолдол байгааг нягтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт зөрчигдөхгүй байхад анхаарах нь зүйтэй. Дээрх нотолж, дүгнэвэл зохих зөрчил, асуудлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 16.2, 32.3, 32.10 дугаар зүйлүүд, тэдгээрийн холбогдох хэсэгт зааснаар мөрдөгч, прокурорын мөрдөх, хянах чиг үүргийн хүрээнд шалгагдах, шийдвэрлэгдэх асуудал болно. Иймд шүүх Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв” гэжээ.

 

      Прокурор Ч.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Осол болох үед буюу 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Б нь “Мон Суль" ХХК-ийн барилга хариуцсан даамал инженерээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан “Мон Суль” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Лхагвасүрэнтэй 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. Б.Б нь ажлын байрны тодорхойлтоор “Барилгын ажлын хөдөлмөр хамгааллын зааварчилгааг өдөр тутам өгч, гарын үсэг зурж баталгаажуулах, стандарт норм дүрмийг мөрдүүлэх, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаж, тухай бүрт зааварчилгаа /амаар, бичгээр/ өгч, гарын үсэг зурж баталгаажуулах” үүргийг хүлээжээ. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор “Мон Суль” ХХК-ийн барилгын даамал ажилтай Б.Б нь барилга угсралтын үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, стандарт норм дүрмийг өдөр тутам мөрдүүлэх, ажилтанд зааварчилгааг өгөхөөр тусгагдсан байна. “Мон Суль” ХХК-ийн барилгын даамал ажилтай Б.Б нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангуулах талаарх хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлтод заагдсан дээрх үүргээ биелүүлээгүй буюу ажилтан Н.Отгонбаярт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилд гаргаагүй, өдөр тутмын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас дээрх осол гарсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон болно. Харин осолд хүргэсэн шалтгааны нэг буюу ачаа өргөх кранд суурилуулсан сагс хазайж, холбирсон асуудлын тухайд “Мон Суль” ХХК болон “Дөтсайхан” ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 307/016 тоот “Барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 7.4-д захиалагч “Мон Суль” ХХК нь “Босоо 4 ш савны будгийн ажил”-ыг өөрсдөө хийж гүйцэтгэхээр заасан. Гүйцэтгэгч “Дөтсайхан” ХХК нь гэрээнд заасны дагуу “Мон Суль” ХХК-ийн Рашаант дахь 2000 мЗ-ийн багтаамжтай 4 босоо ган савны технологи угсралтын ажлыг хийж дуусгасан, гэрээнд заагдаагүй өөр ажлыг хийж гүйцэтгэх явцад осол гарсан. Өөрөөр хэлбэл, “Мон Суль” ХХК нь босоо 4 ш савны будгийн ажлыг гүйцэтгэхдээ автокран ашиглах талаар “Дөтсайхан” ХХК-тай гэрээ байгуулаагүй, гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тусгаагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтад заасан зохицуулалтаас харахад “Мон Суль” ХХК нь дээрх будгийн ажлыг хийж гүйцэтгэхдээ “Дөтсайхан” ХХК-тай гэрээ байгуулаагүй байх тул барилгын ажлын явцын хөдөлмөрийн аюулгүй байдал, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг “Мон Суль” ХХК хариуцахаар байна. Харин тухайн үед “Мон Суль” ХХК-ийн ажилтан, барилгын даамал албан тушаалтай Б.Б нь барилгын талбай дээрх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж байсан болно. Осол гарсан өдөр Б.Б нь ажилтан Н.Отгонбаярт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилд гаргаагүй, харин осол гарсны дараа өөр этгээдээр гарын үсгийг нөхөж зуруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Хавтас хэрэгт дээрх осол нь ачаа өргөх кранд суурилуулсан сагс хазайж, холбирч, осолдогч Н.Отгонбаяр нь хамгаалалтын бүсээ бэхлээгүйн улмаас өндрөөс унасан нөхцөл байдал тогтоогдсон ба харин ачаа өргөх краныг ажиллуулах дүрэм журам зөрчигдсөн, техникийн гэмтлийн улмаас сагс хазайж унасан талаарх баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Мөн шүүгчийн захирамжид “Дөтсайхан” ХХК-ийн эзэмшлийн тухайн сагс суурилуулсан ачаа өргөх краныг “Мон Суль” ХХК нь өөрийн газрын тосны сав будах ажилдаа авч ашиглахдаа тухайн краны техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг аль хуулийн этгээд хэрхэн хариуцах үүрэгтэй байсан эсэхийг тогтоогоогүй байна гэжээ. Дээрх заалтын тухайд “Мон Суль” ХХК нь босоо 4 ш савны будгийн ажлыг гүйцэтгэхдээ автокран ашиглах талаар “Дөтсайхан” ХХК-тай гэрээ байгуулаагүй, гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тусгаагүй тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д зааснаар гүйцэтгэгч буюу “Мон Суль” ХХК хариуцах талаар эсэргүүцлийн нэг дэх заалтад тодорхой дурдсан болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Г.Гантөмөр нь “техник нь “Дөтсайхан” ХХК-ийн өмчлөлийнх болохоор техникийн бүрэн бүтэн байдлыг “Дөтсайхан” ХХК хариуцах ёстой. Сагстай өргөгч машины ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хууль дүрэмд заасны дагуу “Мон Суль” ХХК хариуцах ёстой. Учир нь, “Мон Суль” ХХК нь өргөгч механизмыг ашиглан өөрийн ажил үүргийг хариуцан гүйцэтгүүлж байсан байна” гэх мэдүүлэг өгсөн. Үйлдвэрийн осол болсон тухайн үед “Мон Суль” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер А.Эрдэнэчимэг ажлын чөлөөтэй байсан. Чөлөөтэй байх үед нь түүнийг түр орлох хүнийг томилох шаардлагагүй байсан болох нь хэрэгт авагдсан шинжээч С.Баяраагийн “удаан хугацаагаар 1 жил, түүнээс дээш эсхүл сургалтанд хамрагдах тохиолдолд компанийн зүгээс түр хугацаанд орлуулж, эсхүл хавсаргуулан гүйцэтгүүлж болно. Яг энэ тухай зохицуулсан заалт байхгүй. Удаан хугацаанд явах тохиолдолд ажлын байрыг хадгалах үүднээс өөр албан тушаалтанг түр томилох, хавсруулан гүйцэтгүүлж болно гэж заасан. Энэ ослын тухайд заавал томилох шаардлагагүй юм” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Харин А.Эрдэнэчимэг нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үүргийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангаж ажиллах талаар хуульд заасан урьдчилсан зааварчилгааны сургалт явуулсан, талийгаач Н.Отгонбаяр нь дээрх сургалтад хамрагдсан байдаг. Мөн прокурорын шийдвэрт гомдол гаргах оролцогч нарын эрхийг хангаагүй талаар захирамжид дурджээ. Прокуророос “Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол”-ыг хэргийн оролцогч нарт 2020 оны 7 дугаар сарын 23, 24-ний өдөр бүрэн танилцуулсан. Оролцогч нараас дээрх шийдвэрт гомдол гаргах талаар дурдаагүй, харин хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх шийдвэрт гомдол гаргахгүй, шүүхэд хандаж урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах талаар дурдсан тул хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүлсэн нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Бын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Б тус шүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны бүс, малгай зэргийг олгох ажлыг хариуцан ажилладаг. Краны жолооч түүнийг давхар хянах ёстой. Уг нь бэхэлгээгээ хийж гарах ёстой. Би тухайн үед хашаан дотор бусад хүмүүсийг давхар шалгаж байсан юм” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Норовринчин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүгчийн захирамжийг дэмжиж байна. 50.000.000 төгрөг өгөөд эдгээр хүмүүсийг хэрэгт холбогдолгүй болно гэж бодоогүй. Надад хэлэхдээ “танд тусламж хэлбэрээр 50.000.000 төгрөг өгье. Та ямар нэгэн гомдол, саналгүй гээд бичиг хийгээд өгөөч” гэхээр нь бичиж өгсөн юм” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Норовринчингийн өмгөөлөгч Д.Очирдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Техникийн бүрэн бүтэн байдал алдагдуулсан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй гэх үндэслэлүүдээр Б.Быг буруутгасан. Шүүгчийн захирамжид заасан техникийн бүрэн бүтэн байдлыг хэн шалгах чиг үүрэгтэй болохыг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мон Суль” ХХК-ийн агуулахын хашаан дотор тус компанийн ажилтан Н.Отгонбаяр нь 12 метр өндөртэй компанийн нефть агуулах босоо савыг ачаа өргөх кранд суурилуулсан сагсан дотор зогсож будах ажил хийж гүйцэтгэж байхад сагс хазайж, холбирсны улмаас өндрөөс унаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохирсон гэмт хэрэгт тухайн компанид барилгын даамлаар ажиллаж байсан Б.Быг амь хохирогч Н.Отгонбаярт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилд гаргаагүй буруутай гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд амь хохирогч Н.Отгонбаярын амь нас хохирсон шалтгаан нь “Мон Суль” ХХК-ийн барилгын даамал, шүүгдэгч Б.Б болон “Мон Суль”, “Дөтсайхан” ХХК-ийн  холбогдох инженерүүд, бригадын дарга, ажилтан, жолооч нар Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангуулах талаарх хууль тогтоомжид заасан ямар үүргүүдийг хэзээ, хаана, хэрхэн зөрчсөн, уг үйлдэл нь гэмт үйлдэлтэй ямар шалтгаант холбоотой болохыг тогтоох шаардлагатай гэж үзэж энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасны дагуу зохих хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан байхад хэрэгт нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлээгүй буюу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Мон Суль” ХХК, “Дөтсайхан” ХХК-ийн хооронд байгуулагдсан 307/016 тоот “Барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г прокурорын эсэргүүцэлд дурдсан байх бөгөөд гэрээний дагуу 4 босоо ган савны технологи угсралтын ажлыг хийж дуусгасан, гэрээнд заагдаагүй өөр ажил гүйцэтгэх явцад осол гарсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх тул гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлэх нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох тодорхой ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн захирамж болон магадлалд дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй нэмж хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 1868 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Батбаярын бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 64 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ