Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 1329

 

 

 

 

 

                        

  2020          10           13                                            2020/ДШМ/1329

 

Л.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганчимэг,                                  

шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 561 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Пд холбогдох 2010000000745 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тэрэм овгийн Лэгжмаагийн П, 1961 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 59 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, материалын техникч мэргэжилтэй, ........................ ажилладаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, дугаар гудамжны  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Л.П нь 2020 оны 7 дугаар сарын 6-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1019 дүгээр байрны 1 давхарт байрлах Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын албаны байранд хууль бусаар нэвтрэн орж халамжийн ажилтан П.Хонгорзулын эзэмшиж байсан “Делл” загварын зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 890.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Л.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тэрэм овгийн Лэгжмаагийн Пг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Л.Пг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Пд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Л.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нөхөр, бага насны хүүхдийн хамт амьдардаг. Миний биеийн байдал тааруу, зүрх тогтмол өвдөж бачимддаг, үе үе хатгуулдаг. Миний бага насны хүүхэдтэй байдал, бусдад төлөх хохиролгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Л.Пгийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.П нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2020 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд гэрчээр, 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр яллагдагчаар тус тус мэдүүлэг өгөхдөө өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар өмнө нь ямар нэгэн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох компьютерийг хохирогчид хүлээлгэн өгсөн. Анхан шатны шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх талаар шүүхэд санал гаргасан байтал анхан шатны шүүхээс дээрх заалтыг яагаад хэрэглээгүй талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нар гэм буруу дээр маргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байсан тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзсан. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.П нь 2020 оны 7 дугаар сарын 6-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1019 дүгээр байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын албаны байранд хууль бусаар нэвтрэн орж халамжийн ажилтан П.Хонгорзулын эзэмшиж байсан “Делл” загварын зөөврийн компьютерийг хулгайлж 890.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Хонгорзулын “...би тухайн зөөврийн компьютерийг өөрийн ажилдаа ашиглаж байгаад 2020 оны 7 дугаар сарын 6-ны орой 17 цагийн үед унтрааж, ширээний 3 тасалгаатай шургуулганы хамгийн доод талын тасалгаанд хийж үлдээсэн. Маргааш өглөө буюу 2020 оны 7 дугаар сарын 7-ны өглөө 8 цагт ажилдаа ирээд нөүтбүүкээ үзэхэд байхгүй байсан. Би ажлынхаа хүмүүсээс асуухад харсан үзсэн хүн байхгүй байсан учир цагдаад хандсан. ...” /хх 13-15/,

гэрч И.Наранцэцэгийн “...2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 8 цаг 00 минутад ажил дээрээ ирэхэд надтай цуг ажилладаг зохион байгуулагч Г.Нандинцэцэг, хэсгийн ахлагч Ж.Баярсайхан нар ирсэн байсан. Гэтэл удалгүй хэсгийн ахлагч Ч.Ишдулам, халамжийн ажилтан П.Хонгорзул нар орж ирээд П.Хонгорзул өөрийнхөө ширээнд суугаад хэсэг хугацааны дараа “миний нөүтбүүк байхгүй байна” гэсэн. ...” /хх 16-17/,

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-9/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 10-11/, ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл /хх 25/, ”ДАМНО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 28-29/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.Пг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Пгийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын албаны байранд хууль бусаар нэвтрэн орж, П.Хонгорзулын эзэмшиж байсан “Делл” загварын зөөврийн компьютерийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.П болон түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

Шүүгдэгч Л.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 561 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Пг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Пг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ