Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00913

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00913

 

 

 

ЖЭК ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01082 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ЖЭК ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.М-д холбогдох,

Гэрээний үүргийн биелэлт, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тооцсон алданги, хохиролд нийт 18,730,000 төгрөг гаргуулах үндсэн, хохирол, алдангид 25,297,700 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

ЖЭК ХХК, Ж.М-тай 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Монгол хаус хотхоны амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр захиалагчийн зөвшөөрсөн зураг төслийн дагуу 60 м.кв талбайтай, 6 өрөө, 2 давхар амины орон сууцыг нийт 1 м.кв-ыг 700,000 төгрөгөөр тооцоод 42,000,000 төгрөг, дулаан авто машины зогсоолыг 8,000,000 төгрөгөөр тооцоод нийт 50,000,000 төгрөгөөр барьж өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь уг сууцыг зохих журам, стандартын дагуу ашиглалтад оруулаад 2019 оны 01 дүгээр сард Ж.М-д хүлээлгэн өгсөн ба 2019 оны 01 дүгээр сараас хойш хариуцагч амины орон сууцад амьдарч эхэлсэн. Улмаар 2019 оны 09 дүгээр сард 4, 5 зүйлсийг тусгаж өгсний дагуу хүлээж авсан акт үйлдсэн. ЖЭК ХХК гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг Ж.М-тай удаа дараа уулзаж, шаардсан ч удахгүй өгнө гээд өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн амины орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Сууцыг хүлээн авсан өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2021 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл 826 хоног байна. Гэрээний 2.6 дахь хэсэгт зааснаар алданги /5,000,000 төгрөгийн 0,5 хувь 5,000 төгрөг х 826 хоног/ нийт 4,130,000 төгрөг болно. Монгол хаус-1 хотхон 40 оршин суугчтай, 40 ширхэг амины орон сууцтай. Уг оршин суугч нарын нэг Ж.М- юм. Мөн бусад оршин суугчид ч гэсэн төлбөрөө зарим нь бүрэн төлсөн, зарим нь бүрэн төлөөгүй.Үүнээс шалтгаалж амины орон сууцыг үргэлжлүүлэн барихад эдийн засгийн хувьд хямрал үүсэж зээл авах болсон.Иймд банк бус санхүүгийн байгууллагаас 40,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай зээлсэн. Ж.М-д 40,000,000 төгрөгт бус гэрээний үлдэгдэл төлбөр болох 10,000,000 төгрөгт ногдуулж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.Уг зээлийн гэрээг н.Болдбаатар гэх хүн байгуулсан бөгөөд манай талаас нотлох баримтаар өгсөн гэрчилгээний хойно тухайн үед тус компани захирал н.Болдбаатар гэдэг хүн байсан гэдэг нь харагдана. Ц.Б- банк бус санхүүгийн байгууллагаас 40,000,000 төгрөг зээлсэн.Энэхүү зээл эргэлтийн хөрөнгийн зээл ба эргэн олддоггүй, аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахын тулд энэ зээлийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн.Иймд хариуцагчаас хохиролд 10,000,000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй тооцоход 3,600,000 төгрөг нийт 25,297,700 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

ЖЭК ХХК-тай 2017 онд гэрээ байгуулж, 2017 оны 11 дүгээр сард барилгыг ашиглалтад оруулж хүлээн авахаар тохиролцож, хуваарийн дагуу төлбөрөө төлөөд явж байсан. Гэрээ байгуулахад 5,000,000 төгрөг, газар шорооны ажил эхлэхэд 17,500,000 төгрөг, барилгын дотор заслын ажилд эхлэхэд 17,500,000 төгрөг төлнө гэж заасан. Улмаар 2017 оны 08 дугаар сард төлбөрөө төлөх гэтэл дотоод засал хийж байх хугацаа болсон байсан боловч байшингийн суурь хийгдсэн, карказ баригдаагүй байсан тул 17,500,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг төлж, хугацаа хожимдуулсныг анхааруулсан. 2017 оны 11 дүгээр сарын үед ашиглалтад орох болоогүй, карказ баригдаад гадна тал хийгдсэн байдалтай байсан. Захиалсан байр гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй учраас бид Ямаатын зуслан гэх газарт гэр бүлээрээ амины орон сууцыг түрээсэлж амьдарсан. Сууц 2018 онд ашиглалтад ороогүй. 2019 он гартал бид бүтэн жил байр түрээсэлж амьдарсан. Бид байранд амьдарч эхлэхэд цэвэр, бохир устай холбогдоогүй, хаврын улиралд цас хайлж дээврээс дусаал гоождог, ханын обой хууларч, цахилгааны утас руу дусаал гоожиж асуудал үүссэн, үүдний өрөө, 1 давхрын ариун цэврийн өрөөнд паар тавигдаагүй, маш хүйтэн байсан учраас эдгээр өрөөнүүдэд өөрийн зардлаар нэмэлт паар тавьсан. Төмөр дээвэр хийлгэхээр нэхэмжлэгчид хэлэхэд санхүүгийн боломжгүй байгаа учир дээврийн төмрийг биднээр авахуулж дараа нь тооцоогоо дуусгахаар Д- захиралтай тохиролцсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн хийх ёстой ажлыг бид өөрийн зардлаар хийсэн.Нэхэмжлэгч гэрээнд заасан байрыг хүлээлгэж өгөх хугацаа болох 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 22 сарын дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байрыг хүлээлгэж өгсөн.

Алданги, нэмэлт зардлыг тооцоолж 20,000,000 гаруй төгрөгийг нэхэмжлэхээр болж байна, 10,000,000 төгрөгийг нэхэхгүйгээр тохиролцъё гэж хэлсэн. Нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл, тайлбартаа:

ЖЭК ХХК-тай байгуулсан гэрээний 3.1, 2.6 дахь хэсэгт зааснаар гэрээний үнийн дүн 50,000,000 төгрөгт байрыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй 685 хоногт өнгөрсөн тул алдангийг 0,5 хувиар тооцож, 17,125,000 төгрөгийн алданги гаргуулна.

Мөн байрыг ашиглалтад оруулахын тулд гүйцэтгэгчийн хийх ёстой байсан зүйлсийг бид өөрсдийн зардлаар буюу 2,772,700 төгрөгийг зарцуулж гүйцээж хийсэн. Үүнд, угаалгын өрөөний ван 1 ширхэг, нойлын суултуур 2 ширхэг, хөлтэй шаазан тосгуур, шатны дрож 7 м.кв нь 300,000 төгрөг, алчуур хатаагч 100,000 төгрөг, үүдний өрөөний халаалтын паар 100,000 төгрөг, алчуур хатаагч халаагч паар, үүдний өрөөний халаалтын паар хоёрыг холбох шугам 120,000 төгрөг, нойлын өрөөний гэрэл 2 ширхэг 30,000 төгрөг, ванны холигч шүршүүр 1 ширхэг, угаалтуурын холигч 2 ширхэг нийт 170,000 төгрөг, дээврийг нэмж төмөрлөсөн зардалд 1,252,700 төгрөг буюу 2,772,700 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилнэ. Байр гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй учраас тухайн хугацаанд амины орон сууц түрээсэлж байсан түрээсийн зардалд 5,400,000 төгрөг буюу нийт 25,297,700 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Хэргийн баримтад хүлээн авагч нь тодорхойгүй, гарын үсэг зурагдаагүй, байгууллагын нэр бичигдээгүй, тухайн зарлагын баримт дээр дурдсан хүлээн авсан өгсөн нэг гарын үсэг байдаггүй.Хэргийн 5 дугаар талд 58,400 төгрөгийн баримт байна. Энэ баримтыг хувьд гэсэн адилхан. Хэргийн 6 дугаар талд 142,000 төгрөгийн баримт дээр хариуцагч болон түүний гарын үсэг байхгүй хүлээлгэн өгсөн гарын үсэг байдаггүй, зарлагын баримтуудын хувьд үүрэг хүлээлгэж өгсөн, авсан гарын үсэг байхгүй. Өөр газар байр түрээсэлж байсан мөн өөрийнхөө байрыг түрээслүүлсэн гэж баримтуудыг гаргаж өгсөн. Суултуур шалны хэрэгслийг амины орон сууцад хийсэн юм уу аль эсвэл түрээсэлж байгаа байрандаа хийсэн юм уу гэдэг нь тодорхойгүй. Дансны хуулгаас үзэхэд 16 айл дээврийн мөнгөө шилжүүлсэн.

Байр хугацаандаа ашиглалтад ороогүй улмаас бүтэн жил байр түрээсэлсэн гэж тайлбарладаг боловч түрээсийн гэрээний хувьд Ц.Б- өөрөө н.Зоригт гэдэг хүнтэй түрээсийн гэрээний баталгааг гараар бичээд өгсөн, түрээсийн үл хөдлөх хөрөнгийн газар бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Сар бүр түрээст 600,000 төгрөг нийт 5,400,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч төлбөрийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн гэдэг баримт байхгүй. Зарлагын баримтууд мөн шаардлага хангахгүй.

Төлбөр төлсөн хуваариас харахад эхний 5,000,000 төгрөгийг хариуцагч хугацаандаа төлсөн, хоёр дахь төлбөр 17,500,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй, 17,500,000 төгрөгийг бүтэн жил хойшлуулж төлсөн. Сүүлийн 10,000,000 төгрөгийг төлөөгүй. Хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас хариуцагч алданги нэхэмжилж шаардах эрхгүй.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар алданги тооцох эрхгүй.

 

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.М-гаас гэрээний үүргийн биелэлтэд 14.130.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЖЭК ХХК-д олгож, үлдсэн 4.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч ЖЭК ХХК-аас 16,663,500 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ж.М-д олгож, үлдсэн 8,634,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 234,439 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 228,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч ЖЭК ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 241,267 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Нэхэмжлэгчийн гаргасан ...3,600,000 төгрөг гаргуулах шаардлагатай холбоотой гомдол гаргах нь:

Нэхэмжлэгч талаас Ж.М- нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 10,000,000 төгрөгийг гүйцэтгэгч компанид өгөөгүйгээс улбаалан ажилчдын цалин олгох, шаардлагатай бараа материалыг авахын тулд 2019 оны 03 дугаар сард ФИ ББСБ ХХК-аас нийт 30,000,000 төгрөгийг, 1 жилийн хугацаатайгаар, сарын 3,0 хувийн хүүтэйгээр зээлсэн. Хэрэв хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг өгсөн бол тухайн үед 30,000,000 төгрөг биш 20,000,000 төгрөгийг зээлэх боломжтой байсан гэсэн үндэслэлээр 10,000,000 төгрөгт ногдох хүү /10,000,000x3.0%100=300,000х12сар/=3,600,000 төгрөгийг шаардсан бөгөөд анхан шатны шүүхээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой. Шүүхээс шийдвэрийн үндэслэлээ ...хохирол нь хариуцагчийн амины орон сууц худалдан авсан үйл баримттай холбоогүй гэж тайлбарласан. Гэвч нэхэмжлэгч талаас амины орон сууц худалдаж авсан бус үлдэгдэл төлбөрөө өгөөгүй 2 жил гаруй хугацаа өнгөрсөн тул зайлшгүй хэрэгцээгээ хангах үүднээс банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан гэдгээ шүүх хуралдааны явцад тайлбарладаг. Тодруулбал, хариуцагч тал үлдэгдэл төлбөрөө өгчихсөн бол тухайн үед 30,000,000 төгрөг биш 20,000,000 төгрөг авах боломжтой байсан юм. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болох 10,000,000 төгрөгт ногдох хүүг хариуцагч тал төлөх үндэслэлтэй гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гомдол:

Ж.М- нь гэрээний үүргээ эхэлж зөрчиж хугацаат төлөлтөө хугацаандаа хийгээгүй нь нотлогддог. Үлдэгдэл төлбөрийг бүтэн жилийн дараа 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн. Нэхэмжлэгч дангаар гэрээний үүргийг зөрчсөн мэт үзсэнд гомдолтой. Мөн хугацаандаа төлөлтөө хийгээгүйн улмаас барилгын ажил саатах, материал худалдаж авах төсөв хүрэхгүй байх,ажилчдын цалинг хугацаандаа, бүрэн олгож чадахгүй байх зэрэг эрсдэл ч гэсэн нэхэмжлэгч байгууллагад үүссэн.Шүүхээс дан ганц гүйцэтгэгч байгууллагыг буруутган шийдвэрлэсэнд гомдолтой. Мөн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус гэрээний үнийн дүнгээс тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн агуулгад нийцээгүй, шийдвэрт тооны алдаа гарсан байна. Тодруулбал,

Алдангийг бодохдоо гүйцэтгээгүй үүргийн дүнг яагаад 32,000,000 төгрөг гэж бодсон нь тодорхойгүй, ойлгомжгүй. Дээрх үндэслэлээр ...алданги 17,125,000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчийн гаргасан ... байранд ороход авсан эд зүйлсийн төлбөр 2,772,700 төрөг гаргуулах шаардлагатай холбоотой тайлбар гаргах нь:

Анхан шатны шүүхээс 663,500 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг, түүний алданги 4,130,000 төлөх үүрэгтэй гэж үзсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний гүйцэтгэлийг актаар хүлээлцэх үед нэхэмжлэгч тал гэрээний үүрэг биелүүлэх хугацаагаа 685 хоногоор хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Хэтрүүлсэн хугацаанд ногдох алдангийн хэмжээ ойролцоогоор 17,1 сая төгрөг болж байгааг талууд тооцоолж үзсэн. Энэ алдангийн хэмжээг хариуцагч талын гэрээний төлбөрт тооцож дуусгахаар талууд тохирсон. Хэрэв энэ асуудал дээр тохиролцоонд хүрээгүй нөхцөлд нэхэмжлэгч тал нь 7,100,000 төгрөгийн зөрүү төлбөрт унах байсан учир тохиролцсон. Ж.М-гийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөөр болсон. Өмчлөх эрхийн гэрчилгээгээ Ж.М- авахын тулд нэхэмжлэгчээс төлбөр тооцоо дууссан тухай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бичиг авсан.

Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш нэг ч удаа төлбөр тооцооны асуудал яриагүй хэрнээ гэнэт шүүхэд хандсан нь ойлгомжгүй.

2020 оны 8 дугаар сард гэрээний үлдэгдэл төлбөрийн нэхэмжлэх хариуцагч талд огт ирүүлж байгаагүй. 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш алданги тооцож байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэлд бичсэнээр 826 хоногийн алданги тооцсон байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэх Ж.М-д өгч байсан. Төлбөрөө төлнө гэж бодож байсан боловч цар тахлын нөхцөл байдал үүссэн. Энэ хугацаанд Монгол Улс даяар санхүүгийн асуудал үүссэнийг ойлгож, нэг жилийн хугацаанд нэхэмжлээгүй. 2021 оны 12 дугаар сараас эхэлж цар тахлын нөхцөл байдал дээрдэж, бид нарын зүгээс нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж нэхэмжлэгч талаас оролцсон. Хоорондоо тохиролцсон тохиролцоо байдаггүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд амины орон сууц гэж байгаа боловч хотхон юм. Бүгд хана ханаараа нийлсэн учраас бүгдэнд нь гэрчилгээг хамт гаргах шаардлагатай болсон. Тухайн хотхонд төлбөрийн үлдэгдэлтэй байгаа айлууд байдаг. Бүх айлуудад адилхан төлбөр тооцоо дууссан гэх бичиг хийж өгөөд гэрчилгээг нь гаргаж өгсөн.

 

9. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр акт үйлдэж байрыг хүлээж авсан. Үүний дараа 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байр хүлээж авах байсан өдрөөс хойш 685 хоногийн дараа байрыг хүлээлгэж өгсөн. Гэрээний 3.2-т зааснаар тус алдангийг тооцох нөхцөл үүсэж 17,000,000 төгрөгийг алданги нэхэмжлэх эрх надад үүссэн байсан учир 10,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө тус алдангиар хаана гэж тохиролцоод манай байрны гэрчилгээг гаргаж өгсөн. Тооцоо дууссан гээд ямар ч асуудалгүй явж байсан боловч 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 825 хоногийн дараа 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч ЖЭК ХХК нь Ж.М-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 5-ний өдрийн 05-13/2017 тоот Монгол хаус хотхоны амины орон сууц худалдах, худалдан авах нэртэй гэрээний ажлын хөлсний үлдэгдэл гэх 10,000,000 төгрөг

1.2. Нэхэмжлэл гаргах хүртэл 826 хоногийн алдангид 4, 130,000 төгрөг

1.3. Өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг

1.4. Хариуцагчийн ажлын хөлсөө төлөөгүй удаашруулсантай холбоотойгоор зээл авч хүү төлж хохирсон гэх 3,600,000 төгрөг, нийт 18,730,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон.

А.1. Нэхэмжлэгч ЖЭК ХХК нь Ж.М-тай 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 05-12/2017 дугаартай Монгол хаус хотхоны амины орон сууц худалдах, худалдан авах нэртэй гэрээг байгуулсан.

 

А.2. Гэрээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах Монгол хаус хотхоны амины орон сууцнаас 60 метр квадрат талбайтай сууц барьж хүлээлгэн өгөх, 1 м.кв талбайн үнийг 700,000 төгрөг байхаар, Канад технологийн дулаалгатай, ган төмөр карказтай, барилгын үндсэн суурь, дээвэр, хана, хаалга, цонх, дотор гадна засал чимэглэл, сантехникийн төхөөрөмжүүдийн холболт, цахилгаан халаалт, гадна ариутгах татуургын далд шугам хоолойн угсралт, бохир ус хуримтлуулах танк зэрэг дэд бүтцийн ажлыг хийх, барилгын ажлын үнэ 42,000,000 төгрөг, автомашины зогсоолын үнэ 8,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлж, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд багтаан иж бүрэн, чанартай барьж дуусган, захиалагч болон гүйцэтгэгч талуудын хамтарсан комиссын зөвшөөрлөөр ашиглалтад оруулахаар харилцан тохиролцжээ.

 

А.3. Уг амины орон сууцыг барьж хариуцагчийн өмчлөлд хүлээлгэн өгсөн, өмчлөх эрхийн гэрчилгээ Ж.М-гийн нэр дээр гарсан үйл баримтад талууд маргаагүй.

 

А.4. Ажлын хөлсний үлдэгдэл 10,000,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Талууд гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдсэн эсэх, ажлын хөлсний үлдэгдэл, анз төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч компани гэрээнд заасан сууцыг барих ажлыг доголдолтой гүйцэтгэсэн, хугацаа хэтрүүлсэн гэж маргаж дараах сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгчийн өмнөөс худалдан авсан гэх зүйлийн үнэ 2,772,700 төгрөг

2.2. Анз 17,125,000 төгрөг

2.3. Түрээсийн төлбөрт төлсөн 5,400,000 төгрөг, нийт 25,297,700 төгрөг шаарджээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг алданги 4,130,000 төгрөг, нийт 14,130,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч , мөн шүүх нэхэмжлэгчээс алданги 16,000,000 төгрөг /32,000,000 төгрөгийг хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн дүн гэж үзээд х 0,5% /, дээврийн зардал, түрээсийн төлбөрөөс 663,500 төгрөг, нийт 16,663,500 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг хүлээлгэн өгөх, худалдан авагч хөрөнгөө хүлээн авч үнийг төлөх үүрэгтэй талаар дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Нэгэнт гэрээний зүйл болох хөрөнгийг хариуцагч хүлээгээд авчихсан тул үнийн үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Хариуцагчийн 10,000,000 төгрөгийг төлөхгүй байх, харилцан суутган тооцох талаар талууд тохиролцсон гэх давж заалдах гомдол хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хангах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

Талуудын гэрээнд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус гэрээний үнийн дүнгээс тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул талуудын хэн алинд анз шаардах эрх үүсэхгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардсан алданги 4,130,000 төгрөг, хариуцагчийн шаардсан алданги 17,125,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлээс хариуцагч төлбөрөө төлөхгүй удаашруулснаас үүдэн зээл авч хүү төлж хохирсон гэх 3,600,000 төгрөг, өмгөөллийн хөлс гэх 1,000,000 төгрөг нийт 4,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс амины сууцны дээврийн зардал, түрээсийн төлбөрт төлсөн гэх 663,500 төгрөг нь нотлох баримтаар тогтоогдож байх тул хангаж, үлдэх хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлоос анзыг хэрэгсэхгүй болгох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01082 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 14.130.000 гэснийг 10,000,000 гэж, 4.600.000 гэснийг 8,730,000 гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 16.663.500 гэснийг 663,500 гэж, 8.634.200 гэснийг 24,634,200 гэж өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын 228,600 гэснийг 174,950 гэж, 241.297 гэснийг 20,474 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 259,300 төгрөг, хариуцагчаас төлсөн 228,600 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД