Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00919

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00919

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00942 дугаар шийдвэртэй

А-ын нэхэмжлэлтэй

Б-ид холбогдох

Сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 45,588,140 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би Б-той 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтран ажиллахаар болсон. Улмаар бид Софтвер инженерс компанийг байгуулж, компанийн хувьцааг 50, 50 хувиар эзэмшсэн.

Бид цаашид хамтран ажиллах боломжгүй болсон учир 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Софтвер инженерс компанийн өөрийн эзэмших 50 хувийн хувьцааг Б-ид 4,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Б- гэрээний дагуу надад 1,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Би хувьцаа эзэмших эрхээ 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б-ийн нэр дээр шилжүүлсэн боловч тэрээр үлдэгдэл төлбөрийг төлөөгүй.

Иймд гэрээгээр хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон тул алданги 1,500,000 төгрөгийн хамт нийт 4,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би А-тай 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагааны гэрээг 15 жилийн хугацаатай байгуулж, ерөнхий боловсролын Кодерс интернэйшил /сүүлд нэрийг нь Софтвер инженерс болгож өөрчилсөн/ сургуулийг байгуулж, программчлал, технологийн боловсролыг сурагчдад олгох зорилготойгоор хамтран ажилласан. Талууд гэрээ байгуулахдаа сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож гэрээний дагуу эдлэх эрх, хүлээн үүргийг талаар хамтран хэлэлцэж байгуулсан байх тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй.

Гэрээний дагуу хариуцагч нь стандарт түвшний сургалт явуулах барилга байгууламж, анги танхимууд, сургалтын 20 компьютер бүхий программчлалын кабинетыг боловсрол мэргэжлийн хяналт шалгалтын комисст танилцуулахад бэлдэхээр тохирсон. Үүнтэй холбоотой бүх зардлыг хариуцагч Б- нь гаргахаар гэрээгээр тохирсон. Нэхэмжлэгч А- нь сургуулийн сургалтын үйл ажиллагааг чанар, гадаад харилцаа, гадаад хөрөнгө оруулалт, ижил төстэй гадаад сургуулиудын хамтын ажиллагаа, сурагч солилцоо, мэдээлэл технологийн олон улсын олимпиад тэмцээний оролцоо, программчлалын сургалтын болон гадаад хэлний сургалтын технологи, сургуулийн цахим сургалтын үйл ажиллагаа, сургуулийн сургалтын веб болон мобайл апп хөгжүүлэлт, тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичиг боловсруулах, сургалтын хөтөлбөр боловсруулалтыг байнга хариуцахаар тохирсон.

Гэрээнд заасны дагуу Софтвер инженерс компанийг байгуулж, хувьцааг 50, 50 хувиар эзэмшихээр тохиролцсон. Гэрээнд зааснаар хариуцагч нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 42-1 амины орон сууцны зориулалтай, 864 метр квадрат, 6 давхар барилгыг сургалтын зориулалтайгаар засвар үйлчилгээ хийсэн, 45,588,140 төгрөгийн зардал гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс уг зардалд нэг ч төгрөг оруулаагүй.

А- нь төсөл боловсруулах, тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлэх гэх мэт ажлуудыг хийдэг байсан. Гэвч тусгай зөвшөөрөлтэй баримт бэлдэхэд хариуцагч Б- нь хамааралтай ажиллаж байсан. Уг гэрээ нь олон жилийн үр дүнд үр ашиг гарах тул гэрээний хугацааг 15 жил байхаар тохиролцож, хэн аль нь гэрээнээс татгалзах эрхгүйгээр гэрээ байгуулсан.

Хамтран ажиллагааны явцад Б- нь засвар үйлчилгээ хийж байнгын зарлага гаргаж байсан, эхний 1, 2 сарын хувьд А- нь сургалтын үйл ажиллагаа явуулахаар ажилласан. Гэвч сүүлдээ А- нь сургууль дээр ирэхээ байсан, ажлаа хийхээ больсон, элсэлт авах хугацаа болсон боловч ирээгүй.

Тамга, тэмдэг А-ын нэр дээр байсан тул ардаас нь хөөцөлдөж байж хувьцааг шилжүүлж авсан. Хамтран ажиллах гэрээ амжилттай явагдаж байсан бол хувьцааг шилжүүлж авах ямар ч шаардлага байхгүй. А- нь өөрөө алга болсон тул зодоон цохион болж байж хувьцааг шилжүүлж авсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: А-тай хамтарч ажиллаагүй байсан бол тус барилгыг сургуулийн зориулалтаар тохижуулж зардал гаргах шаардлагагүй, зочид буудлын үйл ажиллагаагаа явуулж өдөрт 400,000 төгрөгийн орлого олдог байсан.

Сургуулийн засварын ажлын материал, техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж болон бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс нийт 45,588,140 төгрөгийн зардлыг хохиролд тооцон нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.

Хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлж Б- барилгыг сургуулийн зориулалттайгаар завсар үйлчилгээ хийж бүрэн тохижуулсан. Нэхэмжлэгч А- нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, компанийн тамга тэмдэг болон шаардлагатай бичиг баримтыг авч яван ажлыг удаашруулж байсан тул арга буюу компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хариуцагч талаас хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох хүсэл сонирхол байгаагүй.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа ...компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хүсэл зоригийн үндсэн дээр байгуулаагүй, дарамт шахалтын улмаас хувьцааг шилжүүлж өгсөн... гэж тайлбарлаж байна. Иймд талуудын хооронд байгуулсан компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцож өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулах, баталгаажуулах үйл явц нь хууль, шударга ёсны зарчимд нийцүүлэн нотариатчийн өмнө, сайн дурын үндсэн дээр, хэн нэгний шахалт дарамтгүйгээр 3 тал баталгаажуулж, үр дүн нь нэгэнт бий болсон ба зөвхөн төлбөрийг гүйцэтгэх шаардлагатай юм.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 45,588,140 төгрөгийн баримт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Уг хуулийн дагуу байгууллагаас гарсан санхүүгийн анхан шатны баримтыг гүйцэтгэх захирал, нягтлан бодогч баталгаажуулдаг. Би хариуцагч байгууллагын нягтлангаар гарын үсэг зуруулж, баталгаажуулъя гэж анхнаасаа хэлж байсан боловч эдгээрийг хийгээгүй. Эдгээр баримт аудитаар орсон ч анхан шатны баримтын шаардлага хангаагүй.

Хамтын ажиллагааны гэрээний дагуу би тусгай зөвшөөрлөө хөөцөлдөх, эд хөрөнгө, сургуулийн үйл ажиллагаатай холбоотой зүйлийг хариуцагч хийх ёстой. Хариуцагч би барилга, анги танхимаа стандартын дагуу бэлэн болгоно гэж хэлсэн.

Гэрээний 1.2 дахь хэсэгт заасны дагуу 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор анги танхимаа бэлдэж, шалгалт оруулахад бэлэн болгоно гэж тохирсон. Гэвч хугацаандаа бэлэн болгоогүй. Бэлдэж хийсэн ажил бага сургуулийн хуулийн заалтыг зөрчсөн, цаанаас тогтоож өгсөн бүхий л шаардлагыг зөрчсөн байсан. Сургуулийг хууль, журам, стандартыг баримтлалгүй өөрөөр барьж байгуулсан.

Тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамчаар анги танхимын бэлэн болсон зураг үзүүлж, барилгаа үзүүлэлгүй авсан. 45,000,800 төгрөгийн баримт өгсөн. Сургуульд нэг ч төгрөгийн эд хөрөнгө байхгүй. Бараа материал авсан боловч энэ хэмжээний зардалд хүрэхгүй.

Тусгай зөвшөөрөл гарсан тул сургууль ажиллуулахад 500,000,000-700,000,000 төгрөгийн орлогын түвшинтэй. Хариуцагч гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй атал надаас мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-оос гэрээний үүргийн биелэлтэд 4,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А-д олгож, үлдсэн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хохиролд 45,588,140 төгрөг гаргуулж, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 1000 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 1001 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 464,850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл болох 4,500,000 төгрөг гаргуулах шаардлагын гол нотлох баримт нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээ бөгөөд тус гэрээг хариуцагч талаас хүч хэрэглэж байгуулсан талаараа мэдүүлдэг мөн гэрчээс, шүүхэд өгсөн мэдүүлэгт тодорхой гэрчилсэн байдаг.

Гэтэл хүчин төгөлдөр бус, хүч хэрэглэж байгуулсан гэрээний дагуу шаардах эрхтэй гэж дүгнэж 4,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Хэргийн үйл баримтын талаар хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт үнэн зөвөөр тодорхой мэдүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хаяад явсанаас болж хамтран ажиллах гэрээ дуусгавар болж талуудын хооронд маргаан гарч байсан талаар талуудын хооронд харилцаж байсан фэйсбүүк чатанд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогддог юм.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагааны гэрээнд талууд ямар ямар ажил хийж гүйцэтгэх, мөн үүрэг хариуцлага, алдагдал хохирол, төлбөрийг хэрхэн хариуцах талаар тодорхой тусгасан байдаг.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гаргуулснаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, тусгай зөвшөөрлөөс өөр нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн хийх ажилуудаа бүрэн гүйцэт хийгээгүй. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулахдаа хүртэл хуурамч бичиг баримт, мөн нотлох баримтуудыг бүрдүүлж өгч байсан талаар нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд мэдүүлдэг.

Хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хувийн бизнесийн үйл ажиллагааг зогсоож өөрийн өмчлөлийн орон сууцыг сургалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар завсар үйлчилгээ хийж тохижуулсан юм.

Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд гэрээнээс үүдэлтэй олсон орлого, гарсан зардал, өр авлага... зэрэг нь хэсгээр өмчлөх дундын өмч буюу нэхэмжлэгч 50 хувь хариуцагч 50 хувиар хариуцахаар тохиролцсон, мөн гэрээний 4.1 дэх хэсэгт хамтын үйл ажиллагааны үр дүн алдагдал хохирол бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагагыг мөн 50, 50 хувиар хариуцахаар талууд тохиролцож гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу хүсэл зоригоо бүрэн илэрхийлж байгуулсан байдаг.

Мөн шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хуралдааны дэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогоогүй, нотлох баримт шинжлэн судалсны дараа талуудад нэмж тайлбар хэлэх боломж олголгүй хэргийг зөвлөлдөхөөр завсарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, талуудын шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлээгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талд хохирол учраагүй. Барилга 864 м.кв талбайтай. 1 сурагчийн суралцах хэмжээ 6 м.кв талбай байдаг. 140 хүүхэд суралцах боломжтой. Үндсэн үнэлгээг 5,000,000 төгрөгөөр тооцож 700,000,000 төгрөгийн борлуулалтын жилийн орлоготой байхаар тусгай зөвшөөрөл гарсан. Барилга байгууламж нь бүгд хариуцагчийн өмчлөлд байгаа.

Бага боловсролын тухай хуульд зааснаар сургуульд багшлах багш нь мэргэжлийн бакалаврын боловсролтой байх ёстой. Би уул уурхайн эдийн засагч мэргэжилтэй учраас багшлах боломжгүй. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл гарсан тул үргэлжлүүлж өөр этгээдүүд ажиллуулах бүрэн боломжтой. Хамтран ажиллах гэрээнд тохиролцсоноор барилга баригдсан, анги танхим тавилгатай, гал тогоо зэрэг бэлэн байх ёстой байхад бэлэн бус, дөнгөж эхэлж байсан. Мөн тусгай зөвшөөрлийг гаргуулахаар хөөцөлдөж байхад хөрөнгөгүй, ажлаа эхлүүлээгүй байсан. Узуфрукт гэрээний 3 нөхцөлийг зөрчсөн. Стандарт 8 нөхцөл, хамтран ажиллах гэрээнээс гарахыг хориглосон болон хязгаарласан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн заалттай нийцээгүй. Өөрөөр хэлбэл, хүч хэрэглэж гэрээ байгуулсан гэж байгаа нь үндэслэлгүй.

Би өдөр болгон сургууль дээр очдог байсан. Цаашид программ хангамжийн сургалт явуулья гэсэн. Одоо хотын төвд, ашигтай байрлалтай газарт сургалтын үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой, хохироогүй. Тухайн үед бүх баримтыг нотариатчаар гэрчлүүлэх гэсэн боловч гэрчлээгүй. Гэрээ нь 45,000,000 төгрөгийн үнийн дүнтэй бөгөөд энэ талаар нотлох баримт байхгүй. Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр бус боловч би өөрийнхөө хийх ажлыг хийсэн. Хариуцагч хувьцааг худалдан авч өөр дээрээ 100 хувь шилжүүлж авсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх шийдвэртээ хууль баримтлалгүй орхигдуулсныг залруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-ид холбогдуулан сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 45,588,140 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. А- Б- нар 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ. /1хх 77-79/

 

Гэрээний 1.1 дэх хэсэгт Гэрээний талууд ерөнхий боловсролын Кодекс интернэшнл бага сургуулийг байгуулаад програмчлалын технологийн боловсролыг олгох үйл ажиллагаа явуулах чиглэлээр хамтран ажиллана гэж тохиролцож талууд энэ үйл ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх ажлаа хуваарилсан тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Софтвер инженерс ХХК байгуулагдсан, уг компанийн үүсгэн байгуулагчид нь А-, Б- нар болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Иймд уг компанийг байгуулснаар талуудын хооронд байгуулагдсан Сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагаа гэх нэртэй хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болно. Учир нь хамтран ажиллах гэрээгээр талууд хуулийн этгээд байгуулахгүй юм. Хамтран ажиллах гэрээг талууд дуусгавар болгосон тул уг гэрээний дагуу хэн аль нь үүрэг хүлээхгүй юм.

 

4.1. Улмаар А-, Б- нар 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, А- нь Софтвер инженерс ХХК-ийн өөрийн өмчлөлийн хувьцааны 50 ширхэг буюу 50 хувийн эрхийг Б-ийн өмчлөлд шилжүүлэх, Б- хувьцааны үнэд урьдчилгаа 1,000,000 төгрөгийг, 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 3,000,000 төгрөгийг, нийт 4,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Б- нь А-д 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн маргаагүй байна. Улмаар Б- Софтвер инженерс ХХК-ийн эцсийн өмчлөгч, уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээг хүч хэрэглэж хийсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

4.2. Энэ гэрээний 3.3 дэх хэсэгт Хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул төлөгдөөгүй төлбөр 3,000,000 төгрөгөөс алданги тооцож мөн зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хязгаарлавал хариуцагч нь нэхэмжлэгчид 1,500,000 төгрөг төлөхөөр байна.

 

5. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр тул компанийн эрх шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэнэ. Иймд анхан шатны шүүх холбогдох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зөв, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн сургалтын байгууллага үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагаа гэх нэртэй гэрээг талууд харилцан тохиролцож дуусгавар болгохдоо Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 480.4 дэх хэсэгт зааснаар биелэгдээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалт үйлдэж, талуудад хуваарилах эсхүл хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүрэгтэй холбоотой ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүрэг гүйцэтгэх талаар тохиролцоогүй байна.

 

Иймд хариуцагч нь хамтран ажиллах гэрээний үүргийг гүйцэтгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс хохирол шаардсан нь үндэслэлгүй болжээ. Иймд холбогдох сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэснийг залруулах нь зүйтэй гэж дүгнэнэ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00942 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4,... гэснийг ...243 дугаар зүйлийн 243.1, 480 дугаар зүйлийн 480.3, 480.4... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА