Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2022/00926

 

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00926

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/01062 дугаар шийдвэртэй, Э ХХК болон Д.М-ын нэхэмжлэлтэй Э.Н-д холбогдох Худалдах, худалдан гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, 4,668,927,766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр, хариуцагч Э.Н-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, А.Зүмбэрэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Иргэн Э.Н-, Д.М нарын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн үйлчилгээний зориулалттай байр Худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзаж, барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд уг барилгыг худалдан авахад зориулж Худалдаа хөгжлийн банк ХХК-аас авсан зээлийн хүүд төлсөн 925,396,766.21 төгрөг, нийт 4,668,927,766 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг гаргуулахаар иргэн Э.Н- нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хянан шийдвэрлэсэн бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэхэд бид худалдан авсан барилгаа доголдолтой гэдгийг мэдээгүй байсан, нэхэмжлэгч Э.Н-д төлөх төлбөрийн үлдэгдэл байсан нь үнэн учир төлсөн төлбөрөө хасаж тооцуулах тайлбар гаргасан. Шүүх дээрх тооцоог хасаад төлөгдөөгүй байгаа 756,469,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн учраас шийдвэрийг зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Гэтэл хариуцагчаас 4,5 тэрбумаар худалдан авсан барилга Барилгын тухай хууль, Барилгын норм дүрмийн БНбад 40-02-05-ын 15.112 дугаар заалтыг зөрчиж, бохир усны хамгаалалтын зурваст баригдаж үүний улмаас үүссэн хохирлыг барилгын өмчлөгч өөрөө хариуцах нөхцөлтэй байсан. Өөрөөр хэлбэл, учирсан хохирлоо төлүүлэх боломжгүй, төрөөс олгогдох нөхөх олговоргүйгээр шаардлагатай тохиолдолд хэдийд ч буулгах, нураах, баталгаагүй барилга байна. Энэ доголдлыг шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Э ХХК-ийн аж ахуйн албаны даргад Ус сувгийн удирдах газраас өгсөн актаар мэдсэн. Иймээс барилгын доголдлыг хариуцагч анхнаасаа мэдэж байсан хирнээ нуун дарагдуулж, хууран мэхэлж, Ус сувгийн удирдах газартай байгуулсан гэрээгээ үзүүлэхгүй хэлцэл хийж, барилгыг худалджээ. Хэрвээ нэхэмжлэгч анхнаасаа доголдолтой байр гэдгийг мэдэж байсан бол худалдан авахгүй учраас гэрээнээс татгалзаж, хохирлоо гаргуулах нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч байгууллага маргаан бүхий эд хөрөнгийг 2014 оноос эхлээд түрээслээд, 2017 онд худалдаж авсан. Ингээд нийт 8 жил ашиглах хугацаанд ямар нэгэн доголдол гарч байгаагүй. Тухайн барилгыг холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч барьсан бөгөөд 2013 онд улсын комисс хүлээж авсан байдаг. Нэхэмжлэгч талаас Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн бичгийг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Энэ бичиг хариуцагчид 2018 онд ирсэн байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээ 2017 онд буюу нэг жилийн өмнө хийгдсэн. Ийм байхад эд хөрөнгө доголдолтой байсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шинжээч томилж дүгнэлт гарсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй гэж заасан. Хариуцагчийн хувьд Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу эрхийн болон биет байдлын доголдолгүй барилга шилжүүлж өгсөн. Харин нэхэмжлэгч гэрээний дагуу тохирсон төлбөрөө гүйцэд төлөөгүйгээр хариуцагч Э.Н- хохирсон. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн баримтыг нэхэмжлэгч үндэслэл болгоод хэдэн хэрэглэгч нарт хандаж засвар хийхэд саад учруулахгүй байх бололцоог хангана уу гэсэн анхааруулга бичгийг баримтлан нэхэмжлэл гарган маргаж байгаа нь үндэслэлгүй. Шинжээч дүгнэлт гаргахдаа тухайн газар очсон гэдгийг нь хамт байлцсан хүний хувьд хэлэх нь зүйтэй. Мөн өнөөдрийн хуралдааны явцад 300ф-ийн шугамаа тодорхойлж чадсангүй гэж үзэж байна. Техник нөхцөл гэдэг дээр Ус сувгийн удирдах газрын н.Баатархуяг гэдэг хүн гарын үсэг зурж зөвшөөрсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын гаргасан тайлбарын агуулга: Ус сувгийн удирдах газраас хамгаалалтын зурваст баригдсан газартай нэмэлт гэрээ байгуулаад явдаг. Бид автомат хэмждэг багажаар хэмжилт хийгээгүй ч гэсэн газар дээр нь хэмжилт хийхэд хамгаалалтын зурвас дотор болон мөн хуульд заасан 6 метр зайг зөрчсөн байсан. Бид нар өмнө нь иргэн Э.Н-тай гэрээ байгуулах үед ч тэр хамгаалалтын зурвас зөрчсөн гэдгийг мэдэж байсан. Бохир усны хамгаалалтын зурвасаас хамгийн багадаа 6 метр байх ёстой гэснийг зөрчсөн. Шугам 150, 300ф байхдаа гол нь биш хамгаалалтын зурваст дотор байгаад байгаа юм. Тэр хавийн айлын бүх бохир энэ шугамаар дамжиж байгаа. Ус сувгийн удирдах газрын чиг үүрэг нийслэлийн хүн амыг хэрэглээний цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үндсэн үүрэгтэй бөгөөд дүгнэлт гаргах эрхтэй байгууллага биш. Мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэлт гаргадаг гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 256.1, 227 дугаар зүйлийн 227.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Н-гаас 4,668,927,766 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК, Д.Мад олгож, үлдсэн Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.573.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 23.503.350 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай. 3.Хариуцагч Э.Н-гаас шинжээчийн зардал 2.192.500 төгрөгийг гаргуулж, Барилга хөгжлийн төвд олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: БГД-ийн 5-р хороо, 10-р хороолол, ++ тоот хаягт байршилтай 2829 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг холбогдох эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч бариулсан бөгөөд улсын комисс 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр акт үйлдэн ашиглалтад оруулсан. Барилга бариулах болон улсын комисс дотор УСУГ-ын эрх бүхий албан тушаалтнууд оролцож, зөвшөөрөл олгон гарын үсэг зурсан байна. Э ХХК нь барилгыг ашиглалтад оруулсан үе болох 2013 оноос түрээсэлж, эмнэлгийн үйл ажиллагаа явуулсан ба 2017 онд худалдаж авсан. Барилгад ямар нэг доголдол, гомдол гараагүй, гарах ч үндэслэл байхгүй. Талууд барилгатай холбоотой бүх нөхцөл байдлуудыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгө болон дотор нь байсан хөдлөх хөрөнгүүдийг хүлээлгэн өгч, Э.Н- гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу үлдэгдэл мөнгөө төлөөгүй тул шүүхэд хандаж, №102/ШШ2018/03630 дугаартай шүүхийн шийдвэрээр Э ХХК-аас 756,469,000 төгрөг гаргуулж Э.Н-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр биелүүлэхгүй, хугацаа авахын тулд Э ХХК, Д.М нар Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, өөрсдийн Худалдаа хөгжлийн банкнаас зээлсэн мөнгө, хүүгийн хамт 4,6 тэрбум төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. ИХШХШтХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаас үзэхэд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгохоор байна.

Э.Н-н худалдсан барилга нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дахь хэсэгт зааснаар хэмжээ, чанарын хувьд доголдолгүй нь барилгын зураг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, улсын комиссын акт, шинжээч нарын дүгнэлтүүд, нэхэмжлэгч нарын 9 жилийн хугацааны ашиглалтаар нотлогдоно. Э.Н- үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлж байхдаа барилгын зураг, улсын комиссын акт, ажлын зураг, ашиглалтын гэрээнүүд болон бүх баримт, үнэн зөв мэдээллийг нэхэмжлэгчид өгсөн. Худалдан авагч нар 9 жилийн турш барилгыг эзэмшил, өмчлөлдөө байлгахдаа усны тоолуурын заалтыг сар бүр мэдээлэх, цэвэр ус, хэрэглээнээс гарсан бохир усны хэмжээг тогтоох зэргээр хангагч, хэрэглэгчийн хувьд байнга харилцаатай ажиллаж байгаа бөгөөд барилгын талаар ямар нэг гомдол гараагүй. Шүүх Э.Н-н худалдсан үл хөдлөх хөрөнгийг эрхийн доголдолтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Э.Н- нь үл хөдлөх хөрөнгийг худалдсан нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироогоогүй.

Шүүх Ус сувгийн удирдах газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 47 хэрэглэгчид бохир усны хамгаалалтын зурваст баригдсан барилгын тухай тараасан 12/2787 бичгийг нотлох баримтаар үнэлжээ. Ф300 мм бохир усны шугам барилгын орчим байхгүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. УСУГ-аас асуухад хаана байгааг зааж чадаагүй. УСУГ-ын мэдлийн бохир ус татан зайлуулах шугам нь барилгаас 6,5 м зайд байгаа нь барилгыг бариулахдаа авсан УСУГ-ын зөвшөөрөл, шинжээчийн дүгнэлт, үзлэгийн тэмдэглэл, бохир усны шугамын зургуудаар нотлогдсон. Барилгатай 3 метр зайтай өнгөрч байгаа шугам нь бохир ус татан зайлуулах шугам биш, бохир ус цуглуулах шугам гэдэг нь 2010 оны 12 дугаар сарын 15-нд анх барилга барих зөвшөөрөл, УСУГ-ын баталсан №206/12 дугаартай техникийн нөхцөлөөр тогтоогдоно. Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд /БНбД 40.02.06/ зааснаар суумтгай хөрстэй бол 3 метрээс зайтай байх шаардлагатай. Барилга барьсан хөрс элсээр чигжигдсэн сайр, сайрган хөрстэй тул стандартын дагуу баригдсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Бохирын ус цуглуулах шугам нь УСУГ-ынх биш, Ашид ундрах СӨХ-ны өмчлөлийн шугам учраас засвар, үйлчилгээг УСУГ хариуцахгүй. Мөн барилгыг барьж байхад Ашид Ундрах ХХК-аас 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр БГД-ийн 5-р хороонд байрлах Э.Н-н оффисын барилгын ариутгах татуургын шугамыг 2-р байрны шугаманд холбоход татгалзах зүйлгүй гэж УСУГ-т албан бичиг ирүүлж байсан. Мөн УСУГ-ын дэд дарга Баатархуяг тухайн барилгын гадна бохир усны шугамын 3 байгуулалт, техникийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн.

БНбаД 40-02-05 нь хууль ёсны дагуу хүчин төгөлдөр болж гарч байгаагүй, Барилгын норм, дүрмийн тогтолцоонд байхгүй юм. ХСУХАТАтХ-ийн 11-р зүйл нь 5-н заалттай бөгөөд Э.Н-г аль хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тухай УСУГ-аас асуухад тодорхой тайлбар хэлээгүй. Э.Н- барилга бариулахдаа хуулийн 11-р зүйлийг хэрэгжүүлж, техникийн нөхцөлийг батлуулсан. Иймд УСУГ-ын бичиг нь хуулийн болон бодит үндэслэлгүй нь шүүх хурал дээр тогтоогдсон байхад нотлох баримтаар иш татан барилгыг эрхийн доголдолтой гэж дүгнэсэн нь ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

Мөн шүүхийн шийдвэрт гэрч Ж.Д, У.Д нарын бохир 1 усны шугамаас хааш хаашаа 6 метр зайд барилга байгууламж байхыг зөвшөөрдөг. Онцгой шаардлагатай үед барилгыг нурааж, засвар хийх шаардлагатай. Хамгаалалтын зурвасаас гадна талд баригдах ёстой. Нураасан тохиолдолд хохирлыг хэн төлөх талаар гэрээний 2,3 дугаар заалтад заасан. Онцгой нөхцөл үүсэх, үүсэхгүйг бид мэдэхгүй. Энэ бол бохир усны шугам явж байгаа газар. Шугамын тэнхлэгээс 6 метр зайд байх ёстой боловч 1 метр зайд барилга баригдаж хууль зөрсөн байна гэх мэдүүлгийг иш татжээ. Эдгээр хүмүүс шүүх хуралд оролцоогүй. 6 метр зай нь ХСУХАТАтХ-ийн 17 дугаар зүйлийн 17.14-т зааснаар бохир усны татан зайлуулах шугаманд тавигддаг шаардлага юм. Э.Н-н бариулсан барилга нь бохир ус татан зайлуулах шугамаас 6,5 м зайд байгаа нь шинжээчдийн дүгнэлт, үзлэгийн тэмдэглэлээр батлагдсан. Шинжээч нар ФЗОО-ийн шугам биш, Ф200-ийн шугам гэж, барилгаас шугам хүртэлх зай хамгийн ойртох зай нь 3,1 метр байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм (БН6Д:30.01.04)-д заагдсан Өөрийн урсацтай ариутгах татуургын шугам хоолойноос барилга байгууламжийн суурь хүртэл 3 метр зайтай байна гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. ХСУХАТАтХ-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8 бохир усны гаргалгааны шугам гэж хэрэглэгчийн сантехникийн хэрэгслээс барилгын гадна талын эхний худаг хүртэлх шугам сүлжээг, 3.1.9 бохир ус цуглуулах шугам гэж барилгын гадна талын эхний худгаас бохир ус татан зайлуулах шугамд холбогдож байгаа худаг хүртэлх шугам сүлжээг, 3.1.10 бохир ус татан зайлуулах шугам гэж бохир ус цуглуулах шугамд холбогдож байгаа эхний худгаас бохир ус цэвэрлэх байгууламжийн хүлээн авах сан хүртэлх шугам сүлжээг гэж заасан. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалттай зөрчилдөж байна.

Мөн шүүхийн шийдвэрт ...эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдсан гэжээ. Э.Н- нь анхан шатны шүүх хуралд оролцоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар өгч байгаагүй учраас шүүгчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүгчийн дүгнэлтийг уншихад Э.Н- нэмэлт гэрээг өгөөгүй учраас барилга доголдолтой гэж, 3.7 тэрбум төгрөг худалдан авагч нараас авсан юм шиг агуулгаар бичжээ. Энэ бол зориудаар нэхэмжлэгч нарын 756,4 сая төгрөгийг Э.Н-д төлөхгүй байх гэсэн хүсэл зоригийг илэрхийлж байгаа дүгнэлт юм. Нэхэмжлэгч нар уг мөнгийг төлөхгүй байх, төлсөн тохиолдолд хугацаа хожихын тулд энэхүү нэхэмжлэлийг гаргасан тухай анхан шатны шүүх хурал дээр тодорхой яригдсан. Мөн урьд гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад нэхэмжлэлийг хүлээж авснаа шүүх хүлээн зөвшөөрсөн.

Шүүх Э ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийг хүүгийн хамт 4,6 тэрбум төгрөгийг Э.Н-гаар төлүүлэхээр шийдвэрлэхдээ түүнийг мэдээлэл өгөөгүй гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дугаар заалтыг хэрэглэжээ. Э.Н- барилга ашиглалттай холбоотой бүх мэдээллийг худалдан авагч талд хүлээлгэж өгсөн. Тэрхүү мэдээллүүдийг нэхэмжлэгч тал ашиглаад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаагаар нотлогдоно. Нэхэмжлэл болон хурал дээр гэрээ цуцлахтай холбоотой асуудал яригдаагүй учраас Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалт нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгах зохицуулалт бөгөөд талуудын аль нэг нь гэрээнээс татгалзаагүй, гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэр тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Э ХХК, иргэн Д.М нар нь хариуцагч Э.Н-д холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Д.М, Э.Н- нарын хооронд байгуулагдсан үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 3,743,531,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 925,396,766 төгрөг, нийт 4,668,927,766 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, дээрх гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн 3,743,531,000 төгрөг, хохиролд 925,396,766 төгрөг гаргуулж, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилгуулахаар шаардсан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. /1хх 164, 165, 231-235, 2хх10, 11, 148-151/

 

3а. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлсайхан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгө доголдолтой байсныг Ус сувгийн удирдах газраас албан бичиг ирснээр мэдсэн, хариуцагч доголдлоо мэдсээр байж нуун дарагдуулсан, доголдолтой гэдгийг мэдсэн бол худалдан авахгүй байсан, гэрээнээс татгалзаж өгсөн мөнгөө хохирлын хамт гаргуулна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ...тухайн барилгыг холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч барьсан, улсын комисс хүлээн авсан тул доголдолтой гэж үзэхгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

3б. Хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгч Д.М, хариуцагч Э.Н- нар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх, үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулж, БГД-ийн 10 хороолол, 5 дугаар хороонд байрлах, 837 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг шилжүүлэх, БГД-ийн 10 хороолол, 5 дугаар хороо, ЭТӨҮ гудамжны ++тоотод байршилтай, 2829 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг 4,500,000,000 төгрөгөөр худалдах, төлбөрийн нөхцөлийг банкны 100 хувийн зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн худалдан авагч нь үйлчилгээний зориулалттай байрыг, худалдагч нь төлбөрт 3,743,531,000 төгрөгийг тус тус хүлээн авсан гэх байдал харагдаж байна.

 

Харин 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний тал биш Э ХХК нь гэрээнээс татгалзах, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр буюу хоёр нэхэмжлэгчийн хэн нь хариуцагчаас хэдэн төгрөг шаардаж байгаа нь ойлгомжгүй, тус компанийн Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн хүү 925,396,766.21 төгрөг гаргуулах нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад шүүх тодруулаагүй, мөн мэтгэлцүүлэх талаар өмнө нь тус шүүхийн магадлалд тусгасан ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай худалдсан үл хөдлөх эд хөрөнгө чанарын доголдолтой байсан эсэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, талуудаас ирүүлсэн зарим нотлох баримт нь зөрүүтэй мэдээлэл агуулсан байхад хэргийг шийдвэрлэсэн байна.

 

4а. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас хариуцагч Э.Н-д ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12/2787 тоот албан бичиг, Э ХХК-д ирүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн албан шаардлагаас үзэхэд барилга нь төвийн Ф300 мм бохир усны хамгаалалтын зурваст баригдсан, дээрх шугам сүлжээгээр гэнэтийн аваар осол гарах, өдөр тутмын засвар үйлчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлэх, онцгой үед тухайн барилга, байгууламжийг чөлөөлөхөд саад учруулахгүй байх талаар мэдэгдсэн байна. /1хх10, 11, 226/

 

Мөн Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /нэмэлт заалт/-ний хангагч талын хувьд Улаанбаатар ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, ...уг барилга нь хот, суурины ус хангамж, ариутгах татуурга, ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх хэсэгт Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш 6 м-ээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, шугамыг хамгаалалтын зурваст байдаг гэсэн тайлбар гаргажээ. /2хх 106/

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын шинжээчийн дүгнэлтээр ...Барилгын шугам хүртэлх зай нь 3.1 м байна. Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БН ба Д 30,01,04/-д заасан өөрийн урсацтай ариутгах татуургын шугам хоолойноос барилга байгууламжийн суурь хүртэл 3 метр зайтай байна гэсэн заалтыг зөрчөөгүй, хамгаалалтын зурваст ороогүй байна /2хх83, 84/ гэж, шинжээч Шинжлэх ухаан технологийн их сургууль нь бохир усны шугам байрлах хэсгийг ухах, шугам хоолойн байрлалыг тодорхойлох боломжгүй талаар дүгнэлт /2хх-59/ гаргажээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч Л.О, Ж.М нар мэдээллийн санд байсан зургаас хэмжилт хийхэд бохирын шугам барилгын сууринаас 3.1 м байсан, бодит байдал дээр хэмжих боломжгүй байсан гэж тайлбарласан байна. /2хх152, 153/

 

Дээр дурьдсан маргааны үйл баримтын талаарх зөрүүтэй нотлох баримтыг үндэслэн үйлчилгээний барилгыг чанарын доголдолтой байсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй. Түүнчлэн мэдээллийн сан дахь зургаас хэмжилт хийж дүгнэлт гаргасан нь шинжээчийн дүгнэлтийг бодитой, үнэн зөв гарсан гэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/01062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,513,551 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН