Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2017/ДШМ/48

 

 

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Т.Ц,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.У

Хохирогч: М.О,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Эрдэнэчимэг нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2017/ШТ/17 дугаар шүүхийн тогтоолтой, шүүгдэгч Б.Бд холбогдох, эрүүгийн 201710000042 дугаартай, 2 хавтас, 360 хуудас эрүүгийн хэргийг хохирогч М.Огийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Б -д холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай тогтоол баталж ирүүлсэн 201710000042 дугаартай хэргийг анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 08 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн 59 дүгээр байрны 03 тоотод танхайн сэдэлтээр хохирогч О.Дгийн биед олон удаа хутгалан онц харгис хэрцгий аргаар амь насыг нь санаатай хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2017/ШТ/17 дугаар шүүхийн тогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт заасан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэгдсэн ба энэ гэмт хэргийг Зүмбэ овогт Батсуурийн Б нь сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй үедээ үйлдсэн болохыг тогтоож,

Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т зааснаар шүүгдэгч Б.Бг сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт байлгахаар,

Шүүгдэгч Б.Б нь 113 хоног цагдан хоригдсон, хэрэгт биүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд хураагдан ирээгүй болохыг дурдаж,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ц.Уртнасангаас 401160 төгрөгийг гаргуулж хохирогч М.Од олгохоор,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Улаанбаатар нэртэй архины шил 1 ширхэг, дээж авсан цус 2 ширхэг, пүүзэн гутал 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, өмдний тэлээ 1 ширхэг, подвольк 2 ширхэг, оймс 2 хос, өмд 1 ширхэг, турсик 1 ширхэг, бэлтгэлийн өмд 1 ширхэг, цамц 1 ширхэг, цагаан нэхий дотортой куртик 1 ширхэг, хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргүүлэхийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, ... гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч М.О давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тус аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017-05-23-ны өдрийн 2017/ШТ/17 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Огаас давж заалдах гомдол гаргах учир нь:

Уг хэргийн улмаас бүхэл бүтэн нэгэн сайхан хүний маань амь нас хохирчоод байхад шүүхээс өрөөсгөл дүгнэлтийг хийж холбогдогчийн эрхийг дээдэлж хэт нэг талын хандлагыг баримталсан шударга бус шийдвэр гаргаж илтэд хуулийг зөрчлөө хэмээн үзэж байна. Үүнд: 1. х/х-ийн 147-153-р хуудсанд авагдсан Шүүх сэтгэц гэм судлалын магадлагааг үндэслэн хийсэн шинжээч нарын дүгнэлтээр Б.Бг хэрэг хариуцах чадваргүй гэсэн нотлох баримтанд түлгуурлан шүүхээс түүнийг эрүүгийн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь үндэслэлгүй юм. Уг дүгнэлтээр Бгийн сэтгэцийн онош нь: Цочмог ба түр солиорох эмгэг гэж тодорхойлогдож улмаар түүнийг стрессийн шалтгаант сэтгэл түгшилт давамгайлсан сэтгэл гутрах айдасын эмгэгтэй байна. Тиймээс Б нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадваргүй байна гэсэн нь ойлгомжгүй бөгөөд уг хүний өвчний түүх намтар улмаар удамшил угсаа, мэргэжлийн байдлыг судалсан түүхтэй холбоотой бичгийн нотолгоонуудыг гаргалгүйгээр энэ бүгдийг тогтоосон нь мэргэжлийн хүмүүсийн хууль бус хуйвалдаан хэмээн үзэж байна. Б.Б нь үнэхээрийн эрүүл мэндийн хувьд ийм согог өвчтэй байсан бол төрийн албанд тэр тусмаа хуулийн байгууллагад тодорхой хугацаагаар алба хашаад явж байсан нь хачирхалтай төдийгүй харин ч түүний мэргэжил талын энэ нөхцөл байдлууд нь Б.Бг ийм өвчний оношоор оношлогдоход нөлөөлөв үү? гэсэн хардалтыг төрүүлж байна. Уг дүгнэлтийн талаар хохирогч О миний бие нь мөрдөн байцаалтын ажиллагааны шатанд танилцаад ямартай ч төрийн шүүх бүхнийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэйгээр энэ шатыг хүрсэн билээ. Хохирогч О миний гол гомдол бол Б.Б нь хэрэг хариуцах ямар ч чадваргүй биш харин ч өөрийгөө ямар байдалд яаж өмгөөлж хамгаалах эрхтэй холбоотой бүх нөхцөл боломжуудыг мэргэжлийнхээ хувьд сайтар мэддэгээрээ давамгайлж хэргээс мултрах бүх арга заль мэхийг бүрэн хийж чадаж байна хэмээн үзэж энэ бүгдийг шударгаар шийдвэрлүүлэхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл түүнийг хэрэг хариуцах чадваргүй гэж гарсан шинжээчийн дүгнэлтийг дахин 5-6 шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр томилуулан гаргуулах хүсэлтэй байна.

2. Б.Б нь хэргийн байдлыг огт мэдэхгүй биш ба тиймээс ч хуулинд заасан өөрийнхөө эрх үүргийн дагууд өмгөөлөгчөө сонгож мэдүүлэг өгөхөөс татгалзсан байдгийн гадна. улмаар өөрөө хэргээ хүлээж цагдаагийн газар дээр очиж байгаа байдал, мөн өөрийгөө нийгэмд таниулах мэдээллийн хэрэгсэл болох fасевоок хаягаа тухайн хэрэг болдог өдрийн буюу 2017-01-31-ний өглөөний 06 цаг 41 минутанд хаасан байгаа байдал зэргийг харьцуулан дүгнэж энэ бүгдийг дахин шалгаж тогтоох.

З.Уг хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй тухайлбал: гэрч Жавхлантөгс нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын ажиллагааны шатанд 2 өөр мэдүүлэг өгсөн, мөн Б нь хэрэг учрал болох үед хэрэглэсэн хутгаа биедээ авч яваад цагдаагийн газар дээр очсон байдаг ба гэтэл гэрч Жавхлантөгс , Мандахбаяр нараас Бгийн гарт нь байсан хутгыг булааж аваад өөрийг нь гэрээс шууд түлхээд гаргасан хэмээн мэдүүлдэг болох зэрэг мэдүүлгүүдийн хоорондын зөрүүтэй байдлуудыг дахин тодруулж шалгах зэрэг ажиллагаануудыг хийлгэхийг хүсч байна. Иймд дээрхи байдлуудаар уг хэргийг дахин хянаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Б.Бд холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцааж нэмэлт ажиллагааг хийж өгнө үү гэв.

Прокурор Т.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Мөрдөн байцаалтын явцад бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Эхлээд Б.Бгийн сэтгэцийн байдлыг аймгийнхаа сэтгэцийн эмч нараар тогтоолгож дүгнэлт гаргуулсан боловч сэтгэц гэм судлалын магадлагаа гээд гаргачихсан, тэрнээс биш ямар нэгэн байдлаар ач холбогдлоо алдсан, маргаантай, хууль зөрчсөн дүгнэлт биш, хэлбэрийн хувьд шаардлага хангахгүй гэж үзээд Улаанбаатар хотын мэргэжлийн эмч нараар дүгнэлт гаргуулсан. Дүгнэлт гаргасан шинжээч эмч нарыг ч анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж, өөрсдөөр нь тайлбарлуулсан. Дүгнэлтээр Б.Б нь хэрэг хариуцах чадваргүй гэдэг нь тогтоогдсон юм. Шүүх хуралдаанд Мандахбаяр гэсэн гэрчүүдийг оролцуулсан. Гэрчүүд яг харсан үзсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгдөг, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг бүрэн дүүрэн тогтоогдсон, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Бг үйлдсэн хэргээ хариуцах чадваргүй гэдгийг шинжээч нар тогтоосон учраас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв тул хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шинжээч эмч Дэжидмаа, Соёлчмаа нарын дүгнэлтээр Б.Б нь хэрэг хариуцах чадваргүй, болсон явдлыг үнэн зөв мэдүүлэх чадваргүй гэж гарсан. Тийм хүн өөрийгөө хаацайлж, хэргээс мултрах арга мэх гаргах уу, үгүй юу гэдэг асуудал байгаа. Гэрч Жавхлантөгс, Мандахбаяр нарын мэдүүлэг зөрүүтэй гэсэн байна. Хэргийн 42-45, 36-38 дугаар хуудсан дахь  гэрчүүдийн мэдүүлгүүдэд ноцтой зөрүү байдаггүй. Яг харсан үзсэнээ хэлсэн байдаг. Энэ талаар дахин шалгах нь ач холбогдолгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд тухайн болсон процесс, нөхцөл байдлын талаар маргаагүй, гэхдээ энэ нөхцөл байдал нь өөрийнх нь субьектив санаа зорилгын хүрээнд үгүйсгэгдсэн, санаатайгаар, онц хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байхад нь алъя гэсэн санаа зорилго агуулаагүй, үүнийг ч хамт байсан 2 гэрч мэдүүлдэг. Шүүгдэгчийн гаргаж байгаа үйлдэлтэй холбоотойгоор шалтгаант холбоог тогтоохын тулд шүүхийн сэтгэцийн дүгнэлтийг гаргасан, энэ дүгнэлтээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө стрессийн шалтгаант сэтгэл түгшилт, айдсын эмгэг давамгайлсан сэтгэцийн эмгэгтэй байсан, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн цочмог ба түр солиорох эмгэг өвчтэй байсан,  болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадваргүй байна гэсэн дүгнэлт гарсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Давж заалдах шатны шүүх хохирогч М.Огийн давж заалдсан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ нь Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т заасан гэмт хэрэгт буюу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 08 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн 59 дүгээр байрны 03 тоотод танхайн сэдэлтээр, хохирогч О.Дгийн биед олон удаа хутгалан онц харгис хэрцгий аргаар амь насыг нь санаатай хохироосон гэмт хэрэгт холбогдуулан түүнийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-т заасан дахин шинжилгээ хийлгэх үндэслэл байгааг анхаараагүй байна.

Тодруулбал шүүгдэгч Б.Бгийн сэтгэцийн талаар 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтэд /хх-45/ “Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Сэтгэцийн үйл ажиллагааны түр зуурын эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байсан..., ... одоо “Сэтгэцийн үйл ажиллагааны түр зуурын эмгэг” өвчтэй” гэж, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 334 дүгээр дүгнэлтэд /хх-153/ “Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн цочмог ба түр солиорох эмгэг өвчтэй байсан. ... Б.Б нь стрессийн шалтгаант сэтгэл түгшилт давамгайлсан сэтгэл гутрах, айдсын эмгэгтэй” гэснээс тус тус үзэхэд:

1. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 334 дүгээр дүгнэлтээр 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтийг үгүйсгээгүй хэдий ч дүгнэлтүүдэд сэтгэцийн өвчний оношийг өөр өөрөөр тогтоосон,

2. Мөн гэрч Э.Анхбаяр, Ц.Уртнасан нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Б гэр бүлийн хувьд эхнэртэйгээ таарамжгүй харьцаатай байсан, энэ нь нилээд удаан хугацаанд үргэлжилсэн гэсэн байхад сэтгэцийн өвчний шалтгаан буюу оношийн үндэслэлийг 8 дугаартай дүгнэлтэд “... айдас түгшүүр ...” /юунаас үүдэлтэй талаар тодорхой дурдаагүй/ гэж, 334 дүгээр дүгнэлтэд ”... ажлын байрны стрессээс үүдэлтэй айдас түгшүүр ...” гэж тодорхойлсон зэрэг нь эргэлзээтэй тул дээрх дүгнэлтүүдэд дурьдсан нөхцөл байдал нь үндэслэлтэй эсэх талаар болон шүүгдэгч Б.Бгийн сэтгэцийн байдалд дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Түүнчлэн дахин шинжилгээг хийхдээ хохирогч М.Огийн давж заалдсан гомдолд дурдсан нөхцөл байдлууд болох шүүгдэгч нь мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрөө хэргээ хүлээн цагдаагийн байгууллагад хандах зэрэг ухамсарт үйлдлүүдийг дээрх сэтгэцийн эмгэг, түүгээр өвчилсөн үед хийх боломжтой эсэх талаар тодруулах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хохирогч М.Огийн “дахин шинжээч томилуулах“ тухай давж заалдсан гомдлыг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1, 27.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх дахин шинжилгээг хийлгэхээр өөр шинжээчид даалгаж болох тул  анхан шатны шүүхийн тогтоолын хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин хохирогч М.Огийн давж заалдсан гомдолд дурдсан  “... гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй ...” гэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй ба хэргийг нэгэнт анхан шатны шүүхэд буцааж байгаа тул гэрчүүдийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж хохирогчийн хувьд зөрүүтэй гэж үзэж байгаа нөхцөл байдлыг тодруулах боломжтой юм.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2017/ШТ/17 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.5, 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                        Н.БАТЧИМЭГ