Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/01062

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, 0 гудамж, өөрийн байранд байрлах РД:000000, “Э” ХХК

       

Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамжны 0 дугаар байрны 0 тоотод оршин суух РД:ЧЛ00000000, С овогт Д-ын М

     

Хариуцагч 0 дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух РД:ЧИ00000000, И овогт Э-ийн Н-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, 4.668.927.766 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмгөөлөгч Д.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "У" ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Г.Ү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "Ж" ХХК, Д.М, хариуцагч Э.Нд холбогдуулан “Худалдах, худалдан гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, 4.668.927.766 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. 

 

           Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.

Иргэн Э.Н, Д.М нарын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн үйлчилгээний зориулалттай байр “Худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзаж, өнөөдрийн байдлаар барилгын үнэд төлсөн 3.743.531.000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд уг барилгыг худалдан авахад зориулж “Худалдаа, хөгжлийн” банкнаас авсан зээлийн хүүд төлсөн 925.396.766.21 төгрөг, нийт 4.668.927.766 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн үл хөдлөх хөрөнгийн төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг гаргуулахаар иргэн Э.Н нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн.

Дээрх хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд бид худалдан авсан барилгаа доголдолтой гэдгийг мэдээгүй байсан бөгөөд нэхэмжлэгч Э.Нд төлөх төлбөрийн үлдэгдэл байсан нь үнэн учир төлсөн төлбөрөө хасаж тооцуулах тайлбарыг шүүхэд өгсөн.

Шүүх дээрх тооцоог хасаад төлөгдөөгүй байгаа 756.469.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн учраас шийдвэрийг зөвшөөрч, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй.

Гэтэл хариуцагчаас 4.5 тэрбумаар худалдан авсан барилга, Барилгын тухай хууль, Барилгын норм дүрмийн “БНбад 40-02-05”-ын 15.112 дугаар заалтыг зөрчиж, бохир усны хамгаалалтын зурваст баригдаж үүний улмаас үүссэн хохирлыг барилгыг өмчлөгч өөрөө хариуцах нөхцөлтэй байсан.

Өөрөөр хэлбэл, учирсан хохирлоо төлүүлэх боломжгүй, төрөөс олгогдох нөхөх олговоргүйгээр шаардлагатай тохиолдолд хэдий ч буулгах, нураах, баталгаагүй барилга байна.

Энэ доголдлыг шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр "Ж" ХХК-ийн аж ахуйн албаны даргад Ус сувгийн удирдах газраас өгсөн актаар мэдсэн.

Иймээс барилгын доголдлыг хариуцагч анхнаасаа мэдэж байсан хирнээ хэлээгүй нуун дарагдуулан, хууран мэхэлж, Ус сувгийн удирдах газартай байгуулсан гэрээгээ үзүүлэхгүй хэлцэл хийж, барилгыг худалджээ.

Хэрвээ нэхэмжлэгч анхнаасаа доголдолтой байр гэдгийг мэдэж байсан бол худалдан авахгүй учраас гэрээнээс татгалзаж, хохирлоо гаргуулах нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Нэхэмжлэгч байгууллага маргаан бүхий эд хөрөнгийг 2014 оноос эхлээд түрээслээд 2017 онд худалдаж авсан.

Ингээд нийт 8 жил ашиглах хугацаанд ямар нэгэн доголдол гарч байгаагүй.

Тухайн барилгыг холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч барьсан.

2013 онд улсын комисс хүлээж авсан байдаг.

Нэхэмжлэгч талаас Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн бичгийг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Энэ бичиг хариуцагчид 2018 онд ирсэн байдаг.

Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээ 2017 онд буюу нэг жилийн өмнө хийгдсэн.

 Ийм байхад эд хөрөнгө доголдолтой байсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй.     

 Манайх доголдолгүй гэж үзэж байгаа. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шинжээч томилж дүгнэлт гарсан.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байна гэж тайлбарлаж байна.

Энэ талаар хуульд зохицуулж өгсөн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй гэж заасан.

Хариуцагчийн хувьд “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу эрхийн болон биет байдлын доголдолгүй барилга шилжүүлж өгсөн.

Харин нэхэмжлэгч гэрээний дагуу тохирсон төлбөрөө гүйцэт төлөөгүйгээр хариуцагч Э.Н хохирсон.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн нэхэмжлэгч Иргэний хуулийн хэдийн хэдээр шаардаж байгаа нь тодорхойгүй ба хурал эхлэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээнээс татгалзаж байна гэсэн бол нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж байна гэж хэлж байна.

Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.

Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн баримтыг нэхэмжлэгч үндэслэл болгоод хэдэн хэрэглэгч нарт хандаж засвар хийхэд саад учруулахгүй байх бололцоог хангана уу? гэсэн анхааруулга бичгийг баримтлан нэхэмжлэл гаргаж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Шинжээч нартай холбоотой асуудлаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч барилга байгаа газар очсон эсэх тодорхойгүй гэж тайлбарлаж байсан.

 Гэтэл шинжээч нар томилогдоод очих үед манай талаас би байсан.

Нөгөө талаас н.А төлөөлөгч байсан, шинжээч дүгнэлт гаргахдаа тухайн газар очсон гэдгийг нь хамт байлцсан хүний хувьд хэлэх нь зүйтэй байх.

Мөн өнөөдрийн хуралдааны явцад 300ф-ийн шугамаа тодорхойлж чадсангүй гэж үзэж байна.

Техник нөхцөл гэдэг дээр Ус сувгийн удирдах газрын н.Б гэдэг хүн гарын үсэг зурж зөвшөөрсөн байгаа.

Тэгсэн хирнээ одоо үгүй гээд маргаан үүсгэж байгаад харамсалтай байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

           Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "У" ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ус сувгийн удирдах газраас хамгаалалтын зурваст баригдсан газартай нэмэлт гэрээ байгуулаад явдаг. Хариуцагч худгийн амсраас хэмжилт хийсэн гэж яриад байна. Бид нар автомат хэмждэг багажаар хэмжилт хийгээгүй ч гэсэн очоод газар дээр нь үзээд, хэмжилт хийхэд, хамгаалалтын зурваст дотор болон мөн хуульд заасан 6 метр зайг зөрчсөн байсан.

Бид нар өмнө нь иргэн Э.Нтай гэрээ байгуулах үед ч тэр  хамгаалалтын зурвас зөрчсөн гэдгийг мэдэж байсан.

Манай байгууллага бүх хэрэглэгч нарт адилхан шаардлага тавьж явдаг.

Бохир усны хамгаалалтын зурвасаас хамгийн багадаа 6 метр байх ёстой гэснийг заалтыг зөрчсөн.

Хариуцагчийн яриад байгаа 300ф-гийн шугам гэдэг бол бохир ус зайлуулах шугам 150-300ф шугам байдаг.

Бид бохир усны шугамын тагыг нээж харахад 300ф шугам тавьсан байх.

Яагаад гэвэл, орчин тойрны орон сууц, барилгуудын бүгд нийлсэн шугам учраас 300ф-гийн шугам тавьсан гэж үзэж байна.

Шугам 150, 300ф байхдаа гол нь биш хамгаалалтын зурваст дотор байгаад  байгаа юм. Тэр хавийн айлын бүх бохир энэ шугамаар дамжиж байгаа, гэжээ.

 

           Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "У" ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Г.Ү-ийн тайлбарыг дэмжиж байна. Манайхыг мэргэжлийн байгууллага гэж байна.

          Ус сувгийн удирдах газрын чиг үүрэг нийслэлийн хүн амыг хэрэглээний цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үндсэн үүрэгтэй бөгөөд дүгнэлт гаргах эрхтэй байгууллага биш. Мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэлт гаргадаг байгаа, гэжээ.

 

          Хэрэгт цугларсан нотлох баримт:

 

          Нэхэмжлэгч нараас "Ж" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Мын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, "Ж" ХХК, Д.Маас М.Г-д олгосон “Итгэмжлэл”, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээ”, Э.Нд ирүүлсэн "У" ОНӨААТЗГ-ын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 00/0000 дугаартай Албан бичиг, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0000000 дугаартай Албан шаардлага, Ус сувгийн удирдах газар, иргэн Э.Нтай байгуулсан хэрэглэгчийн бүртгэлийн 000000 дугаартай, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”, “Цэвэр, бохир усны хамгаалалтын зурваст баригдсан 000000 кодтой Э.Нн гэрээнд тусгасан нэмэлт гэрээ”, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102/ГХ0000/00000 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 00000 дугаартай Тогтоол, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0/0000 дугаартай Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Албан бичиг, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00000/00 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай Тогтоол, "Ж" ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0000000 дугаартай Гэрчилгээ, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0000/000 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Гадна бохир усны системийг угсарсан сорилтоор шалгасан акт, “А” ХХК-ийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаартай Албан бичиг хавсралт зургийн хамт, “К” банк ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 27-нй өдрийн 00/000 дугаартай Албан бичиг

     

         Хариуцагчаас Ц.М-д олгосон “Итгэмжлэл”, хариуцагч Э.Н, өмгөөлөгч Ц.Ц- нарын хооронд байгуулсан “Хууль зүйн туслалцааны гэрээ”. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчийн тайлбар

          

          Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ0000/00000 дугаартай Шийдвэр мөн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШТ0000/00000 дугаартай Тогтоол, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Худалдаа хөгжлийн” банк ХХК-ийн 000/000 дугаартай шүүхэд ирүүлсэн “Тодорхойлолт”, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Улаанбаатар Ус сувгийн удирдах газрын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 00/0000 дугаартай Албан бичгийн хавсралт 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”, “Цэвэр, бохир усны хамгаалалтын зурваст баригдсан 000000 кодтой Э.Нн гэрээнд тусгасан нэмэлт гэрээ”, Гэрээ хийх өргөдлийн маягт хэрэглэгчийн нэр Э.Н, гэрч нарын мэдүүлэг, "Ч” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар, нотолгоо,           "Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, “Ж” ХХК-ийн судалгааны дүгнэлт, Монгол улсын барилгын норм дүрэм, гадна бохир усны системийн угсарсан, сорилтоор шалгасан акт, гадна бохир усны шугамын байгуулалт, Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт

 

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "У" ОНӨААТҮГ-ын хариу тайлбар, Г.Ү, Б.Э нарт олгосон “Итгэмжлэл”

 

          Шүүх Ус сувгийн удирдах газраас 000/00 дугаартай Техникийн нөхцөл, Архитектур төлөвлөлтийн даалгавар хавсралт зургийн хамт, Ус сувгийн удирдах газраас иргэн Э.Нд явуулсан Албан бичиг, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”, “Цэвэр, бохир усны хамгаалалтын зурваст баригдсан 000000 кодтой Э.Нн гэрээнд тусгасан нэмэлт гэрээ”, Гэрээ хийх өргөдлийн маягтыг өгчээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

   Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан талаар маргахгүй. Энэ хөрөнгө доголдолтой хөрөнгө байсныг Ус сувгийн газрын Албан бичиг манайд ирснээр мэдсэн. Хариуцагч доголдлоо мэдсээр байж нуун дарагдуулсан. Хэрвээ бид доголдолтой байр гэдгийг мэдсэн бол худалдан авахгүй байсан. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаад өгсөн мөнгө, хохирол болох хүүгийн хамт авъя гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Тухайн барилгыг холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч барьсан. Улсын комисс хүлээж авсан. Иймээс эд хөрөнгийг доголдолтой гэж үзэх үндэслэлгүй, нотлох баримтаар гаргаж өгсөн ” гэж маргаж байна.

 

         Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

        Анх нэхэмжлэгч Д.М, хариуцагч Э.Нтай 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрчилгээний 000гж талбарын  0000/0000 дугаартай, 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 5 жилийн хугацаатай, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, эрх шилжүүлэгч тал өөрийн эзэмшилд байгаа Баянгол дүүргийн 0 дугаар хороолол, 0 дугаар хороонд байрлах, 000 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай, газар эзэмших эрхийг, эрх шилжүүлэн авагчид 3.000.000 төгрөгөөр үнэлж шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ хийгдсэн болох нь талуудын тайлбар, баримтаар тогтоогдож байна.

 

       Мөн өдрөө “Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээ”-гээр иргэн Э.Н, Д.М нар Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, 0-ийн гудамжны 0 тоотод байршилтай, 2829 метр квадрат талбайд баригдсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 4.500.000.000 төгрөгөөр худалдахаар, төлбөрийн нөхцөлийг банкны 100 хувийн зээлээр төлөхөөр байгуулжээ.

 

       Дээрх газрыг эзэмших эрх "Ж" ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 00000 дугаартай гэрчилгээ олгогдсоноор нотлогдож байна.

 

       Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

        Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу талууд тэгш эрхийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн, хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.        

 

         Харин талууд “Худалдах, худалдан авах гэрээ”-ний талаар бус гэрээтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн доголдлын талаар маргаж байна.

      

       Худалдан авагч тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхтэй гэж Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт хуульчилжээ.

 

       Нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ус сувгийн удирдах газрын Албан шаардлагыг хүлээн аваад, тус шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Иргэний хэрэг үүсгэх” 102/ШЗ0000/00000 дугаартай Шүүгчийн захирамж гарснаар хуульд заасан хугацаанд шаардлагаа гаргасан байна.

 

       Дээрх гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан.

 

       Гэвч зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний үүргийг хэн аль биелүүлэх үүргийг шаардах эрхтэй.

       

        Нэхэмжлэгч нар “хариуцагч доголдолтой эд хөрөнгийг мэдсээр байж нуун дарагдуулж хэлээгүй, мэдэгдээгүй нь хэзээ нэгэн цагт магадгүй маргааш, нөгөөдөр, ирээдүйд гарч болзошгүй эрсдэлийг хүлээх нөхцөл бий болж байна” гэж мэтгэлцэж байгаа бөгөөд нэхэмжлэгч нарын өмчлөлдөө шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгө эрхийн доголдолтой, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасны дагуу худалдагч  үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагч Э.Нд ирүүлсэн Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТЗГ-ын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 00/0000 дугаартай “Бохир усны хамгаалалтын зурваст баригдсан барилгын тухай”  “...Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барилга төвийн Ф300 мм бохир усны хамгаалалтын зурваст баригдсан байгаа тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйл, БНбаД 40-02-05-ын 15.112 дугаар заалтуудыг зөрчиж, дээрхи шугам сүлжээн дээр гэнэтийн аваар, осол гарах, өдөр тутмын засвар үйлчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд онцгой үед тухайн барилга байгууламжийг чөлөөлөхөд саад учруулахгүй байхыг мэдэгдэж, шугам сүлжээний эвдрэл гэмтлээс шалтгаалан танай барилга байгууламжид ямар нэгэн хохирол учирсан тохиолдолд Ус сувгийн удирдах газар хариуцахгүй болно” гэсэн Албан бичиг, түүнтэй байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Нэмэлт гэрээ”,

 

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “ хуульд заасан хамгаалалтын зурвасын зайн хэмжээг зөрчсөн” гэх тайлбар,

 

        Гэрч Ж.Д, У.Д нарын “Манай байгууллага хамгаалалтын зурвасыг зөрчсөн барилгуудтай нэмэлт гэрээ хийдэг. Бохир усны шугамаас хааш хаашаа 6 метр зайд барилга байгууламж байхыг зөвшөөрдөг. Онцгой шаардлагатай үед барилгыг нурааж, засвар хийх шаардлагатай. Хамгаалалтын зурвасаас гадна талд барилга баригдах ёстой. Нураасан тохиолдолд хохирлыг хэн төлөх талаар гэрээний 2,3 дугаар заалтад заасан. Онцгой нөхцөл үүсэх, үүсэхгүйг бид мэдэхгүй. Энэ бол бохир усны шугам явж байгаа газар. Шугамын тэнхлэгээс 6 метр зайд байх ёстой боловч 1 метр зайд барилга баригдаж хууль зөрчсөн байна” гэх мэдүүлэг,

 

        Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 00000000 дугаартай Албан шаардлага, Ус сувгийн удирдах газар, иргэн Э.Нтай байгуулсан хэрэглэгчийн бүртгэлийн 000000 дугаартай, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”, “Цэвэр, бохир усны хамгаалалтын зурваст баригдсан 000000 кодтой Э.Нн гэрээнд тусгасан нэмэлт гэрээ”, “Үзлэгийн тэмдэглэл” зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

        Тэрээр хариуцагч Э.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий “Нэмэлт гэрээ”-г нэхэмжлэгчид өгөөгүй тухайгаа тайлбараараа илэрхийлж, эд хөрөнгө худалдсан төлбөрөөс 3.743.531.000 төгрөг авснаа зөвшөөрч, эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдсан байх тул 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Худалдаа хөгжлийн” банк ХХК-ийн 7-435/204 дугаартай шүүхэд ирүүлсэн “Тодорхойлолт”-оор "Ж" ХХК, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тус банканд зээлийн хүүд 925.396.766.21 төгрөг, нэхэмжлэгчид 3.743.531.000 төгрөг нийт 4.668.927.766 төгрөгийг төлсөн нь талуудын тайлбар, баримтаар нотлогдсон тул хариуцагчаас 4.668.927.766 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ0000/00000 дугаартай Шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд байгуулсан “Худалдах, худалдан гэрээ”-г мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл болохыг дүгнэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдсон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.573.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 23.503.350 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн        

           115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 256.1, 227 дугаар зүйлийн 227.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Нгаас 4.668.927.766 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Ж" ХХК, Д.Мад олгож, үлдсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.573.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 23.503.350 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

           3.Хариуцагч Э.Нгаас шинжээчийн зардал 2.192.500 төгрөгийг гаргуулж, Барилга хөгжлийн төвд олгосугай.

         

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.АРИУНАА