Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00965

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00965

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/00829 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г ХХК холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г ХХК

Түрээсийн гэрээний хохирол 92,304,360 төгрөг гаргуулах үндсэн, Түрээсийн гэрээний хохирол 74,410,458 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г ХХК-ийн тээврийн хэрэгсэл гаргуулах шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Зт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Ч.Зт нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Х ХХК нь Г ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулсан. Түрээслэгч Г ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гэрээ байгуулах, ажил эхлэхийг хүлээсээр 2 сар шахам хугацаа алдсан, энэ хугацаанд бүх тоног төхөөрөмжөө ажлуулахгүй Г ХХК-ийн ажлыг хүлээж сул зогссон. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулснаас хойш 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр урьдчилгаа төлбөр орж ирэх хүртэл хугацаанд ажил байхгүй сул зогсолт үүссэн. Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ-ний 2.2 дахь заалтын дагуу урьдчилгаа 20,000,000 төгрөгийг бэлэн төлөөгүйгээс техник сэлбэг материал нөөцөлж авч чадаагүй. Мөн урьдчилгаанд 6 ширхэг дугуй авсан дугуйн зах зээлийн үнэлгээ нь 2,100,000 төгрөгийн үнэтэй байсан. Мөн гэрээний 3.3 дахь заалт зөрчигдсөн өдөр тутмын ажлын мэдээллээр хангаагүй ажилд бэлэн машиныг ажлаар хангаагүй бөгөөд ажилд бэлэн машиныг засвартай гэж мэдээлсэн. Ажил хийх нөхцөл боломжоор хангаагүй зам талбай бэлдэж өгөөгүй, ачаа ачиж өгөх, ажилд бэлдэх машинууд нь маш их эвдрэл гэмтэлтэй байсан учир ажил хийх боломжгүй болж сул зогсолт үүссэн гэдгийг уурхайд ажиллаж байсан бүх жолооч нар тайлбарладаг. Гэрээний 4.2.3 дагуу төлбөр хугацаанд төлөөгүй, гэрээний 4.2.8-д заасан шатах тослох материалаар хангаагүй, техникт элэгдэл хорогдол учруулсан. Уурхай дээрээ засвар үйлчилгээ хийх газаргүй, шатах тослох материал нөөцгүй, дээрх нөхцөл байдлаас болж хоёр талаас гэрээгээ цуцлах санал гаргаж гэрээг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цуцалсан. Гэрээний үүргээ зөрчсөн болон гэрээгээ цуцалсан хохирол төлбөртөө нэхэмжилнэ. Талууд гэрээгээ цуцалсан байхад хариуцагч Г ХХК нь 3 техник, дугуйт ачигч машиныг буцааж өгөхгүй барьцаалж, 1 техникийг гуравдагч этгээдэд саяхан хүлээлгэн өгсөн байна. Түрээсийн гэрээний үүрэг зөрчсөн хугацааны нэмэлт түрээсийн төлбөр 30,000,000 төгрөг, гэрээний урьдчилгаа өгөх хугацааг хэтрүүлсэн хугацааны алданги 3,400,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл сул зогсолтын төлбөр 44,570,880 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны шөнийн ээлжийн сул зогсолтын хохирол 5,643,480 төгрөг, 6 ажилчдын цалин 8,690,000 төгрөг, нийт 92,304,360 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

2. Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, өмгөөлөгч Г.Т нарын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Х ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээг байгуулахдаа 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээнд дурьдсан техникийн бичиг баримт зэргийг хүлээж аваад өгөөгүй хугацаа алдаж хохирсон гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь манай компани нь Эрдэс Групп ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус гэрээ байгуулах талaap яригдаагүй байсан. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулснаас хойш ...3 техникийг ажилдаа гаргаж байгаач урьдчилгаа өгөх боломжгүй нөхцөл байдалд байна гэж Х ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Тт утсаар удаа дараа хандаж хэлж байсан. Тухайн үед З.Т нь урьдчилгаа өгөхгүй бол техникүүдийг ажилд гаргах боломжгүй гэсэн. Гэрээний 4.1.4-т заасны дагуу түрээслүүлэгч нь техникийн биет байдлын ямар нэгэн доголдолгүй, тоноглол, иж бүрдэл, бүрэн бүтэн байдал, техник ашиглалтын хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй гэж заасан боловч тус техникүүд нь ажилд гарах боломжгүй эвдрэл гэмтэлтэй байсан. Тус гэрээний 4.1.3 тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарсан тухай дуудлага хүлээн аваад түрээслүүлэгчийн мэргэжилтнүүд эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлж, засвар үйлчилгээний ажлын тайланд /service report/ бичих бөгөөд ажлын талбай дээрх түрээслүүлэгчийн талын мэргэжилтэнд танилцуулж гарын үсэг зуруулах үүрэг хүлээсэн, түрээслүүлэгч талын мэргэжилтнүүд техникт гарсан эвдрэл гэмтлээ ажлын тайланд бичиж өгч байгаагүй. Түрээсийн гэрээгээр ажиллаж байсан техникүүдийн эвдрэл гэмтэл нь өөрсдийн операторын ур чадвар муутайгаас болж гарч байсан. Нэхэмжпэгч тал ажил хийх нөхцөл боломжоор хангаагүй зам талбай бэлдээгүй гэж байгаа боловч тухайн үед зам талбай ажиллах боломжтой, ачаа ачиж өгөх, зам засварын ажил хийх автогрейдер зэрэг нь хэвийн эвдрэл гэмтэлгүй ажиллаж байсан. Энэ нь техникүүдийн ажиллаж байсан цагаар нотлогдоно. Уурхайд техникүүд засвар хийх талбайтай бөгөөд тухайн түрээсийн 3 техник нь түрээслэгчийн засварын талбайд зогсож засвар үйлчилгээ хийдэг байсныг тус уурхайд ажиллаж байсан жолооч засварчид мэддэг. Тухайн 3 техник нь бүрэн хүчин чадлаар эвдрэл гэмтэлгүй ажиллаж байсан бол 33.380 м.куб хөрсийг тээвэрлэж мөн хэмжээний үр шимийг бид хүртэх боломжтой байсан. Гэтэл тус техникүүд нь эвдрэлтэй зогсож, Х ХХК нь гэрээний үүргээ зөрчиж манай компанид хохирол учруулж ажлын бүтээмжинд нөлөөлж гэрээний үр шимийг хүртэх боломжгүй нөхцөл байдалд оруулсан атал дээрх хэмжээний мөнгийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

3. Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, өмгөөлөгч Г.Т нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: ...Талууд гэрээний 4.1.6-д тохирохдоо талууд гарын үсэг зурж баталгаажуулсны дараа гэрээний 1.1-д заасан техникийг урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээс 48 цагийн дотор түрээслэгчийн ажлын талбай руу ажилд гарахад бэлэн гурван техникийг оператор, засварчдын хамтаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах Хүдэрийн уулын баяжуулах үйлдвэрт ажилд бэлэн байлгах ёстой байсан. Гэтэл тус компани нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах уулын баяжуулах үйлдвэрт түрээсийн 3 техникийн 2 нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагт очсон. Үлдсэн нэг техникийг асуухад эвдрэлтэй ажилд гарах боломжгүй засварлаад араас ирнэ гэж хэлж байсан. Ирсэн хоёр техникийн нэг нь очоод ажилд гараад 30 минут ажиллаад эвдэрч зогссон. Тус гурван түрээсийн техник нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан бол 33,380 м.куб хөрсийг ачилт хийх байсан. Техникүүд эвдрэл гэмтэлтэй, ажилд 100% бэлэн бус байгаа талаар уурхайн дарга, хуулийн зөвлөх нар Х ХХК-ийн гүйцэтгэх захирал 3.Тт утсаар мэдэгддэг байсан бөгөөд тэр бүрт мэдэж байгаа сэлбэг явуулах гэж байна гэдэг хариуг өгдөг байсан. Х ХХК нь гэнэт и-мэйлээр гэрээг цуцалж буйгаа мэдэгдэж техникүүдээ зогсоосон. Гэрээний 4.1.17-д тусгасны дагуу түрээслүүлэгч түрээсийн тоног төхөөрөмжийг эргүүлэн татахаа 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдээгүй, түрээсийн гэрээний хугацаанаас өмнө техникүүдийг татсан тохиолдолд сүүлийн сарын түрээсийн төлбөрийг төлөхгүй байх эрхтэй гэж заасан байна. Гэтэл тус техник нь уурхайн талбайд 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр очсон бөгөөд мөн оны 10 дугаар сарын 08-ны өдөр и-мэйл ирүүлж гэрээгээ тус өдрөер цуцалж буйгаа мэдэгдсэн. Түрээсийн гэрээ нь хоёр талын гэрээ бөгөөд гэрээг нэг тал дангаараа цуцлах өөрчлөх эрхгүй байтал мэдэгдэж байж гэрээнд өөрчлөлт оруулах байтал Х ХХК-ийн удирдлагын зүгээс тус үүргээ зөрчиж техникүүдээ зогсоосон. Түрээслүүлэгч нь тоног төхөөрөмжийн түрээсийн гэрэээний 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.10-т заасан үүргүүдээ зөрчсөн гэж үзэж байна. Гэрээг цуцлах тухай мэдэгдлийг авах өдөр хүртэл түрээслүүлэгчийн техникүүдийн ажилласан цагийг бодож үзэхэд 8,898,892 төгрөг байсан. Гэрээний 4.1.11, 4.2.6-д заасны дагуу түрээслүүлэгчийн засварын багийн уурхайд байрласан хоногийн катерингийн үйлчилгээний төлбөр, түрээслүүлэгчид өгсөн урьдчилгаа зэргийг тооцож үзэхэд Х ХХК нь Г ХХК-д 19,410,458 төгрөгийг төлөх төлбөртэй тооцоо гарсан. Энэхүү тооцоон дээр талуудын нягтлан бодогч, санхүүгийн шинжээч нар и-мэйлээр харилцаж гарын үсэг зурсан. Тус түрээсийн техникүүд бэлэн бус байснаас үүдэж бид түрээсээр ажиллуулж байсан экскаваторыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадаагүй нэг сард 55,000,000 төгрөг төлж байсан. Х ХХК гэрээний үүргээ зөрчснөөс үүдэлтэйгээр манай компанид учирсан хохиролыг нэхэмжилж байна.Талуудын харилцан тохирч гарын үсэг зурсны дагуу үлдэгдэл 19,410,458 төгрөг экскаваторын түрээсийн төлбер 55,000,000 нийт 74,410,458 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Ч.Зт нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Г ХХК нь анх 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манайд санал тавьж манай компаний техникийн бичиг баримтыг ашиглан ажлынхаа төслийг авсан. Энэ өдрөөс хойш манай техник ажилд гараагүй. Манайх техникүүдээ зээлээр авсан ажилгүй удаан зогсож болохгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр танайхыг удаан хүлээж чадахгүй гэдгээ Төв аймгийн Заамар суманд алтны уурхайд түрээсээр гарах гэж байхад Г ХХК-аас одоо удахгүй ажил эхэлнэ гэж хэлээд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүлээлгэсэн. Манай компани нөхцөл байдлаа тус компанид хэлж 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ хийсэн. Гэрээний дагуу тус компани урьдчилгаа 20,000,000 төгрөг шилжүүлэх байсан боловч дахин хойшлогдсоор 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг дансаар, 6 ширхэг дугуйг 2,500,000 төгрөгөөр бодож өгсөн. Тус дугуйг зарах гэсэн боловч зарагдаагүй учраас сэлбэг авч нөөцөлж чадаагүй. 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2 машиныг оператор, засварчдын хамт хүргэж өгсөн. Дараагийн 1 машиныг хүнээс мөнгө зээлж сэлбэгийг нь авч араас нь очсон. Ямар ч сэлбэгийн нөөцгүй болохоор бага сага эвдрэлээс болж машин маш удаан зогссон. Мөн тус компанийн зүгээс очиход ажил бэлэн гэсэн боловч зам янзлах техник байхгүй, ачих экскэ нь бүрэн бус, байнгын эвдрэлтэй, ажил хийхээсээ зогссон цаг нь их байсан. Мөн тус компани манай компанитай 9 сарын тооцоог 10 сарын 1-5 хооронд тулгах ёстой байсан, уурхайгаас мэдээ ирээгүй гэж хэлээд тооцоо тулгаагүй. Энэ мэтчилэн манай компанийг үл тоож, худал хэлж, өөрсдөө манай компани руу ярьж ажлаа зогсоо гэж хэлсний дээр манайх 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр техникээ зогсоосон. Мөн сөрөг нэхэмжлэл дээр ямар ч үндэслэлгүй 10 хоног бүтэн ажиллаж чадаагүй экскэний 1 сарын бүтэн төлбөрийг нэхэмжилсэн байна. Манай компанийг өөрсдөө машинаа зогсоо гэж хэлчихээд хэлэхгүй машин зогсоосон гэх үндэслэлээр экскэний бүтэн сарын төлбөр нэхэмжилсэн юм. Иймд Г ХХК-с 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх түрээсийн мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагын үндэслэл, агуулга: Хэрэг маргааны зүйл түрээсийн гэрээнд дурдагдсан уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх зориулалттай ачааны XCMG маркийн улсын 0986ТТА, 0769ТТА, 0983ТТА дугаартай 3 тээврийн хэрэгслийг Г ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэра Экуйпмент ХХК-тай өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан худалдан авсан. 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотой уулын мастер албан тушаалд томилогдон Н.Баттулга ажилласан бөгөөд тус компанийн худалдан авсан 3 ачааны автомашиныг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу өгч явуулан компанид ашиг оруулах зорилгоор гуравдагч этгээдэд түрээслүүлэн ашиглуулж түрээсийн төлбөрийг Г ХХК-руу шилжүүлж байх үйлдэл хийлгүүлэхээр өгч явуулсан. Гэтэл Н.Баттулга нь тухайн цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл Г ХХК болон гүйцэтгэх захирал М.Гэрлээгийн данс руу ямарваа нэгэн байдлаар автомашины түрээсийн төлбөрийг огт шилжүүлээгүй. Мөн гүйцэтгэх захирал М.Гэрлээ нь тус компанийн авто машинуудыг түрээслүүлэх гэрээ байгуулахдаа Х ХХК-ийн нэр дээр гэрээ байгуулсныг 2021 оны 10 дугаар сарын сүүлээр олж мэдсэн бөгөөд компанийн эзэмшлийн автомашинуудыг түрээслүүлж түүний үр шимийг хүртэх хүсэл Зт нийцээгүй. Н.Баттулгын дээрх хууль бус үйлдлийг мэдсэн цаг хугацаанаас эхлэн бусдын хууль бус эзэмшлээс компанийн өмчлөлийн эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очиж нийт 3 тээврийн хэрэгслээс улсын 0986 ТТА, 0769 ТТА дугаартай 2 автомашиныг нь чөлөөлүүлж авсан. Харин улсын 0983 ТТА дугаартай ачааны автомашиныг нь авах гэтэл Гео цэцийн транс ХХК нь манайх түрээсийн гэрээнд заасан хугацаанд эзэмшиж ашиглаагүй тул шилжүүлэн өгөх боломжгүй гэж тайлбарлан өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшсээр байна. Хариуцагч нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Х ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж улмаар талууд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Г ХХК-ийн өөрийн эзэмшлийн эд хөрөнгүүдээ чөлөөлүүлж авахад гэрээг дүгнэн тооцоо нийлж 2 эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгч гэрээ албан ёсоор цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Улмаар Гео цэцийн транс ХХК-ийн манай компанийн улсын 0983 ТТА дугаартай ачааны автомашиныг өгөөгүй үндэслэлийг эд хөрөнгийн хууль бус эзэмшигчидтэй байгуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд саатуулан барих эрхгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг Г ХХК-д хамааралгүй байхад хууль ёсны эзэмшигчийн өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхийг зөрчөөд зогсохгүй түүний үр шимийг хүртэх зэрэг хууль буюу гэрээгээр олгогдсон хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөөр байна. Өнөөдрийн байдлаар манай компанийн эд хөрөнгө хариуцагч 2 компанийн чухам аль компанийн хууль бус эзэмшилд байгааг тодорхойлох боломжгүй байгаа тул хамтран хариуцагчаар татаж байгаа болно. Иймд хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Г ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн XCMG маркийн улсын 0983 ТТА дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлүүлж, гуравдагч этгээдийн өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, өмгөөлөгч Г.Т нарын бие даасан шаардлагад гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Манай компаний хувьд Х ХХК-тай 2021 оны 09 дугээр сарын 01-ний өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу гуравдагч этгээдийн нэхэмжлэлд дурдагдаж буй техникүүдийг ашиглаж эзэмшиж байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу шилжүүлэгдэн ирсэн техник хэрэгсэл нь гуравдагч этгээдийн өмчлөлд гэдгийг манай компанийн зүгээс мэдээгүй. Х ХХК-тай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд талууд түрээсийн төлбөрийн нөхцөлийг харилцан тохиролцсон байх бөгөөд тус данс руу мөнгөн шилжүүлгийг хийж байсан. Анх тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулахдаа харилцагч компани нь шүүхэд гуравдагч этгээдээр оролцон нэхэмжлэл гаргаж буй Г ХХК-н талаар огт дурдаагүй учир бид түрээслэгч компанийг өмчлөгч гэж итгэсэн. Манай компаний зүгээс түрээслэгч болох Х ХХК-тай байгуулагдсан гэрээг дүгнэж, шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл манай компани тус техник хэрэгслийг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа гэж үзэхгүй байна. Иймд дээрх үндэслэлээр гуравдагч этгээд болох Г ХХК-ийн хариуцагч нарын хууль бус эзэмшлээс уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх зориулалттай XCMG маркын улсын 0983 ТТА дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

7. Гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Г ХХК нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр бие даасан шаардлагаасаа татгалзсан байна гэжээ.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г ХХК-с 104,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үлдэх 92.200.360 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-с 19,418,450 төгрөг гаргуулж хариуцагч Г ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54,992,008 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г ХХК-ийн бие даасан шаардлагатай, хариуцагч Г ХХК-д холбогдох тээврийн хэрэгсэл гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 618,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 530,003 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 657,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-с 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгч Х ХХК-аас 255,002 төгрөг гаргуулж хариуцагч Г ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн байна.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Зтын давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Х ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Г ХХК-тай Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулсан. Г ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул 92,304,360 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Уг хэргийг 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Г ХХК-аас 104,000 төгрөг гаргуулж, 92,200,360 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч байгаа ч Х ХХК-аас 19,418,450 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 14,950,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй. Нотлох баримт, гэрч оролцуулах эрхээр хангаагүй. Мөн Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Зт болон хууль ёсны өмгөөлөгч бид хоёрын зүгээс эзгүйд шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ... Иргэний хэргийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хурлаар товлосон бөгөөд хэргийн оролцогчдоос хурал давхцсан нөхцөл байдлыг асууж тодруулан шүүхийн зүгээс хурлын товыг товлосон. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч хурал давхцсан гэх үндэслэлээр шүүх хуралдаанд ирээгүй, хүсэлт бичиж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хүлээх үүргийг хуульчилж өгсөн байдаг. 34 дүгээр зүйлийн 34.5-д өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох үүргийг хүлээсэн. Шүүхээс шүүх хуралдааныг товлохдоо хэргийн оролцогч нараас санал асууж товлосон бөгөөд тус хуралдааныг товлох мөчид нэхэмжлэгчийн өмгөөлөгч давхцсан хурал байхгүй гэж товлуулсан мөртлөө хурал давхцсан гэх нь хүндэтгэн үзэх шалтгаангүйн улмаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нь иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар түрээслүүлэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэсний дагуу харилцан акт үйлдсэн бөгөөд энэхүү баримт нь хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд авагдсан. Тус баримтыг бэхжүүлэх, нотлох баримтын шаардлага хангах зорилгоор Гео цэцийн транс ХХК-ийн албан ёсны и-мэйл хаягт шүүхээс үзлэг хийлгүүлсэн. Тоног төхөөрөмж, түрээсийн гэрээг дүгнэн баримт үйлдсэн этгээдүүд нь хариуцагч болон нэхэмжлэгч компанийн санхүүгийн эрх бүхий албан тушаалтнууд байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тус баримтанд гарын үсэг зурсан Ууганбаяр гэх этгээд нь албан ёсны ажилтан биш гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хамгийн анх нэхэмжлэгч компанийг төлөөлж байсан этгээд Ууганбаяр гэх хүн байсан. Тус үзлэгийг хийх явцад гуравдагч этгээд оролцсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, өмгөөлөгч нь үзлэгт оролцох шаардлагагүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. Үзлэгээр нэхэмжлэгч, хариуцагч компаниудаар тамга, тэмдэг даруулаад нөгөө талдаа илгээх, нөгөө тал нь буцааж илгээсэн баримт байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хурлаар манай компаниас уулын ажлын өдөр тутмын мэдээ, хийсэн ажлаа тэмдэглэдэг дэвтэрүүд гаргуулахаар шүүхийн зүгээс хүсэлийг хүлээн авч шүүх хуралдаан хойшилсон. Шүүгчийн захирамжид дурдагдаж буй баримтууд нь Г ХХК-д байхгүй талаар албан ёсны тамга тэмдэгтэй бичиг хүргүүлж захирамжийн биелэлтийг хангуулсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч гэрч асуулгах хүсэлт гарган шүүхээс хангаж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь хавтаст хэрэг авагдсан шүүгчийн захирамж болон 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 829 дугаар шүүхийн шийдвэрийн 19 дүгээр хуудсанд авагдсан гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хууль ёсны үндэслэл бүхий биш байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний хохирол 92,304,360 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээний хохирол 74,410,458 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г ХХК тээврийн хэрэгсэл гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

4. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Зт 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаараа хүсэлт болон тов мэдэгдсэн баримт ирүүлж, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан байна. Анхан шатны шүүх ...хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй... гэж дүгнэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь заалтыг зөрчжээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасан.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн байх бөгөөд тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гын Iphone 12 pro загварын gold өнгийн гар утаснаас хариуцагч Г ХХК-ийн албан ёсны [email protected] хаягт үзлэг хийж, уг үзлэгийн дагуу 159-168 дугаар талд авагдсан баримтыг зурган хэлбэрээр авч хэрэгт хавсаргасан байна. Үзлэгт хавсаргасан зурган баримтууд нь цахимаар ирсэн и-мейлд үзлэг хийсэн болохоос биш эхээр авагдсан, эх баримт биш байх бөгөөд уг баримтад хариуцагч тал гарын үсэг зурсан эсэх нь маргаантай байна. Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжтой.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/00829 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлсөн 238,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ц.ИЧИНХОРЛОО