Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/01082

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамжны “0” төвийн 0 тоотод байрлах РД:000000, “Ж0г” ХХК

 

Хариуцагч 0 дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух РД:ЙЮ00000000, Ц овогт Ж-ны М-д холбогдох

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн биелэлтэд 18.730.000 төгрөг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 25.297.700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад 

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

Хариуцагчийн өмгөөлөгч С.Я

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК, хариуцагч Ж.Мд холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 15.130.000 төгрөг гаргуулах, хариуцагч 25.297.700 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

         Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

         Нэхэмжлэлээ дэмжиж байна. Уг шаардлагын үндэслэл нэхэмжлэгч “Ж” ХХК, хариуцагч Ж.Мтай 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр  “М”  хотхоны  амины орон сууцыг “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан.

        Гэрээгээр  захиалагчийн зөвшөөрсөн зураг төслийн дагуу 60  метр квадрат талбайтай, 6 өрөө, 2 давхар амины орон сууцыг нийт 1 метр квадратыг 700.000 төгрөгөөр тооцоод 42.000.000 төгрөг, дулаан  авто машины зогсоолыг 8.000.000 төгрөгөөр тооцоод нийт 50.000.000 төгрөгийн гэрээгээр амины орон сууц болон авто машины зогсоол хийж өгөхөөр тохиролцсон.

        Нэхэмжлэгчийн хувьд уг орон сууцыг зохих журам, стандартын дагуу ашиглалтад оруулаад 2019 оны 01 дүгээр сард  Ж.Мд  хүлээлгэн өгсөн.

           2019 оны 01 дүгээр сараас хойш хариуцагч амины орон сууцад амьдарч эхэлсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сард 4, 5 зүйлсийг тусгаж өгсний дагуу хүлээж авсан акт үйлдсэн.

           Гэвч Ж.М 2019 оны 01 дүгээр сараас эхлээд амины орон  сууцад амьдарч эхэлсэн байдаг.

           "Ж” ХХК гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 10.000.000 төгрөгийг Ж.Мтай  удаа дараа уулзаж, шаардсан боловч удахгүй өгнө гэж тайлбар хэлээд өнөөдрийг хүртэл гэрээний үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөгийг хүлээлгэж өгөөгүй байна.

            Иймд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Амины орон сууц худалдах, худалдсан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөг, орон сууц хүлээж авсан өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэлх хугацаа 826 өдөр байна.

            Гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу алданги авах эрхтэй учир 5.000.000 төгрөгийн 0.5 хувийн алданги 5000 төгрөг гэж тооцож 826 хоногт үржүүлэхэд алданги 4.130.000 төгрөг болж байна.

           “М” хотхон 40 оршин суугчтай, 40 ширхэг амины орон сууцтай.

            Уг оршин суугч нарын нэг Ж.М юм.

            Мөн бусад оршин суугчид ч гэсэн төлбөрөө зарим нь бүрэн төлсөн, зарим нь бүрэн төлөөгүй.

            Үүнээс шалтгаалж амины орон сууцыг үргэлжлүүлэн барихад эдийн засгийн хувьд хямрал үүсэж зээл авах болсон.

            Иймд банк бус санхүүгийн байгууллагаас 40.000.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай зээлсэн.

            Ж.Мд 40.000.000 төгрөгт бус гэрээний үлдэгдэл төлбөр болох 10.000.000 төгрөгт ногдуулж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

           Уг зээлийн гэрээг н.Б гэх хүн байгуулсан бөгөөд манай талаас нотлох баримтаар өгсөн гэрчилгээний хойно тухайн үед тус компани захирал  н.Б гэдэг хүн байсан гэдэг нь харагдана.

          Өөрөөр хэлбэл, Ц.Б банк бус санхүүгийн байгууллагаас 40.000.000 төгрөгийн зээлийг зээлсэн.

          Энэхүү зээл эргэлтийн хөрөнгийн зээл ба эргэн олддоггүй, аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахын тулд энэ зээлийг авдаг.

          Тухайн зээлийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн.

          Иймээс хариуцагчаас хохиролд 10.000.000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй тооцоход 3.600.000 төгрөгийг шаардаж нийт  25.297.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн танайх хугацаандаа байрыг ашиглалтад оруулаагүй учраас анхааруулах зорилгоор гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй гэж тайлбарлаж байна.

       Энэхүү тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагч 17.500.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ний өдөр төлөх ёстой байсан.

         Ж.М 2017 оны  05 дугаар сарын 17-ний өдөр 10.000.000 төгрөгийг 2 хоногоор хэтрүүлж, дараагийн төлбөрийг 2018 оны 08 дугаар сард буюу бүтэн жилийн дараа 7.500.000 төгрөгийг төлсөн.

          Захиалагч гэрээний хавсралтад заасны дагуу төлбөрөө төлөөгүй, жил гаруй хугацаа хэтрүүлэн төлсөн.

          Хариуцагч бүтэн жил байр түрээсэлсэн гэж тайлбарлаж байна. Хавтас хэрэгт Ц.Б, н.З-той нарын байгуулсан түрээсийн гэрээний баталгаа нотлох баримтаар авагдсан байна.

         Түрээсийн гэрээ нотариатаар батлагдаж, Улсын бүртгэлд бүртгэгдэж байж хүчин төгөлдөр болдог.

          Уг гэрээ тодорхойгүй, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлээгүй гараар бичсэн байна.

          Түрээсийн гэрээний дагуу сар бүр 4.000.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч 4.000.000 төгрөг төлсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

          “Ж” ХХК-ийн хотхон буюу амины орон сууц барьсан.

           Үл хөдлөх эд хөрөнгийн газраас орон сууцны гэрчилгээг гаргуулахын тулд ганц, хоёр айлын баримт бичгийг бүрдүүлж, гэрчилгээ гаргах боломжгүй.

           Иймд манай компани нийт оршин суугч нарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахын тулд Үл хөдлөх, эд хөрөнгийн газарт өр төлбөргүй гэх баримт үйлдэж өгсөн.

           Хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ  “Ж” ХХК-д байгаа бөгөөд бидний зүгээс хариуцагч үлдэгдэл төлбөрөө төлөөд гэрчилгээгээ авч болно гэж мэдэгдсэн.

           Иймээс нэхэмжлэлийн хангаж өгнө үү, гэжээ.

 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Ж” ХХК-тай 2017 онд гэрээ байгуулж, 2017 оны 11 дүгээр  сард барилгыг ашиглалтад оруулж хүлээн авахаар тохиролцож, хуваарийн дагуу төлбөрөө төлөөд явж байсан.

          Гэрээнд заасан хуваарийн дагуу гэрээ байгуулахад 5.000.000 төгрөг, газар шорооны ажил эхлэхэд 17.500.000 төгрөг, барилгын дотор заслын ажилд эхлэхэд 17.500.000 төгрөг төлнө гэж заасан.

          2017 оны 08 дугаар сард төлбөрөө төлөх гэтэл дотоод засал хийж байх хугацаа болсон байсан боловч байшингийн суурь хийгдсэн, карказ баригдаагүй байсан учир 17.500.000 төгрөгнөөс 10.000.000 төгрөгийг төлж, хугацаа хожимдуул байна шүү гэж анхааруулсан.

           Ингээд 2017 оны 11 дүгээр сарын үед ашиглалтад орох болоогүй, карказ  баригдаад гадна тал хийгдсэн байдалтай байсан.

           2017 оны 11 дүгээр сард манай эхнэр төрөх болж бид агаартай газар, шинэ байрандаа амьдарна гэж төлөвлөж, өөрсдийн амьдарч байсан байраа хүнд түрээслэхээр гэрээ хийсэн.

          Захиалсан байр гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй учраас бид “0”-ын зуслан гэх газарт гэр бүлээрээ амины орон сууцыг түрээсэлж амьдарсан.

          2018 онд байр ашиглалтад ороогүй. 2019 он гартал бид бүтэн жил байр түрээсэлж амьдарсан.

          Иймд бид нэхэмжлэгчид танай хариуцлагагүй байдлаас болоод бид түрээсийн зардал, чирэгдэл гарч байна гэж шаардлага тавьсан.

           Тэгэхэд н.Д захирал өөрсдийнхөө бурууг ойлгож байсан учраас “Манайх үнэхээр амжихгүй байна. Угаалгын өрөө, шат, халаалтыг та өөрийн зардлаараа зохицуулаад байрандаа орж болно. Дараа нь гарсан зардлын тооцоогоо хийе” гэж хэлсэн тул бид байрандаа нүүж орсон.

           Байранд амьдарч эхлэхэд цэвэр, бохир устай холбогдоогүй, хаврын улиралд цас хайлж дээврээс дусаал гоождог, ханын обой хууларч, цахилгааны утас руу дусаал гоожиж асуудал үүссэн.

            Иймд бид төмөр дээвэр хийлгэж асуудлыг шийдвэрлээ гэж нэхэмжлэгчид хэлэхэд “бид санхүүгийн боломжгүй байгаа учир та нар дээврийн төмрийг аваад өг, бид дараа нь тооцоо дээр дуусгая” гэж н.Д захиралтай тохиролцсон.

            2019 оны 01 дүгээр сард байрандаа нүүж ороход үүдний өрөө, 1 давхрын ариун цэврийн өрөөнд паар тавигдаагүй, маш хүйтэн байсан учраас бид эдгээр өрөөнүүдэд өөрийн зардлаар нэмэлт паар тавьсан.

             Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн хийх ёстой ажлыг би өөрийн зардлаар хийсэн.

             Нэхэмжлэгч гэрээнд заасан байрыг хүлээлгэж өгөх хугацаа болох 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 22 сарын дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байрыг хүлээлгэж өгсөн.

            Иймд н.Д захиралд гэрээнд заасан хугацаанд байрыг хүлээлгэж өгөөгүй учраас бид алданги, нэмэлт зардлыг тооцоолж 20.000.000 гаруй төгрөгийг нэхэмжлэхээр болж байна шүү гэхэд “танайх 10.000.000 төгрөг төлөөгүй, ажил хийсэн бидэнд алдаа оноо байлгүй яахав. Хэн хэнээсээ мөнгө нэхэхгүйгээр тохиролцъё” гэж хэлсэн.

           2020 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарснаас хойш оршин суугчид СӨХ байгуулж, асуудлууд үүссэн.

          Би СӨХ-ны дарга учраас нэхэмжлэгчид дээр дурдсан шаардлагыг тавихад одоо болтол биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн захирал надад хувийн өстөн мэт хандаж, миний байрны гэрчилгээг өгөхгүй чирэгдэл учруулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

          Мөн 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдөр төлбөрөө төлөх үед зөвхөн суурийн ажил хийгдэж байсан.

          Нэгдүгээр төлбөрийг гэрээний дагуу төлсөн, хоёрдугаар төлбөрийг барилгын ажлыг эхлэхэд хугацаанд нь бүрэн төлсөн.

          Гурав дахь төлбөрийг дотоод заслын ажил эхлэхэд төлөхөөр гэрээнд заасан боловч дотоод заслын ажил эхлээгүй байсан тул төлбөрийг бүрэн төлөөгүй.

          2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр очиж үзэхэд барилгын дотоод засал бэлэн болсон байсан учраас үлдэгдэл 7.500.000 төгрөгийг төлж, ондоо багтаж байрандаа орно гэж тооцсон ч ашиглалтад ороогүй.

           Байр ашиглалтад ороогүй, бүрэн хүлээж авсан акт үйлдэгдээгүй учраас  бид үлдэгдэл 10.000.000 төгрөг төлөхгүй яваад байсан.

           2019 онд бидний санхүүгийн байдал хүндэрч зайлшгүй уг байранд орж амьдрах шаардлагатай болсноор дутуу зүйлтэй байранд орсон тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

     

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

          “Ж” ХХК-тай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 2.6 дахь хэсэгт зааснаар гэрээний үнийн дүн 50.000.000 төгрөгт байрыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй 685 хоногт өнгөрсөн тул алдангийг 0.5 хувиар тооцож, 17.125.000 төгрөгийн алдангид гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Мөн байрыг ашиглалтад оруулахын тулд гүйцэтгэгчийн хийх ёстой байсан зүйлсийг бид өөрсдийн зардлаар буюу 2.772.700 төгрөгийг зарцуулж гүйцээж хийсэн.

            Үүнд:

             Угаалгын өрөөний ван 1 ширхэг, нойлын суултуур 2 ширхэг, хөлтэй шаазан тосгуур, шатны дрож 7 метр квадрат нь 300.000 төгрөг, алчуур хатаагч 100.000 төгрөг, үүдний өрөөний халаалтын паар 100.000 төгрөг, алчуур хатаагч халаагч паар, үүдний өрөөний халаалтын паар хоёрыг холбох шугам 120.000 төгрөг, нойлын өрөөний гэрэл 2 ширхэг 30.000 төгрөг, ванны холигч шүршүүр 1 ширхэг, угаалтуурын холигч 2 ширхэг нийт 170.000 төгрөг, дээврийг нэмж төмөрлөсөн зардалд 1.252.700 төгрөг буюу 2.772.700 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байна.

            Байр гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй учраас тухайн хугацаанд амины орон сууц түрээсэлж байсан түрээсийн зардалд 5.400.000 төгрөг буюу нийт 25.297.700 төгрөгийг сөрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

          Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнг төлөх боломжгүй.

        Хавтаст хэргийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хойш 4 дүгээр талд авагдсан баримт байгаа энэ баримт өөрөө хийгдсэн баримт боловч хүлээн авагч нь тодорхойгүй  яг хэн хүлээж авсан бэ? гэх нь тодорхойгүй гарын үсэг зурагдаагүй, байгууллагын нэр бичигдээгүй, тухайн зарлагын баримт дээр дурдсан хүлээн авсан өгсөн нэг гарын үсэг байдаггүй.

           Хавтаст хэргийн 5 дугаар талд 58.400 төгрөгийн баримт байна. Энэ баримтыг хувьд гэсэн адилхан байдаг.

          Хавтаст хэргийн 6 дугаар талд 142.000 төгрөгийн баримт дээр хариуцагч болон түүний гарын үсэг байхгүй хүлээлгэн өгсөн гарын үсэг байдаггүй.

          Зарлагын баримтуудын хувьд үүрэг хүлээлгэж өгсөн, авсан гарын үсэг байхгүй.

          Зарлагын баримтын дагуу худалдаж авсан гэдэг дээр эргэлзээтэй.

          Үнэхээр худалдан авсан бол нэхэмжлэлийн шаардлага дээр дурдагдаад байгаа амины орон сууцад эдгээр зүйлсийг хийсэн үгүй гэдгээ нотлох  үүрэгтэй.

           Өөр газар байр түрээсэлж байсан мөн өөрийнхөө байрыг түрээслүүлсэн гэж баримтуудыг гаргаж өгсөн.

            Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан суултуур шалны хэрэгслийг амины орон сууцанд хийсэн юмуу аль эсвэл түрээсэлж байгаа байрандаа хийсэн юмуу гэдэг нь тодорхойгүй нотлогдохгүй байна гэж үзэж байна.

             Дансны хуулгаас үзэхэд 16 айл дээврийн мөнгөө шилжүүлсэн.

             Байр хугацаандаа ашиглалтад ороогүй улмаас бүтэн жил байр түрээсэлсэн гэж тайлбарладаг боловч түрээсийн гэрээний хувьд Ц.Б өөрөө н.З гэдэг хүнтэй түрээсийн гэрээний баталгааг гараар бичээд өгсөн, түрээсийн үл хөдлөх хөрөнгийн газар бүртгэлт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог.

             Гэтэл үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлээгүй байна.

            Сар бүр түрээсэнд 600.000 төгрөг нийт 5.400.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч төлбөрийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн гэдэг баримт байхгүй тул түрээсийн гэрээнд шаардсан 5.400.000 төгрөгийг зөвшөөрөхгүй.

            Зарлагын баримтууд мөн шаардлага хангахгүй байна.

            Төлбөр төлсөн хуваариас харахад эхний 5.000.000 төгрөгийг хариуцагч хугацаандаа төлсөн, хоёр дахь төлбөр 17.500.000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй, 17.500.000 төгрөгийг бүтэн жил хойшлуулж төлсөн.

            Сүүлийн 10.000.000 төгрөгийг төлөөгүй. Хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас хариуцагч алданги нэхэмжилж шаардах эрхгүй гэж үзэж байна.

             Гэрээний алданги талуудын гүйцэтгээгүй үнийн дүнгээс тооцно гэж заасан байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар алданги тооцох эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

            Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт:

          

           Нэхэмжлэгчээс Б.М олгосон “Итгэмжлэл”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Ж” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрэм,  2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 0000 дугаартай “Ж” ХХК, иргэн Ж.Мтай “М” хотхоны “Амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлөх хуваарь, нэхэмжлэх, шаардлагатай засварын ажил ба түүнийг гүйцэтгэн хүлээлгэж өгсөн акт, Ш.Дын “Хаан” банкны дансны хуулга, “Ж” ХХК-ийн “Голомт” банкны дансны хуулга, “Ф” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай “Зээлийн гэрээ”, зээл төлөлтийн хуваарь, Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Тодорхойлолт, мэдүүлэг, Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Тодорхойлолт, мэдүүлэг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ

 

 Хариуцагчаас Ц.Бт олгосон “Итгэмжлэл”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариу тайлбар, Ц.Бын иргэний цахим үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, түрээсийн гэрээний баталгаа, гэр бүлийн гэрэл зурагнууд, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2020/08/10 дугаартай Түрээсийн гэрээ, Ц.Б, Ж.М нарын “Хаан” банкны дансны хуулга, зарлагын падаанууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгөчийн Ц.Бын өмгөөлөгч С.Я-тай байгуулсан “Хууль зүйн туслалцааны гэрээ”, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Түрээсийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

          1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлийн шаардах эрхийн талаараа “хариуцагч гэрээнд заасны дагуу байрандаа орсон тул төлбөрийн төлөх үүргээ биелүүлэх нь зүйтэй” гэж тодорхойлж байна.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б ”байрны үнэ 50.000.000 төгрөгнөөс 40.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Нэхэмжлэгч компани гэрээнд заасан байрыг бүрэн хүлээлгэж өгөөгүй. Сан, паар, угаалтуур, халаалт зэрэг дутуу засалтай доголдолтой орон сууц өгсөн учраас үлдэгдэл мөнгийг төлөөгүй байсан. Байраа хугацаандаа бариагүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа илэрхийлж байна.

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

           2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 05-12/2017 дугаартай “Ж” ХХК, иргэн Ж.Мтай “М” хотхоны “Амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, 0 дүүргийн 0 дугаар хороонд байрлах “М” хотхоны амины орон сууцнаас 60 метр квадрат талбайтай, 1 метр квадрат талбайн үнийг 700.000 төгрөгт тооцож, Канад технологийн дулаалгатай, ган төмөр карказтай, барилгын үндсэн суурь, дээвэр, хана, хаалга, цонх, дотор гадна засал чимэглэл, сантехникийн төхөөрөмжүүдийн холболт, цахилгаан халаалт, гадна ариутгах татуургын далд шугам хоолойн угсралт, бохир ус хуримтлуулах танк зэрэг дэд бүтцийн ажлыг хийж, гэрээний үнэд түлхүүр хүлээлгэх нөхцөлтэй, барилгын ажлын үнэ 42.000.000 төгрөг, автомашины зогсоолын үнэ 8.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөгийг хуваарийн дагуу төлж, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд багтаан иж бүрэн, чанартай барьж дуусган, захиалагч болон гүйцэтгэгч талуудын хамтарсан комиссын зөвшөөрлөөр ашиглалтад оруулахаар харилцан тохиролцжээ.

 

          Гэрээний дагуу талууд амины орон сууцыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаар маргаагүй харин байрны үлдэгдэл төлбөрийг төлөх эсэх, орон сууцны доголдлын талаар маргаж байна.

 

          Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд “худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

          Хуульд заасанчлан худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээж, гэрээний үүргийг хэн аль нь биелүүлэхийг шаардах эрхтэй.

       

          Бичгийн баримт, талуудын тайлбараас харахад, гэрээний дагуу хариуцагч Ж.М орон сууцны үнэд 40.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөөгүй болон амины орон сууцанд амьдарч байгаа талаараа маргаагүй ба зохигчдын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байх тул үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

          Иймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу хариуцагчаас 10.000.000 төгрөг /үлдэгдэл төлбөр/ + 4.130.000 төгрөг /алданги/ = 14.130.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч “Ф” ХХК-тай байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу хүүд 3.600.000 төгрөгийг төлж хохирсон гэж нэхэмжилсэн нь хариуцагчийн амины орон сууц худалдан авсан үйл баримттай холбоо хамааралтай мөн Монгол улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхээр нэхэмжлэгч өмгөөлөгч авсан болон түүнтэй ямар гэрээ хэлцэл байгуулж, өмгөөлөлийн хөлсөнд 1.000.000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 4.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

          Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу доголдолгүй орон сууцыг хүлээлгэн өгөөгүй. Бид дутуу зүйлийн талаар хэлсэн боловч та нар өөрсдөө авч хийгээд дараа нь төлбөрийг ярилцъя гэсэн учраас байрандаа нэхэмжлэлд дурдсан эд зүйлсийг авч хийсэн” гэж тайлбарлав.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М “бид бүрэн бүтэн орон сууцыг хүлээлгэн өгөөд Ж.М гарын үсгээ зурж хүлээн авсан тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй “ гэж татгалзаж байна. 

 

           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, бичгийн баримтуудаар тогтоогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч эрхийн доголдолгүй үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгснөө нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадахгүй байна.

 

          Мөн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хавтаст хэргийн 14 дүгээр хуудсан дахь “Ажил, үйлчилгээний төлбөр төлөх хуваарь, барилгад хэрэглэгдэх материалын тайлбар” гэх нэртэй гэрээний хавсралтанд дурдсан хуваарийн дагуу Ж.М гэрээний үүргээ 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 80 хувьтай биелүүлсэн нь тогтоогдож, нэхэмжлэгч тухайн өдрийг хүртэл амины орон сууцыг бариагүй нь орон сууц хүлээлгэж өгсөн актаар нотлогдож байна.

 

Иймээс нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, эрхийн доголдолтой эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн нь тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн тооцоололыг бодоход:

            Нийт гэрээний үнэ 50.000.000 төгрөг

 Үүнээс 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хариуцагч Ж.М гэрээний урьдчилгаанд 5.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төлсөн буюу 10 хувь, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 35 хувь 17.500.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 35 хувь 10.000.000 төгрөг  нийт 28.000.000 төгрөгийг төлж, эхний 45 хувийн мөнгийг төлөх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч амины орон сууцыг бариагүй байсан тул 50.000.000 төгрөг- 18.000.000 төгрөг = 32.000.000 төгрөг

32.000.000 төгрөгийг хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн дүн гэж үзээд алданги тооцоход 32.000.000 төгрөг х 0.5%=16.000.000 төгрөг

 Хариуцагчийн байранд ороход авсан эд зүйлс, дээврийн зардал, түрээсийн төлбөрөөс 663.500 төгрөг хангаж, 16.000.000 төгрөг + 663.500 төгрөг = 16.663.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.634.200 төгрөгийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 234.439 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 14.130.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 228.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч “Ж” ХХК-иас 16.663.500 төгрөгт ногдох сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 241.267 төгрөгийг гаруулж, хариуцагч олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Мгаас гэрээний үүргийн биелэлтэд 14.130.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, үлдсэн 4.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “Ж” ХХК-иас 16.663.500 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ж.Мд олгож, үлдсэн 8.634.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 234.439 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 228.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч “Ж” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамж 241.267 төгрөгийг гаруулж, хариуцагчид олгосугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.АРИУНАА