Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1357

 

 

 

 

 

                        

  2020           10             27                                           2020/ДШМ/1357

 

 

Д.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Д.Э,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 795 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Эийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2005020861192 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Д-ийн Э, 1969 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хангайн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/;

Сүхбаатарын районы ардын шүүхийн 1985 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 259 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1986 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1 жил 9 сар 24 хоногийн ялаас чөлөөлөгдсөн,

Октябрийн районы ардын шүүхийн 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 185 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 633 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 8 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1005 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

           Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн;

 

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корал цэнтр” худалдааны төвийн 2 давхарт иргэн Ч.Одгэрэлийн эзэмшлийн “Хуавай П-30” загварын гар утсыг түүний эх Я.Чулууны цүнхнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 887.170 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Дашийн Эийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Эт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Э гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн тул алдаагаа давтахгүйг хичээж байтал нөхөр минь нас барьж, хэцүү үедээ дахин гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хохирогчийн “Хуавэй П-30” загварын гар утсыг газар дээр нь буцаан өгсөн. Иймд шүүх бүрэлдэхүүнд хандаж байгаа хүсэлтүүдийг хүлээн авч, надад оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Үүнд:

           1. Миний ар гэрт өсвөр насны 15 настай хүү асран хамгаалах хүнгүй, хараа хяналтгүй, хүйтний улиралд хичээл сургуульдаа явах, эрсдэл учрах магадлал өндөр байгаа тул сэтгэл зүйн хүнд байдалд байна.

          2. Ганц дүү маань хорт хавдрын хүнд шатандаа орж, эмчилгээгүй болж хэд хоног амьд явах нь тодорхойгүй хэвтэрт байгаа тул амьдад нь асрах хүсэлтэй байна.

          3. Миний бие “астма”-ын хүндрэлийн улмаас унаж татдаг тул ухаан алдах үедээ хөлөө гэмтээж өвдөгний тойг мултарч гишгэж явах, босч суух чадваргүй болсон. Иймээс та бүхэн надад эцсийн удаа итгэл үзүүлэн боломж олгож, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.

           Миний хувийн байдлыг харгалзан үзэж надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би хийсэн гэм буруутай үйлдэл болгондоо гэмшиж байна. Миний бие халамжийн тэтгэмж, хүү минь хүүхдийн тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэмж зэрэг өрхийн орлоготой тул торгох ял оногдуулж өгвөл төлж барагдуулах чадвартай байгааг харгалзан үзнэ үү” гэв.

 

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Э өмнө нь удаа дараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж 8 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Иймээс түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Эт 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корал цэнтр” худалдааны төвийн 2 давхарт иргэн Я.Чулууныг гутал үзээд сууж байхад нь түүнтэй зэрэгцэн шахаж суугаад гар цүнхнээс нь  Ч.Одгэрэлийн эзэмшлийн “Хуавай П-30” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 887.170 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ч.Одгэрэлийн “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр би эх Чулууны хамт 16 цагийн орчим “Корал цэнтр” дэлгүүрийн 2 давхарт байрлах лангуун дээр хувцас үзэж байхдаа өөрийн Хуавай П-30 загварын гар утсыг эх Чулууны цүнх рүү хийгээд цүнхний цахилгааныг татаад байж байхад хажуу талд үл таних эмэгтэй хараад байж байсан. ...Хажуу талд нь үл таних хөгшин эмэгтэй шахаж суугаад ээжтэй худалдаж авах гэж байсан гутлын талаар яриад байж байсан. Тэгээд тэр хөгшин эмэгтэй гэнэт ээж Чулууны хажуу талаас босоод хурдан хурдан алхаад явж байсан. Ээж нилээн байж байгаад миний утас руу залгасан. ...утсаа цүнхнээс авах гэсэн чинь байхгүй байсан. ...” /хх 7/,

 

гэрч Я.Чулууны “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хорооллын “Корал цэнтр” худалдааны төв рүү гутал, хувцас авахаар очсон бөгөөд охин Одгэрэл нь өөрийн Хуавай П-30 загварын гар утсаа миний цүнхний арын цахилгаантай хэсэгт хийгээд цахилгааныг татсан. ...удалгүй 2 давхарт охиноос салаад гутлын лангуун дээр очиж гутал үзээд охин Одгэрэлд хэлж зөвлөгөө авахаар утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. ...Охин утсаа өгч байхад хажууд нэг эмэгтэй ирж зэрэгцээд сууж байсан. Хажуунаас орж ирээд “хямдхан гутал байна” гэж хөндлөнгөөс орж ирээд яриад байсан. 50 орчим насны эмэгтэй байсан. ...” /хх 8-9/,

 

шүүгдэгч Д.Э яллагдагчаар өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороонд “Өргөө” кино театрын урд талд байх “Корал” гэх худалдааны төвийн хоёр давхарт өдөр 16 цаг өнгөрч байхад өөрийн хүүхдэдээ сандал авах гээд үзээд явж байхад гутлын лангуун дээр нэг эмэгтэй суугаад гутал үзээд сууж байсан, хажууд нь бас нэг эмэгтэй гутал үзээд байж байсан. ...настай эмэгтэй рүү ойртож суугаад би жижиг хар өнгийн гар цүнхний гадна талд байх цахилгаантай халааснаас цухуйж гарсан байсан Хуавей Пи-30 загварын цэнхэр өнгөтэй, өнгөгүй гэртэй гар утсыг хөгшин эмэгтэйд мэдэгдэхгүйгээр өөрийн гараараа сэмээрхэн цухуйж байхад нь аваад гартаа бариад тэр чигтээ дэлгүүрээс гараад явсан. ...” /хх 86/ гэх мэдүүлгүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-4/, “ДАМНО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 17/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 80-81/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Эийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Эийн хохирогч Ч.Одгэрэлийн эзэмшлийн “Хуавай П-30” загварын гар утсыг түүний эх Я.Чулууны гар цүнхнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Эийн “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцүүлэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийж, түүний буруутгагдаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж шийдвэрлэснийг ял хүндэдсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Д.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Эийн хувийн байдлын талаар түүний дүү Э.Мишээл /хх 13/, Б.Төгсболд /хх 15/ нар мэдүүлэг өгөхдөө хүүхдүүдийнх нь талаар мэдүүлэг өгөөгүй байна. Мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Э нь “...13, 15, 28 насны гурван хүүхэдтэй...” гэсэн боловч хүүхдүүдийн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 795 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ