Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00829

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2022/00595 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 12 дугаар байрны 250 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2201007813 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007813 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 250 тоотод байрлах 30.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Т.Т- болон төрсөн эх Л.ЛХ нарын өмч ба 2010 оноос хойш эзэмшиж ирсэн. Т.Т-ын нагац эгч Л.Л тус орон сууцыг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хамгийн сүүлийн удаа байраа барьцаанд тавиад өг гэж гуйсан боловч Т.Т- огт зөвшөөрөөгүй.

Гэтэл түүний эзгүйд цахим үнэмлэхийг ашиглаж орон сууцыг Голомт банк ХХК-д барьцаалан, улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/02023 дугаар захирамжаар төлбөр төлөх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрсэн.

2021 оны 08 дугаар сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.Т-ынд ирж орон сууцыг худалдаж Голомт банк ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах тухай дуулгаснаар мэдсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцыг хэрхэн үнэлсэн, бие дааж худалдан борлуулах, үнийн санал, төлбөр төлөгчийн эдлэх эрх, үүрэг гээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эдэлбэл зохих бүхий л эрхийг зөрчиж гэнэт худалдан борлуулах боллоо гэх утгатай мэдэгдлийг өгсөнд маш их гомдолтой байна.

Иймд дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/02023 дугаар шүүгчийн захирамжаар Гурвансайхан уул ХХК, Л.ЛХ, Т.Т-, Л.Л , Л.Л нараас 406,644,284 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, төлбөр төлөгч Л.ЛХ, Л.Л нарт төлбөр төлөх тухай мэдэгдлийг гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан Л.ЛХ, Т.Т- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007813 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 250 тоотод байрлах 30,0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 20270634 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 20270634/9 дугаар хураах тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хураагдсан хөрөнгийн үнэлгээг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох тухай мэдэгдэл гардуулахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгөд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шинжээч томилон зах зээлийн үнийг тогтооход 84,092,000 төгрөгөөр үнэлэгдэж, талуудад танилцуулан гарын үсэг зуруулсан. Мөн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгч Л.Л тай уулзан үнэлгээний тайлантай танилцсан эсэхийг тодруулахад Л.ЛХ, Л.Л , Т.Т- нар бүгд үнэлгээтэй танилцсан, үнэлгээнд бол гомдолгүй гэсэн тайлбар өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан. Анхны дуудлага худалдааг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/42 тоот албадан дуудлага худалдааны тогтоол, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4-218/13044 дугаар мэдэгдлийг гардуулахаар төлбөр төлөгч Л.ЛХ, Т.Т- нарын хаягаар очиход хүнгүй байсан тул Л.ЛХгийн 9119-4717 дугаарын утсаар холбогдоход Бид гэр бүлийн гишүүнээ алдаад ажил явдалтай байна өгөх юм аа баталгаат шуудангаар илгээчих гэсэн бөгөөд төлбөр төлөгчийн хаягаар баталгаат шуудангаар илгээж тэмдэглэлээр баталгаажуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, өнөр хороолол, 12 дугаар байрны 250 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007813 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Т.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Т.Т- нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007813 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 250 тоотод байрлах 30.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанд байгаа болон 2020 оны 09 дүгээр сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг 2021 оны 08 дугаар сард мэдсэн учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 62.4 дэх хэсэгт зааснаар Л.ЛХ нь Т.Т-ыг төлөөлөх эрхгүй бөгөөд Улсын бүртгэлийн Ү-2201007813 дугаартай эд хөрөнгө нь Л.ЛХ, Т.Т- нарын өмчлөл байхад нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй, эзгүйд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд оролцсон. Гарын үсэг зурахаас татгалзаж байгаа талаар хүсэлт бичиж өгсөн нь хэрэгт авагдсан. Битүүмжлэх, хураах, үнийн санал авах ажиллагааг нэхэмжлэгч нь мэдээгүй гэж маргасан нь анхан шатны шүүх хуралдаан дээр няцаагдсан. Нэхэмжлэгчийн хаягаар нь очиход өөрөө байдаггүй, түүний төрсөн эх, төлбөр төлөгч н.Лхамсүрэн байдаг байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу тэмдэглэл хөтлөн н.Лхамсүрэнд мэдэгдлүүдийг өгч байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Т.Т- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007813 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 250 тоотод байрлах 30.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай эд хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-1-2/

3.Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Т.Т- шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг мэдэж байсан, ажиллагаанд оролцохоос татгалзаж гарын үсэг зурахгүй гэдэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар түүний гэр бүлийн гишүүдэд тухай бүр зохих ёсоор мэдэгдсэн, гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн гэх үндэслэл заан маргасан байна. /хх-25/

4.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/02023 дугаартай захирамжаар хариуцагч Гурвансайхан уул ХХК, Л.ЛХ, Т.Т-, Л.Л , Л.Л нараас 405,376,368 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэгч Голомт банк ХХК-д төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч нарын өмчлөлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 29-30/ Уг шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй байна.

5.а.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 184/ШЗ2020/00359 дугаартай шүүгчийн захирамж, мөн өдрийн 184/ГХ2020/00039 дугаартай гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцжээ. /хх-28-31/

5б.Барьцааны зүйл болох төлбөр төлөгч Л.ЛХ, Т.Т- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007813 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 250 тоотод байрлах 30,0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 20270634 дугаар тогтоолоор битүүмжилж, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг төлбөр төлөгч Л.ЛХд хариуцуулсан, энэ ажиллагаанд төлбөр төлөгч Т.Т- байлцсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдож байна. /хх 38-39/

5в.Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 20270634/09 дугаартай тогтоолоор дээрх эд хөрөнгийн хураах ажиллагааг хариуцагч тал явуулахдаа хөндлөнгийн гэрч Ц.Цэндсүрэн, Э.Мөнхзул, О.Итгэл, төлбөр төлөгч Л.ЛХ, Т.Т-ын эхнэр З.Золжаргал нарыг оролцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасанд нийцэж байна.

5г.2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 4-219/10333 дугаартай эд хөрөнгийн үнэлгээг тогтоох үнийн саналаа бичгээр гаргаж өгөх мэдэгдлийг Т.Т-ын эхнэр гэх З.Золжаргалд мөн өдрөө гардуулсан. /хх 53/ Төлбөр төлөгч Л.ЛХ нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж ... мэдэгдлээ бэрээсээ хүлээн авсан, үнийн саналаа хугацаандаа авчирч өгье гэх тайлбарыг гаргасан нь хэргийн 55 дахь талд авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн санал авахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талуудад мэдэгдсэн, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

6.Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналын талаар тохиролцоогүйн улмаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилж, төлбөр төлөгч Л.ЛХ, Т.Т- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007813 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 250 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц буюу эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон байна.

Улмаар хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Т.Т-ын оршин суугаа хаягаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдлийг мөн өдрөө баталгаат шуудангаар илгээжээ. Мөн тус хаягт бүртгэлтэй, төлбөр төлөгч буюу Т.Т-ын эх Л.ЛХ нь үнэлгээний талаарх 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдлийг маргааш өдөр нь буюу 22-ны өдөр гардан авсан байх тул хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсгийн заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх-58, 60/

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул хангахгүй орхих нь зүйтэй байна. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийн заасанд нийцнэ гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2022/00595 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д гэснийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт тус тус гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Ч.ЦЭНД