Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 482

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Д.У нарыг оролцуулан хийж, Д.У-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0601 дүгээр магадлалтай захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 01 дүгээр Багийн Засаг дарга томилуулах тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0601 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэт нэг талыг барьсан тул дараах гомдлыг гаргаж байна.

  1. Анхан шатны шүүхээс дүгнэлтийг ойлгомжгүй бөгөөд тооллогын комиссын тооцооны алдаанаас болж хууль зөрчсөн гэж үзэж, шийдвэрийн үндэслэх хэсэгтээ заасан тухайд:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргыг томилуулах тогтоол нь тухайн хурлын тооллогын комиссын тогтоолыг үндэслэн гарсан байдаг бөгөөд уг тооллогын комисс нь санал хураалтын дараа саналын хуудсыг 4-5 удаа дахин тоолсон гэж мэдүүлсэн байдаг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн ...Шүүхийн үзлэгээр Улаантолгой багийн Засаг даргыг сонгох хуралдааны санал хураалттай холбоотой бичиг баримтад хийсэн үзлэгээр Т.Л-д өгсөн хүчинтэй саналын хуудас 203, Д.У-т өгсөн хүчинтэй саналын хуудас 201 байсан ба Д.У-ийн хүчинтэй 202 саналын хуудас дотор Т.Л-гийн нэрийн ард тэмдэглэгээ хийсэн 1 саналын хуудас шүүхийн үзлэгийн явцад гарч ирсэн болно. Хэргийн оролцогчид шүүхээс хийсэн тооллогын дүнтэй маргахгүй гэж байх боловч нэхэмжлэгчийн зүгээс санал хураалтын дүнд Т.Л 203, Д.У 202, хүчингүй 6, нийт 411 саналын хуудас гарсан. Энэ дүн саналын хуудсыг гараар 4-5 удаа тоолж гарсан дүн. Хариуцагч тал лацтай саналын хайрцгийн ёроолыг задалж саналын хуудсан дээр тавьсан ногоон лацыг хөндөж санал хураалтын дүнд засвар оруулсан гэж маргаж байгаа ба санал хураалтын дүнг лацдаж хүлээлгэж өгсөнтэй холбоотой зурган баримт ирүүлснийг дурдах нь зүйтэй байна... гэж нотлох баримтад үндэслээгүй, зохих шатны цагдаагийн болон бусад байгууллагаар саналын хайрцгийг онгойлгосон талаар шийдвэр гараагүй байхад саналын хайрцгийн ёроолыг задалж, лацыг хөндөж, санал хураалтын дүнд засвар оруулсан мэтээр хийсвэр дүгнэлт өгсөн.

Учир нь, Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын санал хураалтын тооллогын комисст 2 намын 2 төлөөлөл, хуучин иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, санал хураалтын дүнг 4-5 удаа тоолсон гэж Д.У-ийн нэр дэвшүүлсэн Монгол Ардын намаас томилогдсон тооллогын комиссын гишүүн н.Баянзул мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, сонгууль дууссан дараа саналын хайрцагт хийхээс өмнө тооллогын комиссын гишүүд 100 хувийн санал нэгтэй 441 хүний саналын хуудас байна. Т.Л 203, Д.У 202 гэж зарласан байх бөгөөд шүүхийн үзлэг хийхэд мөн л энэ тоо гарч ирсэн ба Т.Л-гийн 1 саналын хуудас Д.У-ийн саналын хуудсанд тоологдсон байсан. Ийм байхад сонгуулийн дараа саналын хайрцгийн ёроолыг задалж, дүнд засвар оруулсан гэх үйлдлийг тогтоогоогүй байж хийсвэр дүгнэлт хийсэн байна.

Мөн уг өгүүлбэрийн дараа ... үүнээс үзэхэд Т.Л-г олон санал авсан гэж Улаантолгой багийн Засаг даргаар томилуулах санал уламжилсан тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн “Багийн Засаг даргад томилуулах тухай” 01 дүгээр тогтоол нь тооцооллын хувьд алдаатай тооллогын комиссын тогтоолыг үндэслэсэн гэж үзэхээр байна гэж нэхэмжлэлийн шаардлагад огт дурдагдаагүй буюу тооллогын комиссын тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх шууд үнэлэлт, дүгнэлт өгсөнд гомдолтой байна. Тухайн хурлын тооллогын комиссын тогтоолыг хууль бус гэж тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад тооцооллын хувьд алдаатай тооллогын комиссын тогтоол гэж байгаа нь ойлгомжгүй юм. Хамгийн гол нь яг ямар тооцооллын алдаа гаргасан тогтоол гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна.

  1. Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хуралд өөр баг, сумын иргэд оролцсон тухайд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч Д.У нь маргаж байгаа өөр баг, сумын иргэд болох Их-Уул сумын иргэн /Тосонцэнгэл сумын Улаан толгой багт 9 жил амьдарч байгаа, Их-Уулаас нүүхгүй байгаа шалтгаанаа тэнд өвөлжөөтэй учраас гэж тайлбарладаг/ н.Жаргалсайхан, түүний эхнэр, Оргих багийн иргэн нэхэмжлэгч Д.У-ийн нөхрийн төрсөн дүү н.Бямбажав, түүний эхнэр, мөн Оргих багийн иргэн н.Дашдолгор нарыг Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож байхыг харж байсан гэдгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч байсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн нөхрийн төрсөн дүү, түүний эхнэр буюу өөр багийн иргэдийг багийн хуралд оролцуулж ялалт байгуулах, ялагдсан тохиолдолд шүүхэд гомдол гаргах гэсэн явуургүй бодолтой байсан байна. Хэрэв нэхэмжлэгч Д.У нь өөрөө санал хураалтын дүнд ялсан бол мөн адил хүчингүй болох хуралдаан гэж үзэхээр байна. Мэдээж өөрийнх нь нөхрийн төрсөн дүү, түүний эхнэр хоёр хэзээ ч эгчийнхээ эсрэг өгөхгүй. Тэр тусмаа өөр багаас оролцож байгаа үед. Нэхэмжлэгч Д.У нь тухайн санал хураалтад өөрийнхөө төлөө саналаа өгүүлэхээр багийн хуралд оруулсан, мөн өөр баг, сумын иргэд оролцож байгааг тухайн хуралд харсаар, мэдсээр  байж тухайн үед гомдол гаргаагүй, энэ талаар маргаагүй байж санал хураалтын үр дүнд ялагдахаараа өөр багийн иргэд оролцсон тул хүчингүй болгож өгнө үү гэдэг шаардлага гаргасан нь шударга ёсонд үл нийцнэ.

Нэхэмжлэгч нь хурлын үед ирц бүртгэлд болон тооллогын комиссын тогтоолд гомдол гаргаагүй байхад 2 шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүхээс хариуцагч байгууллагыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлыг татсан болов зөвхөн түүний даргыг хариуцагчаар татаж байгаа нь хамтын удирдлагаар шийдвэр гаргадаг байгууллагыг бүрэн төлөөлөх эрхгүй этгээдийг татсан гэж үзэж байна.

Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, тус багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн байх ба нэхэмжлэгч Д.У, гуравдагч этгээд Т.Л нар багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдөж, Т.Л 203 санал буюу 50.13 хувь, Д.У 202 санал буюу 49.87 хувийн санал авснаар Т.Л-г олонхийн санал авсан гэж үзэн түүнийг багийн Засаг даргаар томилуулах тухай иргэдийн Нийтийн Хурлын 01 дүгээр тогтоолыг гаргасан байна.

Нэхэмжлэгчээс дээрх, иргэдийн Нийтийн Хурлын 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...нэрсийн жагсаалтад бичигдсэн иргэдийн тоо, хайрцагнаас гарсан саналын тоо зөрүүтэй, тус хуралдаанд өөр багийн иргэд оролцож санал өгсөн зэргээс миний сонгогдох эрх зөрчигдсөн” гэж маргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д багийн иргэдийн нийтийн Хурлын хуралдаанд зөвхөн тухайн багийн сонгуулийн насны иргэн  оролцохоор,  багийн  20-30  өрх  тутмаас  тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд уг хурал хүчинтэйд тооцогдохоор хуульчилсан байна.   

Хэрэгт авагдсан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд тус Улаантолгой багийн Засаг даргыг сонгох хуралдаанд тухайн багийн иргэдээс гадна өөр багийн иргэд тухайлбал, Их-Уул сумын Хуягт багт бүртгэлтэй  Ш.Жаргалсайхан, Ш.Ганчимэг, Оргих багт бүртгэлтэй н.Бямбажав, н.Дашдолгор нар оролцож, санал өгсөн нь тогтоогджээ.  

Өөрөөр хэлбэл, тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтад өөр багийн 4 иргэн оролцож санал өгсөн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн төдийгүй 4 иргэний өгсөн санал нь нэр дэвшигчдэд өгсөн саналын зөрүү /1 саналын зөрүү/-нээс их байгаа нь санал хураалтын дүнд нөлөөлсөн байна. Иймд, маргаан бүхий захиргааны акт нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.

Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА/2017/0601 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                      ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА