Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2020/0028/З |
Дугаар | 123/ШШ2022/0019 |
Огноо | 2022-06-21 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 123/ШШ2022/0019
2022 06 21 123/ШШ2022/0019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Т.Г,
Хариуцагч: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Ц.Цд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Т.Гийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Ц.Цд холбогдох “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Ц.Цгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0001941 тоот Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Итгэл, хариуцагч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, гэрч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т.Г миний бие Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Ц.Цгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0001941 тоот "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудасыг дараах үндэслэлээр үл зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийтгэлийн хуудаст "Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р багийн Харганы ам гэх газарт зохих зөвшөөрөлгүй мод үржүүлгийн газар ажилуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болно.
1. Энэхүү шийтгэлийн хуудаст дурьдсан газар нь Ломбын Оын эзэмшилд байдаг бөгөөд Т.Г миний хувьд тухайн газрыг эзэмшдэггүй байхад тухайн газрын эзэмшигч бус этгээдэд мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.1-ийн 10-д зааснаар торгуулийн шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.
2. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч торгууль оногуулахдаа уг газрыг хэн ашигласан, тухайн мод тарьсан, гэх газар хэний эзэмшлийн газар, мөн мод тарихад хаанаас ямар зөвшөөрөл авах шаардлагатай, мөн мод тарьсан газрыг тухайн этгээд газрыг ашигласан гэж үзэх үндэслэл болох эсэх зэрэг нөхцөл байдлыг тодорхойлолгүй шууд шийтгэлийн хуудас бичиж торгож байгаа нь үндэслэлгүй байгаа юм. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан заалт нь "эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан" гэх заалт бөгөөд энэхүү газар нь Ломбын Оын эзэмшилд байдаг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байх бөгөөд тухайн газрыг мод үржүүлгийн зориулалтаар ашиглаагүй харин ойр орчимд мод тарьсан болно. Уг мод тарьсан газрыг сайн ажиглавал үер усны зам буюу уулын жалга хэсэг юм. Мод тарихад ямар нэгэн байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд хууль бус үйлдэл биш юм. Мөн мод тарьсан газрыг тухайн газрыг мод үржүүлгийн зорилгоор ашигласан гэж үзэж торгууль оногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Улсын байцаагч чухам ямар үндэслэлээр мод үржүүлгийн газар гэж дүгнэж ийнхүү торгууль оногдуулсан нь тодорхойгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Итгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Гийн газар нь зуслангийн зориулалттай тусдаа газар. Үүн дээр Улсын бүртгэл эсвэл газрын мэдээллийн сангаас лавлагаа гарч ирэх байх. Агаараас авсан зурагт зүүн хойно харагдаж байгаа нь Т.Гийн өвөлжөөний газар. 1, 2, 3, 4 дугаартай газар нь 2015 онд Л.О гэж хүний нэр дээр шилжээд гэрчилгээ нь гарсан. Бүртгэлийн санд харагдаж байгаа эсэх нь бүртгэлийн байгууллагын ажил байгаа байх. 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж амжаагүй. Тэгээд өмнөхөөрөө харагдаад байгаа байх. Хариуцагч тал тайлбартаа өөрсдөө бий болгосон нуур, цөөрөм, ойн байгууламжийг давуу эрхээр олгох боломжтой гэдгийг зөвлөсөөр ирсэн гэж байна. “Харганы ам” гэх газар Улсын байцаагч нэг удаа очсон. Очихдоо 500 000 төгрөгөөр торгосон. Төрөөс мод тарихыг бодлогын хүрээнд дэмжиж байгаа. Ямар ч тайлбар, зөвлөмж, зөвлөгөө өгч байгаагүй. Гэрчилгээгүй газар биш гэрчилгээтэй газар. Илүү хашсан гээд хариуцагчийн хэлээд байгаа нь 4 айлын газар орчихоод тэгэж харагдаж байгаа. Т.Гийн газар гээд нэг газар гарч ирчихээд байдаг. Ахин хэмжээд үзэхээр нөгөө 4 айлын газрын нийлбэр гарч ирээд байгаа. Зурагт шараар татсан хэсэг нь мод тарьсан налуу газар нь илүүдэл гээд зураасаар гарсан байсан. Тэр хэсэгт мод тарьсан нь үнэн. Тэр модыг бид аваад явахгүй тэндээ үлдэнэ. Цаашдаа мод тарих хүсэлтэй хүмүүсийг боймлоод байлгүй аль болох зөвлөгөө, зөвлөмж өгөөд газар дээр нь очиж үзээд хашаагаа аваарай танайх илүү хашсан байна гэхэд хүн юм чинь ойлгоно. Шүүхийн шийдвэр яаж гарахыг мэдэхгүй. Газар дээр очиж үзлэг хийж, хэмжит хийсэн хүмүүс нэг нь ч мод тарьж үзээгүй хүмүүс байсан. Мод ургалаа торон хашааг эвхээд авчихна. Түүнээс газраа тэлэх гэсэн зүйл байхгүй. Яагаад тэнд мод тарьсан бэ гэхээр хол газар тарихаар харуул, хамгаалалт байхгүй. Мал сүйтгэхээс хамгаалсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч Ц.Ц шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймаг дахь Цагдаагийн газраас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 43/4-4414 дугаар албан бичгээр харьяаллын дагуу шилжүүлж ирүүлсэн Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р багийн нутаг Харганы ам гэх газар иргэн Толя овогтой Гантөгс /РД:НХ79090219/ нь зохих зөвшөөрөлгүй мод үржүүлгийн газар ажиллуулсан гэх зөрчлийн материалыг 2021 оны 12 дугаар сарын 03-ны едрийн 10 цаг 00 минутад хүлээн авч 2134000881 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгасан.
1. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны едрийн 595 дугаартай захирамжаар Толя овогтой Гантөгс /РД:НХ79090219/-д өвөлжөөний зориулалтаар 700м² газар, Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар Толя овогтой Гантөгс /РД:НХ79090219/, Цэдэвсүрэн овогтой Баярсайхан /РД:НХ78031919/, Оюунчимэг овогтой Амгалан /РД:НX94101619/, Оросоо овогтой Нэргүй /РД:HX78122215/ нарт тус бүр 700м2 газар эзэмшүүлсэн байна.
Хяналт шалгалтын явцад аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэнгээр хяналтын хэмжилт хийлгэхэд нийт 10974м2 газарт хашаа татаж мод үрслүүлэн, контейнер, өвөл зуны байшин, хүлэмж, гэр, граш зэргийг барьж 7474м2 газар илүү ашигласан нь батлагдсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгуй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ дэх заалтыг зөрчиж байна. Иргэн Т.Гийн өгсөн мэдүүлгээр тус газрыг худалдан авсан гэх боловч газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлээгүй байдаг. Үзлэгээр Т.Гийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй торлон хашсан 7474м2 газарт шар хуайс, хуш, нарс, улиас, бургас, мойлны монос Үхрийн нүд, Цэнхэр гацуур, алимны мод, Чацаргана, Гуйлс, Нохойн хошуу, хус, Хайлаас зэрэг модны тарьц суулгац байсан бөгөөд Төв аймаг дахь Цагдаагийн газрын 43/4-4414 дугаар албан бичгээр ирүүлсэн 4212 дугаартай зөрчлийн материалын 19-20 дугаар хуудаст 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн "Гэрчээс мэдүүлэг өгсөн тэмдэглэл"-д Т.Г нь хуш модны үрсэлгээ /5 болон 8-9 настай хушны үрсэлгээ гэх/ худалдан борлуулдаг гэж хэлсэн байдаг. Монгол Улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ.
2. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн байх бөгөөд Т.Г нь эзэмшүүлснээс илүү 7474м2 талбайд мод тарьж, хашаа татсаныг 2021 оны 11 дугээр сарын 06-ны өдрийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр болон 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сахиул гэх /хадам аав/ Ц.Мавидхан, /ээж/ Б.Даваасүрэн нарын тайлбараар нотлогдоно. Иргэн, аж ахуйн нэгжид мод үржүүлгийн зориулалтаар эзэмшүүлэх газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, Газрын тухай хуулийн 33 дугаар зуйлийн 33.1.2 /энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1. 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно/ дахь заалтын дагуу шийдвэрлэнэ. Мөн мод үржүүлгийн газрын үйл ажиллагаа явуулахад ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй байна гэж заасан бөгөөд уг хуулийг хэрэгжүүлээгүй. Иргэн Т.Гийн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ дэх заалтыг зөрчсөн зөрчилд 0001941 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад заасны дагуу 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн шийтгэл оногдуулж, 0001941 дугаартай шийтгэлийн хуудсыг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Т.Г өөрөө гардан авсан. Мод тарьсан гэж торгуулийн шийтгэл оногдуулаагүй бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зуйлийн 27.6 /Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно/ дахь заалтын дагуу тариц суулгац суулгасан, илүү хашсан газрыг хуульд нийцүүлж эзэмших боломжтойг зөвлөж байсан бөгөөд тус шүүхэд хандсан нэхэмжлэлд дурьдагдсан асуудлууд нь үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн бид гэрчилгээтэй газрыг авч хэлэлцэж ярихгүй байгаа. Учир нь 4 иргэн дээр ч байсан 1 ирэн дээр ч байсан тэр хүнд эрх зүйн харилцаа үүсээд тэр хүмүүст газрыг эзэмшүүлсэн. Буруу ойлгож байна. Энэ зөрчлийн хэрэг маань Цагдаагийн байгууллагаас манайх руу шилжиж ирсэн. Нэгэнт хэрэг бүртгэл үүсээд явсан тул би тэнд зөвлөгөө өгөөд хаах ямар ч боломжгүй. Зөрчлийн шинжтэй байна. Шийдвэрлэ гээд прокурорын албан даалгавраар Цагдаагийн байгууллагаас манай дээр албан тоотоор ирүүлсэн. Цагдаангийн байгууллагаас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 43/4-4414 дугаартай албан бичгээр шилжиж ирсэн зөрчлийн материал. Би үүнд шалган шийдэх ажиллагаа явуулаад 4 иргэнд олгосон газраасаа илүү газрыг эзэмшээд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаад, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн байна гэж үзэж 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал тухайн газрыг Л.О гэх хүний нэр дээр байгаа гэж тайлбарлаж байна. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн лавлагаа зэргээс харахад өмнө байсан нэр бүхий 4 иргэний нэр дээр харагдаж байгаа. Гантөгс, Баярсайхан, Амгалан, Нэргүй гэх хүмүүсийн нэр дээр одоог хүртэл байгаа. Нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйлийг ойлгож байна. Үүн дээр Мэргэжлийн хяналтын байгууллагыг харлуулах гэж байгаа юм шиг. Бид бүхэн танай мууг үзээд байгаа асуудал биш. Гомдол, мэдээллээр цагдаад дээр явж байгаад манай байгууллагад шилжиж ирсэн. Та бүхэн тухайн сум орон нутагтайгаа холбоотой ажиллагадаг байсан бол энэ асуудлаа шийлчих ёстой байсан. Бүх зүйл хуулийн дагуу байсан бол илүү эрх чөлөөтэй мод тарих байсан байх. Манайхаас шалгаад асуудалд оруулах гээд байсан зүйл биш. Гомдол, мэдээллээр орж ирж шалгагдсан зүйл байгаа гэжээ.
Гэрч Л.О шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ: Т.Г олон жилийн өмнөөс мод тарьж байгаа. Т.Гийн найзууд мод тарьдаг гэдгийг мэддэг. 2015 юм уу 2017 оноос мод тарьж эхэлсэн. Модоо дэлхийн эко систем, усны хомсдолд орж байна, мод тарихгүй бол болохгүй гэдэг итгэл үнэмшлээр мод тарьдаг. Маш олон мянган мод тарьсан. Тарьсан модоо хүмүүст үнэ төлбөргүй тараадаг. Гэрчилгээ миний нэр дээр байгаа ч би тэр газартаа оршин суудаггүй, газрын үр шимийг ашигладаггүй, энэ газартай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй. Т.Г хөгшин эцэг эхтэйгээ мод тарьж, үрслүүлдэг. Би Т.Гөд тэр газрыг буцаагаад өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Маргаан бүхий 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0001941 тоот "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудасыг иргэн Т.Гөд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгж /таван зуун мянга/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна[1].
Нэхэмжлэгч Т.Г нь маргаан бүхий 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0001941 дугаар шийтгэлийн хуудастай танилцаж гарын үсэг зурсан байх бөгөөд уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 123/ШЗ2022/0048 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШЗ2022/0080 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор буюу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2. Нэхэмжлэгч Т.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Итгэл нь дараах үндэслэлээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Ц.Цгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0001941 тоот "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудасыг хууль бус гэж маргажээ. Үүнд:
2.1. Маргаан бүхий шийтгэлийн хуудаст дурдагдсан газар нь Ломбын Оын эзэмшлийн газар бөгөөд Т.Г миний хувьд тухайн газрыг эзэмшдэггүй байхад тухайн газрын эзэмшигч бус этгээдэд мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан,
2.2. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч торгууль оногуулахдаа уг газрыг хэн ашигласан, тухайн мод тарьсан гэх газар хэний эзэмшлийн газар, мөн мод тарихад хаанаас ямар зөвшөөрөл авах шаардлагатай, мөн мод тарьсан газрыг тухайн этгээд газрыг ашигласан гэж үзэх үндэслэл болох эсэх зэрэг нөхцөл байдлыг тодорхойлолгүй шууд шийтгэлийн хуудас бичиж торгож байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.
3. Хариуцагчаас маргаж буй захиргааны актыг эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн гаргасан, Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж маргасан. Үүнд:
3.1. Хяналт шалгалтын явцад аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэнгээр хяналтын хэмжилт хийлгэхэд нийт 10974м2 газарт хашаа татаж мод үрслүүлэн, контейнер, өвөл зуны байшин, хүлэмж, гэр, граш зэргийг барьж 7474м2 газар илүү ашигласан нь батлагдсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгуй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ дэх заалтыг зөрчсөн,
3.2. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн байх бөгөөд Т.Г нь эзэмшүүлснээс илүү 7474м2 талбайд мод тарьж, хашаа татсан гэж маргаж байна.
Маргаан бүхий шийтгэлийн хуудаст дурдагдсан газар нь Ломбын Оын эзэмшлийн газар бөгөөд Т.Г миний хувьд тухайн газрыг эзэмшдэггүй байхад тухайн газрын эзэмшигч бус этгээдэд мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан гэж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч торгууль оногуулахдаа уг газрыг хэн ашигласан, тухайн мод тарьсан гэх газар хэний эзэмшлийн газар, мөн мод тарихад хаанаас ямар зөвшөөрөл авах шаардлагатай, мөн мод тарьсан газрыг тухайн этгээд газрыг ашигласан гэж үзэх үндэслэл болох эсэх зэрэг нөхцөл байдлыг тодорхойлолгүй шууд шийтгэлийн хуудас бичиж торгож байгаа нь үндэслэлгүй гэж тус тус маргаж байгаа үндэслэлийн тухайд:
Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 07/476 дугаар албан бичигт “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/95 дугаар захирамжаар иргэн Ц.Баярсайхан, О.Нэргүй, Т.Г, О.Амгалан нарын эзэмшиж байсан нийт 0,28 га газруудыг Л.От шилжүүлсэн захирамж гарсан боловч МЛ буюу газрын кадастрын шинэ мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. CCLIS буюу газрын кадастрын хуучин мэдээллийн санд Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Ломбын О /АГ80060344/-ын нэр дээр 18600341783706 нэгж талбарын дугаартай 2801 м2 газар бүртгэлтэй байна[2] гэх хариуг ирүүлсэн байна.
Харин Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 01/226 дугаар албан бичигт “Иргэн Т.Гөд холбогдох материалыг судалж үзэхэд 4116033168 нэгж талбартай О.Амгалан /РД:HX94101619/, 4116033565 нэгж талбайтай Т.Г /РД:HX79090219/, 4116033400 нэгж талбартай Ц.Баярсайхан /РД:НХ78031919/, 4116034007 нэгж талбартай О.Нэргүй /РД:НХ78122215/ нарын нэр дээр сумын Засаг даргын 2012 оны 89 тоот захирамжаар ЛМ-д бүртгэлтэй байна. Үүнтэй холбоотой сумын Засаг даргын 2015 оны А/95 тоот захирамжийг үндэслэн 0.28 га 18600341773692 нэгж талбарын дугаарыг хуучин мэдээллийн санд бүртгэлгүй байна.
Харин 2015 оны А/95 тоот захирамжаар Л.О /РД:АГ80060344/-ын нэр дээр 18600341783706 гэсэн нэгж талбартай бүртгэлтэй байна. Иргэн Л.О нь шинэчилсэн бүртгэлд мэдээллээ оруулаагүй байна.
Дээрх нэр бүхий 4 иргэн нь Л.От эзэмшил газраа 2015 оны А/95 тоот захирамжаар шилжүүлсэн боловч газар дээрээ Т.Г нь үйл ажиллагаа явуулж амьдарч байна”[3] гээд хавсралтаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Ц.Баярсайхан, О.Нэргүй, Т.Г, О.Амгалан нарт газар эзэмшүүлсэн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 89 дүгээр захирамж[4], Ц.Баярсайхан, О.Нэргүй, Т.Г, О.Амгалан нарын нийт 0.28 га газрыг иргэн Л.От 15 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлэх тухай 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/95 дугаар “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” захирамж[5], Төв аймгийн Баянчандмань сумын газрын даамал М.Алтантуяагийн нэхэмжлэгч Т.Гийн хашаалсан нийт 9999.8 м2 талбайг харуулсан агаарын зураглалын хамт ирүүлсэн байна.
Дээрх баримтуудад холбогдуулан үзвэл хэдийгээр Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/95 дугаартай “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Ц.Баярсайхан, О.Нэргүй, Т.Г, О.Амгалан нараас нийт 0.28 га газрыг иргэн Л.От шилжүүлсэн байх боловч нэхэмжлэгч Т.Г нь Л.Оын эзэмшлийн газруудыг оруулаад нийт 9999.8 м2 талбайг хашаалж, Л.Оын эзэмшлийн талбайг хэтрүүлэн буюу талбайн гадна талд мод тарьж, байшин, гэр, хүлэмж барьсан нь Төв аймгийн Баянчандмань сумын газрын даамал М.Алтантуяагийн ирүүлсэн агаарын зураглалаар нотлогдож байна.
Мөн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд байрлах Эрдэнэ 3 дугаар баг, Харганы ам гэх газарт үзлэг хийхэд нийт хашаалсан газрынхаа ертөнцийн зүгээр зүүн хойд хэсэгт мод тарьж, хашааны гол хэсэгт саравч, байшин, гэр, хүлэмж зэрэг барьж мод үрслүүлэх, тариалах үйл ажиллагаа эрхэлж байна[6].
Тодруулбал, нэхэмжлэгч Т.Г нь тухайн газар орчинд нийтэд нь 9999.8м2 газрыг хашаалсан, түүний дотор 3000м2 орчим газар нь Т.Г, Л.О нарын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй байх ба үлдэх 7000м2 орчим газарт ямар нэг зөвшөөрөлгүйгээр иргэн Т.Г нь хүлэмж, байшин, гэр, саравч зэргийг барьж мод тарих үйл ажиллагаа эрхэлж байгаа болох нь тогтоогдсон, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “тус мод тарих үйл ажиллагааг Т.Г голлон эрхэлдэг, тэнд байгаа байшин, хүлэмж, зэрэг нь Т.Гийнх, бид модыг үрслүүлж, тарьж, ургуулдаг” гэсэн тайлбараар тогтоогдож байх тул тус газарт зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, улмаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж, 8.1 дүгээр зүйлд “Газрын тухай хууль зөрчих” гээд 10 дахь хэсэгт “Хуульд заасныг зөрчих”, 10.1, 10.5 дахь заалтад “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан... бол... хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр … торгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Т.Г нь нэхэмжлэлдээ “...мод тариалсан үйлдэл нь иргэн Л.Оын газар дээр хийгдсэн гэж тайлбарласан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг газартаа бус зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэхээр байна.
Иймд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Ц.Цгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0001941 дугаартай дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3., 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 2, 8.1 дүгээр зүйлийн 10.1, 10.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Ц.Цгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0001941 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР