Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2022/00595

 

 

 

 

 

   2022            02              21                                           184/ШШ2022/00595

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Т

Хариуцагч: НШШГГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүрэг, 18 дүгээр хороо, өнөр хороолол, 15 дугаар байрны 150 тоот, Ү-445 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 11–р сарын 29–ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* өмгөөлөгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх, өмгөөлөгч А.******* татгалзсан зэрэг хүсэлтийг үндэслэн эзгүйд шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Т нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г.Т миний бие Сонгинохайрхан дүүрэг, 18 дүгээр хороо, өнөр хороолол, 15 дугаар байр, 150 тоот Ү-445 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг ээж Л.Лхгийн хамтаар 2010 оноос хойш хууль ёсоор эзэмшиж ирсэн.

Уг хугацаанд миний нагац эгч Л.Л бизнес эрхэлж байгаа гэж ганц нэг удаа миний байрыг банканд барьцаалж байсан удаатай ба 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нагац эгч Л.Л хамгийн сүүлийн удаа байраа барьцаанд тавиад өг гэж гуйсан боловч миний бие огт зөвшөөрөөгүй.

Гэтэл миний эзгүйд миний цахим үнэмлэхийг ашиглаж дээрх үл хөдлөх хөрөнгийг Голомт банк ХХК-ийн барьцаанд тавьж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/02023 дугаар захирамжаар төлбөр төлөх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрсэн байх юм.

2021 оны 8 дугаар сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэх үл таних хүн манайд ирж миний өмчлөлийн хөрөнгийг худалдаж “Голомт банк” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах тухай дуулгаснаар энэ бүх үйл явдлыг мэдлээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний хөрөнгийг хэрхэн үнэлсэн, бие дааж худалдан борлуулах, үнийн санал, төлбөр төлөгчийн эдлэх эрх, үүрэг гээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эдэлбэл зохих бүхий л эрхийг зөрчиж гэнэт л байр худалдан борлуулах боллоо гэх утгатай мэдэгдлийг өгсөнд маш их гомдолтой байна.

Иймд Сонгинохайрхан дүүрэг, 18 дүгээр хороо, өнөр хороолол 15 дугаар байр 150 тоот Ү-445 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* өмгөөлөгч А.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гол үндэслэл нь Г.Тын өөрийнх нь хөрөнгийг эдлэх эрх үүрэг зөрчигдсөн. Энд Лхамсүрэн гэж хүнд мэдэгдсэн гэж яригддаг. Анх Г.Тт мэдэгдэлгүйгээр байрыг барьцаалаад, дараа нь шүүх дээр эвлэрээд явсан. Энэ бүхэнд Лхамсүрэн хүүгээсээ нуугаад гарын үсэг зурсан байдаг. Г.Т бол яагаад миний хөрөнгийг эхнээсээ эрх үүргийг эдлүүлээгүй, оролцуулалгүй явуулсан, Г.Тын гарын үсэг огт байхгүй. Хэзээ хойно худалдан борлуулсан хойно мэдсэн. Мэдсэн даруйдаа яагаад миний хөрөнгийг худалдав. Яагаад надад мэдэгдээгүй вэ. Одоо би гомдол гаргана гэдэг. Түүнээс өөрөөс шалтгаалж хугацаа алдсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/02023 дугаар шүүгчийн захирамжаар “Г” ХХК, Л.Лх, Г.Т, Л.Л, Л.Л нараас 406,644,284 төгрөг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, төлбөр төлөгч Л.Лх, Л.Л нарт төлбөр төлөх тухай мэдэгдлийг гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан Л.Лх, Г.Т нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-445 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 18 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 15 дугаар байрны 150 тоотод байрлах 30.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 20270634 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20270634/9 дугаар хураах тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хураагдсан хөрөнгийн үнэлгээг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох тухай мэдэгдэл гардуулахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дугаар зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгөд 2021 оны 6 дугаар сарын 18-ний өдөр шинжээч томилон зах зээлийн үнийг тогтооход 84,092,000 төгрөгөөр үнэлэгдэж, талуудад танилцуулан гарын үсэг зуруулсан.

Мөн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгч Л.Лтай уулзан үнэлгээний тайлантай танилцсан эсэхийг тодруулахад Л.Лх, Л.Л, Г.Т нар бүгд үнэлгээтэй танилцсан, үнэлгээнд бол гомдолгүй гэсэн тайлбар өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байна.

Анхны дуудлага худалдааг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр зохин байгуулах тухай 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/42 тоот албадан дуудлага худалдааны тогтоол, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 4-218/13044 дүгээр мэдэгдлийг гардуулахаар төлбөр төлөгч Л.Лх, Г.Т нарын хаягаар очиход хүнгүй байсан тул Л.Лхгийн 91194717 дугаарын утсаар холбогдоход “Бид гэр бүлийн гишүүнээ алдаад ажил явдалтай байна өгөх юм аа баталгаат шуудангаар илгээчих” гэсэн бөгөөд төлбөр төлөгчийн хаягаар баталгаат шуудангаар илгээж тэмдэглэлээр баталгаажуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4-134/11809 дугаар мэдэгдэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШЗ2021/15598 дугаар “нэхэмжлэлийг буцаах тухай” захирамж /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.  

Шүүхийн журмаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар /хавтаст хэргийн 25 дугаар тал/, 20270634 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг /хавтаст хэргийн 26-88 дугаар тал/, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн БГ/С1102601662/LNFLА дугаартай ипотекийн гэрээ /хавтаст хэргийн 110-115 дугаар тал/, нэхэмжлэл гардуулсан баримт /хавтаст хэргийн 113 дугаар тал/, эвлэрлийн гэрээ /хавтаст хэргийн 118-115 дугаар тал/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д заасан эрх, үүргийг танилцуулсан баримт /хавтаст хэргийн 116 дугаар тал/, зохигчид эрх үүрэг тайлбарсан тухай баримт /хавтаст хэргийн 118 дугаар тал/ зэрэг  нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Г.Тын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ...нагац эгч Л.Л байраа барьцаанд тавиад өг гэж гуйсан, би огт зөвшөөрөөгүй. Гэтэл миний эзгүйд миний цахим үнэмлэхийг ашиглаж үл хөдлөх хөрөнгийг Голомт банк ХХК-ийн барьцаанд тавьж, шүүхэд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрсэн байна,

2021 оны 8 дугаар сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ... хөрөнгийг худалдаж “Голомт банк” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах тухай дуулгаснаар энэ бүх үйл явдлыг мэдлээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний хөрөнгийг хэрхэн үнэлсэн, бие дааж худалдан борлуулах, үнийн санал, төлбөр төлөгчийн эдлэх эрх, үүрэг гээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эдэлбэл зохих бүхий л эрхийг эдлүүлээгүй гэсэн үндэслэл дурджээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахаар хаягаар очтол Г.Т байдаггүй, ээж Л.Лх болон Энхжаргал нараар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдлийг өгч, гарын үсэг зуруулсан, 2020 оны 9-р сарын 23-ний өдөр Г.Т гарын үсэг зурахаас татгалзаж “үгүй” гэж бичиж өгсөн, энэ цаг үеэс өмнө ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсныг Г.Тт мэдэгдсэн, Г.Т нь бүх зүйл, баримт бичигт гарын үсэг зурахаас татгалздаг гэж тайлбарлаж байна. /хавтаст хэргийн 38,39,42 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзсан, оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн, хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу үнэлгээг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор буюу 2021 оны 06-р сарын 21-ний өдөр мэдэгдэл хүргүүлснийг төлбөр төлөгч Л.Лх 2021 оны 06-р сарын 22-ны өдөр хүлээн авсан байна.

 

Нэхэмжлэгч Г.Т нь урьд 2021 оны 8-р сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны 2021 оны 9-р сарын 01-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2021 оны 11-р сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна. /хх-7,8/

Хавтас хэргийн 4-р хуудсанд авагдсан баримтын доод талд “...VIII/20 гардаж авав Г.Т” гэж бичсэн байх бөгөөд энэ өдрөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгааг мэдсэн гэж тус тус тайлбарлах боловч энэхүү үндэслэлээ хэргийн баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар нэхэмжлэлийн энэ үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдлоо гаргах хугацааг хэтрүүлсэн, Үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэл нь энэ хуульд заасан гомдол бус юм.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4-134/11809 дугаар мэдэгдэл /хх-4/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШЗ2021/15598 дугаар “нэхэмжлэлийг буцаах тухай” захирамж /хх 7-8/, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар /хавтаст хэргийн 25 дугаар тал/, 20270634 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг /хавтаст хэргийн 26-88 дугаар тал/, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн БГ/С1102601662/LNFLА дугаартай ипотекийн гэрээ /хавтаст хэргийн 110-115 дугаар тал/, нэхэмжлэл гардуулсан баримт /хавтаст хэргийн 113 дугаар тал/, эвлэрлийн гэрээ /хавтаст хэргийн 118-115 дугаар тал/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д заасан эрх, үүргийг танилцуулсан баримт /хавтаст хэргийн 116 дугаар тал/, зохигчид эрх үүрэг тайлбарсан тухай баримт /хавтаст хэргийн 118 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Төлбөр төлөгч “Г” ХХК, Л.Лх, Г.Т, Л.Л, Л.Л нар нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/С1102601662/LNFL дугаартай зээлийн гэрээ болон БГ/С1102601662/LNFL, БГ/С1102601662/LNFL, БГ/С1102601662/LNFL-А, БГ/С1102601662/LNFL-Б, БГ/С1102601662/LNFL-В тоот ипотекийн гэрээ байгуулж, Л.Лх, Г.Т нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 110-115/

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/02023 дугаар шийдвэрээр хариуцагч “Г” ХХК, Л.Лх, Г.Т, Л.Л, Л.Л нараас зээлийн гэрээний үүрэгт 405,376,368 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож, Шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШЗ2020/00359 дугаар “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай” захирамжаар ... барьцаа хөрөнгө болох Л.Лх, Г.Т нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-445 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 15 дугаар байрны 150 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагын хангуулахаар тус тус шийдвэрлэжээ. /хх 28-31/

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШЗ2020/00359 дугаар захирамж, мөн өдрийн 00039 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн “НШШГГ” нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20270634 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. /хавтаст хэргийн 26, 27 дугаар тал/

“НШШГГазар” нь төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг гаргуулан, эд хөрөнгийн лавлагааг холбогдох байгууллагуудаас гаргуулж, Сонгинохайрхан дүүрэг, 18 дүгээр хороо, өнөр хороолол, 15 дугаар байр, 150 тоот хаягт байрлах, эрхний улсын бүртгэлийн Ү-445 дугаартай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь Л.Лх, Г.Т нарын өмчлөлд бүртгэлтэй талаар тогтоожээ.

Төлбөр төлөгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “НШШГГ”-ын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20270634/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20270634/07 дугаар тогтоолоор хураасан байна. /хавтаст хэргийн 39, 44 дүгээр тал/ 

Хураагдсан эд хөрөнгөнд төлбөр авагч нараас үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан, төлбөр төлөгч Л.Лхгээс 135,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал ирсэн, үнэлгээнд талууд харилцан тохиролцоогүй тул үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоох талаар “НШШГГ” нь мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр нотлогдов.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, үнийн санал ирүүлэхийг мэдэгдэж, Г.Тын эхнэр З.Золжаргалд мэдэгдлийг 2021 оны 6-р сарын 08-ны өдөр өгсөн байх ба төлбөр төлөгч Л.Лхгээс 2021 оны 6-р сарын 11-ний өдөр хөрөнгөө 135,000,000 төгрөгөөрөөр санал болгосныг талууд тохиролцоогүй тул “НШШГГ” хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 84,092,000 төгрөгөөр үнэлжээ. /хх-33-34, 56, 58, 60/

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “НШШГГ”-ын шинжээч томилж, үнэлгээ хийсэн үнэлгээнд маргаан байхгүй гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийн маргаагүй, гомдоогүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.

 

Нэхэмжлэгч тал “... хөрөнгө үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийн эдлэх эрхийг эдлүүлээгүй” гэх тайлбараа үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж хэрэгжүүлсэн гэж тайлбарладаг ба ШШГтХ—лийн 44 дүгээр зүйлийн 44.38 44.4-д зааснаар “... Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 18 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 18 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.”

Иймд дээрх үндэслэл шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, эрх бүхий этгээдэд хандаагүй тул хөрөнгийн үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй.

Мөн түүнчлэн “... хөрөнгийг зөвшөөрөлгүй барьцаанд тавьсан, ... шүүхийн шатанд эвлэрсэн” гэх үндэслэл, гомдол нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлд хамааралгүй үйл баримт байх ба шүүхийн шатанд хийгдсэн ажиллагаагаар хөрөнгө үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй. Хэрэв энэ үйл баримтанд гомдолтой нөхцөлд тухайн цаг хугацаанд хуульд заасан бусад үндэслэлээр шүүхэд хандахаар байжээ.

Талуудын маргааны зүйл нь “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч Г.Тын эрхийг эдлүүлсэн эсэх”, “...зээлийн болон барьцааны гэрээнд Г.Т оролцсон эсэх” байна. Талууд “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол” болон эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээнд маргаагүй байна.

Төлбөр төлөгч Г.Тыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсныг мэдээгүй, мөн шүүхийн шатанд эвлэрснийг мэдээгүй гэх үндэслэл нь хавтаст хэргийн 57, 110-115, 113, 118-115, 116, 118 дугаар талд авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхдээ төлбөр төлөгч тус бүрт мэдэгдэл өгөхөөр зохицуулаагүй байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /цаашид ШШГтХ гэх/-ийн 18 дүгээр зүйлийн 18.6-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заасан бөгөөд Г.Тын оршин суугаа хаягаар хэд хэдэн ажиллагаа хийгдсэн, тэрээр эзгүй байсан тул 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг, Хөрөнгийн үнэлгээг танилцуулсан тухай мэдэгдлийг шуудангаар болон тус тус түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн буюу ээж Л.Лх, эхнэр З.Золжаргал нарт мэдэгдсэн, тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулсан нь энэ хуульд нийцсэн байна. /хавтаст хэргийн 38,58,59 дүгээр тал/

Төлбөр төлөгч Г.Т нь “...2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс ШШГА-г явуулж байгааг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан эрхийг эдлэх, үүргийг хүлээх талаараа мэдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр түүний гаргасан хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар төлбөр төлөгч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх, тухайлбал холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэх бөгөөд түүний хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ. Иймд төлбөр төлөгч Г.Тт эрхийг нь эдлүүлээгүй гэх үндэслэлгүй.

Төлбөр төлөгч Г.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д заасан “Төлбөр төлөгч тодорхой үйлдэл хийх, эсхүл түүнээс татгалзах, эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэх, оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх болон гүйцэтгэх баримт бичиг, хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээх бөгөөд тэрээр энэ үүргээ мөн биелүүлээгүй байна.

Мөн төлбөр төлөгч Г.Т нь төлбөр төлөгч Л.Лд байраа барьцаанд тавихыг зөвшөөрөөгүй гэдэг нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн БГ/С1102601662/LNFL-А тоот Барьцааны гэрээ, түүний гарын үсгээр няцаагдаж,

миний эзгүйд миний цахим үнэмлэхийг ашигласан, барьцаанд тавьсан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрсэн гэж тайлбар гаргадаг хэдий ч тухайн шаардлага үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй.

2021 оны 8 дугаар сард “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэх үл таних хүн манайд ирж миний өмчлөлийн хөрөнгийг худалдаж “Голомт банк” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах тухай дуулгаснаар үйл явдлыг мэдлээ” гэсэн нь 2020 оны 09 дүгээр сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон баримтаар няцаагдаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. /хх-38,39 дүгээр тал/

Иймд дээрх хууль заасан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Тын гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар “Сонгинохайрхан дүүрэг, 18 дүгээр хороо, өнөр хороолол, 15 дугаар байрны 150 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-445 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах” тухай Г.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 18 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           В.АМАРТҮВШИН