Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/00942

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дүгээр хороо, “0” хотхоны 0 дугаар байрны 0 тоотод оршин суух РД:ВЮ00000000, Ц овогт Г-гийн Б

 

Хариуцагч 0 дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, “О”-ын байрны 0 тоотод оршин суух РД:ЕН00000000, Х овогт С-н П-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4.500.000 төгрөг гаргуулж, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй

 

Хариуцагчийн хохиролд 45.588.140 төгрөг гаргуулж, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 1000 бүртгэлийн дугаартай “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 1001 бүртгэлийн дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                       

       

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч С.Пид холбогдуулан 4.500.000 төгрөг гаргуулж, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

 

           Нэхэмжлэгч Г.Б шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна.

Би С.Птой 2021 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 3.500.000 төгрөгийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан.

2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хувьцаа С.Пийн нэр дээр бүхэлдээ шилжсэн.

С.П гэрээний дагуу надад 1.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өгөөгүй тул алданги нэмээд нийт 4.500.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Хариуцагч гэрээнээс татгалзаад хохирсон гэж хэлж байгаа боловч хохироогүй. Учир нь:

Жилд 500.000.000-700.000.000 төгрөгийн орлого олох боломжтой сургуулийн барилга бэлэн болон тусгай зөвшөөрөл бэлэн болсон.

Миний оролцоогүйгээр сургуулийн үйл ажиллагаа явагдах бүрэн боломжтой.

           Бидний хооронд ажил хийхэд хүндрэлтэй байдал бий болж, хамтран ажиллах боломжгүй, цагдаад хүртэл хандсан зүйл гарсан тул миний бие үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон.

          Мөн би гэрээнд заасан үүргээ биелүүлж, сургуулийн тусгай зөвшөөрлийг авч өгч, хүүхэд цуглуулах ажлыг эхнэртэйгээ хамт хийж 30-аад хүүхэд бүртгүүлсэн байдаг. Энэ талаар хариуцагч мэднэ.

           Тэрээр С.П өдрийн 400.000 төгрөг, жилийн 144.000.000 төгрөгийн орлого олох боломжтой нь сөрөг нэхэмжлэлээс харагдсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

           Мөн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан.

           Миний зүгээс тусгай зөвшөөрөл гаргуулах, хүүхдийн элсэлтийг баталгаажуулах ёстой.

           Тусгай зөвшөөрөл олон хүнээс гуйж, хүссэний үндсэн дээр гарсан.

           Өөрөө хохиролгүй, өсөх хэмжээний борлуулалтын орлоготой сургуультай үлдчихээд хувьцаа шилжүүлсэн төлбөрийг өгөхгүй байгаа нь харамсалтай байна.

           5 дугаар сарын эх, 6 дугаар сарын сүүл гэхэд сургууль ямар нэг өмчгүй, хөрөнгөө бэлдэхгүй байсан. Хүнд үзүүлье гэхээр үзүүлэх боломжгүй.

           Гүйцэтгэх захирлын ажил эрхэлж байх хугацаанд надаар санхүүгийн баримт дээр гарын үсэг зурахгүй баримт бүрдүүлсэн.

           Энэ нь нягтлан бодох бүртгэлийн хуулийг зөрчсөн. Хариуцагчийн үүрэг хариуцлага 4 дүгээр сарын 20-ны өдөр дууссан, гэрээний үүргээ биелүүлээгүй.

          Уг өдрөөс хойш 05 дугаар сарын 29-ний өдөр удаа дараа амаар мэдэгдсэн боловч гүйцэтгээгүй байсан.

          Гэтэл тухайн гэрээ нотариатаар ороогүй. Анхнаасаа нотариатаар баталгаажуулах сонирхолгүй байсан. Батлуулах саналыг өмнө амаар гаргаж байсан.

           Би олон жил өөр өөр байгууллагад захирлаар ажиллаж байхдаа нотариатаар баталгаажуулаагүй, тамга тэмдэггүй гэрээнд гарын үсэг зурж байгаагүй.

           Гэрээг хувийн харилцааны гэх байдлаар тайлбарлаж нотариатаар ороогүй. Тухайн үед хоёулаа тамга тэмдэггүй байсан.

           Нотариатаар оръё гэхэд ороогүй. Узуфруктын харилцаа үүссэн тул хуулийн дагуу хүчин төгөлдөр бус.

           Үл хөдлөх хөрөнгийг ашиглаж байгаа хүний хувьд улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар орох ёстой.

           Эдгээр шаардлагыг хангаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргасан тул ханган өгнө үү, гэжээ.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Хариуцагчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 3.000.000 төгрөг түүний алданги 1.500.000 төгрөг нийт 4.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

           Хувьцаа шилжүүлж авах болсон шалтгаан талууд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын Хамтын ажиллагааны гэрээ” байгуулан гэрээний дагуу “С” гэх хуулийн этгээдийг байгуулж, хувьцааг 50, 50 хувиар эзэмшихээр тохирсон.Гэрээний явцад нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзаж гарсан.

           Гэрээнд заасны дагуу Г.Б компанийн гүйцэтгэх удирдлагаар томилогдож, гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан. 

           Үүнтэй холбоотойгоор гарын үсэг зурах, бичиг баримт гаргах асуудлыг гүйцэтгэхэд хүндрэлтэй болж эхэлсэн тул нэгэнт гэрээнээс гарч байгаа бол хувьцаагаа буцааж өг гэх шаардлагыг хэд хэдэн удаа тавьсан.

           Буцааж өгөхгүй гээд эхлээд 10.000.000 төгрөг, сүүлдээ 20.000.000 төгрөг нэхэмжилсэн.

           Ингээд талуудын хооронд маргаан үүссэн. “Худалдах худалдан авах гэрээ”-г 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Хавтаст хэргийн 97 дугаар хуудаст 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дуудлага буцаасан тэмдэглэл, 87 дугаар хуудаст утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр уг гэрээг байгуулсан өдрийн үйл баримтыг бичүүлсэн. Уг гэрээ талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ.

           Нэхэмжлэгчийн Хамтран ажиллах гэрээ”-г цуцалсантай холбоотойгоор хувьцаа худалдаж авах гэрээг байгуулах болсон. Цагдаагийн байгууллагад дуудлага өгч үүнийг буцаалгасан үйл баримтууд хэрэгт авагдсан. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

           Талууд анх “Сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан.

           Уг гэрээгээр талуудын хүлээх үүргийг тодорхой дурдсан.

           Гэрээний “А” тал буюу хариуцагчийн зүгээс сургалтын байгууллага явуулах ажлын байр буюу сургуулийн барилгыг нийлүүлэх, “Б” тал сургалтын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт болон бусад зүйлсийг дурдсан. Заавал нотариатаар батлуулж, Улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй. 

           Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу амаар ч хамтран ажиллах гэрээг байгуулах боломжтой. Иймд энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гэжээ.

 

           Хариуцагч, нэхэмжлэгчид холбогдуулан хохиролд 45.588.140 төгрөг гаргуулж, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 1000 бүртгэлийн дугаартай “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 1001 бүртгэлийн дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

           2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           “С” компанийг байгуулсны дараа хариуцагчийн зүгээс сургалтын байгууллага, сургалтын байгууллагын бий болгож, засвар үйлчилгээ болон засан сайжруулахад 60.000.000 төгрөгийн зардал гаргасан гэдэг.

           45.588.140 төгрөгийн зардлын баримтыг бүрдүүлж, нотлох баримтаар өгсөн.

           Энэ үнийн дүнг хариуцагчийн дансны хуулгатай тулгасны үндсэн дээр нэхэмжилж байна. “Хамтран ажиллах гэрээ”-нд заасны дагуу “А” тал буюу хариуцагчийн зүгээс сургалтын байгууллага явуулах ажлын байр буюу сургуулийн барилгыг нийлүүлэх, “Б” тал сургалтын үйл ажиллагааны чанар гадаад харилцаа, гадаад хөрөнгө оруулалт болон ижил төстэй гадаадын байгууллагатай хамтын ажиллагаа, сурагч солилцоо, мэдээлэл технологийн олон улсын олимпиад, уралдаан тэмцээний оролцоо, программчлал болон сургуулийн цахим сургалтын үйл ажиллагаа, сургуулийн сургалтын зээл, тусгай зөвшөөрөл шаардлагатай баримт бичиг, сургалтын хөтөлбөр боловсролтыг байнга хариуцна гэх үүрэгтэйгээр гэрээг байгуулсан.

           Хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлж засвар үйлчилгээг хийж байсан. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримтууд дээр ажилласан. Гэрээнд заагдсан бусад үүргүүдээ хийж гүйцэтгээгүй. Хувьцаа худалдаж авах гэрээнээс татгалзаж байна.

           Өнөөдрийн байдлаар сургууль ажиллаагүй.

           Талууд гэрээгээр хамтын үйл ажиллагаа холбоотой бизнесийн санаа, олсон орлого, гарсан зардал, өр авлага, тухайн бизнесээс шинээр бий болсон хөрөнгө, тусгай зөвшөөрөл бусад зүйлс нь талуудын өмчлөлд дараахь байдлаар хариуцна гээд хэсгээр өмчлөх дундын өмч буюу “А” тал 50 хувь, “Б” тал 50 хувь байхаар тохиролцсон. Харин бизнесийг эхлүүлэх үеийн барилга, газар “А” талын 100 хувийн өмч байхаар тохиролцсон.

           Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал хохирол бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг хэсгээр өмчлөх хувь хэмжээний дагуу хариуцна гэж зохицуулсан. Нэгэнт хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулаагүй тул энэ гэрээ зогссон. Үүнээс гарах зардлыг талууд 50, 50 хувиар хариуцах үүрэгтэй.

           Иймд нэхэмжлэгчээс сургалтын байгууллага үүсгэн байгуулах хамтын ажиллагаанаас үүссэн хохирол болох 45.588.140 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэн авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу компанийг шинээр байгуулсан.

            “Хамтран ажиллах гэрээ” хэрэгжих явцад нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс гарсан. Ажлаа хийхгүй алга болж араас нь хөөцөлдөж маргаан бий болсон. 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр талууд сургуульд уулзан хариуцагч, нэхэмжлэгчийг хэд хэдэн удаа цохиж, нүдний шилийг гэмтээсэн үйл явдал болж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

           Дуудлагаар ирсэн цагдаад хуурамч дуудлага өгсөн гэж хэлэхээр тохиролцож, хариуцагч 550.000 төгрөгийн торгуулийг төлсөн. Хуульд заасны дагуу талууд харилцан тохиролцож энэ хэлцлийг байгуулаагүй. Хүч хэрэглэж байгуулсан гэрээ тул хуулийн дагуу хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзсэн тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 45.588.140 төгрөгийн баримт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Уг хуулийн дагуу байгууллагаас гарсан санхүүгийн баримтын анхан шатны баримтыг гүйцэтгэх захирал, нягтлан бодогч баталгаажуулдаг.

Би хариуцагчийн байгууллагын нягтлангаар гарын үсэг зуруулж, баталгаажуулъя гэж анхнаасаа хэлж байсан боловч эдгээрийг хийгээгүй.

Эдгээр баримт аудитаар орсон ч анхан шатны баримтын шаардлага хангаагүй.

Хамтын ажиллагааны гэрээний би тусгай зөвшөөрлөө хөөцөлдөх, эд хөрөнгө, сургуулийн үйл ажиллагаатай холбоотой зүйлийг хариуцагч хийх ёстой.

Хариуцагч хэлэхдээ би барилга, анги танхимаа стандартын дагуу бэлэн болгоно гэж хэлсэн.

 Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор анги танхимаа бэлдэж, шалгалт оруулахад бэлэн болгоно гэж тохирсон.

Гэвч хугацаандаа бэлэн болгоогүй. Бэлдсэн хийсэн ажил бага сургуулийн хуулийн заалтыг зөрчсөн, цаанаас тогтоож өгсөн бүхий л шаардлагыг зөрчсөн байсан. Жишээ нь:

Сургуулийн шатны өндөр 100 миллиметрээс 110 миллиметр, энгийн барилгын шатны өндөр 160 миллиметр байдаг. Нэмэлт бариул 60 сантиметр буюу хүүхдийн өндөрт таруулах ёстой. Бага сургууль заавал гал тогоотой байх ёстой журамтай гээд 1 дүгээр давхарт гал тогоо гаргаж, тогоонд тоног төхөөрөмж суурилуул гэж хэлсэн. Гэтэл эдгээрийг хийж гүйцэтгээгүй.

Машины зогсоол, чийрэгжүүлэх танхим, барилгын гадна хашааг янзалж хий, анги танхимд сандал ширээ, самбар суурилуул гэхэд нэг ширхэг сандал аваагүй, хийгээгүй. Улсын стандартаар коридор 4 метр байдаг. Сургуулийн коридор 1 метр 20 сантиметр байна. 2 хаалга хоорондоо цохигдож байна. Хүүхдийн гар тастах аюултай тул гүйдэг хаалга болгох үүрэг өгсөн ч хийж гүйцэтгээгүй.

Сургуулийг хууль журам, стандартыг баримтлалгүй өөрөөр барьж байгуулсан.

Иргэний хуульд хамтын ажиллагааны гэрээнээс гарахыг хориглосон болон хязгаарласан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Үүрэг даалгавраа биелүүлж 15 багшийн 6 багштай  уулзсан.

Тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамчаар анги танхимын бэлэн болсон зураг үзүүлж, барилгаа үзүүлэлгүй авсан.

45.000.800 төгрөгийн баримт өгсөн. Сургуульд нэг ч төгрөгийн эд хөрөнгө байхгүй. Бараа материал авсан боловч энэ хэмжээний зардалд хүрэхгүй.

Тусгай зөвшөөрөл гарсан тул сургууль ажиллуулахад 500.000.000-700.000.000 төгрөгийн орлогын түвшинтэй, хариуцагч гэрээний дагуу эдгээр ажлыг хийх ёстой, үүргээ биелүүлээгүй атал надаас мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

          Хавтас хэрэгт цугларсан баримтууд:

           

          Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн цахим иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Г.Бын “Хаан” банкны Депозит дансны хуулга, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу тайлбар гаргах нь”, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Хариу тайлбар гаргах нь”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

 

            Хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хариу тайлбар гаргах тухай”, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хариуцагч С.П-оос Ц.Б-д олгосон “Итгэмжлэл”, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн С.П-ийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтас хэргийн 22-34/, Зарлагын баримт /хавтас хэргийн 35-71/, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад тайлбар гаргах тухай”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

 

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00/00 дугаартай Цагдаагийн Ерөнхий газар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн “Албан бичиг” хавсралт 1 хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0/0 дугаартай Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын “Албан бичиг” хавсралт 4 хуудас, Үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 103-141/, Гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, 

 

            Хариуцагчийн хүсэлтээр 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагааны гэрээ”, Үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 164-201/,

 

            Шүүхийн журмаар 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын “Албан бичиг”, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00/0000 дугаартай Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын “Албан бичиг”.

     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлээс 4.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хохиролд 45.588.140 төгрөг гаргуулж, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 1000 бүртгэлийн дугаартай “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 1001 бүртгэлийн дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.                       

 

           Нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлийн үндэслэлийн шаардах эрхээ “ талууд гэрээнээс татгалзаж, хувьцаа худалдах, худалдах гэрээг байгуулж, гэрээний үүргээс зарим төлбөрийг биелүүлсэн тул нэхэмжлэлийг хангуулах хүсэлтэй байна” гэж тодорхойлж байна.

            

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “хэдийгээр зохигчид гэрээнээс татгалзсан боловч нэхэмжлэгч үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэж байна.

            

           Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

               

          1.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

           Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч С.Птой 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, талууд ерөнхий боловсролын “К” бага сургуулийг байгуулан, программчлалын технологийн боловсролыг олгох ажиллагаа явуулахаар хамтран ажиллахаар, нэхэмжлэгч “Б” тал сургуулийн сургалтын үйл ажиллагаа, чанар, гадаад харилцаа, гадаад хөрөнгө оруулалт, ижил төстэй гадаадын сургуулиудтай хамтын ажиллагаа, сурагч солилцоо, мэдээлэл технологийн олон улсын олимпиад  уралдаан, тэмцээний оролцоо, программчлалын сургалт, гадаад хэлний сургалтын технологи, сургуулийн цахим сургалтын үйл ажиллагаа, сургуулийн сургалтын вэб болон мобайл апп хөгжүүлэлт, тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичиг боловсруулалт, сургалтын хөтөлбөр боловсруулалтыг байнга хариуцах, хариуцагч “А” тал стандарт түвшний сургалт явуулах барилга байгууламж, анги танхимууд, сургалтын 20 компьютер бүхий программчлалын кабинетыг боловсрол мэргэжлийн хяналт шалгалтын комисс танилцахаар бэлдэх, хэсгээр өмчлөх хөрөнгө 50х50 хувь, бизнесийг эхлүүлэх үеийн барилга, газар “А” талын өмчлөлд 100 хувь үлдэхээр, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдон анхлан гарсан нийт зардлыг “А” талд үйл ажиллагааны орлогоос 100 хувь татан төвлөрүүлж барагдуулснаар дээрх заалтууд хэрэгжихээр харилцан тохиролцжээ.

 

           Дээрх гэрээ зохигчдын хэрэгцээ шаардлагыг хангасан, хамтран ажиллах шинжийг агуулсан, гэрээний агуулга, гол нөхцөлөө тохирсноос харахад, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд “Хамтран ажиллах гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

           Иймээс “Хамтран ажиллах гэрээ”-ний салшгүй хэсэг нь хамтын ажиллагаа байдаг тул түүнийг хэрхэн явуулах талаар талууд тохиролцож, хамтын үйл ажиллагааг эрхлэн явуулахаар гэрээндээ эрх, үүргээ тусгасан тул уг гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.

 

           Хуульд зааснаар тус гэрээнд аливаа шийдвэрийг олонхын саналаар гаргахаар заасан байдаг бөгөөд энэ нь зохигчдын тэгш эрхийн баталгаа болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээний дагуу ажлаа эхлүүлж, тодорхой цаг хугацаанд ажилласан талаар хэн аль нь маргахгүй байна.

 

           Өөрөөр хэлбэл, гэрээ хэрэгжих явцад хамтын үйл ажиллагаа явуулснаар талуудын ашиг олох гэрээний зорилго биелэгдэх байсан нь Сургуулийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

           Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Б, С.П нар 1000 дугаартай, “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, 42/1 тоот барилгын 1 дүгээр давхарт байрлах 6680259 регистрийн дугаартай, хоёр хувьцаа эзэмшигчтэй, хувьцааны нэг бүрийн үнэ 100 төгрөг, худалдагчид ногдох хувьцаа 50 хувь, 50 ширхэг “С” ХХК-ийн хувьцааг худалдан авагч С.П нийт 4.000.000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаа 1.000.000 төгрөгийг худалдагч Г.Бын “Хаан” банкны 5601-0269-07 дугаартай дансанд 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэн, 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгийг төлөхөөр болжээ.

 

           Мөн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10/2214 дугаартай Улсын бүртгэлийн Ерөнхий газрын шүүхэд ирүүлсэн Албан бичгээр “С” ХХК-ийн эцсийн өмчлөгч, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ЕН60031012 регистрийн дугаартай, С.П болох нь тогтоогдож байна.

 

            Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт хүндэтгэн үзэх нөхцөл байвал урт хугацаатай гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэхээр заасан ба Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1 дэх хэсэгт заасанчлан талууд гэрээг цуцлан, хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон нь нотлогдож байна.

 

            Тус хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээнээс зохигчид татгалзаж, хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болж хариуцагч төлбөрөөс гэрээний дагуу 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь бичгийн баримтаар нотлогдож байна.

 

          Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “хариуцагч миний биед хүчирхийлэл хэрэглэсний улмаас цагдаагийн байгууллагад хандан, хувьцаагаа худалдах болсон” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тайлбарыг хариуцагч нотлох баримтаар няцааж чадаагүй, зөвшөөрсөн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж мэтгэлцээгүй болно.

 

           Иймээс хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үндсэн төлбөр 3.000.000 төгрөг + 1.500.000 төгрөг /алданги/ = нийт 4.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг талууд байгуулсан гэрээнээсээ татгалзаж, гэрээний дагуу үүсэх эрх үүрэг хэрэгжих боломжгүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

          Хариуцагчийн хохиролд 45.588.140 төгрөг гаргуулж, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 1000 бүртгэлийн дугаартай “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 1001 бүртгэлийн дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хуульд заасны дагуу талууд харилцан тохиролцож хэлцлийг байгуулаагүй. Хүч хэрэглэж байгуулсан гэрээ тул хуулийн дагуу гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ гэж тайлбарлав.

 

           Нэхэмжлэгч Г.Б “хариуцагч гэрээгээ өөрөө зөрчиж, үүргээ биелүүлээгүй тул би хариуцлага хүлээх үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа илэрхийлж байна.

 

           Талуудын хооронд байгуулсан гэрээнээс харахад, Ерөнхий боловсролын бага сургуулийг байгуулахад гэрээнд заасан нэхэмжлэгч “Б” тал тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичгийн боловсруулалтыг хариуцаж үүргээ биелүүлсэн нь Нийслэлийн боловсролын газраас 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах “С” сургуульд 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 212031204 дугаартай, Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосноор тогтоогдож байна.

 

           Харин нэхэмжлэгчийн хариуцах бусад үүрэг нь зохигчид “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, төлбөрийн тодорхой мөнгөн хэсэг шилжигдэж, гэрээнээс талууд татгалзсанаар нэхэмжлэгч тухайн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй байдал үүссэн нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

           Тодруулбал, нэхэмжлэлд дурдсан ажлыг хариуцагч “А” тал гэрээний дагуу хийх ёстой байсан бөгөөд нэгэнт гэрээ цуцлагдаж, цуцлагдах хүртэлх сургууль байгуулахад зарцуулагдсан мөнгөн хөрөнгө болон барилга байгууламж, анги танхимуудыг засах зардлыг гаргах үүргийг хариуцагч гэрээгээр хүлээсэн буюу тухайн заалтууд хэрэгжээгүй нь нэхэмжлэгч Г.Бын буруутай үйл ажиллагаанаас болсон гэх үйл баримт тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

       

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 464.850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 86.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Поос гэрээний үүргийн биелэлтэд 4.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгож, үлдсэн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хохиролд 45.588.140 төгрөг гаргуулж, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 1000 бүртгэлийн дугаартай “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 1001 бүртгэлийн дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 464.850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 86.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.АРИУНАА