Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01275

 

 

 

 

 

                                     Ц.Х-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/01238 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Х-ийн хариуцагч Д.Ц, Ө.Б нарт холбогдуулан гаргасан 186,266,122 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Ц нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 7,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй, 2016 оны 11 дүгээр сарын 04 ний өдөр 8,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй, 2017 оны 05 дугаар 26-ны өдөр 20,000,000 төгрөг 4 хувийн хүүтэй, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг 4 хувийн хүүтэй, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг 4 хувийн хүүтэй тус тус зээлдэн авсан. Д.Ц, Т.Б нар хүүгүй 50,000,000 төгрөг нэмж зээлж авсан. Хүүтэй мөнгө зээлэхдээ тодорхойлолт, гэрээ бичиж өгсөн. 4,000,000 төгрөгийн баримт нотариатаар төлбөр барагдуулах гэрээ батлуулснаас хойш гарч ирсэн. 7,000,000 төгрөгийг төлбөр барагдуулах гэрээгээр хүлээн зөвшөөрч байсан. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцагч нь тус мөнгөн дүнг зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Зээлийн хүүг 1323 хоногоор бодсон. Д.Ц нь 2016 онд 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдэн авч, сар бүр 750,000 төгрөг төлж байсан. Нийт 7 удаа 5,000,000 төгрөгийн хүү төлсөн. 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг зээлдэн авахдаа зээлийн хүүг 2 удаа төлсөн. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг зээлсэн боловч зээл болон өмнөх зээлийн хүүг төлдөггүй. Улмаар 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нотариатаар төлбөр барагдуулах гэрээг батлуулсан. Өнөөдрийн байдлаар 47,000,000 төгрөгийн алданги 22,419,000 төгрөг болж, өмнөх 47,000,000 төгрөгийн хүү 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр тооцоход 62,847,100 төгрөг болно. Т.Бт 50,000,000 төгрөг шилжүүлсэн боловч үндсэн зээл, хүүг төлөөгүй. Мөнгө зээлэхдээ бэлнээр болон дансаар шилжүүлдэг байсан. Хариуцагч нараас нийт 186,266,122 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: 97,000,000 төгрөгийг зөвшөөрч байна. Харин алданги 22,419,000 төгрөг, зээлийн хүү 62,847,122 төгрөгийг зөвшөөрөхгүй. Хуульд зааснаар хүү, алданги авахад заавал бичгээр гэрээ байгуулсан тохиолдолд шаардах эрх үүснэ. Нэхэмжлэгч өөрийнхөө тооцоогоор хүү тооцож байна. Төлбөр барагдуулах гэрээнд зөвхөн алданги тооцно гэж заасан болохоос хүү тооцно гэж заагаагүй. Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс авсан мөнгөө баталгаажуулж гэрээ хийсэн ба 47,000,000 төгрөгөөс үндсэн мөнгийг хасаад 2,000,000 төгрөгт төлбөр барагдуулах гэрээ байгуулж, алданги тооцож болох байсан. Гэтэл учир нь олдох байх гэж бодсоны үндсэн дээр уг гэрээг байгуулсан гэжээ.  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цгээс 97,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Б болон 89,266,122 төгрөгт холбогдох хэгсгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Хгээс 1,320,058 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Цгээс 642,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хариуцагч Д.Цгээс 97,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.1. Д.Ц нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдэн авч, хүүг сар бүрийн 03-ны өдөр төлөхөөр тохиролцож гараар бичиж хэлцэл хийсэн. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулахаас өмнөх хугацаанд олгосон зээлд хүү тооцож авах эрхтэй учраас 62,847,122 төгрөгийн хүүг нэхэмжилсэн. Талуудын хооронд 3 удаа бичгээр үйлдсэн хэлцлийг зээлийн гэрээг бичгээр байгуулсанд тооцож, олгосон зээлийн төлбөрөөс хүү тооцон хариуцагчаас гаргуулах нь хууль нийцнэ. Иймд 62,847,122 төгрөгийн хүүг хариуцагч Д.Цгээс гаргуулах үндэслэлтэй.

4.2. Үндсэн зээлээс 4,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн үндэслэлгүй. ... Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзсэн нь үндэслэлгүй.

4.3. ... Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ нь талууд харилцан тохиролцож хүсэл зорилгоо илэрхийлж, хүлээн зөвшөөрч хийсэн гэрээ бөгөөд нотариатаар баталгаажуулсан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ мөн. Уг гэрээнд 0,1 хувиар алданги тооцно гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсэн 477 хоногийн алданги 22,419,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах эрх зүйн бүрэн үндэслэлтэй.

4.4. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт нь утга найруулгын хувьд алдаатай, ойлгомжгүй бичигдсэн байгааг засварлах шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.Б болон 89,266,122 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж олгомжгүй тусгасан байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэхь заалтыг нэхэмжлэгчийн нэхмжпэлийн шаардлагын бүхэлд хангаж хариуцагч нараас 186,266,122 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу 67,170,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.1. Хариуцагч нар нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй. Хариуцагчийн зээлэнд төлсөн 29,830,000 төгрөгийг хүүд тооцож үлдсэн бусад зээлээс хасах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй. Д.Ц, Ө.Б нар зээлийн эргэн төлөлтөд 29,830,000 төгрөг буцааж төлсөн болох нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогддог. Иймд шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтын 97,000,000 төгрөгөөс хариуцагчид зээлээс буцаан төлсөн 29,830,000 төгрөгийг хасч тооцож, 67,170,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... 29,000,000 төгрөг нь зээлсэн үнийн дүнгийн хүү бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцсон. Д.Цгээс нийт 33 удаагийн үйлдлээр Ц.Х-ийн дансанд 23,500,000 төгрөг шилжиж орсон. Хэрэгт 12 хуудас хаан банкны дансны хуулга хавсаргаж өгсөн. Иймд Ц.Х хүүнд 23,500,000 төгрөг авсан гэх нь хэрэгт авагдсан. Уг 2020 оны төлбөр барагдуулах гэрээ хүртэлх 62,847,122 төгрөгийн хүү бодогдсон. 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хүү бодоогүй. Уг хүү нь 3,4 удаагийн бичгээр үйлдсэн гэрээний дагуу бодогдсон. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нотариатаар батлуулсан гэрээний алданги гэж тусдаа яригдаж байгаа. Иймд Д.Цгээс орж ирсэн мөнгө нь зээлсэн мөнгөний хүү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар бичгээр гэрээ байгуулсан тохиолдолд алданги тооцох ёстой. Яагаад алдангийн хэмжээ өссөн гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Анх 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж байсан боловч зээлийн гэрээг байгуулахдаа хугацаа тогтоогоогүй. Уг мөнгийг хамтран өсгөх зорилготой байсан. Иймд хариуцлага хүлээхээс өөр аргагүйд хүрсэн. Анхан шатны шүүх төлсөн мөнгийг дурьдаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ц.Х-ийн  зээл 97,000,000 төгрөг, зээлийн хүү 62,874,100 төгрөг, алданги 22,419,000 төгрөг, нийт 186,266,122 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Ц, Ө.Б нар 97,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Ц.Х, хариуцагч Д.Цд дансаар болон бэлнээр 2016-2019 онуудад  нийт 51,000,000 төгрөг, хариуцагч Т.Бт 50,000,000 төгрөг тус тус зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан талуудын дансны хуулга, гараар бичсэн тодорхойлолт, төлбөр барагдуулах гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.  /хх5-10/

Нэхэмжлэгч нь зээлийн тооцооллын талаар “2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 7,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй, 2016 оны 11 дүгээр сарын 04 ний өдөр 8,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй, 2017 оны 05 дугаар 26-ны өдөр 20,000,000 төгрөг 4 хувийн хүүтэй, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг 4 хувийн хүүтэй, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг 4 хувийн хүүтэй, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр  4,000,000 зээлдүүлсэн, хариуцагчаас өгсөн төлбөрийг хүүнд суутгаж авсан, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 4,000,000 төгрөгөөс бусад зээлийн өрийг нэгтгэн нийт 47,000,000 төгрөгийг 2020.12.01-ний дотор үл маргах журмаар хэсэгчлэн төлж барагдуулах, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар хоног тутамд алданги тооцох” тухай төлбөр барагдуулах гэрээ  байгуулсан” гэж тайлбарласан. 

4. Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тооцож үзэхэд,

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Хэргийн 7-8 дугаар тал дахь 15,000,000 төгрөг, 40,000,000 төгрөгийн хариуцагчийн гарын үсэг зурсан баримтад гэрээний зүйлийг эргэн төлөх хугацаа тодорхой бус байх тул зээлийн хүү тооцогдохгүй. Харин 7,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 12 сарын хугацаатай сар тутамд 4 хувийн хүүтэй зээлдэн авсан байх тул энэ гэрээний дагуу хүүд 3,360,000 төгрөг /7,000,000*4%=280,000 төгрөг, 280,000*12 сар/ төлөхөөр байна.  

Иймд нэхэмжлэгчийн “2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулахаас өмнөх хугацаанд олгосон бүх зээлд хүү тооцогдоно” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

 5. Талууд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар хоног тутамд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус нийцсэн байна. /хх10/

Хариуцагчийн төлбөр шилжүүлсэн Хаан банкны ........ тоот дансны хуулгыг шүүж үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 25,300,000 төгрөг төлсөн байна. Үүнээс илүү төлөлт хийсэн болохоо хариуцагч баримтаар нотлоогүй. /хх54-79/

Хариуцагчийн төлбөл зохих дүн 47,000,000 төгрөгөөс өмнө төлөгдсөн 25,300,000 төгрөгийг хасахад 21,700,000 төгрөгийн төлбөрийн үүрэгтэй байна. Үүнээс алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу тооцоход 10,850,000 төгрөг /21,700,000*50%/ болно.

Нэхэмжлэгч нь Т.Бт 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нийт 50,000,000 төгрөг хүүгүй зээлдүүлсэн байх боловч зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Ц хүлээн авсан болохоо зөвшөөрсөн, анхан шатны шүүх хариуцагч Т.Бийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно. 

Дээрхийг нэгтэн дүгнэвэл, хариуцагч Д.Цгээс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний хүү 3,360,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 32,550,000 төгрөг /зээл 21,700,000 төгрөг, алданги 10,850,000 төгрөг/, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг, нийт 89,910,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/01238 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 97,000,000 ...” гэснийг “... 89,910,000 ...” гэж, “... 89,266,122 ...” гэснийг “... 96,356,122 ...” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 642,950 ...” гэснийг “...607,500 ... ” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ц.Хгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 604,281 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

                                              А.МӨНХЗУЛ