Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/813

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, 

Улсын яллагч Ч.Батбаяр,  

Хохирогчийн төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгчид О.Даваажаргал, Д.Очирдорж,  

Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Т, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг,   

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Цагаан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-од холбогдох 201726011029 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт :   

Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Аптай аймгийн Хөх Морьт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “*****” ХХК-д барилгын даамал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр Нийслэл хүрээ өргөн чөлөөний ***** дугаар байрны **** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Ө овгийн Б-гийн Б, регистрийн дугаар /************/ 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :  

Шүүгдэгч Б.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу ажилтан Н.О-т /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартад зааснаар Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: /1. Урьдчилсан зааварчилга, 2. Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, 3. Давтан зааварчилга/ гэсэн хэлбэртэй байдаг бөгөөд 4.17 /Урьдчилсан, ажлын байран дахь анхан шатны, давтан болон ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааны бүртгэлийн журналд /хавсралтын 1, 2, 3-р хүснэгт/-ийн дагуу бичгээр өгсөн, авсан хүний овог нэр, албан тушаалыг бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх/ гэж заасны дагуу аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилд гаргаагүйн улмаас 2017 оны 05 дугаар сарын 13-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн агуулахын хашаан дотор тус компанийн ажилтан Н.О нь 12 метр өндөртэй компанийн нефть агуулах босоо савыг ачаа өргөх кран автомашинд суурилуулсан сагсан дотор зогсож, будах ажил хийж гүйцэтгэж байгаад сагс хазайж, холбирсны улмаас өндрөөс унаж гэмтэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь : 

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :    

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

Шүүгдэгч Б.Б нь “*****” ХХК-ийн даамалын ажлын чиг үүргийн хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус компанийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахын хашаан дахь 12 метр өндөрт нефть агуулах босоо савыг Н.О нараар будуулах ажлыг хариуцан гүйцэтгүүлж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ажилтан Н.О ачаа өргөх автомашины сагснаас унаж гэмтэн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь :   

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр СХД 21-р хороо ***** ХХК-ийн хашаан дотор босоо юм будаж байсан иргэн кран дээрээс унаж ГССҮТ-д хүргэгдсэн...гэх тэмдэглэл /1хх-28/,

- иргэн Б-гаас СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан өргөдөл /1хх-30-31/,  

- хэргийн газар үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан **** ХХК-ийн агуулахын хашаанд болсон...хашаан дотор ертөнцийн зүгээр баруун урд зүгт 2000 тонн багтаамжтай шатахуун хадгалах босоо сав 4 ширхэг, зүүн урд талд цагаан өнгийн будгаар будсан 50 тонн багтаамжтай хэвтээ сав буюу 2 эгнээгээр байрлуулсан 30 ширхэг сав байв...Босоо савны хажууд очиж үзлэг хийхэд зэрэгцээ байрлуулсан 4-н савны хойд талын 2 савны голд *** унө гэсэн улсын дугаартай өргөгч краныг ертөнцийн зүгээр хойшоо харуулан байрлуулсан...4-н ширхэг савны баруун хойд талыг будаж байгаад унасан гэх газрын үзлэг хийхэд уг савнаас 2,5 метр кранаас 1,30 см-ийн зайд унасан гэх тул мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Б.С 3 гэсэн дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Уг краны пийшийг буюу хүн зогсож ажил үүрэг гүйцэтгэдэг тавцанг бэхэлж байсан гэх гар тайл нь босоо савнаас 1 метрийн зайд, авто краны зүүн хойд булангаас 1,3 метр газарт байв...Уг босоо сав болон авто краны ойролцоо хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл байхгүй байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-32-34, 35-37/,

- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл : Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр рашаант вагоны өртөөнөөс ертөнцийн зүгээр баруун урагш 300м зайд байх...Дотогш ороход хашааны баруун урд хэсэг 4 ширхэг том хэмжээний бөөрөнхий дугуй дүрслэл бүхий ёонкс буюу босоо нефт агуулах сав байна. Хэрэг учрал буюу амь хохирогч унаж нас барсан гэх газар нь баруун хойд талын босоо сав байх ба дээд хэсэгтээ М гэсэн бичиглэлтэй, доод талдаа галын аюултай гэсэн бичиглэлтэй, баруун хойд хэсэгтээ ёонксны дээвэр дээр гарах хүртэл шаттай байна. Уг сав нь нийт 15м тойргийн урттай, 12м өндөртэй, нийт 8 бүслүүр хэсэгтэй, 1 бүслүүрийн хэмжээ 1.5 м өндөртэй ижил тэгш хэмжээтэй байна...Амь хохирогч нь гэрчийн мэдүүлгээр дээрээсээ 3 дахь бүслүүр дээр будгийн ажил хийж байсан гэх тул осол болох үеийн өндрийг 7.5 м өндөрт ажил үүрэг гүйцэтгэж байсан гэж тооцохоор байна. Амь хохирогч унаж бэртсэн газар нь цас ихээр орсон ба бага зэрэг малтаж үзэхэд хатуу хөрслөг, шороотой газар байна. Үзлэгийн явцад хэрэгт ач холбогдол бүхий тухайн байгууламжийг дээрээс дрон төхөөрөмж ашиглан авсан гэрэл зураг, тухайн босоо нефт агуулах савны палан зураг болон газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах савны ашиглалтын паспорт зэргийг хуулбарлан авч тэмдэглэлд хавсаргав....гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-36-37, 38-44/,

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-38-39/,

- Н.О-ын ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх..../1хх-240-244, 2хх-81-90/,

- 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн шинжээчийн дүгнэлт... Талийгаачид дагзны ясны шугаман хурал, духны дэлбэнгийн няцралт, аалзан бүрхүүл доторх цус харвалт тогтоогдлоо. Энэ гэмтэл нь арагш савж унах үед үүснэ. Талийгаачид үхэлд хүргэх өвчин үгүй байна. Эмнэлэгт эмчлэгдсэн тул спирт тогтоогдсонгүй. Талийгаачид үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна. Талийгаач нь толгойн гэмтлийн улмаас нас баржээ..../1хх-98-99, 101-102/,

- шинжээч Ч.Гын...Талийгаач нь ар дагз хэсгээрээ унасан бай бөгөөд 1 цаг хугацаанд 1 дор 1 механизмын үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шинэ гэмтэл юм. Амь хохирогч нь хэрэв хөдөлмөр хамгаалалтын зориулалтын малгай каскыг зохих журмын дагуу зөв өмсөж хэрэглэсэн байсан тохиолдолд дээрх гэмтлүүд нь үүсэх байсан бай боломжтой. Мөн тухайн малгайны чанар хийцээс хамаарч болно. Учирсан гэмтэл нь хүнд гэмтэл бөгөөд ...амь насыг аврах боломжгүй гэх мэдүүлэг /1хх-102/, 

- хохирогч Д.Н-гийн...2017 оны 05 дугаар сарын 13-ний өдөр нар руу Нарантуяа гэх ажлын газрын хүн нь над руу залгаад өндрөөс уначихлаа тэгээд ухаан орохгүй эмнэлэг рүү явчихлаа гэхэд мэдсэн...Эмнэлэгт 2 хоног эмчлэгдэж байгаад нас барсан...Би оршуулгын зардалд хэрэгт өгсөн баримтыг үндэслэж 7.000.000 төгрөг, 36 сарын тэтгэмжид 64.800.000 төгрөг, 4 хүүхдэд 18 нас хүртэл сар  бүр хүүхдэд олгох тэтгэмжийн мөнгөн дүн болох 49.140.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг нийт 140.940.000 төгрөгийг нэхэмжилж байгаа тухай мэдүүлэг /1хх-50-51, 52, 53/,

- гэрч Н.Ө-ын...Тэр өдөр өглөө 08 цагт би талийгаач Отай хамт босоо савны будгийн ажил хийхээр болж ажилдаа гарсан...Ажилдаа гарахаас өмнө бригадын даамал Боос хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авч ажилдаа гарсан. Тухайн ажлыг хийхэд өндөрт гарах шаардлагатай байдаг тул дээшээ өргөгч автовишка дээр гарч хийдэг. Автовишка дээр гарахдаа би хамгаалалтын бүсээ зүүгээд гарсан. О хамгаалалтын бүсээ биедээ бол зүүсэн байсан, харин автовишкээс бэхэлсэн байсан эсэхийг хараагүй. Ажлаа хийж байтал 14 цагийн үед О-ын зогсож байсан автовишка гэнэт урагшаа холбирсон чинь бид хоёр хөл алдаж унасан. Би хамгаалалтын бүсэнд зүүгдэж тогтсон, О газарт уначихсан. Бид хоёрыг ажилд гарахад Б хамгаалалтын бүсээ зүүгээрэй гэж хэлсэн, харин ирж өөрөө шалгаж үзээгүй. Талийгаач хамгаалах бүсээ тавцангаас бэхлээгүй байсан учир доош унасан...гэх мэдүүлэг /1хх-75-77, 78-80/, 

- гэрч Н.Ө-ын...Д жолоочийн зүгээс санаатай, болгоомжгүй үйлдэл огт гаргаагүй, зөвхөн краныг доош буулгаж байсан. Миний бодлоор талийгаач бид хоёр өргөгч краны сагсны нэг талд хоёулаа зогсож байгаад краныг доошоо буулга гэхэд кран доошоо буулгахад сагс тэнцвэргүй болоод унасан...гэх мэдүүлэг /4хх-43/,

- гэрч А.Э-ийн...Би М’’ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан ажилтан...2017 оны 5 сарын 13-ны өдөр би чөлөө авчихсан, буяны ажилтай байсан...Тус осол болсон Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо Рашаант өөнд байрлах Шатахуун түгээх станцын агуулахыг даамал Б.Б хариуцаж ажилладаг. Би “М’’ХХК-д 2017 оны 01 сараас эхэлж ажиллаж байгаа...Манай компанийн зүгээс тухайн осол болсон гэх газрын алба хаагчдад аюулгүй ажиллагааны сургалтыг би өөрөө 2017 оны 03, 06 саруудад зохион байгуулсан. Тухайн агуулахын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг даамал хариуцаж ажилладаг. “М” ХХК-ны гүйцэтгэх захирал Э.Л нь Б-той “Угсралт будаг заслын ажил” хийлгэх гэж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Б.Б нь өөрийн бригадаа ирж ажиллуулсан. Нас барсан О нь Б.Б-ын бригадын хүн байсан...Би 2015 онд шалгалт өгч эрхээ сунгуулсан. Даамал Б-од байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ надад сургалтад сууж байсан боловч хугацаа нь дуусчихсан гэж байсан...гэх мэдүүлэг /1хх-61-62, 64-66/,  

- гэрч С.Т-ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн...Би одоо М ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байна. Тухайн босоо савыг өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, будах ажлыг захиалагч тал буюу М ХХК нь хийж гүйцэтгэнэ гэсний дагуу будгийн ажлыг хийхээр болсон. Ингээд өдөр тутмын ажлын нормын дагуу л ажил явагдаж байсан. Харин талбай дээр уг хэн нь хэнээрээ гүйцэтгүүлэхийг даамал өөрөө л шийдвэрлэдэг байсан...гэх мэдүүлэг /4хх-48/,  

- гэрч Т.А-гийн...Би СХД-ийн Жаргалант тосгоны эмнэлэгт хүний эмчээр 3 жил ажиллаж байна...Тухайн үед 14 цагийн үед гэж санаж байна, эмнэлэг дээрээсээ ухаангүй хүн байна гэсэн дуудлагаар очиход М ХХК-ийн агуулахын хашаан дотор өндөр ёонксны харалдаа доор өндрөөс унасан байдалтай эрэгтэй хүн хурхирч генсом үүссэн байсан. Тэгээд анхны тусламж үзүүлээд хувцас, бэхэлгээ бүсийг нь хайчилж тайлаад цус тогтоох тариа, өвчин намдаах тариа, хүзүүний бэхэлгээ хийгээд ГССҮТ-рүү түргэний машинаараа тээвэрлэсэн. Тэгээд ГССҮТ-д хүлээлгэн өгч буцсан...Талийгаач нь хамгаалалтын бэхэлгээ бүсийг мөр, бүсэлхийгээрээ зүүсэн, каск малгай байхгүй, ажлын саарал өмдтэй хувцастай, гар нь будаг болсон бээлийгүй шинжтэй байсан. Хамгаалалтын каск малгай ойр орчимд нь байгаагүй. Тэгээд юу болсон талаар асуухад кранаас дээрээс унасан байсан гэж байсан...гэх мэдүүлэг /1хх-90/

- гэрч Б.С-ын...Тухайн үед би дуудлага аваад Б-ийн хамт тухайн дуудлагад очсон. Очих үед амь хохирогчийг түргэний эмч аваад явчихсан, хэргийн газарт унасан гэх газар нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан бөгөөд ойр орчимд нь хэрэгт ач холбогдол бүхий зүйл байгаагүй. Тэгээд хэргийн газрын хамгаалалт аваад байж байхад жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ирж үзлэг хийж эхэлсэн...гэх мэдүүлэг /1хх-92/,

- гэрч Г.Д-гийн...Ер нь бол манай компани М ХХК-тай гэрээ байгуулан нефтийн агуулах 2000 тонны босоо сав 4 ширхгийг угсарч босгосон, мөн түүний шугам хоолойг хийж байсан. Энэ ажлыг бол ер нь дуусчихсан байсан ба өмнө нь ч гэсэн тухайн сагсанд өргөгч дээр байнгын л хүн зогсож ажиллаж угсралтын ажил хийж байсан. Ингээд л энэ савыг будъя гэж байна, М-ийн хүмүүс өөрсдөө будна гэнээ чи будган дээр нь очиж ажилла гэж тухайн үед манай  инженер хэлж байсан байх. Тэгээд хэн тэгж байгаа юм гэхэд захирлууд хоорондоо ярьсан юм шиг байна гэж байсан. Тэгээд л би будгийн ажилд нь орж М ХХК-аас 2 хүн ирж будна гээд л будгийн ажил эхэлсэн. Будгийн ажил эхлээд 6-7 хонож байсан байх. Барьж байгуулсан 4 босоо саваа бүгдийн оройгоос нь эхэлж аль эвтэй газраас нь ер нь бүтэн будаж байсан...Тухайн осол болдог өдөр өглөөгүүр өргөгч дээрээ гарч будгийн ажлыг будаж тал дээрээ ирээд өдөр цайны цаг болж хоол ундандаа орцгоогоод буцаж гарч ирээд талаасаа үргэлжлүүлж будгаа хийж байсан юм. Ер нь бол кран доош буусан байх үед сагс руу оруулж бүсээ бүсэл гэж хэлээд бүсэлснийх нь дараа гадна буюу машиныг краныхаа хажууд байх 4 речакаараа дээш өргөж эхэлсэн. Ингээд хүрэх түвшинд нь хүргэж зогсоогоод дээрээс нөгөө 2 баруун зүүн, дээшээ, доошоо гэж хэлдэг. Ингээд намайг араагаа бариад байж байх үед 4 метр орчимд газарт доороосоо 3 дахь бүслүүр дээр гэж санаж байна, зогсож байхад гэнэтхэн л хүн уначихсан, дээшээ харахад нэг нь аваарынхаа бүснээс зүүгдээд үлдсэн, нөгөө унасан..Машины тэр сагсны хэсэг нь ер нь бол савлаж хөдөлдөг, тэнцвэрээ зохих хэмжээгээр хадгалдаг боловч нэг талдаа гарчихсан тохиолдолд даацаасаа болоод хувирдаг. Тэрнээс машин тэрэг хазайх болон өргөгч кранаас эд анги нь салсан тийм зүйл болоогүй...Ер нь тэнцвэргүй байдлаас болж буюу нэг талдаа 2-уулаа гарах үед хазайх тэр үед л унасан байх. Тэрнээс машинд эвдэрсэн зүйл байхгүй, холбирч унаагүй...гэх мэдүүлэг /3хх-26-27/,  

- 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Н.О-ын гэх гарын үсгийн чөлөөт загвар, бичгийн хэвийн чөлөөт загварт хийсэн шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “М” ХХК-ийн “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр”-ийн III/21, III/22,III/23, III/24,III/25,III/27,III/28, III/29. III/30, III/31, IV/3, IV/4, IV/5, IV/6, IV/7, IV/8, IV/10,IV/11, IV/12, IV/13, IV/14,IV/15, IV/24 IV/25, IV/26, IV/27, IV/28, IV/29, V/1, V/2, V/3, V/4, V/5, V/6, V/8, V/9, V/10, V/11, V/12, V/13“ гэсэн хуудаснуудын “Овог нэр” гэсэн багананд “О” гэсний харалдаа мөрөнд “Зааварчилгаа авсан хүний гарын үсэг” гэсэн багананд байх шинжилж буй гарын үсгүүд нь нэг хүний гараар үйлдэгдсэн. Шинжилгээнд ирүүлсэн “М” ХХК-ийн “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр”-ийн III/21, III/22, III/23, III/24, III/25, III/27, III/28, III/29. III/30, III/31, IV/3, IV/4, IV/5, IV/6, IV/7, IV/8, IV/10, IV/11, IV/12, IV/13, IV/14, IV/15, IV/24 IV/25, IV/26, IV/27, IV/28, IV/29, V/1, V/2, V/3, V/4, V/5, V/6, V/8, V/9, V/10, V/11, V/12, V/13“ гэсэн хуудаснуудын “Овог нэр” гэсэн багананд “О” гэсний харалдаа мөрөнд  “Зааварчилгаа авсан хүний гарын үсэг” гэсэн багананд байх шинжилж буй гарын үсгүүд нь Н.О гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай бүтцээрээ тохирохгүй.

Шинжилгээнд ирүүлсэн “М” ХХК-ийн “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр”-ийн III/21, III/22,III/23, III/24,III/25,III/27, III/28, III/29. III/30, III/31, IV/3, IV/4, IV/5, IV/6, IV/7, IV/8, IV/10, IV/11, IV/12, IV/13, IV/14, IV/15, IV/24 IV/25, IV/26, IV/27, IV/28, IV/29, V/1, V/2, V/3, V/4, V/5, V/6, V/8, V/9, V/10, V/11, V/12, V/13“ гэсэн хуудаснуудын “Овог нэр” гэсэн багананд “О” гэсний харалдаа мөрөнд “Зааварчилгаа авсан хүний гарын үсэг” гэсэн багананд байх шинжилж буй гарын үсгүүд нь Н.О гэх бичгийн хэвийн чөлөөт загвартай тохирохгүй байна...гэрэл зургийн үзүүлэлт /1хх-113-114, 115-121/,

- 2019 оны 03 дугаар сарын 26-ны шинжээчийн дүгнэлт...Шинжилгээнд ирүүлсэн “М ХХК”, “УРЬДЧИЛСАН ЗААВАРЧИЛГААНЫ ХУУДАС” гэсэн баримтын “Урьдчилсан зааварчилгаа авсан хүний гарын үсэг” гэсний ард байх шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Н.О-ын гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай бүтцээрээ тохирохгүй байна...,гэрэл зургийн үзүүлэлт /1хх-125-126, 127-128/,    

   - 2017 оны 12 дугаар сарын 05-ны шинжээчийн дүгнэлт :...“М” ХХК болон “Д” ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 307/016 тоот “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 7.4-д захиалагч М ХХК нь “Босоо 4 ш савны будгийн ажил”-ыг өөрсдөө хийж гүйцэтгэхээр заасан байна. Гүйцэтгэгч “Д” ХХК нь гэрээнд заасны дагуу М ХХК-ийн хашаан дахь ГТБА-н 2000 м3 багтаамжтай 4 босоо ган савны технологи угсралтын ажлыг хийж дуусгаж, гэрээнд оролцогч талуудыг оролцуулан ажлын комисс 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр протоколоор хүлээлцсэн байна. Харин “М” ХХК нь босоо 4 ш савны будгийн ажлыг гүйцэтгэхдээ автокран ашиглах талаар “Д” ХХК-тай гэрээ байгуулаагүй, гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тусгаагүй байна. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д ’’Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж зааснаар “М" ХХК хариуцна. “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 7.1.1- д ”Барилгын машин, тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж /хөдөлгөөнт ба суурин машин/... -ууд нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн холбогдох шаардлагыг хангаж байх шаардлагатай. Харин тэдгээр нь дахин хэрэглэгдэж байгаа бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэх эсэхийг баталсан гэрчилгээтэй байна” гэсэн заалтыг, 7.1,3-д “Шинээр авсан, гэрээгээр авч ажиллуулсан буюу мэргэжлийн байгууллагын хяналтад үл хамаарах байгууллагаар их засвар хийлгэсэн машин, төхөөрөмжийг, ашиглалтыг хариуцагчаар туршилт хийлгэсэн тохиолдолд ашиглахыг зөвшөөрнө” тус тус гэсэн заалтыг зөрчсөн байна. Ажил олгогчийн ”Ажпын хувцас, хамгаалах хэрэгсэл олгох үлгэрчилсэн дүрэм”-ийн 14-д өндөрт ажиллах нөхцөлд каск /дуулга/, өндрийн хамгаалах бүс олгохоор заасны лагуу Н.От дуулга/каск/, хамгаалалтын бүс, нүдний шил, бээлий, хошуувч олгосон тухай баримтыг хавтас хэргийн 102 дугаар хуудсанд хавсаргасан байна. Н.О нь хүлээн авсан тухай гарын үсэг зураагүй байна.../1хх-140-145/,  

           - шинжээч Я.Дамдинрагчаагийн...Анх М ХХК нь Д ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан эхний шатны дуусгавар болж хийсэн ажлаа протоколоор хүлээлцсэн байдаг юм. Ингээд гэрээгээ дүгнэж дуусгавар болсны дараагаар 2 тал дахин амаар тохиролцож өргөгч кран машиныг ашиглах талаар 2 тал тохиролцож М нь Д-ы кранаар ажил гүйцэтгэж эхэлсэн. Тухайн үедээ краныг ашиглахдаа хариуцагч талаар туршилт хийлгэх ёстой байсан. Туршилт хийчихсэн бол техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжтой байсан. Гэвч энэ талаар техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоосон ямар нэгэн бичиг баримт байхгүй, шууд л амаар тохиролцож ажил эхэлсэн байдаг...Нэгэнт гэрээ байгуулаагүй байсан учраас хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28-р зүйлийн 28.3 дах хэсэгт зааснаас үзэхэд энэ үүргийг М ХХК хүлээнэ. М ХХК нь Хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэгтэй. Д ХХК бол нэгэнт протоколоор өмнөх ажлаа хүлээлгэж өгсөн учир М ХХК нь хариуцна...Гэвч осол гардаг гол шалтгаан нь өргөгч краны сагс хазайсан...Нас барсан гол шалтгаан нь өргөгч кран машины сагс хазайсантай холбоотой, энэ техникийн бүрэн бүтэн байдлыг М ХХК хангаж шалгаагүйгээс ийм асуудал үүссэн байна. Хэрэв гэрээ хийж туршилтаар баталгаажуулан хариуцуулан үйл ажиллагаа явуулсан бол кран эзэмшигч буюу Д хариуцна. Энэ тохиолдолд гэрээ хийгээгүй, туршилтаар баталгаажуулаагүй шууд ажиллаж ажил үүрэг гүйцэтгэсэн учир М ХХК нь техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцахаар байгаа юм. Тэгэхээр тухайн үед бүс нь эвдэрсэн, суларсан, мултарсан эсэхийг тогтоох боломжгүй...Түгжсэн тодорхой хэсэг газар /цэг/ эвдэрсэн эсэх талаар дүгнэлт гаргах боломжгүй...гэх мэдүүлэг /1хх-148-150/,  

           - 2018 оны 6 дугаар сарын 18-ны шинжээчийн дүгнэлт:..“Д” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна/ гэж заасан боловч техникийн үзлэгт хамруулснаас өөр баримт байхгүй байна. Н.О нь “М” ХХК-нд туслах ажилтны үүрэг гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Мөн “М” ХХК нь “Д” ХХК-ийн авто өргөгч хэрэгслийг ашиглах, түрээслэх талаар гэрээ байгуулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна./ гэж заасныг баримтлан захиалагч /ерөнхий гүйцэтгэгч/ “М”ХХК хариуцна...”Д” ХХК-ийн эзэмшлийн KIA маркийн 6091 УНӨ улсын дугаартай тээврийн /өргөгч хэрэгсэл/-ийн техникийн бүрэн бүтэн байдал нь хангагдсан талаар АЯ№0245362 дугаар Тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн тодорхойлолтод Ачааны зориулалтай, 2016, 2017 онуудад техникийн улсын үзлэгт хамрагдсан /тэнцэв/ тэмдэглэгээтэй бөгөөд өргөгч хэрэгслийг ашиглах үед эвдрэл гэмтэлтэй байсан нь тогтоогдоогүй байна. Харин KIA маркийн 6091 УНӨ улсын дугаартай тээврийн /өргөгч хэрэгсэл/-ийг ашиглан ажил гүйцэтгүүлэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг “М” ХХК хариуцахаар доорх дүрмээр зохицуулсан байна. Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэмд БНбД 12-03-04-ийн 4.6./Машин, төхөөрөмж, цахилгаан болон хийн ажиллагаат гар багаж, технологийн тоноглолын ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааны талаар хүлээх үүрэг хариуцлагыг дараах байдлаар ангилна/ Үүнд : -/Барилгын машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн тоноглол, түүний хамгаалах хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага, харин тэдгээрийг түр хэрэглүүлэх (түрээс)-ээр шилжүүлсэн үед түрээслэгч байгууллага (хувь хүн) хариуцна/, -/Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна/ гэж заасны дагуу “М” ХХК нь өргөгч механизмыг ашиглаж өөрийн компаний ажил үүргийг хариуцан гүйцэтгүүлж байсан байна...Н.О нас барсан гэх асуудалд “М” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8./аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-ыг зөрчсөн байна...Мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011.11.04-ны өдрийн 305-дугаар тушаалын 3-р хавсралтаар батлагдсан “Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн Өргөгч ажиллах (барилга, будаг, гэрэлтүүлгийн үйлчилгээ, гм.) тохиолдолд хүн түүнээс унахгүй, зай завсар багатай нөхцөлд хавчуулагдахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. Өргөгчийг ашиглахад дараах журмыг заавал мөрдөнө. Үүнд: 2) /сагсанд ажиллах ажилчид нь эмчийн үзлэгт хамрагдан өндөрт ажиллах зөвшөөрөл авсан байх ба каск өмсөж, хамгаалах бүсийг сагсны металл хийц эсвэл бариулаас оосорлосон байх/ гэж заасныг “М” ХХК зөрчиж, эмчийн үзлэгт хамрагдаагүй, өндөрт ажиллах зөвшөөрөл аваагүй /аюулгүй ажиллагааны шалгалт өгөөгүй / ажилтнаар /Н.О/-ыг өндөрт ажиллуулсан...Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 11 дугаар сарын 04-ны өдрийн 305 дугаар тушаалын 3-р хавсралтаар батлагдсан “Сагстай өргөгчийг төхөөрөмж, аюулгүй ашиглах дүрэм"-ийн 4.4.13. /Автомашин дээр суурилагдсан өргөгчийг удирдан ажиллуулах ажлыг жолооч болон өргөгчийн сургалтад хамрагдан үнэмлэх авч, аттестатчилагдсан хүнд хариуцуулна./ гэж заасны дагуу “Д” ХХК-ийн эзэмшлийн KIA маркийн 6091 УНӨ улсын дугаартай тээврийн /өргөгч хэрэгсэл/-ийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангагдсан боловч түүнийг ашиглаж байсан Г.Д нь өрөгчийг ашиглах сургалтад хамрагдан үнэмлэх аваагүй, аттестатчилалд ороогүй байна. “М" ХХК нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.6-д /Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна/ гэж заасны дагуу өргөгчийг ашиглах сургалтад хамрагдан үнэмлэх аваагүй, аттестатчилалд ороогүй жолоочоор ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна...“Ажлын хувцас хамгаалах хэрэгслийн үлгэрчилсэн жагсаалт батлах тухай”-ийн 14-ийн 1./Каск. 2.Өндрийн хамгаалалтын бүс/ олгох гэж заасан үүргээ биелүүлсэн эсэх талаар Н.О-ын гарын үсэг бүхий баримт байхгүй /хэргийн газарт хийсэн үзлэгээр каск, өндрийн хамгаалалтын бүс байсан эсэхэд эд мөрийн баримт тэмдэглэгдээгүй/ тогтоогдоогүй байна...“М” ХХК-ийн захирал Э.Л нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,/Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих  үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ гэж заасны дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэгтэй. “М” ХХК нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.6-д /Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна/ гэж заасныг зөрчиж, өргөгч ашиглан ажил гүйцэтгүүлэхдээ өргөгчөөс хүн түүнээс унахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх /ажилтныг өндөрт ажиллахад тавигдах шаардлагыг хангуулах, аюулгүй ажиллагааны сургалтад хамруулах, зааварчилгаа өгөх/ зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй байна..../1хх-161-164/,   

- шинжээч М.Ууганбаатарын...Сагстай өргөгч машины ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хууль дүрэмд заасны дагуу М ХХК хариуцах ёстой. Учир нь М ХХК нь өргөгч механизмийг ашиглан өөрийн ажил үүргийг хариуцан гүйцэтгүүлж байсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй , сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 Монгол улсын стандартын 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дах өдөр тутмын зааварчилга өгнө” гэж заасны дагуу тухайн хэрэгт өдөр тутам ажилтанд зааварчилгаа өгөх ёстой. Аюултай өндөр гэдэг нь 1,3 метрээс дээш өндөрт ажиллаж байгаа хамгаалалтгүй ажлын байрыг хэлдэг юм. Тухайн ажлын байранд ажиллахын тулд хамгаалах бүс зүүх ёстой, хаалт хашлагаар хамгаалагдсан ажлын байранд ажиллах ёстой байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-8 дэх хэсэгт зааснаар аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, мэдлэгийг жил бүр шалгах, зааварчилга өгөх бөгөөд сургалтад харагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж болдоггүй...гэх мэдүүлэг /2хх-191/,  

            - шинжээч Г.Гантөмөрийн...Сагстай өргөгч машины ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны шаардлагыг М ХХК хариуцах ёстой. Учир нь М ХХК нь өргөгч механизмийг ашиглан өөрийн ажил үүргийг хариуцан гүйцэтгүүлж  байсан байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт Үндсэн дүрэм MNS 4969:2000 Монгол улсын стандартын 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дах өдөр тутмын зааварчилга өгнө” гэж заасны дагуу тухайн хэрэгт өдөр тутам зааварчилгаа өгөх ёстой байсан. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдаг эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-8 дэх хэсэгт зааснаар Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, мэдлэгийг жил бүр шалгах, зааварчилга өгөх, сургалтад харагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж болохгүй...гэх мэдүүлэг /2хх-192/,

- 2019 оны 12 дугаар сарын 20-ны шинжээчийн дүгнэлт :...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартад зааснаар Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: /1.Урьдчилсан зааварчилга, 2. Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, З.Давтан зааварчилга/ гэсэн хэлбэртэй байдаг бөгөөд 4.17/Урьдчилсан, ажлын байран дахь анхан шатны, давтан болон ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааны бүртгэлийн журналд /хавсралтын 1,2,3-р хүснэгт/-ийн дагуу бичгээр өгсөн, авсан хүний овог нэр, албан тушаалыг бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан байх шаардлагыг хангуулах үүргээ биелүүлээгүй байна. “М” ХХК-ийн барилгын даамал, инженер гэх албан тушаалтай Б.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4,/Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна./ гэсэн шаардлагыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ Б.Б нь дээрх хуулийн шаардлагыг хангаж байгаа бол 2017 оны 04-р сарын 01-ний өдөр “М” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2-ын “а” заасан үүрэг, мөн 2017 оны 03-р сарын 25-ны өдөр “М” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний 5.5-д заасан үүргээ биелүүлээгүй, мөн Ажлын байрны тодорхойлолтын Гурав: 5, 7 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжилгээний лаборатори шинжээчийн 6134 дугаартай дүгнэлтээр “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр”-т талийгаач Н.О-ын зурсан гэх гарын үсэг нь талийгаач Н.О-ын чөлөөт гарын үсэгтэй тохирохгүй байна. Мөн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжилгээний лаборатори 2019 оны 03-р сарын 26-ны өдрийн 1436 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2. ..Урьдчилсан зааварчилгаа авсан хүний гарын үсэг нь Н.О-ын гэх гарын үсэгтэй тохирохгүй/, мөн 2017 оны 05-р сарын 13-ны өдрийн Ө-оос авсан гар бичмэл мэдүүлэг /Манай талбайн инженер Б гэдэг хүн бид нарыг өглөө ажилд гарах үед хамгаалалтын бүсээ хэрэглээрэй гэж амаар хэлсэн, түүнээс гарын үсэг зуруулж зааварчилгаа өгч бүртгэж гаргаагүй/ гэх зэрэг баримтаас үзэхэд талийгаач Н.О-т /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартад зааснаар Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: /1.Урьдчилсан зааварчилга, 2. Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, З.Давтан зааварчилга/ гэсэн хэлбэртэй байдаг бөгөөд 4.17/Урьдчилсан, ажлын байран дахь анхан шатны, давтан болон ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааны бүртгэлийн журналд /хавсралтын 1,2,3-р хүснэгт/-ийн дагуу бичгээр өгсөн, авсан хүний овог нэр, албан тушаалыг бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан байх/ гэж заасны дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна гэж дүгнэж байна. “М” ХХК нь машин механизм /өргөгч хэрэгсэл/-ийг ашиглан ажил гүйцэтгэхдээ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй  ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.6./Машин, төхөөрөмж, цахилгаан болон хийн ажиллагаат rap багаж, технологийн тоноглолын ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааны талаар хүлээх үүрэг хариуцлагыг дараах байдлаар ангилна/ Үүнд:  

-/Барилгын машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн тоноглол, түүний хамгаалах хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага, харин тэдгээрийг түр хэрэглүүлэх (түрээс)-ээр шилжүүлсэн үед түрээслэгч байгууллага (хувь хүн) хариуцна/

-/Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна/ гэж заасны дагуу аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах үүргээ биелүүлээгүй. “М” ХХК-ийн барилгын даамал, инженер Б.Б нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04- ийг мөрдүүлэх үүрэг хүлээнэ..../2хх-247-249/,

- 2020 оны 03 дугаар сарын 27-ний шинжээчийн дүгнэлт... Хавтаст хэрэгт орсон авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ техникийн хяналтын дүгнэлтийн хуудсыг үндэслэвэл тус ***-УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 5 тонн хүртэл жинтэй ачааг тээвэрлэх ажил үйлчилгээг хийх техникийн шаардлагыг хангаж байна. Хавтаст хэрэгт холбогдох баримтууд байхгүй тул дараах үндэслэлээр тус кранаар ачаа өргөх эсвэл сагсанд хүн байрлуулан өргөж болохгүй. Үүнд: а) манипуляторт краны паспортыг бүрдүүлж, улсын бүртгэлд бүргүүлээгүй нь барилгын тухай хуулийн долоо дугаар бүлгийн 47 дугаар зүйлийн 47.2.8-д “өргөх байгууламжийн улсын бүртгэлд бүртгэх гэсэн, мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дугаар тушаалаар батлагдсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.1 зүйлийн 5.1.1-д “Энэхүү дүрмийн 5.1.2-т зааснаас бусад манипуляторт краныг “Барилгын тухай хууль”-ийн дагуу ашиглалтад оруулахын өмнө хяналтын байгууллагад бүртгүүлнэ, 3.1.21. Манипуляторт краны паспортыг 3-аас 6-р хавсралтын дагуу бүрдүүлнэ гэсэн заалтуудыг; б) кранд оношлол магадлал хийлгээгүй, ашиглах зөвшөөрлийг аваагүй нь Хөдөлмөрийн аюугүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авах”, мөн “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.2 зүйлийн 5.2.1-д “Манипуляторт краныг эзэмшигч, ашиглагч байгууллага нь түүнийг ашиглах зөвшөөрлийг хяналтын байгууллагаас дараах тохиолдолд авна. Үүнд: а) улсын бүртгэлд бүртгүүлсэн манипуляторт краныг ашиглахын өмнө, мөн 5.3.1-д “Энэхүү дүрэмд хамаардаг манипуляторт краныг ажилд оруулахын өмнө, техникийн бүрэн магадлал хийсэн байх ёстой. Хяналтын байгууллагад бүртгэдэг манипуляторт краныг бүртгүүлэхээс өмнө техникийн магадлалыг хийсэн байна” гэсэн заалтуудыг; в) краныг ажиллуулах мэргэжлийн ажиллагсад байхгүй байгаа нь “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5 дугаар бүлгийн 5.4.16-д “Оператор (машинч), засварчин, цахилгаанчин, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохиргоочин, оосорлогч нарыг төрийн төв байгууллагаас зөвшөөрөл авсан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, барилгын байгууллага дээр зохион байгуулагдсан курс, сургалтын төвүүдэд бэлтгэж, аттестатчилах шалгалтыг авна” гэсэн заалтуудыг; г) кранаар хүн өргөж болохгүй нь “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5 дугаар бүлгийн 5.5.11-д “Манипуляторт краныг ажиллаж байхад хориглох зүйлс. Үүнд: и) манипуляторт кран дээр хүмүүс байхад механизмуудыг ажиллуулах” гэж тус тус заасан байдаг...Хавтаст хэрэгтэй танилцахад урьдчилсан зааварчилгаа өгсөн гэх баримтат зурсан Н.Оын гарын үсэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ын шинжилгээгээр осолдогчийн чөлөөт загвартай тохирохгүй байна гэж гарсан тул хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн, авсан гэх үндэслэлгүй гэж дүгнэж байна...Г.Д*д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн, авсан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дyaap зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт. “Үндсэн дүрэм” MNS 4969:2000 стандартын 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж тус тyc заасан тул Н.О, Н.Ө, Г.Д нарыг хариуцан ажиллуулж байгаа бригадын дарга өгөх үүрэгтэй болно. 1,3 метрээс дээш өндөрт ажиллаж байгаа нөхцөлд “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6,1-д унахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байвал зохино гэж заасан тул 12 метрийн өндөрт ажиллаж байгаа нөхцөлд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэж заасны дагуу ажлын байр болон тоног төхөөрөмжид эрсдэлийн үнэлгээ хийсний дараа ажил үүрэг гүйцэтгэж болох эсгийг ажил олгогч тогтоох үүрэгтэй байсан болно.../3хх-99-107/,

            - шинжээч З.Мөнхтуулын...Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.8-д заасны дагуу жолооч Д.Дд хариуцан ажиллуулж байгаа бригадын дарга өгөх үүрэгтэй. Мөн аюулгүй ажиллагааг уг этгээд хүлээхээр байна...Э.Лгийн хувьд ажил олгогч хариуцна гэж заасан боловч өөрийн эрх үүргийг бусдад шилжүүлж хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолт гарган даалгаж ХАБ-ын инженер ажиллуулж байсан учир шууд хариуцуулах үндэслэлгүй...гэх мэдүүлэг /3хх-109/,    

- шинжээч Н.Буйдангийн...Уг осол болох үед талбайг хариуцаж байсан бригадын дарга Б.Б нь кран болон жолооч Дд зааварчилгаа өгөх үүрэгтэй, энэ тухай шинжээчийн хамтарсан дүгнэлт дээр тодорхой заасан болно. Техник талаасаа анхнаасаа зориулалтын бус ачаа өргөх кранаар хүн өргөсөн, нэгэнт стандарт бус чанарын шаардлага хангахгүй тул шалгаж турших боломжгүй юм...Барилгын талбайг хариуцаж байсан ХАБ-ын инженер хариуцах талаар тусгагдсан байсан...гэх мэдүүлэг /4хх-78/, 

         - Э.Л-гийн гэрч, яллагдагчаар өгсөн... Би 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс М XXK-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байна...Ингээд будгийн ажлыг аман тохироогоор талийгаач О, Ө 2 гүйцэтгэж байсан. Энэ ажлыг гүйцэтгүүлэхэд “Д”  ХХК-ний техникийг жолооч Д нараар гүйцэтгүүлсэн...2017 оны 05 дугаар сарын 9, 10-ний үеэс будгийн ажил эхэлж будаж эхлээд ажил хэвийн явагдаж байсан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 13-ний өдөр талийгаач О нь ажилдаа гарсан байдаг юм. Ажилд гарах үед нь манай компанийн даамал ажилтай Б нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа, өдөр тутмын зааварчилгаа, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангаад ажилд нь гаргасан байдаг юм. Ингээд өглөө нь ажилдаа гарч өдөр цайны цаг болоод цайндаа орчхоод буцаж ажилд ороод осол гарсан тухай надад Б хэл дуулгасан. Тухайн үед нь би Уб хотод гадуур ажилтай явж байгаад өдөр 14 цаг 30 минутын үед намайг очих үед Партизанаас түргэний тэрэг ирээд талийгаачийг эмнэлэг рүү аваад явсан, хэргийн газарт цагдаа нар ажиллаж байсан...О нь манай байнгын ажлын байран дээр биш байсан тул түр хугацаанд даамал Б-ын аман хэлэлцээрээр ажиллаж байсан хүн байгаа юм. Зөвхөн будгийн ажил хийх гэж түр ажилд томилогдон ажиллаж байсан, цалин санхүүгийн асуудлыг өдрийн 30.000 төгрөгөөр тохиролцон ажиллаж байсан. Манай ажил ажил гүйцэтгэх гэрээгээр явагдаж байгаа, техник хэрэгсэл түрээслэн ажиллуулна гэсэн гэрээ болон гэрээний заалт огт байхгүй..Гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолтод Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны санхүүгийн асуудлыг шууд хариуцаж хангах үүрэгтэй. Харин Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг компанийн инженер хариуцна, харин өдөр тутмын үйл ажиллагааг даамал хариуцна гэж тодорхой заасан байгаа. Тухайн тохиолдолд бол яг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сахин биелүүлэх үүрэгтэй хүн Б юм аа гэж үзэхээр байгаа...гэх мэдүүлэг /1хх-58-59, 195-197/,

          - Д.Г-оос яллагдагчаар авсан...2012 онд анх тухайн техникийг худалдаж авахад крантайгаа цуг сагс нь байсан юм. Манайх тэр чигээр нь ашиглаж хэрэглэж байсан юм. Тэгээд орж ирснээс хойш манай компанийн жолооч Д-д хариуцуулаад өгчихсөн, машины техникийн паспорт дээр ачааны зориулалт дээр ачааны гэж байсан учир жолоочид хариуцуулан өгсөн. Манай ХХК нь М ХХК-тай 2017 онд байгуулсан хамтран ажиллах гэрээнд тухайн автокраны түрээслүүлэх будгийн ажил хийлгэх зэрэг багтаагүй. Тухайн гэрээний ажлын хүрээнд босоо савуудыг барьж ашиглалтад хүлээлгэж өгсөн, тэр ажилд хамааралтай гэрээ юм. Тэрнээс засварын ажил будаг зэрэгт огт хамааралгүй бөгөөд тухайн үедээ гуйлгаар л уг ажилд нь гаргах болсон юм. Яагаад гэвэл кран маань өөрөө М ХХК-ийн хашаанд ажил гүйцэтгэж байсан. Миний бодлоор 1-т М ХХК нь өөрсдийн ажлын талбайд ашиглаж болох байсан эсэхийг шалгаж хэрэглээндээ ашиглах ёстой байсан байх, 2-т нэгэнт манайхаас авсан техник байсан учир ХАБ-г өөрсдөө хариуцах ёстой байсан гэж бодож байна...гэх мэдүүлэг /3хх-131-132/, 

- Б.Б-ын гэрчээр өгсөн...Би М ХХК-д барилгын даамлын ажил эрхэлдэг. Уг ажилд ороод 4 жил болж байна, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа үндсэн ажилтан юм. Барилгын даамлын ажлын байрны тодорхойлолт буюу өдөр тутмын ажил нь тухайн талбай дээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүст өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх үүрэгтэй, ажилчдын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй ажилтан байгаа. Тухайн өдөр буюу осол болдог өдөр Ёонкс / бинзен агуулах сав / -ыг будаж өнгө узэмжийг сэргээх зорилготой 2000 литрийн савыг будахаар болж Ө, О 2 нийлээд дээш ёонкс будаарай гэж хэлээд...ажилд гарах үед нь амаараа зааварчилгааг өгч хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн дэвтэр дээрээ гарын үсэг зуруулсан. Ингээд ажилдаа гарахаар болж О, Ө нар хамгаалалтын хувцсыг нь өмсгөөд явуулсан. Ингээд цайны цаг болоод цай ундаа ажилчид ууж дуусаад дахин үргэлжлүүлж будахаар болоод О, Ө нарт амаар хамгаалалтын хувцасаа өмсөөрэй гэж хэлээд явуулсан. Би тухайн үед яг хажууд нь бол байгаагүй...Би крантай машин дээр тухайн үед нь очоогүй, өглөө нь бол шфишик дээрээсээ бэхлээрэй гэж хэлээд өөр хэсэгт ажиллаж байсан. Тэгээд байж байтал гэнэт л хүмүүс орилолдоод дээрээс хүн уначихлаа гэхээр нь очиж харахад кран буучихсан, Ө газар буучихсан, О газар унасан байдалтай байсан. Тэгээд түргэн дуудаж үзүүлэхэд нас барсан гэж хэлсэн. Ийм л асуудал болсон...Цайны цагийн дараа кранаар дээш өргөх үед хажууд нь байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-71-73/,

- Б.Б-ын гэрчээр дахин өгсөн... Би тухайн осол болох үед М ХХК-д барилгын даамлын ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд миний ажлын байрны тодорхойлолт 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан ба энэ тодорхойлолд заагдсан ажил үүргийг гүйцэтгэж байсан. Би аюулгүй ажиллагааны зааварчиллаа өгч баталгаа авч гарын үсэг зуруулдаг, мөн аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүднээс ажлын хувцас хамгаалах малгай бүс, хэрэгслээр хангаж тухайн ажлын талбай дээр ажилладаг бүх ажилчдыг хариуцан ажиллаж ажлын гүйцэтгэлийн зааварчилгаа болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгдөг байсан. Би анх 2014 онд сургалтад хамрагдаж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрхлэх ажилтны/ХАБЭА/ эрхийн үнэмлэх, гэрчилгээг авч байсан бөгөөд 2 жил  болоод хугацаа дуусаад сунгах ёстой байдаг боловч анх авснаасаа хойш сунгалт хийгээгүй явж байсан. Тэр үед миний ХАБЭА-н эрх дууссан байсан, гэхдээ би өөрөө зөвшөөрч хүмүүс хариуцаж ажиллах нь байна шүү гэхээр нь зөвшөөрч ажиллаж эхэлсэн. Энэ тухай би хэлж байсан санагдаж байна, тэр үедээ тэгээд л хүмүүс хариуцаад ажиллуулж байсан...Би ажил эхлэх үед буюу 2017 оны хавар 03-04 сарын үед сургалтад сууж ХАБ-ын чиглэлээр зааварчилгааг авч байсан...Ингээд би сая 2019 оны 01 сард сургалтад сууж сунгуулсан байгаа...гэх мэдүүлэг /2хх-217-218/,  

 - Б.Б-ын яллагдагчаар өгсөн...Би М ХХК-д анх 2014 онд нярвын ажилд орсон бөгөөд нярваар ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сард барилгын даамал албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Манай компани нь 2017 оны хавраас эхэлж бензины агуулах сав агуулахтай болох ажилтай СХД-н 21-р хооронд байрлан үйл ажиллагаа явуулж нийт 4 босоо савыг Д ХХК-аар бариулж ашиглалтад оруулчихсан байсан. Ингээд тухайн босоо савнуудыг гаднах өнгө үзэмжийг сэргэх зориулалттай будгийн ажил хийж байсан бөгөөд будаг хийх ажлыг Ө, О нарт будаг хийх ажлыг би хуваарилж даалгасан бөгөөд будаг материалыг нь компаниас авч Краныг нь Д компани гаргаж ажиллаж эхэлсэн. Ингээд үндсэндээ 4 ширхэг босоо саваа бараг будаж дуусаад нэгдүгээр үеэ тавьж дуусаад сүүлийн саван дээрээ явж байсан ба 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өглөө ирээд би О, Ө нарт зааварчилгааг өгөөд тэндээ байрлаж ажиллаж байсан учир өөрсдөд нь хувцсыг өгчихсөн байсан. Тэгээд л ажилдаа орсон. Тэгээд өдөр хүртэл ажиллаж байгаад цайны цагаар бууж ирж хоолоо идээд ажилдаа орох болоход дахин амаар давтан зааварчилгаа өгсөн. Ингээд би өөр бусад ажилд хяналт яваад явж байхад гэнэт л хүн уначихлаа, кранаас уначихлаа гээд л очоод харахад О нь доош унасан байдалтай газарт хэвтэж байсан бөгөөд түргэн дуудаад О-ыг авч явсан, түүний дараа цагдаа нар ирсэн ийм л асуудал болсон. Ер нь бол Н.О нь түр ажилд авчихсан байсан бөгөөд тухайн бocoo сав барих барилгын ажилд Дархан-Уул аймгаас Ө нартай хамт ажиллах гэж ирсэн. Ажиллаад 1 cap арай хүрээгүй байсан. Ажил хийх гээд ирснээс хойших үйл ажиллагааг нь би хариуцаж ажиллаж байсан бөгөөд өдөр тутмын зааварчилгааг бичгээр болон амаар өгч өдөр бүр ажилд гарахад танилцуулсан тухай тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулж байсан. Яг тухайн осол болох үед мөн л өглөө нь зааварчилгаагаа өгч гарын үсэг зуруулсан бөгөөд өдөр нь бол амаараа өгсөн. Бичгээр бол өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны талаар болгоомжтой байх, зүүх ёстой хамгаалалтын хувцсаа зөв өмсөж зөв хэрэглэх талаар зэрэг зааварчилгааг өгсөн. Би Д-д зааварчилгааг амаар л зөвлөгөө маягийн юм хэлж өгч байсан. Яг танилцуулж албан ёсоор зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан зүйл бол байхгүй. Би бол бичгээр өгөөд хүмүүсээрээ гарын үсэг зуруулчихдаг юм. Харин өөрөө зурдаг байсан эсэхийг нь мэдэхгүй. Тэр үед талбай үед дээр миний хариуцсан 10 гаран ажилтан байсан, тэр дунд нь дэвтрээ өгөөд гарын үсгээ зураарай гээд дунд нь өгчихдөг байсан юм. Уг нь өөрсдөө л зурж баймаар байна. Үүнийг би сайн мэдэхгүй байна. Талийгаач Н.О нь Манай ХХК-д түр ажлын байран дээр аман гэрээгээр ажиллуулж байсан. Зөвхөн будгийн ажил хийх гэж түр ажилд томилогдон ажиллаж байсан.../3хх-151-152/...Манай ерөнхий инженер Т ийм ийм ажил хийж гүйцэтгэнэ гэсний дагуу босоо сав будахаар болсон гэж санаж байна. Тэгээд л намайг хариуцаад будуулаарай гэж хэлээд би 2 хүн өөрөө сонгоод будгийн ажил гүйцэтгүүлж байсан. Талийгаач кран дээр гарч ажил гүйцэтгэх үедээ биеэсээ хамгаалах бүсээ зүүсэн байсан, харин яагаад кранаасаа бэхлээгүй болохыг мэдэхгүй байна...Би тухайн үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар өгөх эрхтэй байсан, ажлын байрын тодорхойлолт барилгын даамал,ХАБ хариуцах гэж заасан байдаг...Яг будгийн ажилд яагаад тухайн краныг ашиглах болсон талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /4хх-50-51, 80/,

- эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ.../2хх-74-75/, Б.Б-ын хөдөлмөрийн гэрээ.../2хх-76-77/, хамтран ажиллах гэрээ /2хх-78-79/,  

- Б.Б-ын ХАБЭАА-ын сунгуулсан гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2хх-224, 225-228, 3хх-179-181/, - Ур чадвар хөгжлийн гарц ТББ-ын албан тоот /4хх-69/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн,  шинжээч нар худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.  

Мөн “М”/захилагч/ ба “Д” /гүйцэтгэгч/ компанийн хооронд гагцхүү 4 ш босоо савны технологи угсралтын ажил хийж гүйцэтгэхээр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ 2016.10.26-ны өдөр байгуулж /4хх-54-58/, тус ажлын гүйцэтгэлийг 2017.04.27-ны өдөр хүлээлцсэн баримттай /4хх-59-60/ байх ба энэ тухай Д.Г-ын яллагдагчаар өгсөн...Манай компани “М ХХК-тай 2017 онд байгуулсан хамтран ажиллах гэрээнд тухайн автокраны түрээслүүлэх будгийн ажил хийлгэх зэрэг багтаагүй, тухайн гэрээний ажлын хүрээнд босоо савуудыг барьж ашиглалтад хүлээлгэж өгсөн, засварын ажил будаг зэрэгт огт хамааралгүй бөгөөд тухайн үедээ гуйлгаар л уг ажилд нь кран ашиглагдсан, ”М” ХХК нь өөрсдийн ажлын талбайд ашиглаж болох байсан эсэхийг шалгаж хэрэглээндээ ашиглах ёстой байсан,нэгэнт манайхаас авсан техник байсан учир хөдөлмөрийн аюулгүй байдлыг өөрсдөө хариуцах ёстой байсан...гэх мэдүүлэг /3хх-131-132/ болон шинжээч нар удаа дараа гаргасан дүгнэлт, мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар  “Д” /гүйцэтгэгч/ компанийн удирдах, гүйцэтгэх болон бусад хүмүүсийг тус хэрэгт буруутгах үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.

Харин тухайн тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргийг ”М” компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан барилгын даамал нарын хэн нь биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй эсэх асуудлыг бодитой бөгөөд эргэлзээгүй тогтоох үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2, 32.3, 32.4 дүгээр зүйлийн холбогдох хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хүлээх ёстой.    

Тийм ч учраас шүүхээс тус хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх асуудлаар тус хэргийг өмнө нь прокурорт буцааж /4хх-1-3, 21-25/ шийдвэрлэсэн байх ба үүний дараа дахин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тус хэргийг дахин прокурорт буцаахгүйгээр хянан шийдвэрлэв.

Хэрэгт цугларч, шинжлэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь “М” ХХК-н барилгын даамал албан тушаалын хүрээнд 2017.05.13-ний өдөр “М” ХХК-н агуулахын хашаан дотор тус компанийн нефть агуулах босоо савыг Н.О нараар будуулах ажлыг өөрөө гардан хариуцаж улмаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар өгөх, тухайн үед тэдний аюулгүй байдлыг хариуцах үүрэг хүлээн ажиллаж байсан болох нь тус компанийн удирдлага, ажилтнууд буюу Э.Л-гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-58-59, 195-197/, гэрч А.Э /1хх-61-62, 64-66/, гэрч С.Т /4хх-48/, Б.Б-ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-71-73, 2хх-217-218, 2хх-217-218/, /3хх-151-152/, /4хх-50-51, 80/, Б.Б-ын хөдөлмөрийн гэрээ /2хх-76-77/, хамтран ажиллах гэрээ /2хх-78-79/, Б.Б-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2хх-224, 225-228/, ур чадвар хөгжлийн гарц ТББ-ын албан тоот /4хх-69/ зэрэг нотлох баримттай байхаас гадна тухайн үед Б.Б нь өндөрт ажиллах хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар, журмыг бүрэн сахин биелүүлээгүй буюу өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны заавар бүрэн төгс өгөөгүй, хамгаалалтын малгайг өмсгүүлээгүй, сагсанд ажиллах ажилчид эмчийн үзлэгт хамрагдан өндөрт ажиллах зөвшөөрөл авсан байх ба каск өмсөж, хамгаалах бүсийг сагсны металл хийц эсвэл бариулаас оосорлосон байх гэж заасныг, мөн краны жолоочид аюулгүй ажиллагааг сахин хангуулах боломж, нөхцөлийг бүрэн хангаагүй, үүрэг чиглэл өгөөгүй бөгөөд аюулгүй ажиллагааг бүрэн хянан шалгаж ажиллах үүрэгтээ хайнга хандсан болох нь :    

- шинжээчийн дүгнэлт: Зааварчилгаа авсан болон урьдчилсан зааварчилгааны хуудас гэх баримтад зурсан хүний гарын үсэг, бичгийн хэв Н.О гэх бичгийн хэвийн чөлөөт загвартай тохирохгүй байна...гэрэл зургийн үзүүлэлт /1хх-113-114, 115-121/, 1хх-125-126, 127-128/,       

- шинжээчийн дүгнэлт:...эмчийн үзлэгт хамрагдаагүй, өндөрт ажиллах зөвшөөрөл аваагүй /аюулгүй ажиллагааны шалгалт өгөөгүй ажилтнаар /Н.О/-ыг өндөрт ажиллуулсан.../1хх-163/, холбогдох шинжээч нарын мэдүүлэг,

- шинжээчийн дүгнэлт:...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт. “Үндсэн дүрэм” MNS 4969:2000 стандартын 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасан тул Н.О, Н.Ө, Г.Д нарыг хариуцан ажиллуулж байгаа бригадын дарга өгөх үүрэгтэй ба 1,3 метрээс дээш өндөрт ажиллаж байгаа нөхцөлд “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6,1-д унахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байвал зохино гэж заасан болно.../3хх-99-107/, холбогдох шинжээч нарын мэдүүлэг,  

- гэрч Н.Ө-ын...Би хамгаалалтын бүсэнд зүүгдэж тогтсон, О газарт уначихсан. Бид хоёрыг ажилд гарахад Б хамгаалалтын бүсээ зүүгээрэй гэж хэлсэн, харин ирж өөрөө шалгаж үзээгүй...гэх мэдүүлэг /1хх-75-77, 78-80/,  

- гэрч Т.А-гийн...тухайн үед 14 цагийн үед гэж санаж байна, эмнэлэг дээрээсээ ухаангүй хүн байна гэсэн дуудлагаар очиход “М” ХХК-ийн агуулахын хашаан дотор өндөр ёонксны харалдаа доор өндрөөс унасан байдалтай эрэгтэй хүн хурхирч генсом үүссэн байсан...Талийгаач нь хамгаалалтын бэхэлгээ бүсийг мөр, бүсэлхийгээрээ зүүсэн, каск малгай байхгүй...байсан. Хамгаалалтын каск малгай ойр орчимд нь байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-90/

- гэрч Б.С-ын...Тухайн үед би дуудлага аваад Баатарсүхийн хамт тухайн дуудлагад очсон. Очих үед амь хохирогчийг түргэний эмч аваад явчихсан, хэргийн газарт, ойр орчимд нь хэрэгт ач холбогдол бүхий зүйл байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-92/,

- каск малгай илрээгүй тухай хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-32-34, 35-37/,

- Э.Л-гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-58-59, 195-197/, гэрч А.Э /1хх-61-62, 64-66/, гэрч С.Т /4хх-48/, Б.Бын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-71-73, 2хх-217-218, 2хх-217-218/, /3хх-151-152/, /4хх-50-51, 80/, Б.Б-ын хөдөлмөрийн гэрээ /2хх-76-77/, хамтран ажиллах гэрээ /2хх-78-79/, Б.Б-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2хх-224, 225-228/, ур чадвар хөгжлийн гарц ТББ-ын албан тоот /4хх-69/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байгааг шууд үгүйсгэн няцаах боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны заавар зөвлөмж, аюулгүй байдлын хяналт шалгалтыг бүрэн хэрэгжүүлээгүй буюу өндөрт  ажиллах ажиллагааг тийнхүү ажиллах хүмүүст хамгаалалтын малгай өмсгөж, хамгаалах бүсийг нь бүрэн, зөв зүүлгүүлсний дараа эхлүүлэх улмаар хяналт, шалгалтыг газар дээр нь биечлэн хэрэгжүүлээгүй, зөвхөн “малгай, бүсээ” хэрэглэхийг амаар сануулан хэлж тэднийг ажилд гаргасан байх тул тухайн тохиолдолд “амь хохирогч”-ийг өөрийг нь буруутгах бодит үндэслэлгүй.    

Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь тус компанийн барилгын даамал, өмнө нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдан гэрчилгээ авч байсан ажилтны хувьд өөрийн олж ирсэн гэх тус ажилчдыг “засварын ажил хийлгүүлэхээр тийнхүү өндөрт” ажиллуулахад тус хүмүүсийн ба өргөх техникийг аюулгүй ажиллуулах нөхцөлийг хангаж чадна хэмээн үүрэг хүлээж ажилласан байх ба харин түүнийг тус өндөр ажиллах тухайн аюултай орчин нөхцөлд тийнхүү бусдыг заавал ажиллуулахыг “М” компанийн удирдлага, эрх бүхий этгээд албадсан, тулган шаардсан гэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байна.    

Дээрх үйл баримт, үндэслэлийн хүрээнд  дүгнэхэд “М” ХХК-ийн нефть агуулах босоо савыг будуулж байх явцад Н.О ачаа өргөх автомашины сагснаас унаж амь нас нь хохирсон гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй, харин тус гэм буруу нь болгоомжгүй хэлбэрээр илэрчээ.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.      

Харин тус хэрэгт шинжээч нарын удаа дараа гаргасан дүгнэлт, мэдүүлгүүдээр “М” ХХК нь “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-аар хүлээсэн холбогдох үүргүүдээ зөрчсөн, тус үүргийн зөрчлөөс үүссэн хор уршгийг бүрэн хариуцах үүрэгтэй болох нь тогтоогдсон, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар тус гэмт хэргийн улмаас учирсан бүхий л хохирол, хор уршгийг иргэний хариуцагч “М” ХХК хариуцан арилгах үүрэгтэй болно.  

Хохирогчийн төлөөлөгч анх 140.940.000 төгрөг нэхэмжилсэн /2хх-106/, шүүх  хуралдаанд талийгаачийн тэжээгчээ алдсан хүүхдүүдэд нийт 55.620.000 төгрөг нэхэмжилсэн боловч өмнө хохиролд авсан гэх мөнгөн дүн 50.000.000 төгрөг эсхүл 60.000.000 төгрөг болох эсэх нь иргэний хариуцагчийн төлөөлөгчийн өгсөн мэдүүлгээр /4хх-48, 86/ тодорхой бус, мөн Д” компанаас өгсөн 10.000.000 төгрөг нь “М” ХХК-ийн өгсөн хохирлын дүнд орох эсхүл тусдаа эсэх, тухайн төлөгдсөн хохирлын дүнд эзлэх сэтгэл санаа, нөхөн төлбөр, оршуулах ажил явдлын хувь хэмжээ хэд эсэх, өмгөөлөгч нарын зардал орсон эсэх тухайд талуудын хүсэл зориг тодорхойгүй бөгөөд маргаантай, түүнчлэн талийгаачийн 4 хүүхдүүдэд тогтоосон тэтгэмжийн хэмжээ тодорхой бус буюу өмнө нь 280.000 төгрөг нийт нэхэмжлэх 42.120.000 төгрөг /3хх-244/, шүүхэд гаргасан цахим сангийн албан бус баримтад 18 хүртэлх насны хүүхэд 1-2, 174.000 төгрөг, 188.000 төгрөг, 288.000 төгрөг, нийт нэхэмжлэх 55.620.000 төгрөг /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх мэтээр зөрүүтэй, тодорхойгүй байдал үүсэж байх тул тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч “М” ХХК-иас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                

Шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан зарим нотлох баримт бүхий хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, “М ХХК-д барилгын даамал ажилтай болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдаж /3хх-157-159  160, 161, 162, 163/, судлагдсан байна.               

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод 1 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.                   

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :      

1. Шүүгдэгч Б.Б-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.          

3. Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар тус тогтоолоор Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.  

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч “М” ХХК-с нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.         

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.ГАНБААТАР