Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01261

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Л гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/01121 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Л гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц ХХК-д холбогдох, 000 тоот хаягт байршилтай 436.96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, тус үл хөдлөх эд хөрөнгийг Д.Л гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Н.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Д.Л нь 2017 оны 12 сарын 15-ны өдөр Ц ХХК-тай арилжааны гэрээ байгуулан улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, 000 тоот хаягт байрлах 436.96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Иргэн Д.Л гийн зүгээс төлбөр тооцоог Ц ХХК-д бэлнээр төлж барагдуулсан, энэ талаар талууд тооцоо нийлсэн. Иргэн Д.Л нь гэрээний дагуу худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөө Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн газарт хандаж бүртгүүлэх гэсэн боловч Ц ХХК-ийн зүгээс шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхгүй байна. Үүний улмаас иргэн Д.Л нь өөрийн худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хэрэгжүүлж чадахгүй байгаа болно. Иймд иргэн Д.Л болон Ц ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 12 сарын 15-ны өдрийн арилжааны гэрээний дагуу төлбөр тооцоо бүрэн дууссан тул иргэн Д.Л г Ц ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, 000 тоот хаягт байрлах 436.96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Ц ХХК-д тус үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.Л гийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Д.Л нь Ц ХХК-тай арилжааны гэрээ байгуулж, 444,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан гэдэг боловч төлбөрт орж ирсэн гэх 444,000,000 төгрөг бодитойгоор компанид орж ирээгүй. 444,000,000 төгрөгт тооцон бараа материал, алтан бурхан өгсөн гэдэг ч нотлогддоггүй. 2019 оны 04 сарын 08-ны өдөр Банкны эрх хүлээн авагч томилогдож Ц ХХК-ийг хариуцаж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудал байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3 дахь хэсэгт зааснаар Ц ХХК-д холбогдох, нэхэмжлэгч Д.Л гийн Сонгинохайрхан дүүрэг, 28-р хороо, Ногоон чулуут 1 гудамж, 37 тоот хаягт байрлах 436,96 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,377,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

4.а. Шүүхийн шийдвэрт ...Зохигч үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхдээ энэ хуульд заасны дагуу Арилжааны гэрээний үнэ 444,000,000 төгрөгт ногдох хувь хэмжээгээр төлсөн албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан, улсын бүртгэлийн хураамж, үйл ажиллагааны зардал, упсын бүртгэлийн гэрчилгээний үнэ зэргийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй гэж дурджээ.

Шүүхийн дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, хэрэгт ач холбогдолгүй асуудлаар дүгнэлт хийсэн байна. Маргааны зүйлийн хувьд талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээний дагуу нэхэмжлэгчийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай асуудал юм. Уг маргааныг шийдвэрлэхэд шүүхийн зүгээс тухайн арилжааны гэрээ нь хэрэгжсэн эсэх асуудлаар дүгнэлт хийх учиртай. Талууд гэрээний үүрэг биелэгдсэн атал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байгаа талаар маргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагад татвар төлсөн эсэх болон тайлан гаргасан эсэх нь нэхэмжлэгчийн үүрэг хариуцлага биш бөгөөд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 20 дугаар зүйлийн 20.2.2-т тус тус заасны дагуу Аж ахуй нэгж нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулж орлого олсон бол тухайн орлогоос 2 хувийн татвар төлөхөөр зохицуулсан байна. Мөн тухайн татварын тайлан гаргасан эсэх асуудал нь хариуцагчийн хариуцах асуудал юм. Түүнчлэн, шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хураамж, гэрчилгээний үнэ төлөөгүй гэж үзжээ. Уг төлбөрүүдийг төлөөгүй байх нь өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ач холбогдолгүй зүйл болно.

4.б. Мөн шүүхийн шийдвэрт ...Тодорхой хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээ хэргийн баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэжээ.

Дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээний дагуу гүйцэтгэх үүргээ бүрэн биелүүлсэн талаарх бүхий л баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргасан. Тухайлбал, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 444,000,000 төгрөгөөр худалдан авсан ба 440,000,000 төгрөгт барилгын материал болон үнэт эдлэл өгсөн ба үлдэгдэл 4,000,000 төгрөгийн бэлнээр төлсөн. Хавтаст хэргийн 10 дугаар талд талуудын үйлдсэн тамга тэмдэг, гарын үсэг бүхий бэлэн мөнгөний орлогын баримт, 9 дүгээр талд талуудын үйлдсэн тамга тэмдэг, гарын үсэг бүхий тооцоо нийлсэн актаар дээрх арилжааны харилцаа нь бүрэн хэрэгжсэн болохыг нотолсон болно. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч байгууллагын тухайн үеийн гүйцэтгэх захирал буюу гэрээ байгуулсан, эд хөрөнгө хүлээн авсан, тооцоо нийлсэн этгээдийг гэрчээр асуусан. Хариуцагч Ц ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Даваасүрэн нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө ...Талуудын хооронд хууль ёсны гэрээ байгуулагдсан, иргэн Д.Л нь бүх төлбөр тооцоог төлж барагдуулан тооцоо нийлсэн актыг үйлдсэн, тус хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь иргэн Д.Л мөн гэж тодорхой мэдүүлсэн болно. Нийгмийн харилцаанд бүхий л зүйлсийг нарийвчлан хуульчлан тогтоох боломжгүй бөгөөд ердийн харилцаанд худалдан авагч этгээд нь аливаа төлбөр тооцоог төлсөн талаарх баримт буюу тооцоо нийлсэн баримт үйлдсэнээр үүргээ биелүүлсэн нь баталгаажна гэх ойлголттой байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч байгууллагад төлсөн төлбөрийнхөө баримтыг авч, тооцоо нийлсэн болно. Уг баримтаа нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд хүргүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ. Гэтэл шүүхийн зүгээс иргэн Д.Л ямар төрлийн хэдэн ширхэг эд хөрөнгийг хариуцагчид өгсөн талаар жагсаалт бүхий актыг шүүхэд гаргаж өгөхийг шаардсан. Ийм баримт үйлдэхгүй байх боломжтой бөгөөд үүнийг шаардах эрх шүүхэд байхгүй гэж үзэж байна. Харин хариуцагчийн зүгээс татгалзлаа нотолсон нэг ч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

4.в. Шүүхийн зүгээс талуудын үйлдсэн Тооцоо нийлсэн акт болон гэрчийн мэдүүлгийг нотолгооны чадвараа алдсан гэж дүгнэсэн. Ингэж дүгнэхдээ дээрх баримтууд нь эх сурвалж тодорхойгүй, хэргийн бусад баримт болон үйл баримттай нийцсэн байх ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тооцоо нийлсэн актын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу авагдсан, шаардлага хангасан баримт юм. Тус тооцоо нийлсэн актыг үнэн зөв, бодит байдалд нийцсэн болох нь талуудын тухайн үеийн гүйцэтгэх захирлын тайлбар, мэдүүлгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл, эх сурвалж тодорхой баримт гэж үзнэ. Харин гэрчийн мэдүүлгийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар авсан буюу гэрчид хууль сануулан авсан нтолгооны хэрэгсэл бөгөөд аливаа байдлаар нотлох чадвараа алдах боломжгүй баримт болно. Шүүхийн дүгнэж буй шиг дээрх баримтууд нь хэргийн бусад баримт болон үйл баримттай нийцээгүй байх боломжгүй юм. Учир нь дээрх баримтыг үгүйсгэх, зөрчилдөх ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй ба хэргийн үйл баримттай мөн зөрчилдөж буй талаар хариуцагч маргадаггүй. Хариуцагчийн төлөөлөгч нь Ц ХХК-ийн 2019 оны 04 сараас өмнөх харилцааг огт мэдэхгүй гэж мэдүүлдэг тул дээрх асуудлаар маргах ч боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт ...Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн баримт нь нотлох чадвараа алдана гэж заасан. Гэтэл шүүхээс тухайн нотлох баримтыг ямар журам зөрчсөн гэдгийг дурдалгүйгээр эх сурвалж тодорхой бус гэдэг үндэслэлээр нотлох чадваргүй гэж дүгнэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, тооцоо нийлсэн акт, гэрчийн мэдүүлгүүд нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой бие даасан эх сурвалжууд юм.

4.г. Шүүхийн шийдвэрт ...Арилжааны гэрээ нь нотариатаар гэрчлүүлэхээр хуульд заасныг зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан "...хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах зэрэг үр дагаврыг шаардах эрхгүй байна гэж дүгнэжээ.

Дээрх дүгнэлтийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд огт маргаагүй ба хариуцагчийн зүгээс тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаагүй. Талуудын маргаагүй асуудлаар шүүгч дүгнэлт хийх боломжгүй бөгөөд уг асуудал нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, сөрөг нэхэмжлэл гараагүй асуудал юм. Шүүгч хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой байтал хэрэгт хамааралгүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхгүй байх нь хэргийн бодит үнэнийг тогтооход шүүгч нэг талыг барьж, нэхэмжлэгчид давуу байдлыг бий болгодог бөгөөд, түүний өмнөөс эрх эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой адил юм. Товчхондоо бол нэхэмжлэлийн шаардлага гэдэг бол зөвхөн нэхэмжлэгчид хадгалагддаг эрх бөгөөд үүнийг шүүгч, бусад оролцогч эдлэх /нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, дэлгэрүүлэх эсхүл хязгаарлах/ боломжгүй билээ. Мөн шүүгч нь тухайн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй хэмээн шууд дүгнэх боломжгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээг нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасны дагуу эх хувиас нотариатаар гэрчлүүлэн өгсөн. Эх хувиас хуулбарлан гаргахад нотариатын тамга, тэмдэг гараагүй байхад шүүх нотариатаар гэрчлүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн зүгээс хуулбарласан баримтын эх хувийг хараагүй атлаа нүдэн баримжаагаар нотариатаар ороогүй гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан шинжээчийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

4.д. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдах учиртай. Тухайн хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-114 дүгээр зүйлд заасан журмын дагуу явагддаг. Гэтэл тус хэргийн анхан шатны шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдаагүй буюу ямар ч дараалал, журамгүй явагдсан. Тухайлбал, шүүх хуралдаан эхлэх үед нэхэмжлэгчээр нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулуулаагүй, өмнө нь 2 удаа орсон хурал учир танилцуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн. Мөн нотлох баримт шинжлэн судлах үе шат явагдаагүй, өмнөх хурал дээр танилцуулсан хэсгийн хурлын тэмдэглэлээр тооцьё гэж шүүх үзсэн. Асуулт хариултын үе шатад шүүхийн зүгээс нэхэмжлэгч талыг нэхэмжлэлээ татах, хариуцагч талтай дахин уулзах, эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа дахин нэхэмжлэлээ гаргах талаар санал гаргасан, уг саналыг талууд хүлээн аваагүй зэрэг нөхцөл байдал үүссэн ба шүүх хуралдаан нь хуульд заасан журмаар бус ерөнхий хэлэлцүүлэг, ярилцлагын байдлаар явагдсан болно.

4.е. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт ...Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заажээ. Гэвч шүүхийн зүгээс тухайн хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилан дүгнэлт гаргасан байсан гэж үзэхээр байна. Тухайлбал, шүүхийн зүгээс удаа дараа уг маргаантай хамааралгүй эрүүгийн хэргийн асуудлаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, мөн нэхэмжлэгчийн зүгээс төлбөр тооцоо төлсөн баримтаа нотлох баримтын шаардлага гаргуулан шүүхэд хүргүүлсэн байхад бараа материал хүлээлцсэн жагсаалт үйлдэх ёстой тухайн баримтыг гаргаж өг хэмээн аль ч хууль тогтоомжид заагаагүй баримтыг нэхэмжлэгчээс шаардсан, Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хуульд заасан шаардлага хангасан баримтыг бодит баримт биш гэх дүгнэлтийг урьдчилан хийсэн гэж үзэхээр байна.

4.ё. Мөн тухай хэргийн хариуцагч нь Ц ХХК, нэхэмжлэгч нь иргэн Д.Л, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь К дахь банкны эрх хүлээн авагч байсан. Гэтэл тус хуралдаан нь хариуцагч, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн байр суурь солигдсон байдлаар явагдсан. Тухайлбал, хариуцагч нь гуравдагч этгээдийн нэрийн өмнөөс бүх тайлбарыг гаргадаг, шүүхийн зүгээс хариуцагчийн үүрэг хариуцлагыг нэхэмжлэгчид ногдуулсан шинжтэй явагдсан. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлөөлөгч нь К дахь банкны эрх хүлээн авагчийн нэрийн өмнөөс хариуцагч болон нэхэмжлэгч нарыг бодит бус арилжаа хийж К ийг хохироосон, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн хэмээн мэтгэлцсэн. Уг тайлбарыг гуравдагч этгээд хийх ёстой атал хариуцагч хийж, харин хариуцагчийн татгалзлаа нотлох үүрэг нь нэхэмжлэгчид буй мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан болно.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан нотлох баримт болох арилжааны гэрээ нь хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй. Мөн уг гэрээ нь тухайн цаг үед байгуулагдсан эсэх нь тодорхойгүй. К ХХК-д Банкны хэрэг хүлээн авагч томилогдож, татан буулгах ажиллагаа хийгдэж байгаатай холбоотойгоор мэдэхгүй байдлыг далимдуулж хөрөнгийг авах гэсэн оролдлогуудыг хийсэн. Нэхэмжлэгч тал гомдолдоо нотариатаар тухайн арилжааны гэрээг гэрчлүүлээгүй гэх шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн нь үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх зорилготой байгуулагдаж буй гэрээг хуульд зааснаар нотариатаар заавал гэрчлүүлнэ. Тухайн шийдвэр нь хуулийн дагуу гарсан. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

6.   Гуравдагч этгээдийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын байр суурийг дэмжиж байгаа тухайгаа бичгээр тайлбар ирүүлсэн болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл илэрсэн тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

2.   Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан, 000 тоот хаягт байршилтай 436.96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, тус үл хөдлөх эд хөрөнгийг Д.Л гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагчтай арилжааны гэрээ байгуулж, үнийг нь бүрэн төлсөн... гэсэн агуулгаар тайлбарлаж, уг тайлбараа нотлох зорилгоор Д.Л , Ц ХХК нарын хооронд 2017 оны 12 сарын 05-ны өдөр байгуулагдсан гэх Арилжааны гэрээ, 2017 оны 12 сарын 15-ны өдөр үйлдсэн гэх Тооцоо нийлсэн акт, Бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. /1хх 7-8, 9, 10/

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэ бодитоор төлөгдөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэд бэлэн мөнгө, барилгын материал, алтан бурхан өгсөн гэдэг боловч тэдгээр нь компанид байхгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа... гэх агуулгаар тайлбарлан маргасан байна.

Гуравдагч этгээд К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч талын байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

 

4.   Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 04 сарын 14-ний өдрийн 683 тоот албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 сарын 27-ны өдрийн 1707 дугаар Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрөл, К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 2020 оны 09 сарын 28-ны өдөр, 2021 оны 11 сарын 25-ны өдөр тус тус Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гаргасан гомдол, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 11 сарын 29-ний өдрийн тогтоол /1хх 52, 55-57, 77, 177-178, 231/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар:

 

5.а. Хариуцагч Ц ХХК нь К ХХК-ийн 100 хувь эзэмшдэг охин компани;

5.б. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас К ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдуулан 000000000000 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа;

5.в. Дээрх эрүүгийн хэрэгтэй холбогдуулан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг эрх бүхий байгууллагаас хязгаарласан;

5.г. К дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс эрх бүхий байгууллагад хандан ...Ц ХХК нь өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө тодорхой хариу төлбөртэйгээр бусдад худалдан борлуулсан байхад компанид бодитоор орж ирсэн орлого байхгүй, мөн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулснаас орж ирсэн орлогыг хэн авч ашигласан гэдэг нь тодорхой бус, ...арилжааны гэрээ үнэн бодитоор байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ мөн эсэх хэрэв үнэн бодит хүчин төгөлдөр гэрээ мөн бол түүний хариу төлбөрт орж ирсэн мөнгө, барилгын материал, алтан бурхан зэргийг хэн авч ашиглан компанид их хэмжээний хохирол учруулсан гэдгийг шалгаж тогтоож өгнө үү... гэсэн гомдол гаргасныг мөрдөгчийн тогтоолоор 000000000000 дугаартай эрүүгийн хэрэгт тусгаж хавсаргасан үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

 

6    Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох бус хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчтай арилжааны гэрээ байгуулж, үнийг нь төлсөн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг зөвшөөрөхгүй, арилжааны гэрээний дагуу бэлэн мөнгө, барилгын материал, алтан бурхан компанид бодитоор орж ирээгүй гэж харилцан адилгүй тайлбар гарган маргаж, гуравдагч этгээд нь арилжааны гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээний дагуу орж ирсэн мөнгө, барилгын материал, алтан бурхан зэргийг хэн авч ашигласан эсэх-ийг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад хандсаныг эрх бүхий байгууллага хүлээн авч, эрүүгийн хэрэгт хавсаргасан, мөн эрх бүхий байгууллагаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг эрүүгийн хэрэгтэй холбогдуулан хязгаарласан тул Д.Л гийн нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж үзнэ.

 

7.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/01121 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хариуцагч Ц ХХК-д холбогдох, 000 тоот хаягт байршилтай 436.96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, тус үл хөдлөх эд хөрөнгийг Д.Л гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай, нэхэмжлэгч Д.Л гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 2,377,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

 

Д.НЯМБАЗАР