Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00561

 

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00561

 

Н.У-, Н.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/00303 дугаар шийдвэртэй,

Н.У-, Н.Б- нарын нэхэмжлэлтэй

Ж.Д-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01205 тоот шийдвэрээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байр, .... тоот2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Н.У-, Н.Б- нарыг тогтоож, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст өмчлөгчид өөрчлөгдсөн тухай бүртгэл хийхийг даалгасан.

Дээрх шүүхийн шийдвэрт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгээгүй учир шүүх эх Ж.Д-д ногдох хэсгийг тодорхойлуулах шаардлагыг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул бид өөрсдөдөө ногдох хэсгээ тодорхойлуулахаар нэхэмжлэл гаргахыг хуулиар хориглоогүй байна. Бидний эх Ж.Д- нь бидэнд мэдэгдэлгүйгээр, бидний зөвшөөрлийг авалгүйгээр энэ үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулж ирсэн нь бидний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа учир дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өөрсдөдөө ногдох хэсгийг тодорхойлуулах шаардлага зайлшгүй үүсэж байна. Бид бусдад өр төлбөргүй, эх Ж.Д-гийн тавьсан өр төлбөрөөс хүлээх үүрэггүй бөгөөд хамтын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөсөө ногдох хэсгээ тогтоолгон өөрсдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлж эх Ж.Д-д ногдох хэсгийг нь гарган өгч өөрсдөө өмчлөгчийн хувиар үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ эдлэх хүсэлтэй байна.

Иргэний хуульд гэр бүлийн хэн нэгэн гишүүдээс өр төлбөр гаргуулах тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг нь тодорхойлж болох тухай заасан байна. Бид хоорондын маргаантай асуудлаа нэг мөр шийдвэрлүүлэхийн тулд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “Хос Стандарт” ХХК-иар хийлгэсэн тул хуульд заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс бидэнд ногдох хэсэг 30,000,000 төгрөг болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Дээрх үл хөдлөх хөрөнгө нь миний болон хоёр хүүхдийн хамтдаа өмчлөх эд хөрөнгө бөгөөд миний хоёр хүүхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хувиа тус тусдаа тодорхойлуулах эрхтэй байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Д-д холбогдуулан гаргасанБаянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 38 дугаар байр, 27 тоотод байршилтай, 45,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Y-2205023259 тоот эрхийн улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөс оногдох хэсэг нь 30,000,000 төгрөг болохыг тодорхойлуулах тухай Н.У-, Н.Б- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 237,750 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүйн улмаас илт хууль бус шийдвэрийг гаргах болсон.

Нэхэмжлэгч нар шүүхэд хандан “.....Н.У-, Н.Б- бид бусдад өр төлбөргүй бөгөөд эх Ж.Д-гийн биднээс нуун дарагдуулж тавьсан өр төлбөрөөс хүлээх үүрэг хариуцлагагүй бөгөөд хамтын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөсөө ногдох хэсгээ тогтоолгон өөрсдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлж, эх Ж.Д-д ногдох хэсгийг нь гарган өгч, өөрсдөө өмчлөгчийн хувиар үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ эдлэх хүсэлтэй байна. Иргэний хуульд гэр бүлийн хэн нэгэн гишүүнээс өр төлбөр гаргуулах тохиолдолд гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг нь тодорхойлж болох тухайд зааж хуульчилсан байна. ...хөрөнгийн үнэлгээг “Хос стандарт” ХХК-иар хийлгэсэн тул хуульд заасны дагуу ...үл хөдлөх эд хөрөнгөөс нэхэмжлэгч Н.У-, И.Билгүүн бидэнд ногдох хэсэг 30.000.000 төгрөг болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү...” гэж Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан үндэслэл хэрхэн бий болсон тухайгаа нэхэмжлэлдээ тодорхой заасан шаардлагыг гаргасан байдаг.

Нөгөө талаар анхан шатны шүүх “...хариуцагч ЖДэлгэрмаа нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч түүний зөвшөөрөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байхыг шаарддаг тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийддвэрлэх боломжгүй байна...”  гэсэн дүгнэлт нь мөн үндэслэлгүй байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01205 тоот хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүхийн энэ шийдвэрийг зохих ёсоор үнэлээгүй.

Мөн нэхэмжлэгч нар нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэгэнт тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа цагт Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ж.Д-гийн төлбөрийг түүнд ноогдох хэсгээс гаргуулах нь гуравдагч этгээдийн хувьд харшлахгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс төлбөр гаргуулах тухайд нарийвчлан заалт байгаа нь анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хуульд нийцсэн шийдвэрийг гаргаагүй болох нь тогтоогдож байна гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Н.У-, Н.Б- нар нь хариуцагч Ж.Д-д холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байр, .... тоот2 өрөө орон сууцнаас ногдох хэсэг 30,000,000 төгрөг болохыг тодорхойлуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрчээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01205 дугаар шийдвэрээр Н.У-, Н.Б- нарыг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байр, 27 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох үндэслэлийг мөн зүйлийн 129.1.1-д гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал, 129.1.2-т гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцэхгүй бол, 129.1.3-т гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал, 129.1.4-т гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь дээрх хуулийн аль ч зохицуулалтад хамаарахгүй, улмаар нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Ж.Д- нь “Энхсар инвест” ХХК-аас зээл авч, зээлийн барьцаанд уг орон сууцыг барьцаалсан, зээлийн болон барьцааны гэрээний маргааныг 2014 онд 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн, үүний дараа Н.У-, Н.Б- нарыг 2016 онд шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоосон байдлууд нь уг орон сууцнаас гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох үндэслэл болохгүй юм.

 

Харин Ж.Д- нь хамтран өмчлөх дундын өмч болох орон сууцыг захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болох Н.У-, Н.Б- нараас зөвшөөрөл авалгүй барьцаанд тавьж тэдэнд хохирол учруулсан гэж үзвэл тэд хохирлоо Ж.Д-гаас шаардахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй нь зөв болжээ. Учир нь нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/00303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД                                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

Э.ЗОЛЗАЯА