Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00303

 

 

 

    

                             

 

2022 оны 01 сарын 14 өдөр            Дугаар 102/ШШ2022/00303                     Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:... оршин суух, эмэгтэй, регистр Ч..., Б... овогт Н.... У...,

Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, эрэгтэй, регистр ..., Б... овогт Н...гийн Б...,

Хариуцагч:... тоотод оршин суух, эмэгтэй, регистр ..., Б... овогт Ж....гийн Д...,

Нэхэмжлэлийн шаардлага:... тоотод байршилтай, 45 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ... тоот эрхийн улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөс Н.У..., Н.Б... нарт оногдох хэсэг 30 000 000 төгрөг болохыг тодорхойлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

(Хариуцагч Ж.Д... өөрийнхөө эзгүйд хэргийг хэлэлцэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.)

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч   Н.У..., Н.Б... нар нь Ж.Д...д холбогдуулан ... тоотод байршилтай, 45 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ... тоот эрхийн улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөс бидэнд оногдох хэсэг 30 000 000 төгрөг болохыг тодорхойлуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.Үүнд:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-02-03-ны өдрийн ... тоот шийдвэрээр ... тоот 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Н.У..., Н.Б... биднийг тогтоосон бөгөөд уг шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст өмчлөгчид өөрчлөгдсөн тухай бүртгэл хийхийг даалгасан шийдвэр гарсан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгээгүй учир шүүх эх Ж.Д...д ногдох хэсгийг тодорхойлуулах шаардлагыг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул бид өөрсдөдөө ногдох хэсгээ тодорхойлуулахаар нэхэмжлэл гаргахыг хуулиар хориглоогүй байна.Бидний эх Ж.Д... нь бидэнд мэдэгдэлгүйгээр, бидний зөвшөөрлийг авалгүйгээр энэ үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулж ирсэн нь бидний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа учир дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өөрсдөдөө ногдох хэсгийг тодорхойлуулах шаардлага зайлшгүй үүсэж байна.Бид бусдад өр төлбөргүй бөгөөд эх Ж.Д...гийн тавьсан өр төлбөрөөс хүлээх үүрэггүй бөгөөд хамтын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөсөө ногдох хэсгээ тогтоолгон өөрсдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлж эх Ж.Д...д ногдох хэсгийг нь гарган өгч өөрсдөө өмчлөгчийн хувиар үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ эдлэх хүсэлтэй байна.Иргэний хуульд гэр бүлийн хэн нэгэн гишүүдээс өр төлбөр гаргуулах тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг нь тодорхойлж болох тухай заасан байна.Бид хоорондын маргаантай асуудлаа нэг мөр шийдвэрлүүлэхийн тулд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Х...ХХК-иар хийлгэсэн тул хуульд заасны дагуу ... тоот 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн ... тоот үл хөдлөх эд хөрөнгөөс бидэнд ногдох хэсэг 30 000 000 төгрөг болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:Хариуцагч Ж.Д... нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарласан.

            Хариуцагч     тайлбартаа:Тухайн орон сууцны  хувьд нэхэмжлэгч нар болох миний хүүхдүүд өөрсдөдөө ногдох хэсгийг тодорхойлуулах шаардлагыг нь хүлээн зөвшөөрөх боломжтой.Дээрх үл хөдлөх хөрөнгө нь миний болон хоёр хүүхдийн хамтдаа өмчлөх эд хөрөнгө бөгөөд миний хоёр хүүхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хувиа тус тусдаа тодорхойлуулах эрхтэй байна.Иймд  нэхэмжлэгч нарын надад холбогдуулан гаргаж байгаа нэхэмжлэл үндэслэлтэй байх тул хуульд заасан журмын дагуу миний зөвшөөрлийг баталж өгнө үү гэж тайлбарласан.

            Нэхэмжлэгчээс:Н.У...ын шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Х...ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ... дугаар шийдвэр, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ..., 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 12/9 тоот Ж.Д...д явуулсан мэдэгдэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн./6, 7-8, 9-14, 15-17, 24-25, 26-30, 31-32/

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох ... тоот 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн ... тоот үл хөдлөх эд хөрөнгөөс бидэнд ногдох хэсэг 30 000 000 төгрөг болохыг тогтоолгоно гэв.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрсөн.Үүнд:Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох ... тоот 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн ... тоот үл хөдлөх эд хөрөнгөөс миний хүүхдүүд ногдох хувиа тус тусдаа тодорхойлуулах эрхтэй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн ... тоот Ж.Д...д явуулсан мэдэгдэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

... тоотод байршилтай, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Д...  нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Э... ББСБ-д барьцаалсан, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаар шийдвэрээр хариуцагч Ж.Д...гаас 51 936 024 төгрөгийг гаргуулан Э... ББСБ-д олгож, барьцааны зүйл болох хариуцагчийн өмчлөлийн ... тоотод байршилтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэстэй гэж шийдвэрлэсэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ... дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарыг ... тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг Ж.Д...д хүргүүлсэн, Х...ХХК нь уг эд хөрөнгийг 45 000 000 төгрөгөөр үнэлсэн байна.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал, 129.1.2гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцэхгүй бол, 129.1.3гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал, 129.1.4гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлно гэж заажээ.

Гэтэл нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээрх хуульд заасан үндэслэлүүдээс дурдаагүй, тэд гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарсан эсхүл дундын хөрөнгөөс ногдох хэсгийн талаар зохигчид хоорондоо маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан үндэслэл бий болсон тухай үйл баримт тогтоогдохгүй байна.

Мөн ... тоотод байршилтай, 2 өрөө бүхий орон сууцыг 45 000 000 төгрөгөөр үнэлсэн дүнгээс өмчлөгч нарт оногдох хэсгийн талаар зохигчид маргаагүй байна.

Нөгөө талаар хариуцагч Ж.Д... нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч түүний зөвшөөрөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байхыг шаарддаг тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөх байтал 307 950 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 237 750 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан Ж.Д...д холбогдуулан гаргасан ... тоотод байршилтай, 45 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ... тоот эрхийн улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөс оногдох хэсэг нь 30 000 000 төгрөг болохыг тодорхойлуулах тухай Н.У..., Н.Б... нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 237 750 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг  зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН