Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2022/00829

 

 

 

 

 

    2022            03              14                                             184/ШШ2022/00829

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: “Х” ХХК  

            Хариуцагч: “Г” ХХК

            Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний хохирол 92,304,360 төгрөг гаргуулах үндсэн, Түрээсийн гэрээний хохирол 74,410,458 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Г” ХХК-ийн тээврийн хэрэгсэл гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 11–р сарын 08–ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч: Г.******* /ШТЭҮД-*******/, гэрч М.У, Г.Г, С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал. 

гуравдагч этгээд: “Г” ХХК /РД: 24/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Г” ХХК-д холбогдуулан Түрээсийн гэрээний хохирол 92,304,360 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: “Х” ХХК нь “Г” ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулж тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ байгуулсан. Дээрхи гэрээг байгуулахдаа 2021 оны 7 сарын 20-нд түрээсийн тус гэрээнд дурьдсан Техникийн бичиг баримт зэргийг хүлээж аваад гэрээ байгуулах болсон гэж удаан хугацаанд гэрээ байгуулахгүй хүлээлгэж хугацаа алдаж хохиролд хүргэсэн. Түрээслэгч “Г” ХХК нь гэрээний үүргээ дараах байдлаар зөрчсөн.

-2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гэрээ байгуулах, ажил эхлэхийг хүлээсээр 2 сар шахам хугацаа алдсан, энэ хугацаанд бүх тоног төхөөрөмжөө ажлуулахгүй “Г” ХХК-ийн ажлыг хүлээж сул зогссон.

-2021 оны 9 сарын 01-ний өдөр гэрээ байгуулснаас хойш 2021 оны 9 сарын 17-нд урьдчилгаа төлбөр орж ирэх хүртэл хугацаанд ажил байхгүй сул зогсолт үүссэн.

-Тоног төхөөрөмж түрээслэх гэрээний 2.2 дахь заалтын дагуу урьдчилгаа 20,000,000 төгрөгийг бэлэн төлөөгүйгээс бид техник сэлбэг материал нөөцөлж авч чадаагүй. Мөн урьдчилгаанд 6 ширхэг дугуй авсан дугуйн зах зээлийн үнэлгээ нь 2,100,000 төгрөгний үнэтэй байсан.

-Мөн гэрээний 3.3 дахь заалт зөрчигдсөн өдөр тутмын ажлын мэдээллээр хангаагүй ажилд бэлэн машиныг ажлаар хангаагүй мөн ажилд бэлэн машиныг засвартай гэж мэдээлсэн.

-Ажил хийх нөхцөл боломжоор хангаагүй зам талбай бэлдэж өгөөгүй, ачаа ачиж өгөх, ажилд бэлдэх машинууд нь маш их эвдрэл гэмтэлтэй байсан учир ажил хийх боломжгүй болж сул зогсолт үүссэн гэдгийг уурхайд ажиллаж байсан бүх жолооч ажилчид хэлж тайлбарладаг.

-Гэрээний 4.2.3 дагуу төлбөр хугацаанд төлөөгүй, гэрээний 4.2.8 дахь заалтанд заасан шатах тослох материалаар хангаагүй, техникт элэгдэл хорогдол учруулсан.

-Уурхайн технологийн замын нөхцөл байдал муу, шавар ус ихтэй замаар явж, техникийн эвдрэл гарахад нөлөөлдөг. Зам засварын автогрейдер нь техникийн шаардлага хангахгүй бүрэн бус эвдрэлтэй байдаг.

-Уурхай дээрээ засвар үйлчилгээ хийх газаргүй, шатах тослох материал нөөцгүй, дээрх нөхцөл байдлаас болж хоёр талаас гэрээгээ цуцлах санал гаргаж гэрээг 2021 оны 10-р сарын 18-ны өдөр цуцалсан.

Гэрээний үүргээ зөрчсөн болон гэрээгээ цуцалсан хохирол төлбөрт дараах төлбөрийг нэхэмжилж байна. Талууд гэрээгээ цуцалсан байхад хариуцагч “Г” ХХК нь 3 техник, дугуйт ачигч машиныг буцааж өгөхгүй барьцаалж, 1 техникийг гуравдагч этгээдэд саяхан хүлээлгэн өгсөн байна.

Түрээсийн гэрээний үүрэг зөрчсөн хугацааны нэмэлт түрээсийн төлбөр 30,000,000 төгрөг, гэрээний урьдчилгаа өгөх хугацааг хэтрүүлсэн хугацаа алданги 3,400,000 төгрөг, 2021 оны 9-р сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл сул зогсолтын төлбөр 44,570,880 төгрөг, 2021 оны 9-р сарын 25-наас 2021 оны 10-р сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны шөнийн ээлжийн сул зогсолтын хохирол 5,643,480 төгрөг, 6 ажилчдын цалин 8,690,000 төгрөг, нийт 92,304,360 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч “Г” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Х” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээг байгуулахдаа 2021 оны 7 дугаар сарын 20-нд гэрээнд дурьдсан техникийн бичиг баримт зэргийг хүлээж аваад өгөөгүй хугацаа алдаж хохирсон гэж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь манай компани нь “Э” ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 23-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд 2021 оны 7-р дугаар 20-нд тус гэрээ байгуулах талaap дурьдагдаагүй яригдаагүй байсан. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулснаас хойш 3 техникийг ажилдаа гаргаж байгаач урьдчилгаа өгөх боломжгүй нөхцөл байдалд байна гэж удаа дараа Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.*******т утсаар хандаж хэлж байсан.

Тухайн үед З.******* нь урьдчилгаа өгөхгүй бол техникүүдийг ажилд гаргах боломжгүй гэж байсан. Гэрээний хэрэгжилт нь урьдчилгаа төлбөр шилжүүлснээр үүсэх нөхцөл байдалд байсан. Иймд манай компани нь 2021 оны 9 дүгээр сарын 17-нд “Х” ХХК-ийи гүйцэтгэх захирал З.*******т урьдчилгааг бэлэн мөнгөөр олгох боломжгүй дугуй байдлаар өгөх боломжтой байна гэхэд за гэж зөвшөөрөөд дугуйг авсан. Бид тус дугуй 2,600,000 төгрөгөөр авсан.

Гэрээний 4.1.4-н дагуу түрээслүүлэгч нь техникийн биет байдлын ямар нэгэн доголдолгүй, тоноглол, иж бүрдэл, бүрэн бүтэн байдал, техник ашиглалтын хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй гэж заасан боловч тус техникүүд нь ажилд гарах боломжгүй эвдрэл гэмтэлтэй байсан.

Тус гэрээний 4.1.3 тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарсан тухай дуудлага хүлээн аваад түрээслүүлэгчийн мэргэжилтнүүд эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлж, засвар үйлчилгээний ажлын тайланд /service report/ бичих бөгөөд ажпын талбай дээрх түрээслүүлэгчийн талын мэргэжилтэнд танилцуулж гарын үсэг зуруулах үүрэг хүлээсэн, Түрээслүүлэгч талын мэргэжилтнүүд техникт гарсан эвдрэл гэмтлээ ажлын тайланд бичиж өгч байгаагүй.

Гэрээний 3.3-д зааснаар түрээсийн хугацааны төгсгөлд төхөөрөмжийн ажилласан мэдээг түрээслүүлэгч талд мэдээллэх үүрэгтэй гэж заасан байна гэтэл тус техник нь уурхайн талбайд очоод нэг cap болоогүй байсан байна.

Түрээсийн гэрээгээр ажиллаж байсан техникүүдийн эвдрэл гэмтэл нь өөрсдийн операторын ур чадвар муутайгаас болж гарч байсан. Нэхэмжпэгч тал ажил хийх нөхцөл боломжоор хангаагүй зам талбай бэпдээгүй гэж байгаа боловч тухайн үед зам талбай ажиллах боломжтой, ачаа ачиж өгөх, зам засварын ажил хийх автогрейдер зэрэг нь байнга хэвийн эвдрэл гэмтэлгүй ажиллаж байсан. Энэ нь техникүүдийн ажиллаж байсан цагаар нотлогдоно.

Уурхайд техникүүд засвар хийх талбайтай бөгөөд тухайн түрээсийн 3 техник нь “түрээслэгчийн засварын талбайд зогсож засвар үйлчилгээ хийдэг байсныг тус уурхайд ажиллаж байсан жолооч засварчид мэддэг.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт тусгагдсанаар “Эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмын үр шим байна. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний хувьд хөрөнгийг ашиглахаас гадна түүний үр шимийг хүртэх асуудал тэргүүн ээлжинд тавигддаг. Энэхүү гэрээний объект нь үр шим бий болгох бололцоо бүхий биет хөрөнгө буюу техникүүд байх нь тодорхой байна.

Тухайн 3 техник нь бүрэн хүчин чадлаар эвдрэл гэмтэлгүй ажиллаж байсан бол 33.380 м.күб хөрсийг тээвэрлэж мөн хэмжээний үр шимийг бид хүртэх боломжтой байсан. Гэтэл тус техникүүд нь эвдрэлтэй зогсож, “Х” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж манай компанид хохирол учруулж ажлын бүтээмжинд нөлөөлж гэрээний үр шимийг хүртэх боломжгүй нөхцөл байдалд оруулсан атал дээрхи хэмжээний мөнгийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч “Г” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

"Х” ХХК-тай “Г” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр талууд харилцан тохиролцож тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулсан.

Талууд гэрээний 4.1.6 тохирохдоо талууд гарын үсэг зурж баталгаажуулсаны дараа гэрээний 1.1- д заасан техникийг урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээс 48 цагийн дотор түрээслэгчийн ажлын талбай руу ажилд гарахад бэлэн гурван техникийг оператор, засварчидийн хамтаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах Хүдэрийн Уулын баяжуулах үйлдвэрт ажилд бэлэн байлгах ёстой байсан.

Гэтэл тус компани нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах Уулын баяжуулах үйлдвэрт түрээсийн 3 техникийн 2 нь 2021 оны 9-р сарын 24-ний өдрийн 17 цагг очсон. Үлдсэн нэг техникийг асуухад эвдрэлтэй ажилд гарах боломжгүй засварлаад араас ирнэ гэж хэлж байсан. Ирсэн хоёр техникийн нэг нь очоод ажилд гараад 30 минут ажиллаад эвдэрч зогссон. Тус гурван түрээсийн техник нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан бол 33,380 м3 хөрсийг ачилт хийх байсан. Гэхдээ тус техникүүд нь бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаагүй.

Техникүүд эвдрэл гэмтэлтэй, ажилд 100% бэлэн бус байгаа талаар Уурхайн дарга, хуулийн зөвлөх нар “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал 3. *******т утсаар мэдэгддэг байсан бөгөөд тэр бүрт мэдэж байгаа сэлбэг явуулах гэж байна гэдэг хариуг өгдөг байсан.

“Х” ХХК нь гэнэт имэйлээр гэрээг цуцалж буйгаа мэдэгдэж техникүүдээ зогсоосон. Үүнээс үүдэлтэйгээр манай компанийн ажлийн бүтээмжинд нөлөөлсөн. Гэрээний 4.1.17-д тусгасаны дагуу түрээслүүлэгч түрээсийн тоног төхөөрөмжийг эргүүлэн татахаа 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдээгүй, түрээсийн гэрээний хугацаанаас өмнө техникүүдийг татсан тохиолдолд сүүлийн сарын түрээсийн төлбөрийг төлөхгүй байх эрхтэй гэж заасан байна. Гэтэл тус техник нь уурхайн талбайд 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр очсон бөгөөд мөн оны 10-р сарын 08 өдөр имэйл ирүүлж гэрээгээ тус өдрөөр цуцалж буйгаа мэдэгдсэн. Түрээсийн гэрээ нь хоёр галын гэрээ бөгөөд гэрээг нэг тал дангаараа цуцлах өөрчлөх эрхгүй байтал мэдэгдэж байж гэрээнд өөрчлөлт оруулах байтал “Х” ХХК-ийн удирдлагын зүгээс тус үүргээ зөрчиж техникүүдээ зогсоосон.

Түрээслүүлэгч нь тоног төхөөрөмжийн түрээсийн гэрэээний 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.10 заасан үүргүүдээ зөрчсөн гэж үзэж байна.

Түрээсийн гэрээгээр ажиллах гурван техникүүдэд засвар үйлчилгээ хийхдээ түрээслүүлэгчийн засварын баг нь сервес рефорт үйлдэж ажлын талбай дээрх түрээслэгчийн ажилтанд танилцуулах үүргээ биелүүлж байгаагүй.Түрээсийн гэрээгээр эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн байдал, ашиглалтын хэвийн ажиллагааг хангах үүргээ зөрчиж гурван техникийн нэг нь уурхайн талбайд очихгүй эвдэрч үлдсэн, очсон хоёр техникийн нэг нь ажилд гараад 30 минут ажлаад эвдэрч зогссон.

Гэрээг цуцлах тухай мэдэгдлийг авах өдөр хүртэл түрээслүүлэгчийн техникүүдийн ажилласан цагийг бодож үзэхэд 8,898,892 төгрөг байсан мөн мөн гэрээний 4.1.11-д заасны дагуу түрээслүүлэгчийн засварын ажилтануудын тоогоор хоол байрны төлбөрийг түрээслэгч талын нэг ажилтны хоол үйлчилгээний зардлаар тооцон төлбөрөөс суутгана, 4.2.6 түрээслүүлэгчийн ажилтнуудыг ажлын хувцас, Хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангаж үйлчилгээний зардлаас тооцон төлбөрөөс суутгана гэж заасны дагуу түрээслүүлэгчийн засварын багийн уурхайд байрласан хонгийн катерингийн үйлчилгээний төлбөр, түрээслүүлэгчид өгсөн урьдчилгаа зэргийг тооцож үзэхэд “Х” ХХК -нь ‘Г” ХХК-д 19,410,458 төгрөгийг төлөх төлбөртэй тооцоо гарсан бөгөөд энэхүү тооцоон дээр талуудын нягтлан бодогч, санхүүгийн шинжээч нар имэйлээр харилцаж гарын үсэг зурсан.

Тус түрээсийн техникүүд бэлэн бус байснаас үүдэж бид түрээсээр ажиллуулж байсан экскаваторыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадаагүй нэг сард 55,000,000 төгрөг төлж байсан. Түрээсийн гэрээний бусад ижил төстэй гэрээнээс ялгагдах гол нөхцөл болох зориулалтыг дагуу ашигласны үр дүнд бий болох үр шимийг хүртэх бөгөөд манай компанийн тухайд түрээсээр ажиллаж буй техникийн үр шимийг хүртэх боломжгүй нөхцөлд “Х” ХХК-ийн техникүүдийн бэлэн бус байсан нөлөөлж үр дүнг хүртэж чадаагүй

'Х” ХХК гэрээний үүргээ зөрчснөөс үүдэлтэйгээр манай компанид учирсан дараах хохиролыг нэхэмжилж байна.Талуудын харилцан тохирч гарын үсэг зурсны дагуу үлдэгдэл 19,410,458 төгрөг экскаваторын түрээсийн төлбер 55,000,000 нийт 74,410,458 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд өгсөн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

 “Г” ХХК нь анх 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манайд санал тавьж манай компаний техникийн бичиг баримтыг ашиглан ажлынхаа төслийг авсан. Энэ өдрөөс хойш манай техник ажилд гараагүй. Манайх техникүүдээ зээлээр авсан ажилгүй удаан зогсож болохгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр танайхыг удаан хүлээж чадахгүй гэдгээ Төв аймгийн Заамар суманд алтны уурхайд түрээсээр гарах гэж байхад “Г” ХХК-с “одоо удахгүй ажил эхэлнэ” гэж хэлээд 2021 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл хүлээлгэсэн.

Манай компани нөхцөл байдлаа тус компанид хэлж 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тоног төхөөрөмж түрээслэх гэрээ хийсэн. Гэрээний дагуу тус компани урьдчилгаа 20,000,000 төгрөг шилжүүлэх байсан боловч дахин хойшлогдсоор 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг дансаар, 6 ширхэг дугуйг 2,500,000 төгрөгөөр бодож өгсөн. Манайх бэлэн мөнгөөр сэлбэг авч машинуудаа гаргана гэдгээ анх талууд тохиролцоход хэлж байсан. Тус компани нь тухайн дугуйг зах зээлийн ханшаас 400,000 төгрөгөөр илүү бодож өгсөн. Манайх “сэлбэг авна, бэлэн мөнгө хэрэгтэй” гэхэд тус компани “бэлэн мөнгө өгөх боломжгүй, дугуйгаа зарж мөнгө болго” гэсэн. Тус дугуйг зарах гэсэн боловч зарагдаагүй учраас сэлбэг авч нөөцөлж чадаагүй.

2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 2 машиныг оператор, засварчдын хамт хүргэж өгсөн. Дараагийн 1 машиныг хүнээс мөнгө зээлж сэлбэгийг нь авч араас нь очсон. Ямар ч сэлбэгийн нөөцгүй болохоор бага сага эвдрэлээс болж машин маш удаан зогссон. Мөн тус компаний зүгээс “очиход ажил бэлэн” гэсэн боловч зам янзлах техник байхгүй, ачих экскэ нь бүрэн бус, байнгын эвдрэлтэй, ажил хийхээсээ зогссон цаг нь их байсан. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр уурхайн дарга Дамдиндорж гэдэг хүн “танай машин норд самсовалаас илүү түлш хэрэглэж байна, норд самсовалтай адилхан ачиж байна” гэж утсаар худал хэлж, маргаан хийснээр машинуудаа манай компани зогсоосон. Үүнээс өмнө хуулийн зөвлөх гэж хүн ямар ч шалтгаангүйгээр машинаа зогсоо гэж утсаар ярьсан. Мөн манай компанид өдөр болгоны ажлын тайлан гаргаж өгөх ёстой гэхэд уурхайн дарга Даймаа гэх хүн “танай компанид ажлын тайлан гаргаж өгөх ёсгүй” гэж хэлсэн.

Мөн тус компани манай компанитай 9 сарын тооцоог 10 сарын 1-5 хооронд тулгах ёстой байсан, уурхайгаас мэдээ ирээгүй гэж хэлээд тооцоо тулгаагүй. Энэ мэтчилэн манай компанийг үл тоож, худал хэлж, өөрсдөө манай компани руу ярьж ажлаа зогсоо гэж хэлсний дээр манайх 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр техникээ зогсоосон. Мөн сөрөг нэхэмжлэл дээр ямар ч үндэслэлгүй 10 хоног бүтэн ажиллаж чадаагүй экскэний 1 сарын бүтэн төлбөрийг нэхэмжилсэн байна. Манай компанийг өөрсдөө машинаа зогсоо гэж хэлчихээд хэлэхгүй машин зогсоосон гэх үндэслэлээр экскэний бүтэн сарын төлбөр нэхэмжилсэн юм. “Г” ХХК нь энэ мэтчилэн удаа дараа худал хэлж манай компанийг маш хүнд нөхцөл байдалд оруулсан. Манай компани тус 3 техникийг санхүүгийн түрээсийн гэрээгээр авсан байсан бөгөөд тус компаниас болж 2021 оны 8 дугаар сараас хойш ямар ч төлөлт хийж чадаагүй, мөн 1 машиныг ямар ч үндэслэлгүй барьцаанд авч үлдчихээд өдий болтол ямар ч ажил хийлгээгүй, сарын төлөлт, хүү, алданги гээд манай компанийг маш их хохироосон.

Иймд “Г” ХХК-с 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх түрээсийн мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “Г” ХХК нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Хэрэг маргааны зүйл түрээсийн гэрээнд дурдагдсан уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх зориулалттай ачааны XCMG маркийн улсын 0986ТТА, 0769ТТА, 0983ТТА дугаартай 3 тээврийн хэрэгслийг Г ХХК нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хэра ******* ХХК-тай “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулан худалдан авсан.

Улмаар Г ХХК-д иргэн Н.Баттулга нь 2020 оны 01 дүгээр сараас эхлэн хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотой Уулын мастер албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Н.Баттулга тус компанийн худалдан авсан 3 ачааны автомашиныг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу өгч явуулан компанид ашиг оруулах зорилгоор гуравдагч этгээдэд түрээслүүлэн ашиглуулж түрээсийн төлбөрийг Г ХХК-руу шилжүүлж байх үйлдэл хийлгүүлэхээр өгч явуулсан. Гэтэл Н.Баттулга нь тухайн цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл Г ХХК болон гүйцэтгэх захирал М.Гэрлээгийн данс руу ямарваа нэгэн байдлаар автомашины түрээсийн төлбөрийг огт шилжүүлээгүй.

Мөн гүйцэтгэх захирал М.Гэрлээ нь тус компанийн автомашинуудыг түрээслүүлэх гэрээ байгуулахдаа Х ХХК-ийн нэр дээр гэрээ байгуулсныг 2021 оны 10 дугаар сарын сүүлээр олж мэдсэн бөгөөд компанийн эзэмшлийн автомашинуудыг түрээслүүлж түүний үр шимийг хүртэх хүсэл зоригт нийцээгүй. Н.Баттулгын дээрх хууль бус үйлдлийг мэдсэн цаг хугацаанаас эхлэн бусдын хууль бус эзэмшлээс компанийн өмчлөлийн эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очиж нийт 3 тээврийн хэрэгслээс улсын 0986 ТТА, 0769 ТТА дугаартай 2 автомашиныг нь чөлөөлүүлж авсан. Харин улсын 0983 ТТА дугаартай ачааны автомашиныг нь авах гэтэл Гео цэцийн транс ХХК нь манайх түрээсийн гэрээнд заасан хугацаанд эзэмшиж ашиглаагүй тул шилжүүлэн өгөх боломжгүй гэж тайлбарлан өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшсээр байна.

Хариуцагч нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Х ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж улмаар талууд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Г ХХК-ийн өөрийн эзэмшлийн эд хөрөнгүүдээ чөлөөлүүлж авахад гэрээг дүгнэн тооцоо нийлж 2 эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгч гэрээ албан ёсоор цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Улмаар Гео цэцийн транс ХХК-ийн манай компанийн улсын 0983 ТТА дугаартай ачааны автомашиныг өгөөгүй үндэслэлийг эд хөрөнгийн хууль бус эзэмшигчидтэй байгуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд саатуулан барих эрхгүй бөгөөд талууд хооронд байгуулагдсан гэрээний үүрэг Г ХХК-д хамааралгүй байхад хууль ёсны эзэмшигчийн өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхийг зөрчөөд зогсохгүй түүний үр шимийг хүртэх зэрэг хууль буюу гэрээгээр олгогдсон хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөөр байна.

Өнөөдрийн байдлаар манай компанийн эд хөрөнгө хариуцагч 2 компанийн чухам аль компанийн хууль бус эзэмшилд байгааг тодорхойлох боломжгүй байгаа тул хамтран хариуцагчаар татаж байгаа болно. Иймд хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Г ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн XCMG маркийн улсын 0983 ТТА дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлүүлж, гуравдагч этгээдийн өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г” ХХК нь шүүхэд гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа:

Манай компаний хувьд “Х” ХХК-тай 2021 оны 9 дугээр сарын 01-ний өдөр “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу гуравдагч этгээдийн нэхэмжлэлд дурдагдаж буй техникүүдийг ашиглаж эзэмшиж байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу шилжүүлэгдэн ирсэн техник хэрэгсэл нь гуравдагч этгээдийн өмчлөлд гэдгийг манай компаний зүгээс мэдээгүй.

Х ХХК-тай байгуулсан гэрээний гуравдугаар зүйлд талууд түрээсийн төлdөрийн нөхцөлийг харилцан тохиролцсон байх бөгөөд тус данс руу мөнгөн шилжүүлгийг хийж байсан. Анх тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулахдаа харилцагч компани нь шүүхэд гуравдагч этгээдээр оролцон нэхэмжлэл гаргаж буй Г ХХК-н талаар огт дурдаагүй учир бид түрээслэгч компанийг өмчлөгч гэж итгэсэн.

Үнэхээр талуудын хооронд гэрээ дүгнэн тооцоо нийлсэн болсон ямарваа нэгэн байдлаар акт бичиг баримт үйлдэнэ түүнийгээ шүүхэд гаргаж өгөх цаашилбал шүүхэд маргаан үүсэх шалтгаан гарахгүй байсан. Манай компаний зүгээс түрээслэгч болох Х ХХК-тай байгуулагдсан гэрээг дүгнэж, шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл манай компани тус техник хэрэгслийг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа гэж үзэхгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр гуравдагч этгээд болох Г ХХК-ийн хариуцагч нарын хууль бус эзэмшлээс уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх зориулалттай XCMG маркын улсын 0983 ТТА дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

 

Гуравдагч этгээд “Г” ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ:

2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч “Г” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр бие даасан шаардлагаасаа татгалзсан байна гэжээ.

Гэрч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Манай компани Г ХХК-д техникээ түрээслэхээр өөрийн эксковаторыг 2021 оны 9-р сарын 22-ны өдөр уурхай руу ачиж, 9 сарын 24-нд уурхайд техник ямар ч асуудалгүй очсон. 2021 оны 9 сарын 21-нд өдөр урьдчилгаа 27,500,000 төгрөгийг миний дансанд орсон. Гэрээ дуусгавар болоогүй. Төлбөрийн үлдэгдэлтэй байгаа цаад гүйцэтгэл хийж байгаа компаниас мөнгөө авч чадахгүй байна гэсэн. Бид нар бас Г ХХК-ийг шүүхэд өгсөн, ... үлдэгдэл 27,500,000 төгрөгийг төлөөгүй.

Дээрээс нь төлбөрөө төлж чадахгүй байна гээд техникийг хаясан тул бид өөрсдөө 12 билүү 1 сард 5,500,000 төгрөгийн зардал гаргаж буцааж очиж техникээ авсан. Уг нь түрээслэгч тал өөрсдөө авчирч өгөх ёстой. Г ХХК төлбөрөө төлдөггүй, хэлэхээр жаахан хугацаа өгчих гэж гуйгаад хугацаа сунгаад байдаг гэв.

 

Гэрч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би Универсал Рент Майнинг Сервис ХХК-ийн техникийн операторчоор Сэлэнгэ аймагт ажилласан. Би нэхэмжлэгч компани болон хариуцагч компаний талаар мэдэхгүй, удирдлагаас өгсөн ажил үүргийг л хийдэг. Тэр 3 техник ажил хийхээсээ илүү хийгээгүй шахам даа. Нэг нь л алдаг оног ажилласан. Ажил хийх нөхцөл нь хүнд. Ачуулаад л өөдөө өгсөнө. машин чинь хөдлөөд л араа солиод хөнгөрөх ёстой. Гэтэл ачуулаад хүнд араатайгаа явсаар байгаад уулын орой дээр гарна. 11 сарын 04-нд өдөр ажил зогссон. Зам талбай хэцүү байсан.

Тэр 3 техник нь хуучин машин чинь ачаалал даахгүй байсан. Зам талбай хэцүү, хэцүү. Дээрээ булагтай, шигдэнэ. Ерөөсөө л замаас болж эвдрэл гэмтэл үүсч байгаа.

Техник эвдэрсэн нь зам талбайгаас болсон. Энэ уурхай нь үйл ажиллагаа явуулаагүй 7,8 жил болсон юм билээ. Тэгээд Сэлэнгэ аймагт хур тунадас их ордог газар учир шавар, шавхай ихтэй. Яг ажлын местэн дээрээ 1 сар замтайгаа ноцолдсон. Би 9 сарын 26-нд очсон. Тэгээд тэр их шавар шавхайг зөөдөг байсан гэв.

 

Гэрч М.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би ажлын зарын дагуу холбогдож хотоос өөрийнхөө мөнгөөр машин тэрэгтэйгээ гараад 2021 оны 9 сарын 30-нд ажил гүйцэтгэх газарт очсон. Тэгээд уурхайн гадаа хоноод 10 сарын 01-нд очоод 14 хоног ажилласан. Би 213 тоот дампан буюу өөрөө буулгагч дээр ажилласан. 213 бол өдөр болгон ажилласан. 212-т өөр жолооч явж байсан. Нийт 3 тэрэг байсан. Ээлжийн жолоочтойгоо 6 жолооч, 2 засварчин гээд нийт 8 хүн байсан. 6 жолооч өдөр, шөнөөр ээлжилдэг. Өглөө ажилд гараад очдог. Экскаватор маань моторонд дээр зогсож байдаг. Очиход газар нь их эвгүй. Миний шороо ачдаг газар булагтай, эрмэгтэй, их намагтай, гол урсдаг. Дороо бараг нуур тогтсон. Нэг автогрейдер байсан, тэр нь эвдэрхий. Экскаваторын жолооч бид нарт ачаа ачиж өгнө, 3,4-хөн шанага ачна, илүү ачих боломжгүй, замын нөхцөл муу тул шаварт суудаг.

Шавар маш ихтэй, Үүнээс болж техник эвдэрч зогсоно, засах засварын цех, талбайгүй. Миний барьж байсан даамп болохоор 4, 5 шанага гардаг. Арай ажлын бүтээмж өндөр. Гэхдээ шавар нь хүнд. Тэгээд бүүр дээшээ очиж асгадаг. Дороос аваад дээшээ гарахад нэг удаа зөөхөд нэлээн удаа явна. Бараг 1 км гаран урт замыг өгсөж гарна гэж бодож байна. Хамгийн гол нь зам нь аймар, тээврийн хэрэгсэл явах нөхцөлгүй.

Түрээслэгч нь өөр компани оруулж байгаа. 7,8 даамп ирж байгаа. энэ 3 даамп больж байгаа, ажлын бүтээмж муу байна гэсэн. Тэгээд энд байгаа хүмүүс эртхэн буцсан нь дээр байх, хоол ундны мөнгө ч хэцүү гэсэн. Засварын цех байх ёстой ч тэнд байгаагүй. Адаглаад өргөдөг гинжтэй өргөгч байх ёстой. Бид нар  тэр том гинжийг өргөнө гэж байхгүй. Тэр хоёр засварчин чадлаараа л хийж байгаа юм. Намайг очихоп 3 техник очсон байсан. Тэгээд л тэр их намагт хүчээр ажиллуулаад эвдэрсэн гэж боддог. Зүгээр зассан зам дээр зүгээр л явна шүү дээ. Г ХХК-д хэлэхээр уулын ажлаа бид мэдэж байна. Та нар ажлаа хий гээд ам тагладаг. Шөнө баахан сул шороо асгадаг. Тэр сул шороонд дээр явахаар дампын доорх элгэнд шүргэдэг. Тэнд байсан 3 техник нь 212, 213, 214 дугаартай.  Уг нь 214 бол миний тэрэгнээс шинэ тэрэг ш дээ. Тэр их лаг шаварт хүчээр явуулаад эвдрэл гэмтэл үүссэн. Норд бол жижигхэн тэрэг ш дээ. Миний хувьд өдөрт 27-30 удаа шороо зөөдөг байсан гэв.

 

Зохигчоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

-нэхэмжлэгчээс: “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” /хавтаст хэргийн 22-26 дугаар тал/, “Х” ХХК-ийн дүрэм /хавтаст хэргийн 27-29 дүгээр тал/, 

Хариуцагчаас “Г” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 15 дугаар тал/, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” /хавтаст хэргийн 36-40 дүгээр тал/, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ” /хавтаст хэргийн 41-47 дугаар тал/, 10 дугаар сарын нэгтгэл /хавтаст хэргийн 49 дүгээр тал/, 9 дүгээр сарын нэгтгэл /хавтаст хэргийн 50 дугаар тал/, тооцооны нэгтгэл /хавтаст хэргийн 51 дүгээр тал/, түрээсийн дамп /хавтаст хэргийн 52 дугаар тал/, XCMG 9, 10 дугаар сарын нийт авсан түлш /хавтаст хэргийн 53 дугаар тал/, иргэн Батбаяр овогтой Оюуны Хаан банк дахь 5085315619 тоот депокит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 210-211 дүгээр тал/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс “Г” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 73 дугаар тал/, 07-69 ТТА, 09-83 ТТА, 09-86 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 75-77 дугаар тал/, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Санхүүгийн түрээсийн гэрээ” /хавтаст хэргийн 100 дугаар тал/, “өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ ерөнхий нөхцөл” /хавтаст хэргийн 101-105 дугаар тал/, фото зураг /хавтаст хэргийн 106-107 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 108 дугаар тал/,     зэргийг гаргаж өгсөн, цуглуулсан.

 

Шүүхийн журмаар зохигчийн хооронд харилцсан и-мэйлд үзлэг хийж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж,

үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Г” ХХК-д холбогдуулан “түрээсийн гэрээний хохирол 92,304,360 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэл, “Г” ХХК нь “Х” ХХК-д холбогдуулан “түрээсийн гэрээний хохирол 74,410,458 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “Г” ХХК нь “Х” ХХК, “Г” ХХК нарт холбогдуулан тээврийн хэрэгсэл гаргуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Г” ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Г ХХК нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр бие даасан шаардлагаасаа татгалзсан байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар “... бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүйгэж заасан тул түүний төлсөн улсын тэмдэгтийн хураамж 657,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцуулав.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулсан. 2021 оны 7-р сарын 20-нд Техникийн бичиг баримтийг аваад гэрээ байгуулахгүй хүлээлгэж хугацаа алдсан, хохиролд хүлээсэн, ажил эхлэхийг хүлээсээр 2 сар шахам хугацаа алдсан, энэ хугацаанд бүх тоног төхөөрөмжөө ажлуулахгүй “Г” ХХК-ийн ажлыг хүлээж сул зогссон, урьдчилгаа төлбөрөө өгөөгүйгээс сул зогссон, техник хэрэгсэл, багаж сэлбэг авч чадаагүй, өдөр тутмын ажлын мэдээллээр хангаагүй, ажилд бэлэн машиныг ажлаар хангаагүй, бэлэн машиныг засвартай гэж мэдээлсэн, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, зам талбай бэлдэж өгөөгүй, ачаа ачиж өгөх, ажилд бэлдэх машинууд нь маш их эвдрэл гэмтэлтэй, түрээсийн төлбөр хугацаанд төлөөгүй, шатах тослох материалаар хангаагүй, техникт элэгдэл хорогдол учруулсан, уурхайн технологийн замын нөхцөл байдал муу, шавар ус ихтэй замаар явж, техникийн эвдрэл гарахад нөлөөлсөн, зам засварын автогрейдер нь техникийн шаардлага хангахгүй бүрэн бус эвдрэлтэй, засвар үйлчилгээ хийх газаргүй, шатах тослох материал нөөцгүй, дээрх нөхцөл байдлаас болж хоёр талаас гэрээгээ цуцлах санал гаргаж гэрээг 2021 оны 10-р сарын 18-ны өдөр цуцалсан гэж тайлбарлаж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

 

Хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... 2021 оны 7 дугаар сарын 20-нд гэрээнд дурьдсан техникийн бичиг баримт зэргийг хүлээж аваад өгөөгүй хугацаа алдаж хохирсон гэж байгаа нь үндэслэлгүй, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулснаас хойш 3 техникийг ажилдаа гаргаж байгаач урьдчилгаа өгөх боломжгүй байна гэж Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.*******т утсаар хандаж хэлсэн, З.******* нь урьдчилгаа өгөхгүй бол техникүүдийг ажилд гаргах боломжгүй гэж байсан, ...урьдчилгааг бэлэн мөнгөөр олгох боломжгүй 6 ширхэг дугуйг бид нэг бүрийг нь 2,600,000 төгрөгөөр авсан, түрээслүүлэгч нь техникийн биет байдлын ямар нэгэн доголдолгүй, тоноглол, иж бүрдэл, бүрэн бүтэн байдал, техник ашиглалтын хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй гэж заасан боловч тус техникүүд нь ажилд гарах боломжгүй эвдрэл гэмтэлтэй байсан, Түрээсийн гэрээгээр ажиллаж байсан техникүүдийн эвдрэл гэмтэл нь өөрсдийн операторын ур чадвар муутайгаас болж гарсан, зам талбай ажиллах боломжтой, ачаа ачиж өгөх, зам засварын ажил хийх автогрейдер зэрэг нь байнга хэвийн эвдрэл гэмтэлгүй ажиллаж байсан, гэтэл техникүүд нь эвдрэлтэй зогсож, “Х” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж манай компанид хохирол учруулж ажлын бүтээмжинд нөлөөлсөн, гэрээний үр шимийг хүртэх боломжгүй байдалд оруулсан” гэсэн үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “... Х ХХК гэрээний үүргээ зөрчснөөс үүдэлтэйгээр хохирол, төлбөрийн үлдэгдэл 19,410,458 төгрөг, экскаваторын түрээсийн төлбер 55,000,000, нийт 74,410,458 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...Гэрээний дагуу тус компани урьдчилгаа 20,000,000 төгрөг шилжүүлэх байсан боловч хойшлогдсоор 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг дансаар, Манайх бэлэн мөнгөөр сэлбэг авч машинуудаа гаргана гэдгээ анх талууд тохиролцоход хэлж байсан.  2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр уурхайн дарга Дамдиндорж гэдэг хүн “танай машин норд самсовалаас илүү түлш хэрэглэж байна, норд самсовалтай адилхан ачиж байна” гэж утсаар хэлж, маргаан хийснээр машинуудаа манай компани зогсоосон. ... сөрөг нэхэмжлэл дээр ямар ч үндэслэлгүй 10 хоног бүтэн ажиллаж чадаагүй экскэний 1 сарын бүтэн төлбөрийг нэхэмжилсэн, Манай компанийг өөрсдөө машинаа зогсоо гэж хэлчихээд хэлэхгүй машин зогсоосон гэх үндэслэлээр экскэний бүтэн сарын төлбөр нэхэмжилсэн.” гэх үндэслэлээр няцаасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” /хавтаст хэргийн 22-26 дугаар тал/, “Х” ХХК-ийн дүрэм /хавтаст хэргийн 27-29 дүгээр тал/,  “Г” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 15 дугаар тал/, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” /хавтаст хэргийн 36-40 дүгээр тал/, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ” /хавтаст хэргийн 41-47 дугаар тал/, 10 дугаар сарын нэгтгэл /хавтаст хэргийн 49 дүгээр тал/, 9 дүгээр сарын нэгтгэл /хавтаст хэргийн 50 дугаар тал/, тооцооны нэгтгэл /хавтаст хэргийн 51 дүгээр тал/, түрээсийн дамп /хавтаст хэргийн 52 дугаар тал/, XCMG 9, 10 дугаар сарын нийт авсан түлш /хавтаст хэргийн 53 дугаар тал/, иргэн Батбаяр овогтой Оюуны Хаан банк дахь 5085315619 тоот депокит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 210-211 дүгээр тал/ “Г” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 73 дугаар тал/, 07-69 ТТА, 09-83 ТТА, 09-86 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 75-77 дугаар тал/, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Санхүүгийн түрээсийн гэрээ” /хавтаст хэргийн 100 дугаар тал/, “өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ ерөнхий нөхцөл” /хавтаст хэргийн 101-105 дугаар тал/, фото зураг /хавтаст хэргийн 106-107 дугаар тал/, “******* *******” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 108 дугаар тал/ зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Зохигч, бусдын буюу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах Төмөртэйн гол УБҮ-ийн төмрийн хүдрийн ил уурхайд уулын болон олборлолтын ажлыг хийж гүйцэтгэх ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажиллах, “Г” ХХК нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлд зааснаар уг ажил үүргийг гуравдагч этгээдээр буюу “Х” ХХК-аар гүйцэтгүүлэхээр тохиролцсон байна.

Улмаар зохигч 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ”-гээр нэг талаас түрээслүүлэгч “Х” ХХК нь  /XCMG DUMP TRUCK/ маркийн 2016-2017 онд үйлдвэрлэгдсэн, дугуйт ачигч 3 ширхэг тээврийн хэрэгслийг түрээслэгч “Г” ХХК-д түрээслэх, түрээслүүлэгч талын техникийг /дамп 3 ширхэг/ хөрс тээвэрлэн ажил хийлгэх, ажлын 28 хоногт 26,000,000 төгрөгөөр тооцох, урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг түрээслүүлэгчийн дансанд шилжүүлэх, түрээслүүлэгч талын техникийн ажиллах цаг хоногт 20 /Мот/ цагаар тооцох, техникийн хоногийн түрээсийн төлбөр нь 928,580 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5058536312 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх бөгөөд 3 техник 2021 оны 9-р сарын 256-ны өдрөөс түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад, үйл ажиллагаа явуулах, биелүүлэхэд нь шилжиж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөн үндэслэлээр 2021 оны 10-р сарын 08-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгож гэрээг цуцласан байх ба зохигч уг үйл баримтанд маргаагүй, шүүх хуралдааны явцад энэ талаарх баримт, үйл явдлыг тодруулахад маргахгүй гэж тайлбарлаж байна.

 Зохигчийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” нэртэй гэрээ байгуулсан боловч талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан “Түрээсийн гэрээ” байгуулагдсан байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56.1.8-т зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. “...Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул түрээсийн төлбөр, алданги, зардлаа шаардах эрхтэй.

Хариуцагч “Г” ХХК нь ... гэрээний 2.2-т заасан гэрээний урьдчилгаа 20,000,000 төгрөгийг түрээслүүлэгчийн дансанд шилжүүлэх, гэрээний 4.1.6-д зааснаар ...урьдчилгаа төлбөр, түрээсийн төлбөрийг төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч Х” ХХК гэрээнээс татгалзсан байна.

Нэхэмжлэгч гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар “...Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээсээ татгалзах эрхтэй.” Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар “...Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар “...Түрээсийн гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.”

Талуудын маргааны зүйл нь үүрэг гүйцэтгэгчийн техник доголдолтой байсан эсэх, ил уурхайн зам талбай хэвийн нөхцөлд байсан эсэх, урьдчилгаа, төлбөр тооцоог хийсэн эсэх, техникийг ажиллах нөхцлөөр хангасан эсэх, техникийн эвдрэл гэмтэл хэнээс шалтгаалсан, сул зогсолт аль талын буруугаас шалтгаалж гарсан, техникийн ашиглалтын хэвийн үйл ажиллагаа юунаас шалтгаалсан эсэх талаар байна.

Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1-д зааснаар “...Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэнэ.” Гэрч нарын дээрх “2021 оны 9-р сарын 24-ний өдөр ажил эхлэсэн” гэх мэдүүлэг, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр түрээслэсэн 3 техникийг чанар бүхий биет байдлын доголдолгүй эд хөрөнгө байсан гэж үзнэ. Тиймээс үүрэг гүйцэтгэгч “Х” ХХК-ийн 3 тээврийн хэрэгслийг эд хөрөнгийн доголдолгүй байсан гэж үзнэ.

Харин талууд гэрээг 2021 оны 9-р сарын 01-ний өдөр байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 2 тээврийн хэрэгслийг оператор, засварчдын хамт хүргэж өгсөн. 25-ны өдөр үлдсэн 1 тээврийн хэрэгсэл очиж, 26-ны өдрөөс ажил гүйцэтгэж эхлэсэн, техникийн тоо, хэмжээ, гэрээний 3.2.1-д заасан ажлын гүйцэтгэлийг үндэслэн тооцсон төлбөрт “Х” ХХК-д 8,898,892 төгрөг төлөх, гэрээг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс цуцласан зэрэгт маргаагүй байна.

Хариуцагч “Г” ХХК нь гэрээний 2.2, 4.1.6-д заасан ...урьдчилгаа 20,000,000 төгрөгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн байх бөгөөд 2021 оны 7-р сарын 27-оос 28-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг урьдчилгаанд тооцох ба үлдэгдэл 15,000,000 төгрөгийг шилжүүлээгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1-д зааснаар “...Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болох” боловч нэхэмжлэгч өөр хэлбэрээр төлөхийг зөвшөөрөөгүй тул урьдчилгаанд бодож 15,000,000 төгрөгөнд дүйцүүлсэн 6 ширхэг дугуйг өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй, зөвхөн мөнгөөр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-д зааснаар “...Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно”. Энэхүү гэрээний 5.1-д зааснаар түрээслэгч түрээсийн төлбөр, бусад төлбөрийг төлөөгүй тохиолдол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгчид төлөхөөр байна. Урьдчилгааны үлдэлдэл болох 15,000,000 төгрөгийн 0,01 хувьтай тэнцэх алданги нь хоногт 1,500 төгрөг байх ба  2021 оны 9-р сарын 01-ний өдрөөс хойш 2021 оны 11-р сарын 08-ны өдөр Иргэний хэрэг үүсгэх хүртэл хугацааны 69 хоногт үржүүлэхэд 104,000 төгрөг байна. Үүнийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан үндэслэлээр шаардах эрхтэй. Иймд алданги 3,400,000 төгрөгөөс 104,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Түрээсийн гэрээ 2021 оны 9-р сарын 01-ний өдөр байгуулагдсан тул 2021 оны 7-р сарын 20-ноос 2021 оны 9-р сарын 01-ний өдөр хүртэлх гэрээний үүрэг зөрчсөн хугацааны нэмэлт түрээсийн төлбөр 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Учир нь энэ хугацаанд гэрээгээр болон хуульд зааснаар хариуцагч үүрэг хүлээгээгүй байна.

Түүнчлэн 2021 оны 9-р сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл сул зогсолтын төлбөр 44,570,880 төгрөгийг мөн шаардах эрхгүй байна. Учир нь энэ хугацаанд 3 техник ил уурхайд очоогүй, гэрээ хэрэгжиж эхлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

2021 оны 9-р сарын 25-наас 2021 оны 10-р сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны шөнийн ээлжийн сул зогсолтын хохирол 5,643,480 төгрөг болон 6 ажилчдын цалин 8,690,000 төгрөгийг шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, нотлоогүй, шаардлагатай хөдөлмөрийн гэрээ, бусад баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Түүнчлэн тухайн ил уурхай дахь тээврийн хэрэгслийн зам нь тус ажлыг гүйцэтгэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2019 оны А/231,А/368 дугаар тушаалын хавсралтын 238. “Замын муруй хэсгийн хөндлөн налуу (гадна тал нь өндөр) нь 2%-4% байна”, 239. “Авто замын дээд хэсгийн өргөн нь түүн дээр ажиллах автомашины төрөл, овор хэмжээ, хөдөлгөөний чиглэл зэргээс хамаарах бөгөөд зураг төслөөр тогтооно. Ил уурхайн тусгаарлах зурвасгүй сөрөг урсгалтай замд зөрөх автомашинуудын хоорондын болон машины гадна талын дугуйнаас замын ирмэг хүртэлх зайг техникийн хүчин чадлыг үндэслэн зураг төслөөр тогтооно. Нэг урсгалтай замын зорчих хэсгийн өргөнийг тухайн уурхайд ашиглагдаж байгаа хамгийн том овортой тээврийн хэрэгслийн өргөнийг 1.5 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй байгуулна. Ил уурхайн сөрөг урсгалтай, байнгын замд тусгаарлах даланг ашиглагдаж байгаа хамгийн том овортой тээврийн хэрэгслийн дугуйны диаметрийн хоёрны нэгээс багагүй өндөртэй байгуулна. Траншейн түр хэрэглэгдэх замын өргөн нь тээврийн хэрэгсэл явж өнгөрөх хэсгээс гадна 1,5 м-ээс багагүй зай үлдээж байхаар журамласан наад захын шаардлагыг хангаагүй байна.

Дээрх журам зөрчигдсний улмаас техникт эвдрэл гэмтэл үүссэн, сул зогсолт үүссэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******ын шүүх хуралдаан өгсөн тайлбар,

-гэрч С.Бгийн “...ажил хийх нөхцөл нь хүнд. Ачуулаад л өөдөө өгсөнө. машин чинь хөдлөөд л араа солиод хөнгөрөх ёстой. Гэтэл ачуулаад хүнд араатайгаа явсаар байгаад уулын орой дээр гарна. Зам талбай хэцүү байсан. Тэр 3 техник нь ачаалал даахгүй байсан. Зам талбай хэцүү, хэцүү, булагтай, шигдэнэ. Ерөөсөө л замаас болж эвдрэл гэмтэл үүсч байгаа. Техник эвдэрсэн нь зам талбайгаас болсон. Энэ уурхай нь үйл ажиллагаа явуулаагүй 7,8 жил болсон юм билээ. Тэгээд Сэлэнгэ аймагт хур тунадас их ордог газар учир шавар, шавхай ихтэй. Яг ажлын местэн дээрээ 1 сар замтайгаа ноцолдсон. Би 9 сарын 26-нд очсон. Тэгээд тэр их шавар шавхайг зөөдөг байсан” гэх мэдүүлэг,

-гэрч М.Уын “... Очиход газар нь их эвгүй. Миний шороо ачдаг газар булагтай, эрмэгтэй, их намагтай, гол урсдаг. Дороо бараг нуур тогтсон. Нэг автогрейдер байсан, тэр нь эвдэрхий, 3,4-хөн шанага ачна, илүү ачих боломжгүй, замын нөхцөл муу тул шаварт суудаг. Шавар маш ихтэй, Үүнээс болж техник эвдэрч зогсоно, засах засварын цех, талбайгүй, шавар нь хүнд, хэцүү. Тэгээд бүүр дээшээ очиж асгадаг. Дороос аваад дээшээ гарахад нэг удаа зөөхөд нэлээн хугацаа зарцуулна. Бараг 1 км гаран урт замыг өгсөж гарна гэж бодож байна. Хамгийн гол нь зам нь аймар, тээврийн хэрэгсэл явах нөхцөлгүй, цех байх ёстой ч тэнд байгаагүй. Адаглаад өргөдөг гинжтэй өргөгч байх ёстой. Бид нар тэр том гинжийг өргөнө гэж байхгүй. Тэр хоёр засварчин чадлаараа л хийж байгаа юм. Тэгээд л тэр их намагт хүчээр ажиллуулаад эвдэрсэн гэж боддог. Зүгээр зассан зам дээр явах ёстой, стандарт зам дээр нь зүгээр л явна шүү дээ. Г ХХК-д хэлэхээр уулын ажлаа бид мэдэж байна. Та нар ажлаа хий гээд ам тагладаг. Шөнө баахан сул шороо асгадаг. Тэр сул шороонд дээр явахаар дампын доорх элгэнд шүргэдэг. Уг нь 214 бол миний тэрэгнээс шинэ тэрэг. Тэр их лаг шаварт хүчээр явуулаад эвдрэл гэмтэл үүссэн” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Тээврийн хэрэгсэл зөрөх боломжгүй нарийн замд автомашин ба тракторыг сөрөг урсгалтай ажиллуулах үед, ирж буй машиныг хүлээж өнгөрүүлэх зорилгоор замын 150 м тутамд автомашин зөрж болохуйцаар зорчих хэсгийг нь өргөсгөж зассан байна”-д заасан наад захын Замын нөхцөл, стандартыг хангаагүйгээс техник хэвийн ажиллах нөхцөл бүрдээгүй, 3 тээврийн хэрэгсэлд эвдрэл үүссний улмаас сул зогсолт болсон гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч “...ачаа зөөх зам хэвийн, ашиглах боломжтой байсан, техник засварлах талбайтай, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл анхнаасаа эвдрэлтэй байсны улмаас төлбөр төлөөгүй” гэх татгалзалаа,

-нэхэмжлэгчийн “... манай компани тус 3 техникийг санхүүгийн түрээсийн гэрээгээр авсан, хариуцагч компанийн хүлээлтээс болж 2021 оны 8 дугаар сараас хойш ямар ч ажил хийж чадаагүй, сарын төлөлт, хүү, алданги гээд манай компанийг маш их хохироосон, “Универсал рент майнинг сервис” ХХК-ийн эксковатар бүрэн бус байнга эвдэрдэг, олон цаг зогссон” гэх үндэслэлээ тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа дээрх тайлбараа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, зохигч нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж буй аж ахуйн үйл ажиллагаа явуулах, зорилгоо биелүүлэхэд нь зориулсан хөрөнгө нь доголдолтой байсны улмаас ачаа зөөх түрээсийн гэрээний үүргээ үүрэг гүйцэтгэгч биелүүлэх боломжгүй болсон гэсэн байдал тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь шүүх хуралдаанд “...нэхэмжлэгчийг ... төлөөлөх бүрэн эрхгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж тайлбарлах боловч Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1, 323.2-д зааснаар “... Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно. Дамжуулан түрээсэлсэн эд хөрөнгийг анхны түрээслүүлэгчийн зөвшөөрснөөс өөрөөр ашигласны үр дагаврыг дамжуулан түрээслэгч нь анхны түрээслүүлэгчийн өмнө хариуцна. Энэ тохиолдолд анхны түрээслүүлэгч дамжуулан түрээслэгчийн ашиглах эрхийг дуусгавар болгохыг шаардах эрхтэй.”

Учир нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-т зааснаар “... Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ. Хүчин төгөлдөр байх нь гуравдагч этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалах хэлцлийг гуравдагч этгээдийн зөвшөөрлөөр хийсэн бол энэ хуулийн 54.5-д заасан журам нэгэн адил хамаарна.

Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн “...2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу өгч явуулсан” гэх үндэслэлээс үзэхэд бусдад дамжуулан түрээслэхийг зөвшөөрсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь гуравдагч этгээд “Г” ХХК-ийн хувьд түрээслэгч бөгөөд гуравдагч этгээдийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээслэсэн гэж үзэж, нэхэмжлэл гаргах, шаардах эрхтэй этгээд гэж үзнэ.

 

Сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д зааснаар зарим хэсгийг хангаж, “...Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй” тул түрээсэлсэн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд буцаан өгсөн, гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцсон хэмжээгээр буюу хавтаст хэрэгийн 49-52 дүгээр талд авагдсан тооцооны нэгтгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тооцоо нийлсэн акт зэрэгт үндэслэн 19,410,458 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагч “Г” ХХК-д олгох үндэслэлтэй. /хх-52/

Түүнчлэн урьдчилгаанд өгөх байсан 15,000,000 төгрөгт дүйцүүлсэн гэх 6 ширхэг дугуйны үнийг хариуцагч нэхэмжлээгүй тул үүнийг шийдвэрлэх, нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин сөрөг нэхэмжлэлээс үлдсэн 55,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Тодруулбал, хариуцагчаас “Универсал рент майнинг сервис” ХХК-тай байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №21/07 дугаартай гэрээний үүргийг нэхэмжлэгч “Х” ХХК-аас шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа, эд хөрөнгийн доголдлын улмаас гуравдагч этгээд “Универсал рент майнинг сервис” ХХК-д хохирол учирсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 104,000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 19,410,458 төгрөгийг хангаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 618,000 төгрөг, хариуцагчийн 530,003 төгрөг, гуравдагч этгээдийн 657,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-аас 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 255,002 төгрөг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-с 104,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдэх 92.200.360 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-с 19,418,450 төгрөг гаргуулж хариуцагч “Г” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 55,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Г” ХХК нь хариуцагч “Х” ХХК, “Г” ХХК-д холбогдох тээврийн хэрэгсэл гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 618,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 530,003 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 657,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-с 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Х” ХХК-аас 255,002 төгрөг гаргуулж хариуцагч “Г” ХХК-д тус тус олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардах авах үүрэгтэй, өөрөө гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    В.АМАРТҮВШИН