Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2016/0743/з |
Дугаар | 221/МА2017/0120 |
Огноо | 2017-02-08 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2017/0120
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Бадамжаргал, гуравдагч этгээд Ж.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Баярсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1006 дугаар шийдвэртэй, Д.*******, Ю.*******э нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд болон хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1006 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.*******э, Д.******* нарын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн Ж.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Ю.*******ийн нэр дээр газар эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Ж.******* давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1006 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
... Бид 2004 оноос Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутагт бэлхийн 32-1-1б тоотод түр оршин сууж байсан ба энэ хаягт оршин сууж байх цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн газрын албанд газар хүсч ирсэн болно. Газрын албанд хүсэлт гаргах бүрт одоогоор газар олгох боломжгүй байна. амьдран суух зориулалтаар олгох газар дууссан, дахин төлөвлөлт хийсний дараа олгоно гэх мэт шалтгаан хэлсээр газар авч чадалгүй удсан юм. Ю.*******э, Д.******* нарын биднээс булаах гэж маргаан үүсгээд буй газрыг 2011 оны хавар анх Сүхбаатар дүүргийн газрын албанаас зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосон. Одоо санахад газар олголтыг Сүхбаатар дүүргийн газрын албаны ажилтан Төрхүү гэдэг залуу хүмүүстэй очиж хэмжин зааж өгч байсан санагдаж байна. Тэр үед нь амьдран суух зориулалтаар газрыг хувьчилан авч болох уу, бид хашаа байшин барьж амьдрах гэсэн юм гэж асуухад одоогоор амьдран суух зориулалтаар олгох газар манай дүүрэгт байхгүй, та нар зуслангийн газраа хуулийн дагуу газрын төлбөр, хураамжаа төлөөд зориулалтын дагуу хуваарилсан газраа сунгаж нэмэхгүй эзэмшиж байвал дахин төлөвлөлтөөр зуслангийн газрыг амьдран суух зориулалттай болгон хувьчилах магдлалтай гэсний дагуу бид өнөөг хүртэл төлбөрөө төлж зуслангийн зориулалтаар ашиглаж ирсэн болно.
Газар олголт хийгдэх үед ганцхан надад онцолж газар олгоогүй бөгөөд миний газрын хажуу болон хойд талд уулаад өгсүүлээд олон хүнд газар олголт хийж байсныг би санаж байна. Иргэн ******* миний нэр дээр болон миний гэр бүл нөхрийн нэр дээр өнөөдрийг хүртэл энэ газар булаах гэсэн хүмүүсийн хэлээд байгаа шиг эзэмшил, өмчлөлийн газар байхгүй бөгөөд анх удаагаа энэ маргаан үүсгээд буй газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа болно.
... Бид тухайн үед ажиллаж байсан СБД-ийн Засаг дарга, газрын албаныханыг танихгүй бөгөөд хүний эзэмшил газрыг булааж авах, ямар нэгэн хууль бус үйлдэл гаргаагүй билээ. Нэхэмжлэгч Ю.*******э, Д.******* нар нь зуслангийн зориулалтгай газрыг амьдран суух зориулалттай болгон “Цээнэ 3-85” гэсэн хаягийг хаанаас яаж хэнтэй хувилдаж авсан нь сонирхолтой байна. Бидэнд 2011 оны 09-р сарын 16-ны 316 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ Сүхбаатар дүүргийн 20-р хороо “Зуслан, Бэлх” гэсэн хаягтай гэрчилгээ олгосон. Бид зориулалтыг өөрчлөн амьдран суух зориулалтай болгон хувьчилж авсан үедээ л хашааны дугаар өгөх юм байх гэж бодон гэрээний дагуу газрын төлбөрөө төлж ирсэн болно.
... Анхан шатны шүүх Монгол Улсын төрийн өмч болсон газрыг өмчлөгч нь хуулиар эзэмшүүлдэг нарийн харилцааны мөн чанарыг ойлгохгүй /газар эзэмших хүсэлт гаргадаг, архивт хадгалах зэрэг/ өргөдөл гаргасан гэсэн баримт нотолгоогүй хүний хий хоосон үгээр төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн журам, Иргэдээс төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах журмыг зохицуулсан тухай хууль тогтоомжийг бүхэлд нь үл ойшоож байгааг зөвтгөх боломжгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Маргаан бүхий газрыг Ж. ******* нь 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох материалыг бүрдүүлэн өгснийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2011 оны 316 дугаар захирамжаар эзэмшүүлсэн.
Нэхэмжлэгч Ю.*******э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2006 оноос хойш Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд хандан газар эзэмшихийг хүссэн өргөдлийг тухай бүр гаргаж байсан боловч бидний хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулсаар энэ тухайгаа амаар хэлж байсан” гэж дурдсанаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших талаар хүсэлтээ холбогдох байгууллага, албан тушаалтанд албан ёсоор хандаж байгаагүй нь нотлогдож байна. Мөн дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1235 дугаар албан бичигт “Тус албаны архивт иргэн Ю.*******э, Н.******* нарын нэр дээр 2006, 2009 онуудад газар эзэмших тухай өргөдөл, хүсэлт бүртгэгдээгүй байгаа болно.” гэж хариу албан бичгээр нэхэмжлэгч нар нь огт хандаж байгаагүй талаар анхан шатны шүүхэд тайлбарыг гаргаж байсныг шүүх үнэлсэнгүй.
Учир нь нэхэмжлэгч нар 2006 оноос хойш тус газарт байсан гэх бөгөөд эзэмших, ашиглах хүсэлтийг амаар гаргаж байсан талаар удаа дараа буюу шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд хүртэл мэдүүлснийг шүүх газар эзэмших эрх үүссэн, амьдарч байсан гэдгийг хэрхэн нотолсон нь ойлгомжгүй байна. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг “...нэхэмжлэгч Ю.*******э, Д.******* нарын газар эзэмших бичгээр гаргасан хүсэлт бүртгэгдээгүй болох нь Сүхбаатар дүүргийн 2006-2010 онд хүлээж авсан өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгээр тогтоогдож байх хэдий ч”-т гэж дурьдсанаас үзвэл шүүх тухайн нэхэмжлэгч нарын 2006-2011 оны хооронд амьдарч байсан эсэх, дүүргийн Өмч, газрын харилцааны албанд тухайн газрыг эзэмших, ашиглах талаар өргөдөл гаргаж байсан эсэхийг тодруулах, нотлохгүйгээр нэхэмжлэлийг ханган, иргэн Ж.*******гийн газар эзэмших эрхэд халдсан үйлдэл нь харин Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад заасан тэгш, шударга байх зарчмыг шүүх зөрчсөн.
Мөн тус шүүхийн шийдвэрээр Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсгийг баримталсан нь ойлгомжгүй, шийдвэр нь үндэслэл бүхий байж чадаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн үйл баримттай холбоотой нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ю.*******э, Д.******* нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Ж.*******д газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 316 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, иргэн Ю.*******ийн нэр дээр газар эзэмших эрх олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, “... 2006 оноос хойш Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандан газар эзэмшихийг хүссэн өргөдлийг тухай бүр гаргаж байсан боловч ... бидний хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулсаар ... Ж.******* гэх хүнд Засаг даргын 2011 оны 316 дугаар захирамжаар олгосон байна ...” гэж маргажээ.
Анхан шатны шүүх гуравдагч этгээдэд газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй, мөн нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн газар эзэмших хүсэлттэй холбоотой баримтуудыг дутуу бүрдүүлсэн, гэрчүүдийн мэдүүлгээр хүсэлт гаргаж байсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй байхад маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмшигч иргэний эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 316 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Бэлхэд, зуслангийн зориулалтаар Ж.*******д 698 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, захирамжид өргөдлийн дугаар “4411” гэсэн байх бөгөөд уг дугаарт гуравдагч этгээдийн хүсэлтийг бүртгэсэн бүртгэл хяналтын карт нь газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдаагүй тул газрын албанд зохих ёсоор хүсэлтээ хэзээ гаргаж байсныг тогтоох боломжгүй байна.
Мөн шүүх Сүхбаатар дүүргийн Газрын албаны архивт хийсэн үзлэгээр 2006-2009 оны ирсэн баримт бичгийн бүртгэлийг шалгасан ч тус бүртгэлүүдээр маргаан бүхий 2011 оны Засаг даргын захирамж гарахаас өмнө тухайн газарт нэхэмжлэгч нар, гуравдагч этгээдийн хэн аль нь эхэлж хүсэлт гаргаж байсан нь тогтоогдоогүй байх тул 2011 оны Засаг даргын захирамж гарах хүртэлх хугацааны буюу 2010, 2011 оны ирсэн баримт бичгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийж тодруулах шаардлагатай.
Хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2/1751 дүгээр албан бичгээр ирүүлсэн газрын кадастрын мэдээллийн сангийн 2011, 2014, 2015 оны сансрын зургуудаас үзэхэд маргаан бүхий газарт нэхэмжлэгч нарын гэр байрлаж байх бөгөөд мөн нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт 2006 оноос хойш амьдарсан гэж тайлбарлан, нэхэмжлэлдээ “... Хөрш айлууд манайхыг энд анх нүүж ирсэн гэдгийг маш сайн гэрчилж чадна.” гэсэн байх тул энэ талаар тодруулах нь зүйтэй.
Түүнчлэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2/1492 дугаар албан бичигт “... нэгж талбарын 18647324886095 дугаар бүхий газар нь Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2009 оны 1-р сарын архивт 18647324886095 дугаартай, 698.27 м.кв талбайтайгаар анх бүртгэгдсэн бөгөөд 2009 оны 10-р сарын архивт ОА64031305 регистрийн дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн байна ...” гэжээ.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 13.1-д “Энэ журмын 2.1-д заагдсан үйл ажиллагаа хийгдэж холбогдох шийдвэр гарсан тохиолдолд Газрын кадастрын мэдээллийн сан /цаашид “ГКМС” гэх/-ийн график болон хүснэгтэн мэдээлэлд өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ.” гэж зааснаар газар эзэмших эрх олгох шийдвэр гарсны дараа газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгож газрын кадастрын мэдээллийн санд мэдээллийг оруулах зохицуулалттай байхад 2009 онд буюу маргаан бүхий акт гарахаас өмнө ямар учраас ОА64031305 регистрийн дугаартай иргэн буюу гуравдагч этгээд Ж.*******гийн нэр дээр тухайн газар бүртгэгдсэн эсэхийг тодруулж, тухайн үед гуравдагч этгээд газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу гаргаж байсан эсэх, ямар шийдвэрийн дагуу уг мэдээллийг оруулсан эсэх зэргийг тогтоох нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч нарын “Ю.*******ийн нэр дээр газар эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйтэй холбогдож гараагүй тул нэхэмжлэлийн тусдаа шаардлага гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн атлаа тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаар нэхэмжлэгчээс тодруулж шийдвэрлэх шаардлагатай.
Дээрх нөхцөл байдлуудаас анхан шатны шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь тухайн газарт анх хүсэлт гаргаж байсан, тухайн хүсэлтүүдэд эрх бүхий этгээд хариу өгч байсан эсэх, маргаан бүхий газрыг хэн нь амьдарч ашиглаж байсан талаарх баримтыг бүрэн цуглуулж, маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим болон хуулийн бусад заалтуудад нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ