Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 17

 

Эмнэлгийн чанартай албадлагын арга

хэмжээ хэрэглэх тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд  даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,   

                                Улсын яллагч Т.Цэнд-Аюуш

                                Шинжээч эмч Д.Дэжидмаа, Б.Соёлмаа, Б.Энхмандах,

                                Хохирогч М.Отгондаваа,

                                Гэрч Б.Жавхлантөгс, М.Мандахбаяр,

                                  Шүүгдэгчийн өмгөөлөгч  Х.Ундрах-Оргил,

                                Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ц.Уртнасан,

                                Иргэдийн төлөөлөгч Б.Байгал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь заасан гэмт хэргийн холбогдогч Зүмбэ овогт Батсуурийн Баясгаланд Дорноговь аймгийн прокурорын газраас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай тогтоол баталж ирүүлсэн 2017 1000 0042 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Адъяагийн хэлэлцүүлсэнээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч-криминалистикийн шинжээч мэргэжилтэй, Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймаг Сайншанд сум 6 дугаар баг 38 дугаар байрны 20 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Зүмбэ овогт Батсуурийн Баясгалан /ЙЮ89020473/

 

Шүүгдэгч Б.Баясгалан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны  01 дүгээр сарын 31-ний өглөө 08 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн 59 дүгээр байрны 03 тоотод танхайн сэдэлтээр хохирогч О.Дуламрагчаагийн биед олон удаа хутгалан онц харгис хэрцгий аргаар амь насыг нь санаатай хохироосон гэх гэмт хэрэгт холбогдсон ба түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай тогтоолыг прокурор баталж хэргийг шүүхэд хүргүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ц.Уртнасангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаачийн ар гэрт нийт 6600 000 төгрөгийн хохирол барагдуулсан. Би хүүгээ сайн мэднэ. Хүү маань 6 настай байхдаа нүдэндээ юм үзсэн. Дундговь аймагт байх мэргэн, түргэн хүнд үзүүлж засал ном уншуулж гайгүй болсон. 2015 оны хавраас унтаж чадахгүй айж, цочиж сэрнэ.

Зүрх дэлсээд байна гэж дусаалга, эм ууж тайвширдаг байсан. Би хүүгээ эмнэлэгт

 

үзүүлэхгүй Монгол хүн болохоор лам хуврагаар үзүүлж засал хийлгэдаг байсан. Эмнэлэгт үзүүлэлгүй лам хуврагаар явж байсандаа өөрийгөө л буруутгаж байна. Хэрэг болохоос өмнө хотруу зээ охиноо авч явхаар ирэхэд хамт явья, би айгаад байна гэхээр нь миний хүү ажлаа хий гээд үлдээсэн. Надруу хоёроос гурван сарын өмнө залгасан. Хоолойны өнгө нь сонин сонсогдсон учир архи уусан юм биш биз дээ гэсэн чинь ээжээ би зөндөө л юм харж байсан, сая аймаар хэрэгт орлоо гэсэн. Тэгэхээр нь хүүдээ ном их уншуулж рашаан явуулж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч М.Отгондаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцэж байна. Энэ хүн өөрөө шинжээч хүн хаана ямар үйлдэл гаргаж юу хэлэхээ мэдэж байгаа. Гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд гэмт хэргийг урьд нь төлөвлөж хийсэн нь илт байна. Айлаас хутга авч байгаа байдал тэрнийгээ өөртөө хадгалж хоёроос гурван хоног биедээ авч явж байгаа чадамж нь хэн нэгнийг алах гэсэн бодолтой байсан нь илэрхий байна. Хүүг минь яаж алсан нь тодорхой байна харин яах гэж алсан юм бэ гэдэг ганцхан асуулт тавьсан. Шүүгдэгчээс асууя гэхээр эрүүл солиотой нь мэдэгдэхгүй амнаас нь дуу гарахгүй хааяа нэг гунших юм. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын магадлагаагаар жоохон ээрч гацхаас биш идэж уух унтаж хэвтэх нь зүгээр гэсэн байсан. Гэтэл ярих ямар ч нөхдөл байхгүй байна. Миний гомдол хэзээ ч барагдахгүй. Хүүгээ алуулсан хүний гомдол яаж барагдах билээ. Үнэн зөвийг л олох хэрэгтэй байна. Яах гэж миний хүүг харгис хэрцгийгээр алах болов. 3 хүүхэд дотроос онцолдог нь ямар учиртай юм бол. Шүүгдэгч өөрийн ухаангүй байсан бол яах гэж хутгыг нь хаяж байхад тэрнийг олж аваад гарч байгаа юм. Ер нь хийж байгаа үйлдэл болон хэлж байгаа үгнээс нь авч үзэхэд бүх юмыг эрүүл ухаанаар шийдэж байна гэсэн дүгнэлтийг хувиасаа гаргаж байна. Шорон сайхан гэж ярьсан нь ямар учиртай болох, айлд очиж унтчихаад хутгыг нь гэрийн эзэнд мэдэгдэлгүй авч хадгалаад байсан нь ямар зорилготой юм. Хэрэг хийхэд авч чулуудсан хутгыг олж аваад өөрийн гэм буруутайг мэдээд цагдаагийн газар ирж байгаа нь хүртэл бүх юмыг өөрийн ухаанаар шийдсэн гэж үзэж байна. Баясгалан нь ингээд байгаа нь өөрөө энэ мэргэжилээр 4 жил сурсан 7 жил ажилласан учраас яаж байх, ямар байдалтай байхыг өөрөө сайн мэдэж байгаа, намайг бодвол өндөр дээд мэргэжилтэй хүн. Шуудхан хэлэхэд би энэ хүнийг жүжиглэж байна гэж үзэж байна. Нэхэмжлэх зүйлийн хувьд ар гэрийхэн нь 6 600 000 төгрөг өгсөн, одоо 401 160 төгрөг үлдсэн, энийг өгчих байх, үүнд маргаад байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

            Шинжээч эмч Д.Дэжидмаагийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид олон улсын 10 дугаар ангилалаар Цочмог ба түр солиорох эмгэг F23,9 гэдэг оношийг тавьсан. Аймгийн нэгдсэн эмнэлгийн магадлагаатай утгын хувьд адил байна  гэcэн мэдүүлэг,

 

Шинжээч эмч Б.Соёлмаагийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Шүүгдэгчид 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үзлэг шинжилгээ хийж дүгнэлт гаргасан.  Дүгнэлтэд би илтгэгч эмчээр ажилласан. Энэ дүгнэлтийг гурван эмчийн бүрэлдэхүүнтэй гаргадаг. Мөн зөвлөх эмч Лянхуа эмчийн зөвлөмжийн дагуу нийт дөрвөн эмчийн бүрэлдэхүүнтэй энэ шийдвэрийг гаргасан.  Энэ дүгнэлтэд сэтгэцийн онцгой байдал гэж үзсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн хэрэг үйлдсэний дараа хэргийн материал болон гэрч нарын мэдүүлэгт үндэслээд хэргийн материал дээр ажиллах зэргээр тухайн хүний сэтгэцийн байдал ямар байсан гэдгийг тодорхойлж гаргаж ирсэн. Энэ тодорхойлолтоор Баясгалан нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ сэтгэцийн цочмог ба түр солиорох эмгэг өвчтэй байсан байна. Энэ нь сэтгэцийн онцгой байдал гэдэгт хамаарч байгаа. Энэ өвчин нь хэдхэн секунд үргэлжилж болно. Хэдэн цаг ч үргэлжилж болдог. Уг шинжилгээг хийхдээ түүний ойр орчмын хүмүүсийн мэдүүлэг болон гэрчийн мэдүүлэгт үндэслэн гаргасан. Уг дүгнэлтэд  1. Б.Баясгалан нь тухайн гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө стрессийн шалтгаант сэтгэл түгшилт, айдсын эмгэг давамгайлсан сэтгэцийн эмгэгтэй байсан байна. 2.  Б.Баясгалан нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн цочмог ба түр солиорох эмгэг өвчтэй байсан байна. 3. Б.Баясгалан нь одоо стрессийн шалтгаант сэтгэл түгшилт давамгайлсан сэтгэл гутрах, айдсын эмгэгтэй байна. 4. Б.Баясгалан нь стрессийн шалтгаант сэтгэл түгшилт давамгайлсан сэтгэл гутрах, айдсын эмгэгтэй байна. 5. Б.Баясгалан нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадваргүй байна. 6. Б.Баясгалан нь хэрэг хариуцах чадваргүй байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ өвчин нь ямар ч байдлаар үүсч болно. Өөрөөр  хэлбэл дотоод нөхдөл байдал болох аав ээжийн талын аль нэг хүн сэтгэцийн өвчтэй байсан бол удамших байдлаар. Мөн гадаад нөхцөл байдал болох ажлын байрны онцлог, олон хоногийн архидалт, стресс, нойргүй явах зэрэг зүйлээс шалтгаалж болно. Энэ хүний хувьд яг аль талаасаа сэтгэцэд нөлөөлсөн бэ гэдгийг хэлэх боломжгүй гэcэн мэдүүлэг,

 

Шинжээч эмч Б.Энхмандахын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би химийн ахлах шинжээчээр ажилладаг. Шинжээч эмч Э.Ганболдын илгээх бичгийг үндэслэн зааврын дагуу 2017 оны 02 дугаар  03-ны өдрөөс 02 дугаар сарын 07-ны  өдөр уг шинжилгээг хийсэн. 2017 оны 02 дугаар 01-ний өдөр О.Дуламрагчаа 21 нас/ эрэгтэй гэж хаяглан ирүүлсэн 2 ширхэг цус нийт 10 миллитер, ходоодны шингэн 5 миллитер нийт 3 хуруу шилтэй цус ирүүлсэн. Нэг хуруу шилтэй цусыг биологийн лабораторт цусны бүлэг тогтоолгохоор хүргүүлсэн. Шинжилгээнд ирүүлсэн цус ходоодны шингэнд шинжилгээг хийхэд уг цусанд 1,3 промилли, ходоодны шингэнд 1,5 промилли спиртийн агууламж илэрсэн дүгнэлт гарсан. Хохирогч спиртны зүйл хэрэглээд ходоод хоолтой, хоолгүйгээс шалтгаалаад 90 минутаас дээш хугацаанд цусанд шимэгддэг. Цусанд шимэгдээд нэгээс гурван цагийн дотор бүрэн шимэгдэж дууссаны дараа цусанд спиртны хэмжээ хамгийн их очдог. Ходоодны шингэнд 1,5 гэхээр бүрэн цусанд шимэгдэж очоогүй байгаа гэсэн үг. Манайд шинжилгээнд хаяглан ирүүлсэн цусны зургийг авдаг. Манайх итгэмжлэгдсэн лабораторитой. Олон улсын шаардлагад нийцсэн байдлаар шинжилгээ хийдэг. Шинжилгээнд ирүүлсэн цуснаас солигдох болон цуснаас спирт уурших асуудал байхгүй. Тухайн хүний архи задлах хэмжээ эсвэл биеийн жингээс шалтгаална. Гадны цаг уурын нөхцөл байдлаас болж цусанд өөрчлөлт өгөхгүй, ууршилт явагдахгүй. Цус нь шимэгдээд биеийн аль шингэн цусанд спиртны зүйл нь очдог гэcэн мэдүүлэг,

 

            Гэрч Б.Жавхлантөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогч болон Мандахбаяр бид 3 Ажнайгийн караокед орсон. Гэтэл шүүгдэгч цагдаагийн үнэмлэхээ үзүүлээд 1 архи, 2 ширхэг өндөгтөй захиалаад урд талын ширээнд суусан. Бид хэд дуулж байтал босч ирээд  “хамт сууя, яасан сайхан дуулдаг залуучууд вэ” гэхээр нь тэг тэг гэсэн. Баясгалан нэг шил архиа авч ирээд хамт суусан. Хохирогчтой юм яриад байсан. Ямар муухай хардаг хүүхэд вэ, чи зодоон цохион хийдэг үү гэхээр нь би үгүй гэсэн.  Тэндээс гараад баруун захын караокед орсон. Өмнөх караокед уугаагүй байсан 1 шил архинаас нээх их уугаагүй байж байгаад дахин тэндээс гараад Мандахбаярынд очиж тал шил архиа уусан. Архиа дуусгаад дахиж архинд яваад ир гээд надад 20 000 төгрөг өгөөд явах гэтэл хохирогч хамт явъя гээд гарсан. Гараад таксинд суугаад Сидней дэлгүүр орсон. Тэндээс 1 шил архи аваад Мандахбаярынд очиж архиа тавьчихаад найзтайгаа уулзах гээд ар явсан. Ард очиж найзтайгаа уулзчихаад хамт Мандахбаярынд очсон. Очоод удаагүй байтал хохирогч ирсэн. Тэгээд авчирсан архиа ууж дуусгаад манай найз явлаа, намайг таксинд суулгаад өг гэсэн. Хамт гараад явуулчихаад эргээд орж ирсэн. Тэр гурав буйдан дээр хэвтэж байсан. Уул нь шүүгдэгчид газар ор зассан байсан. Гэтэл буйдан дээр унтсан байсан. Өглөө Жавхаа ахаа сэрээрэй гэсэн, харсан чинь хутгалчихсан зогсож байсан. Би хойноос нь татаад та яаж байгаа юм бэ гэсэн чинь шөнөжин бодож, бодож байгаад хийчихлээ. Хурдан цагдаа дуудахгүй бол та хоёрыг бас ална гэсэн. Шүүгдэгчийн хойноос нь шалдан гарсан учраас эргэж орж ирээд хувцасаа өмсөөд дүүдээ “чи эмнэлэг яв, би цагдаа явлаа” гэсэн. Гэрээс гараад гүйх гэтэл гэрийн гадаа такси зогсож байсан. Түүнээс түргэн тусламжийн утсыг авч яваад цаашаа цагдаагийн газар луу очиход өөрөө хүн алчихлаа гээд хэргээ хүлээгээд зогсож байсан гэcэн мэдүүлэг,

 

            Гэрч М.Мандахбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид 3 караокед сууж байсан чинь энэ ах гаднаас орж ирээд 1 шил архи, 2 ширхэг өндөгтөй захиалаад хажуу талын ширээнд суусан. Төд удалгүй та хэд яасан сайхан дуулдаг залуучууд вэ ах нь авгайгаасаа салчихаад явж байна гэсэн. 0,5 граммтай архиа талд нь оруулаад тэндээс гарцгаасан. Намайг цагдаагийн хажуу талын байрны 4 давхрын наад талын гэрэл асаалттай байна уу үзээд ир гээд явуулсан. Би эргэж очиж унтраалттай байна гэж хэлчээд гэртээ харьсан. 1 цаг гаруйн дараа энэ хэд орж ирсэн. Би хоол аягалж өгөхөд энэ ах идээгүй. Авчирсан архи уучаад Б.Жавхлантөгсөд 20 000 төгрөг өгөөд архинд явуулсан. Талийгаач бас хамт явсан. Удалгүй Б.Жавхлантөгс найзтайгаа ирсэн араас нь талийгаач орж ирсэн.  Тэгээд би унтсан. Өглөө 7 өнгөрч байхад хөөе энийгээ аваач ээ гэхээр нь босоод харсан чинь Баясгалан хохирогчийн дээрээс нь хутга бариад гурав дөрвөн удаа дүрсэн. Би хутгатай гараас нь татаад Б.Жавхлантөгсийг дуудаад хойшоогоо болгоод та яаж байгаа юм бэ, яасан муухай хүн бэ гэхэд би шөнөжин бодож байгаад хийчихлээ гэсэн. Тэгэхээр нь би гарч гүйсэн гадаа машинтай хүн байхаар нь та утсаа өгөөч,  цагдаа, эмнэлгийн утасны дугаарыг мэдэх үү гэхэд мэдэхгүй гэсэн. Тэгтэл Баясгалан гарч ирсэн, түүний араас Б.Жавхлантөгс гарч ирсэн. Баясгалан, та хоёр цагдаа, эмнэлэг  дуудахгүй бол та хоёрыг ч бас ална шүү гэсэн. Бид хоёр дээшээ гарч Б.Жавхлантөгс хувцасаа өмссөн. Би эмнэлэг явья та цагдаа яв гэсэн. тэгээд би эмнэлэг рүү гүйж байсан чинь Б.Жавхлантөгс араас такситай би цагдаа дуудчихлаа чи очоод гэрийнхээ хаалгыг нээгээд өгчих гэсэн. Намайг гэрт очиход эмнэлэгийнхэн бараг ирчихсэн байсан. Удалгүй цагдаа нар орж ирсэн гэcэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Баясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... би бараг 7-8 хоног дараалан өдөр өнжихгүй архи уусан. ... гэнэт л миний гарнаас хүн татах шиг болоод “та зүүдлээд байгаа юм уу” гэснээ “хутга барьчихсан байна шүү дээ” гэж байсан. Гэтэл орон дээр нэг залуу сонин байдалтай болчихсон хэвтэж байх шиг байсан. Тэгээд би өөрөө эмнэлэг дуудаарай гээд цагдааруу гүйсэн.Тэгээд би нэг мэдэхэд цагдаагийн газрын үүдэнд ирчихсэн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, хошууч Ганцоожтой таараад “би хүн хутгалчих шиг боллоо” гээд нэг хутга өгч байснаа санаж байна. Тэгээд түүнээс хойш ухаан санаа орон гаран байдалтай байсан юм. ... миний хувьд биедээ хутга авч явж байсан үгүйгээ санахгүй байна. ... Миний хувьд архи дарс уух юм бол ганцаараа унтаж чаддаггүй, юмнаас их айдаг, цочдог болсон байсан. Өвөрхангай аймагт байхаас л ийм болчихсон. ...Ер нь архи уусан ч уугаагүй байсан ч шөнө дандаа хар дарж их зүүдэлдэг байсан. Би ер нь архи уучихаад маргааш нь юу болсноо санадаггүй. ... гэсэн мэдүүлэг / хх-170-175/,

 

           Хохирогч М.Отгондаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн залуу ямар учраас ганцхан миний хүүгийн амь насыг хохироосон гэдгийг гайхаад байна. Миний хувьд маш их гомдолтой байна. ... миний хүүгийн куртик дээр олон тооны зүсэгдсэн зүсэгдэлт байгаа болохоор миний хүүтэй их ноцолдсон зууралдсан болов уу гэж бодож байна. Миний хүүг ямар учраас Баясгалан гэх залуу алах болсон шалтгааныг тогтоож өгнө үү ...” гэсэн мэдүүлэг /хх-29-31/,

 

           Гэрч Б.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...  2017.01.31-ний өдөр 08 цаг болж байх үед босоод нүдээ нээгээд харахад манай дүү Мандахбаяр Баясгалан гээд ахыг хутга барьчихсан байх үед нь хориод харин Дуламрагчаа Баясгалан гээд ахын доороос нь хутгатай гараас нь барьчихсан хориод байж байсан. Тэгээд босч очингуутаа Баясгалан ахын хутгыг нь гараас нь авч салгаж шидээд гадагшаа гаргасан. Би тухайн үед та чинь яаж байгаа юм бэ? гэхэд Баясгалан гээд ах “ би шөнөжин бодож хэвтлээ, наадах чинь үхсэн үү “ гэж асуухаар нь “ наадах чинь үхчихлээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг чи цагдаагаа дуудахгүй бол би одоо ингээд зугтаалаа шүү гээд гүйгээд яваад өгсөн. Би буцаж гэртээ орж хувцасаа өмсчихөөд цагдааруу гүйсэн. Цагдааруу гүйж байхдаа  гар утсаар яриад түргэн дуудаад тэгээд такси бариад цагдаад ирэх үед Баясгалан гээд ах дөнгөж цагдаагийн газар орж ирээд байж байх шиг байсан. Намайг цагдааруу орж ирэхэд “нөгөөх чинь үхсэн үү” гэж асуусан. Би тэгэхээр нь үхсэн байх гэж хэлсэн. Би цагдаагийн газраас цагдаа нартай Мандахбаярын гэрт очих үед түргэн ирчихсэн байсан ..." гэсэн мэдүүлэг / хх-36-41/,

 

           Насанд хүрээгүй гэрч М.Мандахбаярын мөрдөн байцаалтад өгсөн:“... шөнө дунд яг хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна. Баясгалан гэх ах миний хажуу талаар шахаад буйдан дээр зэрэгцээд унтах гээд хэвтэж байсан. Харин Дуламрагчаа болон Жавхлантөгс 2 хаагуур унтсаныг мэдэхгүй. Тэгээд унтаж байхад хөөе энийгээ аваач ээ гээд хүн хашхирах шиг болоод би сэрээд өндийгөөд хартал Баясгалан гэх ах баруун гартаа хутга бариад буйдан дээр толгойгоо баруун тийш харуулаад хэвтэж байсан Дуламрагчаагийн дээрээс 2-3 удаа далайгаад дээрээс хутгаараа дүрэх шиг болсон. Тэр үед Дуламрагчаа хутганаас нь биеэ хамгаалах гээд гараа урдаа бариад сарвалзаж байсан юм. Тэгээд л босч очоод тэр ахын хутга барьж байсан баруун гарнаас нь татаад хойш болгосон ба тэр үед Жавхлантөгс ахыг хөөе сэрээрэй, энэ хүн чинь хүн аллаа шүү дээ гэж  хашхирч дуудсан. Тэгээд бид 2 хамтдаа Баясгалан гээд ахыг хойш нь болгосон. Тэр үед Дуламрагчаа буйдан дээрээс өндийгөөд босоод гэрийн 00-н өрөөний үүдэнд очоод ойчоод өгсөн. Тэр үед би тэр ахаас “та яаж байгаа юм бэ” гэхэд Баясгалан гээд ах “шөнөжингөө бодож байгаад хийчихлээ гэсэн. тэгээд би гараад гүйсэн. ... Тэгтэл нөгөө Баясгалан гээд ах ганцаараа гарч ирээд хурдан цагдаа дууд, дуудахгүй бол та 2-г ч гэсэн ална шүү гэсэн. Тэр үед Жавхлантөгс орцноос гарч ирээд буцаад ороод явсан. Би айгаад гэрлүүгээ орох үед Баясгалан хурдан цагдаа дууд, дуудахгүй бол би зугтаалаа шүү гэж хашхирсан. Бид 2 гэрт ороод хаалгаа дотроос нь түгжсэн ба тэр үед Дуламрагчаа 00-н өрөөний үүдэнд хэвтэж байсан ба юм ярихгүй сонин амьсгалаад байсан. .... манайд ирээд хоол ид гээд хоол өгөхөд идэхгүй гээд идээгүй. Тэгээд сууж байгаад шорон ч гоё шүү гэж байсан. Өөр зүйл хэлээгүй. Бид нар ямар нэгэн хэрэг төвөг, шоронгийн талаар яриагүй.  ...” гэсэн мэдүүлэг / хх-42-47 /,

 

         Гэрч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би Баясгалантай дуудлаганд явж байхад надад Баясгалан “намайг нэг хүн дагаад байна гэж ярьж байсан. Би тухайн үед тоглоом шоглоомоор “юун хүн юм бэ, чи таних юм уу” гэхэд “танихгүй” гэж байсан. Тэгээд би “чамайг дагаад байгааг нь яаж мэдэж байгаа юм бэ” гэхэд “мэдэхгүй, нэг хүн л дагаад байх шиг байгаа юм, нэг л хар юм дагаад байгаа” гэж байсан. Би тухайн үед тоогоогүй, надаар тоглож байна даа гэж бодсон. Тэгээд тэрнээс хойш мөн дуудлаганд явж байхад нөгөө хүн намайг дагаад л байх юм гэж байсан гэсэн мэдүүлэг / хх-51-54 /, 

 

          Гэрч З.Пүрэвжавын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Баясгалан гээд залуу эхнэр, хүүхэд байхгүй. Гэртээ ганцаараа байгаа, гэртээ унтах гэхээр айгаад байна гэхээр нь би зөвшөөрсөн юм. ... гэсэн мэдүүлэг / хх-57-59 /,

 

          Гэрч Б.Ойдовнямын мөрдөн байцаалатнд өгсөн: ... 2016 онд, яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, Баясгалан сэтгэл санаа жаахан тогтворгүй болоод байна. Юмнаас их амархан айдаг болоод байна. Заримдаа шөнө орой хар дарж зүүдлээд байна гэж ярьж байсан. Яг юунаас болоод ингэж ярьж байсныг нь мэдэхгүй байна. Би бодохдоо янз бүрийн дуудлага дээр очоод тэрнээсээ айж барьсан юм болов уу гэж бодсон. Тухайн үед би “бидний ажил янз бүрийн юман дээр байнга очдог, тэр болгоноос айж эмээж цээрлээд байж болохгүй, бидний хийх л ажил” гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг / хх-62-63/,

 

            Гэрч Ц.Уртнасангийн мөрдөн байцаалтанд өгсөн: .... 2013 оны үеэс зүрх өвдлөө гээд байх болсон ба зүрхний эм уух болсон юм. Зарим үед шөнө унтаж байгаад гэнэт босоод суучихсан байдаг ба дотор цухалдаад зүрх өвдөөд байна гээд эм уугаад арай гайгүй боллоо гээд унтдаг байсан юм. Миний хувьд миний хүүгийн ар гэрийн амьдрал тогтворгүй байдлаас болоод л миний хүүгийн зан ааш өөрчлөгдсөн эвдэрч, түргэн зантай, уур уцаартай болж, архи дарс ууснаас ийм зүйл болсон болов уу гэж бодож байна. ... Ер нь сүүлийн үед Баясгалан зүгээр байж байгаад л юунаас юм бүү мэд, айгаад байна гээд л гэнэт тэгдэг байсан. Үүнийг эхнэр нь мэдэж байгаа, сүүлийн нэг жил иймэрхүү юм заримдаа хэлээд байдаг байсан. ... гэсэн мэдүүлэг / хх-64-66/,

 

          Гэрч Б.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Баясгалан ...энэ гэр оронд чинь энд тэндгүй юм дуугараад байх шиг байна, би айгаад байна гэдэг байсан. Энэ нь ер нь Өвөрхангай аймагт байхад л тэгж хэлдэг байсан юм. Өглөө босоод л дандаа хар дарж зүүдэллээ гэдэг байсан ба тухайн үед чиний ажил мэргэжлээс болоод л тэгж байгаа байх гэдэг байсан. Баясгаланг хийж байгаа ажлаасаа айгаад байдаг юм болов уу гэж боддог ... гэсэн мэдүүлэг / хх-67-70/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Талийгаачид цээж зүүн хөндийг 3 дугаар хавирганы мөгөөрсийг гэмтээн нэвтэрэн үнхэлцэг, зүрхний баруун тосгуур нэвт хатгаж зүссэн, баруун уушгийг гэмтээсэн шарх, цээжний баруун хөндийн цус хуралт 1200 мл, баруун уушигны авчилт, эрүүний зүүн булан, цээжний зүүн тал, баруун гуяны шарх, баруун хөх орчмын зулгаралт тогтоогдлоо. Эдгээр шарх нь ир үзүүртэй зүйлийн таван удаагийн хатгах, зүсэх үйлдлээр үүсгэгдэх ба ажлын хэсгийн урт нь 13 см-с багагүй, өргөн нь 2,8 см байж болно. Цээжний зүүн хөндийг нэвтэрч үнхэлцэг, зүрх, баруун уушгийг гэмтээсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад  нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь зүрхийг гэмтээсний улмаас цээжний хөндийд цус алдаж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх өвчин үгүй байна. Цээжний баруун хөндий, үнхэлцэгийн хөндийд цус алдсанаар нас баржээ. Дээрх шархнуудыг өөрөө өөртөө үүсгэх боломж багатай, бэрхшээлтэй байна. Цээж, эрүүний зүүн булангийн шарх нь урдаас нь, баруун гуяны шархыг ардаас нь үүсгэсэн байх илүү боломжтой. Шархнууд нь нэг цаг хугацаанд үүссэн байна. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Цус нь 2 дугаар бүлэг байна гэжээ. / хх-77-79/,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1716 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн 2017.02.01-нд О.Дуламрагчаа 21 нас/ эрэгтэй гэж хаягласан цусанд 1,3 промилли, ходоодны шингэнд 1,5 промилли спиртийн агууламж илрэв гэжээ. / хх-81/,

 

          Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаанд: Б.Баясгалан нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Сэтгэцийн үйл ажиллагааны түр зуурын эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.Баясгалан нь одоо “Сэтгэцийн үйл ажиллагааны түр зуурын эмгэг” өвчтэй байна. Б.Баясгалан нь хэрэг хариуцах чадваргүй байна гэжээ. / Хх-144-145/,

 

          Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: Сэтгэцийн онош: Цочмог ба түр солиорох эмгэг /F23,9/

Дүгнэлт: Комиссын гишүүд доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

          1. Б.Баясгалан нь тухайн гэмт хэргийг үйлдэхдэхээсээ өмнө стрессийн шалтгаант сэтгэл түгшилт, айдсын эмгэг давамгайлсан сэтгэцийн эмгэгтэй байсан байна.

          2. Б.Баясгалан нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн цочмог ба түр солиорох эмгэг өвчтэй байсан байна.

          3. Б.Баясгалан нь одоо стрессийн шалтгаант сэтгэл түгшилт давамгайлсан сэтгэл гутрах, айдсын эмгэгтэй байна.

          4. Б.Баясгалан нь стрессийн шалтгаант сэтгэл түгшилт давамгайлсан сэтгэл гутрах, айдсын эмгэгтэй байна.

          5. Б.Баясгалан нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадваргүй байна.

          6. Б.Баясгалан нь хэрэг хариуцах чадваргүй байна гэсэн дүгнэлт /хх-147-153 /

 

             Цогцсонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 82-88 /,

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 178/ зэргийг шинжлэн судлав.

                                                                                      

  Шүүгдэгч Б.Баясгалан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны  01 дүгээр сарын 31-ний өглөө 08 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн 59 дүгээр байрны 03 тоотод танхайн сэдэлтээр хохирогч О.Дуламрагчаагийн биед олон удаа хутгалан онц харгис хэрцгий аргаар амь насыг нь санаатай хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч М.Отгондаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хүүг минь яаж алсан нь тодорхой байна, харин яах гэж алсан юм бэ гэдэг ганцхан асуулт тавьсан. Миний гомдол хэзээ ч барагдахгүй. Хүүгээ алуулсан хүний гомдол яаж барагдах билээ. Үнэн зөвийг л олох хэрэгтэй байна. Нэхэмжлэх зүйлийн хувьд ар гэрийнхэн нь 6 600 000 төгрөг өгсөн, одоо 401 160 төгрөг үлдсэн, энийг өгчих байх, үүнд маргаад байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,  Гэрч Б.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Мандахбаяр Баясгалан гээд ахыг хутга барьчихсан байх үед нь хориод, харин Дуламрагчаа Баясгалан гээд ахын доороос нь хутгатай гараас нь барьчихсан өөрийгөө хамгаалаад гараараа хааж байсан. Тэгээд босч очингуутаа Баясгалан ахын хутгыг нь гараас нь авч салгаж шидээд гадагшаа гаргасан. Би тухайн үед та чинь яаж байгаа юм бэ? гэхэд Баясгалан гээд ах “ би шөнөжин бодож хэвтлээ, наадах чинь үхсэн үү “ гэж асуухаар нь “ наадах чинь үхчихлээ” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч М.Мандахбаярын мөрдөн байцаалтад өгсөн:“... хөөе энийгээ аваач ээ гээд хүн хашхирах шиг болоод би сэрээд өндийгөөд хартал Баясгалан гэх ах баруун гартаа хутга бариад буйдан дээр толгойгоо баруун тийш харуулаад хэвтэж байсан Дуламрагчаагийн дээрээс 2-3 удаа далайгаад дээрээс хутгаараа дүрэх шиг болсон. Тэр үед Дуламрагчаа хутганаас нь биеэ хамгаалах гээд гараа урдаа бариад сарвалзаж байсан юм. Тэгээд л босч очоод тэр ахын хутга барьж байсан баруун гарнаас нь татаад хойш болгосон ба тэр үед Жавхлантөгс ахыг хөөе сэрээрэй, энэ хүн чинь хүн аллаа шүү дээ гэж  хашхирч дуудсан. ” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 360 дугаартай “...талийгаач нь зүрхийг гэмтээсний улмаас цээжний хөндийд  цус алдаж нас баржээ гэсэн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

             Шүүгдэгч Б.Баясгалан нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ цочмог ба түр солиорох эмгэгийн улмаас сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ үйлдсэн болох нь  Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаанд: Б.Баясгалан нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Сэтгэцийн үйл ажиллагааны түр зуурын эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.Баясгалан нь одоо “Сэтгэцийн үйл ажиллагааны түр зуурын эмгэг” өвчтэй байна. Б.Баясгалан нь хэрэг хариуцах чадваргүй байна гэсэн дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: Сэтгэцийн онош: Цочмог ба түр солиорох эмгэг /F23,9/. Б.Баясгалан нь тухайн гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө стрессийн шалтгаант сэтгэл түгшилт, айдсын эмгэг давамгайлсан сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.Баясгалан нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн цочмог ба түр солиорох эмгэг өвчтэй байсан байна. Б.Баясгалан нь одоо стрессийн шалтгаант сэтгэл түгшилт давамгайлсан сэтгэл гутрах, айдсын эмгэгтэй байна. Б.Баясгалан нь стрессийн шалтгаант сэтгэл түгшилт давамгайлсан сэтгэл гутрах, айдсын эмгэгтэй байна. Б.Баясгалан нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадваргүй байна. Б.Баясгалан нь хэрэг хариуцах чадваргүй байна гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.                                                                                                                                                    

 

          Иймд шүүгдэгч Б.Баясгалан нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эмнэлгийн чанартай дээрх албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ Б.Баясгалангийн сэтгэцийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгэмд аюултай байдал зэргийг харгалзан шүүх түүнийг Сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт байлгахаар тогтоов.

 

Шүүгдэгч Б.Баясгалангийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ц.Уртнасан нь хохирогч М.Отгондаваад 6 600 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба үлдэгдэл 401160 төгрөгийг төлж барагдуулахыг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ц.Уртнасан нь зөвшөөрсөн ба талууд хохирол төлбөрийн тал дээр маргаагүй тул 401160 төгрөгийг хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Баясгалан нь 113 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Улаанбаатар нэртэй архины шил 1 ширхэг, дээж авсан цус 2 ширхэг, пүүзэн гутал 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, өмдний тэлээ 1 ширхэг, подвольк 2 ширхэг, оймс 2 хос, өмд 1 ширхэг, турсик 1 ширхэг, бэлтгэлийн өмд 1 ширхэг, цамц 1 ширхэг, цагаан нэхий дотортой куртик 1 ширхэг, хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.1, 287, 298, 384, 385 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

          1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт заасан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэгдсэн ба энэ гэмт хэргийг Зүмбэ овогт Батсуурийн Баясгалан нь сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй үедээ үйлдсэн болохыг тогтоосугай.

 

          2.Шүүгдэгч Б.Баясгаланг Эрүүгийн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 66 дугаар зүйлийн 66.1,  66.2-т зааснаар шүүгдэгч Б.Баясгаланг сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт байлгасугай.

 

            4.Шүүгдэгч Б.Баясгалан нь 113 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд хураагдан ирээгүй болохыг дурдсугай.

 

           5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ц.Уртнасангаас 401160 төгрөгийг гаргуулж хохирогч М.Отгондаваад олгосугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Улаанбаатар нэртэй архины шил 1 ширхэг, дээж авсан цус 2 ширхэг, пүүзэн гутал 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, өмдний тэлээ 1 ширхэг, подвольк 2 ширхэг, оймс 2 хос, өмд 1 ширхэг, турсик 1 ширхэг, бэлтгэлийн өмд 1 ширхэг, цамц 1 ширхэг, цагаан нэхий дотортой куртик 1 ширхэг, хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

           7. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баясгаланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнийг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвд хүргүүлэхийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн  тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            9.Иргэний хариуцагч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                      Х.ГАНБОЛД

 

                           ШҮҮГЧИД                                          Н.АДЪЯА

 

                                                                                      Д.АДЪЯАСҮРЭН