Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/01238

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар байр, ... тоотод оршин суух, Б ургийн овогтой Ц.Х /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Б дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... гудамж .... дүгээр байр, .... тоотод оршин суух, Өургийн овогтой Д.Ц /РД:....../,

            Хариуцагч: Б дүүрэг, . дүгээр хороо, . дугаар хороолол, Замчид гудамж ...үгээр байр, ... тоотод оршин суух, У ургийн овогтой Т.Б /РД:........./ нарт холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 186,266,122 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Х , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б ,

Хариуцагч, хариуцагч Т.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Д.Ц, Т.Б нарт холбогдуулан 186,266,122 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Цнь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 7,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2016 оны 11 дүгээр сарын 04 ний өдөр 8,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2017 оны 05 дугаар 26-ны өдөр 20,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлсэн. Д.Ц, Т.Б нар хүүгүйгээр 50,000,000 төгрөг нэмж зээлсэн. Гэвч одоо хүртэл төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийт 186.266.122  төгрөгийг нэхэмжилж байна. Хүүтэй мөнгө зээлэхдээ нэхэмжлэгч тодорхойлолт, гэрээгээ бичиж өгсөн. 4,000,000 төгрөгийн баримт нотариатаар төлбөр барагдуулах гэрээнээс хойш гарч ирсэн. 7,000,000 төгрөгийг төлбөр барагдуулах гэрээгээр хүлээн зөвшөөрч байсан. Баянгол дүүргийн Цагдаагийн байгууллагад шалгахад хариуцагч нь тус мөнгөн дүнг зээлж авснаа хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэлд бодогдсон хүү нь 1323 хоногоор бодсоныг графикаар тодорхой гаргасан. Д.Цнь 2016 онд 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 750.000 төгрөгийг сар бүр төлж байсан. Д.Цнь нийт 7 удаагийн төлөлтөөр 5,000,000 төгрөгийн хүү төлсөн. Д.Ц2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг зээлэхдээ хүүг ярилцаж хүүг 2 удаа төлсөн. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг зээлсэн, зээлсэн мөнгө болон өмнөх зээлийн хүүг төлдөггүй. Д.Цнь зээлээ төлөхгүй байсан тул 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нотариатаар орж төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Төлбөр барагдуулах гэрээнд үндсэн зээлээ хувааж төлнө, төлөхгүй бол хууль шүүхийн байгууллагад хандана гэж шаардаж байсан. Өнөөдрийн байдлаар бодоход 47,000,000 төгрөгийн алданги 22,419,000 төгрөг болсон. Өмнөх 47,000,000 төгрөгийн хүү нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр бодоход 62,847,100 төгрөг хүү гарч байна. Т.Бт мөнгө хэрэгтэй байна гэхэд нь 50,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Ө.Б нь өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд үндсэн зээл, хүү ч төлөөгүй. Мөнгө зээлэхдээ бэлнээр болон дансаар шилжүүлж авдаг байсан. Одоо нийт 186,266,122 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

3.Хариуцагч, хариуцагч Т.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цнэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ц.Х гийн нэхэмжилсэн 97,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин удаа дараагийн нэхэмжилсэн алданги 22,419,000 төгрөг, хүү 62,847,122 төгрөгийг зөвшөөрөхгүй. Хуульд зааснаар хүү алданги авахад заавал бичгээр гэрээ хийж нотариатаар баталгаажуулж байж хүү авах эрх үүснэ. Би хүү төлөх хугацааны гэрээ хийгээгүй. Нэхэмжлэгч нь өөрийнхөө бодсоноор хүү тооцож байна. Төлбөр барагдуулах гэрээгээр зөвхөн алданги тооцно гэж заасан болохоос хүү тооцно гэж заагаагүй. Би төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Яагаад гэвэл би нэхэмжлэгчээс авсан мөнгөө баталгаажуулж гэрээ хийсэн. Хэрвээ би 47,000,000 төгрөгөөс үндсэн мөнгөө хасаад 2.000.000 төгрөг дээр төлбөр барагдуулах гэрээ хийгээд алданги тооцож болох байсан гэтэл би учир нь олдчих байх гэж бодсоны үндсэн дээр гэрээг хийсэн гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс: Хаан банкны орлогын баримт /хх-ийн 5-6/, Д.Цгийн гараар бичсэн баримт /хх-ийн 7-9/, Төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 10/, Д.Цгийн мөнгө хүлээн авсан тухай баримт /хх-ийн 12/,  газрын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн .... дугаар тогтоол /хх-ийн 13-14/, Ц.Х гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Ц, Т.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 11, 16-17/, Гэрчээс авсан тэмдэглэл /хх-ийн 18-22/, банкны дансны дэлгэрэнгүй хуулга,

Хариуцагчаас:  банкны дансны дэлгэрэнгүй хуулга нолох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Шүүх хариуцагч Д.Цгээс 97,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Х д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Б болон 89,266,122 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Д.Ц, Т.Б нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, алданги нийт 186,266,122 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Д.Ц, Т.Б нарт нийт 101,000,000 төгрөг зээлсэн. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 7,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 8,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2017 оны 05 дугаар 26-ны өдөр 20,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлсэн. Харилцан тохиролцсоны дагуу 47,000,000 төгрөгийг төлөх төлбөр барагдуулах гэрээ байгуулж алданги тохирсны дагуу алданги шаардаж байгаа. Хариуцагч Д.Ц, Т.Б нарт 50,000,000 төгрөг, 4,000,000 төгрөгийг хүүгүй зээлсэн” гэж,

            Хариуцагч, хариуцагч Т.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цнэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах үндэслэлгүй. Зээлээс төлөлт хийсэн тул 4,000,000 төгрөг төлөгдсөн. 47,000,000 төгрөгийг төлж барагдуулах хэлцэл хүчин төгөлдөр бус учир алданги төлөхгүй” гэж тайлбарлажээ.

 

4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ц.Х , Д.Цнарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн “Төлбөр барагдуулах гэрээ”, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Д.Цгийн бичсэн “Мөнгө хүлээн авсан тухай” баримт /хх-ийн 12/, Д.Цгийн Хаан банкин дахь 5006293299 тоот дансаар 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн “Орлогын баримт”, Т.Б Хаан банкин дахь 5006551693 тоот дансанд 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг шилжүүлсэн “Мөнгөн шилжүүлгийн баримт”, 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасгийн мөрдөн байцаагч Т.Б, Д.Цнараас авсан гэрчийн мэдүүлгийн тэмдэглэл /хх-ийн 19-22/, хариуцагч Д.Цгийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч Ц.Х гээс хариуцагч Д.Цнь 101,000,000 төгрөгийг зээлж авахаар харилцан тохиролцсоны дагуу мөнгө шилжүүлсэн, хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч Ц.Х тэй ямар нэг хэлцэл хийгээгүй болох нь нотлогдож байна.

 

5.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

 

6.Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Д.Цтэй харилцан тохиролцсоны дагуу нийт 101,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр шилжүүлсэн нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

            7.Зохигч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 7,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 8,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар 26-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 50,000,000 төгрөг тус тус зээлэхээр тохирч, шилжүүлсэн, авсан талаар маргаагүй.

 

8.Хариуцагч Д.Цнь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 7,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 04 ний өдөр 8,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар 26-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг зээлсэн байх боловч талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тохироогүй байна.

 

9.Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгт 5 хувийн хүү, /хх-ийн 7/, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 40,000,000 төгрөгт 4 хувийн хүү төлөх /хх-ийн 8/ баримтыг үндэслэн зээлийн хүү шаардсан.

 

10.Хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлсэн 7,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлсэн 8,000,000 төгрөг зээлдүүлсэн боловч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн гэж, үүн дээр 2017 оны 05 дугаар 26-ны өдөр зээлсэн 20,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зээлсэн 5,000,000 төгрөгийг нэмж нийт 40,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлсэн гэх тодорхойлолтыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хийсэн байна.  Гэвч зээлийн гэрээ бодитоор байгуулагдах үед гэрээг бичгээр байгуулж, хүү тохиролцоогүй байна.

 

11.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан.

 

12.Дээрхээс дүгнэвэл зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардсан нь үндэслэлгүй.

 

13.Хариуцагч нь үндсэн зээлээс 97,000,000 төгрөг төлөхийг зөвшөөч, 4,000,000 төгрөгөөс татгалзсан тайлбарыг шүүхэд гаргасан. Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”, Д.Цгийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Мөнгө хүлээн авсан тухай баримт” /хх-ийн 12/, Хаан банк дахь нэхэмжлэгчийн 5069194422 тоот, хариуцагч Д.Цгийн 5006293299 тоот дансны хуулгаар нотлогдож хариуцагч зээлээс 4,000,000 төгрөгийн зээл, болон зээлд хүү төлж байсан болох нь нотлогдож байна.

 

14.Харин зээлдэгч зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тохироогүй боловч зээлийн хүүг амласан ёсоор зөвшөөрч төлсөн учир уг төлбөрийг үлдсэн бусад зээлээс хасах үндэслэл болохгүй.

 

15.Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу 47,000,000 төгрөгт 0.1 хувийн алданги 477 хоногоор тооцон шаардсан.

 

16.Анз буюу алданги нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр юм. талууд зээлийн гэрээг байгуулахдаа анз тохироогүй, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр талуудын хооронд шинээр гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн төлбөр төлөх хугацааг тохирч баталгаажуулсан байна. Энэ дагуу нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга алданги шаардах эрхгүй.

 

17.Иймд хариуцагч Д.Цгээс 97,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Х д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Б болон 89,266,122 төгрөгт холбогдох хэгсгийг хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

18.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,320,058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цгээс 642,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цгээс 97,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Х д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Б болон 89,266,122 төгрөгт холбогдох хэгсгийг хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Х гээс 1,320,058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цгээс 642,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР