Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2022/01121

 

 

 

 

 

     2022             04              06                                            184/ШШ2022/01121

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Л

Хариуцагч: “Ц” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Л-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлд 2021 оны 02 дугаар сарын 24–ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгонжаргал.

Нэхэмжлэгч Д.Л болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л нь “Ц” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Л-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.Л 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Ц” ХХК-тай “арилжааны гэрээ” байгуулан гэрчилгээний 111222233 дугаартай, улсын бүртгэлийн 222111 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, ногоон чулуут 1 дүгээр гудамж, 33 тоот хаягт байрлах 226 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Иргэн Д.Л-ийн зүгээс төлбөр тооцоог “Ц” ХХК-д бэлнээр төлж барагдуулсан энэ талаар талууд тооцоо нийлсэн.

Иргэн Д.Л нь гэрээний дагуу худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөө Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн газарт хандаж бүртгүүлэх гэсэн боловч тус “Ц” ХХК-ийн зүгээс шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаа бөгөөд тус хөрөнгийг чөлөөлж өг хэмээн шаардаж, Д.Лг нэвтрүүлэхгүй байсаар байна.

“Ц” ХХК-аас холбогдох бичиг баримтыг гарган өгч, худалдаж авсан үл хөдлөх хөрөгийг иргэн Д.Л-ийн өмчлөлд шилжүүлэхийг хүссэн боловч өдийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна. Үүний улмаас иргэн Д.Л нь өөрийн худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хэрэгжүүлж чадахгүй байгаа болно.

Иймд иргэн Д.Л болон “Ц” ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “арилжааны гэрээ”-ний дагуу төлбөр тооцоо бүрэн дууссан тул иргэн Д.Лг “Ц” ХХК-н нэр дээр бүртгэлэй байгаа гэрчилгээний дугаа 111222233, улсын бүртгэлийн 222111 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, ногоон чулуут 1 дүгээр гудамж, 33 тоот хаягт байрлах 226 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, “Ц” ХХК-д тус үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.Л-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Капитал банк ХХК-г татан буулгасан. Одоо хөрөнгүүдийг хадгалах, хамгаалах, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

8.8 тэрбум төгрөгийн хохиролтой холбоотой хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэгт шалгаж байгаа баримтыг ирүүлсэн. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Арилжааны гэрээ тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамааралгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр. Мөн уг гэрээтэй холбоотой асуудал Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ байна гэв.

Гэрч Б.Д шүүхэд мэдүүлэхдээ: Д.Л нь төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд бараа материал хүлээлцсэн баримт үйлдсэн. Барилгын материал оролцуулж арилжсан. Ямар төрлийн бараа материал байсныг сайн санахгүй байна. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь манай өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө байсан. Мөн тухайн үед Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр итгэмжлэл хийж өгсөн ба Улсын бүртгэлээс Д.Лд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх бичиг хийж өгсөн. Миний бодлоор хууль ёсны өмчлөгч нь Д.Л. Намайг “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байх үед компаний хувьаа эзэмшигч нь “Капитал банк” ХХК байсан. Би “Капитал банк” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дагуу шийдвэр гаргадаг байсан. Надад мэдэгдэлгүйгээр миний оролцоогүйгээр миний хийсэн гэрээ өөрчлөгдөх, гэрээ буцаах боломжгүй. Би “Ц” ХХК-д 2017 оны 01 дүгээр сараас эхлэн ажилласан. Би тус компаний гүйцэтгэх захиралаар 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажилласан. Би Д.Л гэдэг хүнийг сайн танихгүй. Би Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, 1 дүгээр гудамж, 33 тоот хаягт байрлах 400 гаруй м.кв тайлба бүхий үл хөдлөх хөрөнгийг 440,000,000 гаруй төгрөгөөр худалдсан ба бэлнээр 4,000,000 орчим төгрөг авсан. Үлдэгдэл төлбөрийг алтан бурхан, барилгын материал, даац зэргээр төлж барагдуулсан. Миний мэдэхээр тус сэндвичин барилга нь анхнаасаа байсан бөгөөд анхнаасаа байсан үл хөдлөх хөрөнгийг худалдсан үйл явдал болсон гэжээ.

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Арилжааны гэрээ” /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт” /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11 тоот “Ц” ХХК-ийн албан бичиг /хавтаст хэргийн 92 дугаар тал/, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот “Ц” ХХК-ийн албан бичиг /хавтаст хэргийн 93 дугаар тал/ бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Хариуцагчаас “Ц” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 19 дүгээр тал/, “Ц” ХХК-с Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт  2020 оны 9 дүгээр сарын 32-ны өдөр гаргасан 3046 тоот гомдол /хавтаст хэргийн 77 дугаар тал/, Цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6650 тоот албан бичиг /хавтаст хэргийн 78 дугаар тал/, “Ц” ХХК-с Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга Цагдаагийн хошууч Э.Сэргэлэнд гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 160-161, 178-180 дугаар тал/, Цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 9397 тоот албан бичиг /хавтаст хэргийн 220 дугаар тал/,

Шүүхийн журмаар Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 683 тоот албан бичиг /хавтаст хэргийн 52 дугаар тал/, Нийслэлий Прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/3334 тоот албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 54-57 дугаар тал/, “Ц” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10 тоот албан бичиг /хавтаст хэргийн 106 дугаар тал/, Эрүүгийн цагдаагийн албаны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 857 тоот албан бичиг /хавтаст хэргийн 231-232 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Д.Л 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Ц” ХХК-тай “арилжааны гэрээ” байгуулан гэрчилгээний 111222233 дугаартай, улсын бүртгэлийн 222111 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, ногоон чулуут 1 дүгээр гудамж, 33 тоот хаягт байрлах 226 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Иргэн Д.Л-ийн зүгээс төлбөр тооцоог “Ц” ХХК-д бэлнээр төлж барагдуулсан энэ талаар талууд тооцоо нийлсэн гэж,

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...хөрөнгүүдийг хадгалах, хамгаалах, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 8.8 тэрбум төгрөгийн хохиролтой холбоотой хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэгт шалгаж байгаа баримтыг ирүүлсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн уг гэрээтэй холбоотой асуудал Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж тус тус тайлбарлаж, маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Арилжааны гэрээ” /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт” /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 10 дугаар тал/,  “Ц” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 19 дүгээр тал/, “Ц” ХХК-с Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт  2020 оны 9 дүгээр сарын 32-ны өдөр гаргасан 3046 тоот гомдол /хавтаст хэргийн 77 дугаар тал/, Цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6650 тоот албан бичиг /хавтаст хэргийн 78 дугаар тал/, “Ц” ХХК-с Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга Цагдаагийн хошууч Э.Сэргэлэнд гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 160-161, 178-180 дугаар тал/, Цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 9397 тоот албан бичиг /хавтаст хэргийн 220 дугаар тал/,  Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 683 тоот албан бичиг /хавтаст хэргийн 52 дугаар тал/, Нийслэлий Прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/3334 тоот албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 54-57 дугаар тал/, “Ц” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10 тоот албан бичиг /хавтаст хэргийн 106 дугаар тал/, Эрүүгийн цагдаагийн албаны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 857 тоот албан бичиг /хавтаст хэргийн 231-232 дугаар тал/ нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Арилжааны гэрээ” гэх нэр бүхий гэрээнд гарын үсэг зурсан байна. Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ. Арилжааны гэрээний зүйл нь хөрөнгө байдаг бөгөөд аливаа эд хөрөнгө, эрхийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг хоёр талт гэрээ юм.

Талуудын маргааны зүйл нь “Арилжааны гэрээ” үнэн бодит байдалд нийцсэн эсэх, үр шим хүртэх, тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тодорхойгүй гэж маргаж байна.

Харин талууд Улсын бүртгэлийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдал, хөрөнгө 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А.******* /*******/-ын өмчлөлд, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Ц” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрчилгээг хариуцагч дахин гаргуулан авсан зэрэгт маргаагүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.******* “...Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр хандсан, бүртгүүлэхээр очиход бүртгэж аваагүй хүсэлт, баримтыг буцаан өгсөн тул уг баримтыг гаргаж өгөх боломжгүй, улсын бүртгэлд байхгүй” гэж,

-мөн хавтаст хэргийн 92, 93 дугаар талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй бөгөөд шүүх энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр хариуцагчаас гаргуулж авахаар шийдвэрлэснийг хариуцагч тал 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №10 дугаартай албан бичгээр “...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10, 11 тоот албан бичгүүд нь архивт хадгалагдаагүй” гэж тайлбарлав.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.2, 274.3-д “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” “Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно” “Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг.

Зохигч үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхдээ энэ хуульд заасны дагуу Арилжааны гэрээний үнэ 444,000,000 төгрөгт ногдох хувь хэмжээгээр төлсөн албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан, улсын бүртгэлийн хураамж, үйл ажиллагааны зардал, улсын бүртгэлийн гэрчилгээний үнэ зэргийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, тодорхой хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээ хэргийн баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, үүнийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж буй өмчлөх эрх үүссэн гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч болон гэрч нарын зүгээс нотлох баримт, тодорхой хөрөнгө шилжүүлсэн эд хөрөнгийн эх сурвалжийг зааж чадаагүй, тодорхой эх сурвалжид үндэслээгүй, зохигч 440,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний ямар эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн алтан бурхан, хүлээлгэн өгсөн бусад эд хөрөнгийн тоо, ширхэг, чанар зэргийг нотлоогүй, үүргээ биелүүлээгүй байна.

Хавтас хэргийн 9 дүгээр талд авагдсан 2017 оны 12-р сарын 15-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт № ...-д ...үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөв., ... төлбөр тооцоог зуун хувь төлж тооцоог дуусгаж гэрээг хаав” гэх баримт, гэрч Б.Дгийн мэдүүлэг зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлэхэд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байхын үндэс нь бусад баримт, хэргийн үйл баримт зэрэгт нийцсэн байх, хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон байх шаардлагатай, энэ нөхцөл байдлыг дээрх тооцоо нийлсэн акт, гэрчийн мэдүүлэг хангалттай нотлохгүй, хоорондоо холбоотой гэж үзэх нөхцөл бүрдээгүй тул нотолгооны чадвараа алдсан байна. Тодорхой төрлийн хөрөнгийг шилжүүлсэн нь тодорхой байх учиртай юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал шаардлагаа нотлоогүй байна.

            Талуудын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Арилжааны гэрээ” нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-д заасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй”,

-“Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж тус тус заасан.

Энэ хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан.

Иймд нэхэмжлэлийн үндэслэл болж буй Арилжааны гэрээ нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, нотариатоор гэрчлүүлэхээр хуульд заасныг зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “...хуульд зөрчсөн хэлцэл” тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд зааснаар Арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх”-ээр заасныг зөрчсөн байх тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах зэрэг үр дагаврыг шаардах эрхгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнийн “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх тайлбарт эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Иймд “Ц” ХХК-д холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Л-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай Д.Л-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3-д зааснаар “Ц” ХХК-д холбогдох, нэхэмжлэгч Д.Л-ийн Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо ногоон чулуутын 1-р гудамж, 33 тоот хаягт байрлах, 256 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    В.АМАРТҮВШИН