Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2022/0021/З |
Дугаар | 123/ШШ2022/0021 |
Огноо | 2022-06-29 |
Маргааны төрөл | Орон сууц хувьчлах, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 123/ШШ2022/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Ү,
Хариуцагч: Төв аймгийн З д,
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Манзушир өргөө хорооллын 1-27 тоот 34 м2 1 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний эрх залгамжлагч Д.Үгийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 1 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний эрх залгамжлагч Д.Үгийн өмчлөлд шилжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ү, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Д.Ү шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний ээж Осордагва овогтой Дулмаа нь 1974 оноос 2009 оныг хүртэл Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар тогтвортой үр бүтээлтэй ажиллаж 2009 оноос гавьяаныхаа амралтад гарсан. Түүнийг аймаг орон нутагтаа тасралтгүй үр бүтээлтэй он удаан жил ажилласан байдлыг харгалзан 2015 оны Төв аймгийн Засаг даргын захирамжаар Төв аймгийн Зуунмод сумын Номт-1 баг Манзушир өргөө 1-27 тоотод байрлалтай 34м2 1 өрөө байрыг өмчлөлд шилжүүлэх тухай шийдвэрлэсэн. Тухайн үед аймгийн Засаг даргын захирамжаар Монгол Улсын 3 сая дахь иргэн, мөн тухайн жил төрсөн 3 ихэр хүүхэд болон улсад үр бүтээлтэй ажилласан өөрийн гэсэн орон сууцгүй миний эх болох О.Дулмаа нарт тус бүр 1 өрөө байрыг өмчлөлд нь шилжүүлэх шийдвэр гаргаж байсан. Миний эх уг орон сууцанд 2015 оноос 2021 оныг хүртэл амьдарч байгаад 2021.07.26-ны өдөр өвчний учир нас барсан. Энэ хугацаанд миний эх болон миний бие 2021.07.01-ний өдөр Төв аймгийн З д болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж аймгийн Засаг даргын 2015 оны захирамжийн биелэлтийг хангуулж орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авах талаар өргөдөл гаргасан боловч хүлээн аваад хуулийн дагуу шийдвэрлэж өгөөгүй юм. Дээрх шийдвэрээ 2021.09.21-ний хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн юм. 2015 оны Төв аймгийн Засаг даргын захирамж нь одоог хүртэл тухайн байгууллагад байхгүй гэх тайлбар өгдөг ба тухайн үеийн аймгийн Засаг даргын шийдвэрээр Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан иргэний хууль ёсны итгэл хадгалагдсан болно. Дээрх эрх зүйн дагуух үйл явдлын улмаас Төв аймгийн Зуунмод сумын Номт-1 баг Манзушир өргөө 1-27 тоотод байрлалтай 34м2 1 өрөө байрыг хууль ёсны өмчлөгч нарын өмчлөлд шилжүүлэн шийдвэрлүүлэх талаар удаа дараа өргөдөл хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргадаг боловч захиргааны байгууллагаас өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхгүй орхигдуулж нэхэмжлэгч этгээдийн Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон “...хөрөнгийг шударгаар эзэмших, өмчлөх” эрхийг зөрчиж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт аймаг нийслэлийн ИТХ нь “орон нутаг болон тухайн аймаг нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх талаар Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэх, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь хэсэгт аймаг нийслэлийн З д нь “б/ тухайн орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах эд хөрөнгийн жагсаалт, шинээр олж авах эд хөрөнгийн жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийн тухай санал боловсруулж хурал, түүний тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхтэй талаар тус тус хуульчилсан байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт З д нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрхийн хүрээнд орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрхтэй байхаар хуульчилсан байна. Иймд Төв аймгийн Зуунмод сумын Номт-1 багийн Манзушир өргөө хорооллын 1-27 тоот 34м2 1 өрөө орон сууцыг түүний хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний эрх залгамжлагч Д.Үгийн өмчлөлд Төв аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний акт, Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж шилжүүлэн өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Зуунмод сумын Номт-1 багийн Манзушир өргөө хорооллын 1-27 тоот 34м2 1 өрөө орон сууцыг түүний хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний өв залгамжлагч Д.Үгийн өмчлөлд шилжүүлэхээр Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд холбогдох байгууллагад уламжлан хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2015 онд Төв аймгийн З д буюу эрх бүхий этгээдээс байр бэлгэлэн өгсөн. Тухайн үед манай ээж надад шилжүүлж өгсөн гэж баярлаж явдаг байсан. Гэтэл 2021 оны 07 дугаар сард ээж маань өөд болсон. Тэгээд захиргаанаас энэ байрнаас гар гэж хэлсэн. Тухайн үед энэ байрны ордерыг хөөцөлдөх гэсэн боловч манай ээж 2012 оноос хойш 2 нүд нь хараагүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Үүний дагуу зохих байгууллагад хоёр ч удаа хандсан боловч тодорхой шийдвэр өгөөгүй. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын тухайд хууль зүй талаасаа захиргаа, иргэн хоёрын хооронд тодорхой хууль, эрх зүйн харилцаа үүссэн. Гэхдээ иргэнийг өмчтэй болгох захиргааны хүсэл зоригийн дагуу энэ шийдвэр гарсан гэж ойлгож байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмынхаа дагуу Үндсэн Хуулийн 1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр бүлэгт заасан хуульд үндэслэж орон сууцыг тухайн иргэнд шилжүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна. Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт “Хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан. Энэ нь ямар учиртай зарчим юм бэ гэхээр захиргааны гарсан шийдвэр эргэж буцахгүй, нэг мөр байх ёстой. Тодруулбал иргэнээ хуурч болохгүй гэсэн зарчимтай. Үүний хуульчилсан тайлбар нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үндсэн үр дагавар үүсэн тохиолдлыг ойлгоно гэж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа орон сууц нь эдийн хөрөнгө юм. Захиргаа өөрөө иргэний өмлөлд тухайн хөрөнгийг шилжүүлж өгөөд тодорхой хугацааны дараа үүнийгээ өөр байдлаар тайлбарлаж байгаа нь Захиргааны ерөнхий хууль болон, Монгол Улсын Үндсэн хуульд заасан суурь зарчмаас няцаж, хууль бус үйлдэл хийж байна гэж ойлгож байна. Энэ талаар гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл шуурхай тасралтгүй байх үндсэн зарчим байгаа. 2015 онд өнөөдөр Б.Баярбат З д байна уу? 2022 онд н.Батжаргал гэдэг хүн З д байна уу гэдэг хамаагүй. Улс төрийн байгууллагын хоорондын үйл ажиллагаанаас болж захиргааны нэрийг барьж иргэнийг хохироож байгаа асуудал хуульд заасны дагуу байх боломжгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анх эрх зүйн харилцаа, хууль зүйн факт үүсэхэд захиргаа ямар хүсэл зоригтой байсан бэ гэдгийг хэргийн материалд тодорхойлсон байгаа. Тухайн үед З дар ажиллаж байсан Д.Баярбат, Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Нямсүрэн гэж хүмүүс уг байрыг түрээслэх, ашиглуулах журмаар захиргааны журмаар энэ байрыг шилжүүлээгүй. Иргэний өмчлөлд шилжүүлэхээр тодорхой байдлаар сонгон шалгаруулалт явуулж, судалж байж энэ шийдвэр гарсан. Дараагийн асуудал гэвэл орон сууцны төсөв хөрөнгөтэй холбоотой асуудал байгаа. Энэ улсын төсвийн хөрөнгө оруулалттай баригдсан орон сууц юм уу? Эсхүл концесийн эрхээр баригдсан орон сууц юм уу? Хөрөнгө мөнгөний асуудал яаж шийдвэрлэгдсэн бэ гэдэгтэй холбоотой баримтууд байгаа. Тухайн үед О.Дулмаа гуайд энэ байрыг өмчлүүлэхэд Монгол улсын 3 сая дахь иргэн, түүний үе чацуутантай хамтад нь энэ асуудлыг хөрөнгө гаргаж шийдвэрлэсэн гэдгээр хүсэл зоригоо илэрхийлж байгаа. Нэгэнт шилжүүлээд өгсөн асуудлаа баталгаажуулж шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгоод, өмчлөлд нь шилжүүлж өгсөн үл хөдлөх хөрөнгөө холбогдох хууль журмын дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгуулах байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэнтэйгээ давхардуулахгүйгээр нэмж хэдэн зүйл хэлье. Логикийн хувьд хөөгөөд явахаар захиргаа иргэнийхээ өмчлөлд хөрөнгө шилжүүлсэн гэдгээ илэрхийлсэн. Харин Захиргаа бүртгэлийн байгууллага биш. Иргэн бүртгэлийн байгууллагаар хөөцөлдөх гэхэд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаанаар эрх залгамжлагчийн асуудал яригдаад асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн боловч хариуцагч эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус юм. Мөн ахмадын орон сууцтай холбоотой үйл баримт хэрэгт огт хамааралгүй. Захиргаа өмчлөлд нь шилжүүлэхээ илэрхийлчихээд дараа нь түрээсийн гэрээ байгуулах гэж байсан гэж байна. Энэ нь ямар логик, дэс дараалал вэ гэдгийг ойлгохгүй байна. Мөн Засаг даргын зөвлөл, хурлын тэмдэглэл байх ёстой. Зүгээр л амаараа яриад шийддэг асуудал биш юм. Сая иргэдийн хурлын шийдвэр ч гэж ярилаа. Үүнийг яагаад хариуцагч байгууллагад байхгүй байна вэ? Эсхүл яагаад гаргаж өгөхгүй байна вэ гэдгийг шүүх анзаарч үзээсэй гэж хүсэж байна. Хариуцагч уг орон сууцыг ямар хөрөнгийн эс үүсвэрээр авсан бэ гэдгийг бүдэгхэн тайлбарлаж байх шиг байна. Үүнийг мөн анхаарч үзнэ үү. Мөн орон нутгийн өмчийн орон сууцыг З д шилжүүлж өгөх эрхгүй гэж хэлж байна. Хууль зүйн факт нь орон нутгийн өмчлөлд тухайн орон сууцыг бүртгэж авахаас өмнө болсон үйл явдал юм. Тэгэхээр захиргааны чиг үүрэг, захиргааны хүсэл зориг нь юу байсан гэдгийн дагуу холбогдох бусад байгууллага, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх агентлагууд шийдвэрлээд, шийдвэр гаргаад явах байсныг шүүх анхаарч үзнэ үү. Хамгийн сүүлд хэлэхэд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан хууль ёсны эрхийг хамгаалах зарчмаа захиргаа хэрэгжүүлэхгүй байгаа тул бид шүүхэд хандаж, Үндсэн хуулиар олгогдсон үл хөдлөх хөрөнгийг өмлөх, шударгаар олж авах эрхийг зөрчөөд байгаа тул уг эрхийг сэргээж өгөөч гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд Манзушир өргөө 1-27 тоот 34,11м2 байрыг О.Дулмаа гуайн өмлөлд шилжүүлсэн гэж байгаа ч тухайн үед ямар нэг хурлын шийдвэр тогтоол гараагүй. Энэ байр нь эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар гэрээ байгуулах байсан. Нийтдээ Тамгын газарт 10 албаны орон сууц байдаг. Түүний нэг нь уг ахмадын орон сууц юм. О.Дулмаа гуай 2021 оны 07 дугаар сард өөд болсон. Өөд болсноос хойш тухайн байрыг авч дараагийн ахмадын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэг байна. Тэгэхээр энэ байрыг өмлөлд шилжүүлэх боломжгүй. Мөн уг байрыг өмлөлд шилжүүлэх талаар Засаг даргын болон хурлын тогтоол, шийдвэр гараагүй. Өмч хамгааллын аймгийн комисст Д.Ү 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл гаргахдаа тухайн байрыг түрээсийн орон сууцны журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргаж байсан байна. Энэ нь өөрийн өмчлөлд шилжүүлээгүй гэдгийг нотолж байна. Мөн уг хүсэлтийн дагуу аймгийн өмч хамгааллын комисс хуралдаад тухайн байрыг орон нутгийн өмчийн газар луу шилжүүлж түрээслүүлэх журмаар шийдвэрлэж болно. Эсхүл дараа дараагийн ахмадуудад шилжүүлж, дараагийн ахмад настны нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн санаатай байсан. Тэгэхээр хариуцагчийн байр сууринаас бол тухайн байрыг Д.Үгийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй. Энэ байрыг дараагийн орон сууцгүй, нийгмийн асуудалтай ахмадын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, байрыг үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулах байр суурьтай байна. Захиргааны байгууллагыг төлөөлж байгаагийн хувьд бид нэг хүний эрх ашгаас илүүтэй нийтийн эрх ашгийг хүндэлж, нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг. Аймгийн Тамгын газраас зохион байгуулж байгаа аливаа комисс, салбар хороодын үйл ажиллагаанд, албан тушаалын 10 байр байгаа. Энэ талаар манай ажлын хэсэг очиж ажилладаг. 9 нь бол ашиглалтын байраа үзүүлж харуулаад явдаг. Нэг байр нь л асуудалтай байдаг нь О.Дулмаа гуайн байр юм. Хамгийн сүүлд хэлэхэд О.Дулмаа гуай амьд сэрүүн байхад ахмад настны нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор тухайн байрыг өгсөн. Өгөөд эд хөрөнгө үнэ төлбөргүйгээр ашиглуулах гэрээ байгуулж нас барах хүртэл нь амьдруулаад, хэрэв өөд болсон бол 2 сарын дотор тухайн байрыг дараагийн ахмадуудад өгөх гэрээг төслөөр боловсруулаад, гэрээгээ байгуулъя гэхэд нэхэмжлэгч татгалзсан байсан. Энэ байр нь орон нутагт байгаа ахмадын орон сууц гэсэн онцлогтой. Үүнийг дараагийн үр хүүхдүүдэд өгчихөөр бид нар үлдсэн дөрвөн зуу, таван зуун мянган ахмадуудын нийгмийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Энэ байрыг ямар ч тохиолдолд өмчлөлд шилжүүлэхгүй, хувьчлалд оруулахгүй. Энэ байрыг нэг ахмадаас, нөгөө ахмад руу шилжүүлж, энэ байрыг үнэ төлбөргүй шилжүүлж явна. Өмнө нь Баярбат даргын үед энэ асуудлаа шийдээд явахгүй таг чиг болчихсон. Одоо гэтэл О.Дулмаа гуай нас барсны дараа ийм асуудал гаргаж байгаа нь ёс зүйгүй харагдаж байна. Хүүхдүүдийн ахуй амьдрал дээшилчихсэн боломжтой байхад энэ байрыг авна гээд байна. Энэ орон нутгийн хөрөнгөөр авсан байр болохоос хувь хүний хөрөнгөөр авсан байр биш юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Ү нь “Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Манзушир өргөө хорооллын 1-27 тоот 34 м2 1 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний эрх залгамжлагч Д.Үгийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 1 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний эрх залгамжлагч Д.Үгийн өмчлөлд шилжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчаас “...О.Дулмаа гуайд ахмад настны хувьд амьдралын нөхцөл байдлыг харгалзан орон сууцыг түр хугацаанд ашиглуулж байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох хуулиудад аймгийн З дд төрийн нийтийн өмчийг хувьчлах, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, бэлэглэх эрх олгогдоогүй... нэхэмжлэгчийн хүлээн аваагүй хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэн авч тайланд тусгасан тул нэхэмжлэгчид өгөх боломжгүй...” гэж[1] нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Хэргийн үйл баримтаас үзвэл 2015 онд Төв аймгийн З дар ажиллаж байсан Д.Баярбат нь Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутан, 3 ихэр хүүхэд, улсад үр бүтээлтэй ажилласан, төрөөс нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай байсан иргэн Дулмаа нарын өмчлөлд тус бүрд нэг нэг орон сууцыг өмчлүүлэхээр Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрээ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж шийдвэрлүүлснээр Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутан, 3 ихэр хүүхэд, иргэн О.Дулмаа нарын орон сууц худалдан авах хөрөнгийг орон нутгийн хөрөнгөөс гаргуулан худалдан авах асуудлыг батлуулж, тухайн үедээ гурван орон сууцыг нэгэн адил бэлэг болгон гардуулж өгсөн байна.
Энэ нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Баярбат /2015 онд аймгийн З дар ажиллаж байсан/-ын “...тус орон сууцны хөрөнгийг нь аймгийн төсвөөс шийдсэн, түлхүүрийг нь гардуулж өгсөн тул өмчлөл шууд бэлэг хүлээн авагчид шилжчихсэн. Гэрчилгээгээ гаргуулан авах ажлыг бэлэг хүлээн авагч өөрсдөө хөөцөлдөж авах ёстой. Анхнаасаа Монгол улсын 3 сая дахь иргэн, нийгмийн тусламж хэрэгтэй 1 иргэн, аймагт төрсөн 3 ихэрт зориулан 3 орон сууцыг худалдан авч тус тус бэлгэлсэн, үүний 2 нь тухайн үедээ өмчлөх гэрчилгээгээ гаргуулан авсан, харин нэг нь өмчлөх гэрчилгээгээ гаргуулан аваагүй байсан байна. Төрөөс иргэндээ нийгмийн халамжийн чиглэлээр шийдвэр гаргаж, орон сууц бэлэглээд, иргэн нь байрныхаа гэрчилгээг авч чадахгүй заргалдаад явж байгаад харамсаж байна. Одоо хариуцагч тал төрийнхөө залгамж чанараар шийдвэр гаргаасай гэж хүсэж байна, хавтаст хэргийн 12, 13 дахь талд авагдсан зураг нь миний тухайн үед гардуулж өгч байсан түлхүүр бүхий батламжийн зураг мөн байна.”[2] гэсэн тайлбар, тус гардуулсан батламжийн “...1 өрөө шинэ байрыг бэлэг болгон өгснийг батламжлав. Төв аймгийн З д Д.Баярбат. 2015.06.20”[3] гэсэн бичилт, түүнчлэн хавтаст хэрэгт “CD” хэлбэрээр баримт болгон авагдсан дүрс бичлэгт З д Д.Баярбат нь орон сууцны шинэ хотхоны нээлтийн арга хэмжээний үед нийтийн өмнө гарч, зарлан танилцуулж иргэн О.Дулмаад тус орон сууцыг бэлэглэсэн, мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох телевизийн нэвтрүүлэгт хамтаар оролцож орон сууцыг дахин давтан бэлэглэж байгаа, тэнд тус орон сууцыг бэлэг болгон өгч, бэлэг болгон өгсөн орон сууцыг худалдан авах хөрөнгийг шийдвэрлэж өгсөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд баярласан талархсанаа илэрхийлж байгаа бичлэг зэргээс үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч Д.Үгийн ээж О.Дулмаад дээрх хаяг бүхий орон сууцыг бэлэг болгон өгсөн буюу уг орон сууцыг өмчлөх эрхийг бэлэглэсэн болох нь мөн тогтоогдож байна.
Үүнд, тухайн үед Төв аймагт 1000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байсан ба тус орон сууцнаас дээрх Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутан, 3 ихэр хүүхэд, улсад үр бүтээлтэй ажилласан, төрөөс нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай байсан иргэн Дулмаа нарын өмчлөлд тус бүрд нэг нэг орон сууцыг өмчлүүлэхээр Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, энэ зорилгоор орон сууцны худалдан авах хөрөнгө мөнгөний асуудлыг Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж, шийдвэрлүүлснээр 3 орон сууцыг дээрх зорилгоор худалдан авсан. Улмаар нэр бүхий иргэдэд тус бүр орон сууцыг нь олон нийтэд мэдээлэн бэлэглэн гардуулж өгсөн бөгөөд 2 орон сууцыг бэлэг болгон хүлээн авагч нар нь тухайн үед нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажуулан авсан, харин нэг иргэн буюу О.Дулмаа нь тус орон сууцаа хүлээн авч, дотор нь орж амьдарч байсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авч өмчлөх эрхээ баталгаажуулаагүй 6 жилийн хугацаа өнгөрсний улмаас уг орон сууц нь орон нутгийн хөрөнгөд бүртгэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно…” гэж зааснаар үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан этгээд нь шилжүүлэн авах үйлдлээ хийгээгүй байснаас тухайн орон сууцыг хөрөнгө гаргах худалдан авсан этгээд болох орон нутгийн хөрөнгөд бүртгэгджээ.
Харин дээрх үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч шилжүүлэн авах үйлдлээ хийгээгүй гэдгээр тухайн бэлгийг буюу орон сууцыг хүлээн авч өмчлөх эрх дуусгавар болох үндэслэлгүй бөгөөд бэлгийн хөрөнгийг хүлээн авах эрх нь хэрэгжих үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зардлаа гаргуулаад шийдвэрлүүлсэн хөрөнгөө хүлээн авсан этгээдийн өмчлөлөө бүртгүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Үүнээс нэхэмжлэгч Д.Ү нь “...миний ээж орон сууцыг хүлээн авч, 2015 оноос 2021 оны 07 сар хүртэл амьдарч байсан. Ээжийн биеийн байдлаас шалтгаалж тухайн үед нь өмчлөх гэрчилгээгээ гаргуулан авч чадаагүй, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өмчлөх гэрчилгээ гаргуулан авах талаар хүсэлтээ гаргасан боловч өнөөг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна, ээж маань 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нас барсан учир эрх залгамжлагч миний бие тус орон сууцны өмчлөх эрхийг өвлөн авах хүсэлтэй байна” гэж шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн орон сууц өмчлөх эрхийг хангах, хуульд заасан эрх хэмжээ, зохих журмын дагуу нэхэмжлэгч Д.Үгийн өмчлөх эрх залгамжлан авах, өмчлөх хөрөнгөө бүртгүүлэх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-н “б”-д “тухайн орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах эд хөрөнгийн жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийн тухай санал боловсруулж Хурал, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасан тул өнгөрсөн хугацаанд орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн дээрх орон сууцыг, нэхэмжлэгчийн гаргасан 2021 оны 07 дугаар сард гаргасан хүсэлтээр, хариуцагч З д нэхэмжлэгч иргэнд шилжүүлэн өгөх асуудлыг зохих хурал, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, улмаар З д нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй этгээдийн хувьд эрх хэмжээний хүрээнд асуудлыг үйл баримтаар нь судлан шийдвэрлүүлэх үүргээ биелүүлээгүй, “хөрөнгийг О.Дулмаа гуайд бэлгэлсэн шийдвэргүй бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч байна. ...орон сууцыг өмчлөлд шилжүүлэх боломжгүй” гэсэн хариу өгч, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ нь нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан захиргааны үйл ажиллагааны зарчмаар төрийг төлөөлж буй З д нь төрийг төлөөлөх этгээдийн хувьд дээрх үйл баримтаар иргэнд орон сууцыг бэлэг болгон өгсөн, үүнийгээ нийтэд мэдээлсэн атал цаг хугацааны явцад дээрх үйлдлийн агуулга өөрчлөгдөж, түрээсийн орон сууцны журмаар ашиглуулж байсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд иргэний хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны байгууллагын үйл ажиллагаанд харшилсан хууль бус эс үйлдэхүй болсон байна.
Иймд дээрхээс үзвэл, хариуцагчид хандан нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.Үгийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 оны хууль/-ийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д “аймгийн өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, аймгийн өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэрэг асуудлаар захиран зарцуулах санал боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан шийдвэрлүүлэх” гэж заасны дагуу тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний эрх залгамжлагч Д.Үгийн өмчлөлд шилжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны хууль/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-н “б”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 оны хууль/-ийн 60 дугаар зүйлийн 60.1.6, дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Үгийн Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Манзушир өргөө хорооллын 1-27 тоот 34 м2 1 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний эрх залгамжлагч Д.Үгийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг 1 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч О.Дулмаа болон түүний эрх залгамжлагч Д.Үгийн өмчлөлд шилжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлэн зохион байгуулахыг хариуцагч Төв аймгийн З дд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Үд олгосугай.
3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР