Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00451

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ................. тоотод оршин суух Ш ургийн овогтой Г.А /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: ............................ өөрийн байранд байрлах, Н газарт холбогдох,

 

  Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 ны 11 дүгээр сарын 15-ны өдрийн .......... дугаартай шийдвэрээр Т.А нараас 43,605,000 төгрөг гаргуулж Р.Солгуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа юм. Төлбөрт хураагдсан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн ........................... өрөө орон сууцны үнэлгээг 132,319,378 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд тухайн нутаг дэвсгэрт худалдан борлуулагдаж байгаа 2 өрөө орон сууцны үнээс доогуур үнэлсэн. Монгол улсад бензины үнэ өссөн, бараа материалын үнэ даган өссөн зэрэгтэй уялдуулж үнэлгээг үндэслэлгүй гаргасан байна. Хуучин 9 давхарын 35 м.кв 2 өрөө орон сууцны одоогийн зах зээлийн үнэ 162,000,000-172,000,000 төгрөгийн хооронд байна. Уг үнэлгээ цахим орчинд ил тод байгааг хэлье. Үнэлгээ гаргасан А ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний ард зөвхөн компанийн тусгай зөвшөөрлийн хувьд ................. -ны өдрөөс 3 жил сунгасан гэсэн тэмдэглэгээтэй байгаа. Ж гэж хүн энэ компанийн гүйцэтгэх захирал байна гэж үзэхээр Ж гэж иргэнд өөрт нь ... оны ... сарын ...-нийтусгай зөвшөөрөл олгогдоод, .... оны ... сарын ..-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгагдсан байна. Хэргийн материалаас харахад 2 янзын тусгай зөвшөөрөл харагдаж байна. Нэг нь хуулийн этгээдийнх, нөгөөх нь иргэн Ч.Жгийнх. Ч.Ж гэдэг хүнийг иргэнээр нь ч харсан, хуулийн этгээдийн бүртгэлийн хаягийг ч харсан Ч.Ж гэж хүн Сангийн яамны тушаалаар 2017 онд олгосон тусгай зөвшөөрлийг харвал хаяг өөр байгаа. Тэгэхээр иргэн, хуулийн этгээд хоёр тус тусдаа тусгай зөвшөөрөлтэй байсан нь харагдаж байгаа учраас шийдвэр гүйцэтгэлээс шинжээч томилохдоо А ХХК-ийг томилсон байдаг. Ч.Ж гэж хүн гарын үсэг зурсан байдаг. Тэгэхээр гүйцэтгэх удирдлагынхаа хувьд буюу Компанийн тухай хуулиар тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах эрх хэмжээг гүйцэтгэх захирал гэдгээр явуулахаас биш гуравдагч этгээдийн хувьд тусгай зөвшөөрлөөр компанийн хувьд үнэлгээ хийсэн байна. А ХХК-д үнэлгээ хийлгэхээр 171 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.А тогтоол гаргасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 147 дугаар тойрогт байдаг. Гэхдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бид ямар нэгэн гомдол гаргаагүй. Тиймээс ......................... тоот 2 өрөө орон сууцыг 132,319,378 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ............ /.......... дугаар тогтоолоор Г.А ээс 43,605,000 төгрөгийг гаргуулж Р.Солгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Г.А т сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн өгсөн боловч төлбөрийг төлөөгүй, түүнийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ........................... тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авахад шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шинжээч томилон үнэлгээ гаргуулахад 132,319,378 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан бөгөөд удаа дараа шүүхэд үнэлгээнд гомдол гаргаж үнэлгээг хүчингүй болгож байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл гарч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэл гарган 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ................. дугаар шийдвэрээр дээрх үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ..............дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэжээ.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 5/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ............ тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 6/,

 

Хариуцагчаас Н газрын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн .............. тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22/, Хөрөнгийн үнэлгээ тогтоолгох тухай санал /хх-ийн 23-24/, Шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 25/, Шинжээчид оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хх-ийн 26/, Үнэлгээний тайлан, хавсралт /хх-ийн 27-36/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ................ тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 38/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 39/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 41/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ............... дугаар захирамж /хх-ийн 42/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ................. дугаар шийдвэр /хх-ийн 44/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2018 оны 05 дугаар сраын 23-ны өдрийн ............ дугаар магадлал /хх-ийн 45-47/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ........................ дугаар тогтоол, /хх-ийн 48-49/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-ийн 50/, Зарлан дуудах мэдэгдэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, /хх-ийн 51-55/ нотлох баримт гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн .......... тоот Шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон шинжээч А ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ..................... ....... дугаар улсын бүртгэлтэй, 2 өрөө, 35 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 132,319,378 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г.А тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа А ХХК-ийн 132,319,378 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур гэж байгаа боловч үл хөдлөх хөрөнгийг үнэлж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн шаардлага хангахгүй явагдаж байна гэж үзэж байгаа.

 

Үнэлгээ гаргасан А ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний ард зөвхөн компанийн тусгай зөвшөөрлийн хувьд .... оны ... сарын ..-ний өдрөөс 3 жил сунгасан гэсэн тэмдэглэгээтэй байгаа. Ч.Ж гэж хүн энэ компанийн гүйцэтгэх захирал байна гэж үзэхээр Ч.Ж гэж иргэнд өөрт нь ... оны ... сарын ...-нийтусгай зөвшөөрөл олгогдоод, .... оны ... сарын ..-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгагдсан байна. Хэргийн материалаас харахад 2 янзын тусгай зөвшөөрөл харагдаж байна. Нэг нь хуулийн этгээдийнх, нөгөөх нь иргэн Ч.Жгийнх. Ч.Ж гэдэг хүнийг иргэнээр нь ч харсан, хуулийн этгээдийн бүртгэлийн хаягийг ч харсан Ч.Ж гэж хүн  яамны тушаалаар 2017 онд олгосон тусгай зөвшөөрлийг харвал хаяг өөр байгаа. Тэгэхээр иргэн, хуулийн этгээд хоёр тус тусдаа тусгай зөвшөөрөлтэй байсан нь харагдаж байгаа учраас шийдвэр гүйцэтгэлээс шинжээч томилохдоо А ХХК-ийг томилсон байдаг. Ч.Ж гэж хүн гарын үсэг зурсан байдаг. Тэгэхээр гүйцэтгэх удирдлагынхаа хувьд буюу Компанийн тухай хуулиар тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах эрх хэмжээг гүйцэтгэх захирал гэдгээр явуулахаас биш гуравдагч этгээдийн хувьд тусгай зөвшөөрлөөр компанийн хувьд үнэлгээ хийсэн байна.

 

А ХХК-д үнэлгээ хийлгэхээр 171 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.А тогтоол гаргасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 147 дугаар тойрогт байдаг. Гэхдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бид ямар нэгэн гомдол гаргаагүй гэж,

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа ...Талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний санал авахад шинжээч томилох хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ гаргуулсан. ...Үнэлгээ тогтоолгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан бөгөөд удаа дараа үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл гарч байна гэж тайлбарлажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ................... дугаар шийдвэр хариуцагч Г.А ээс 43,605,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Солгож, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.А өмчлөлийн ...................................., .......................... дугаар улсын бүртгэлтэй, 2 өрөө, 35 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 44/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2018 оны 05 дугаар сраын 23-ны өдрийн 1202 дугаар магадлал /хх-ийн 45-47/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ......................... дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 48-49/

 

.................................................... дугаар улсын бүртгэлтэй, 2 өрөө, 35 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй, шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан учир шийдвэр гүйцэтгэгч үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий А ХХК-ийг шинжээчээр томилсон байна. А ХХК-ийн гүйцэтгэх захирал, үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин Ч.Жд шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээллийг тодруулжээ. /хх-ийн 26/

 

Шинжээч А ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 132,319,378 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "үнэлгээчин" гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шийдвэр гүйцэтгэгч шинжээчээр А ХХК-ийг томилж, А ХХК-ийн захирал, тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин Ч.Жд шинжээчээр ажиллахаас татгалзал, тусгай зөвшөөрөл ажлын туршлага зэргийг шалгаж, томилогдсон шинжээч дүгнэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шинжээч томилсон тогтоолд дурдсан этгээдээс өөр этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан.

 

Шинжээч нь хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн байршил, хийц, засал, гадна орчны тохижилт, зогсоол, адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийн харьцуулсан байна.

 

Мөн нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч явуулж байгаатай холбоотой гомдлоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цар хүрээ, хамрах нутаг дэвсгэрийг харгалзан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх зорилгоор хоёр, түүнээс дээш шийдвэр гүйцэтгэгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой.

 

Дээрхээс дүгнэвэл уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт хууль бус, үнэлгээг хэт багаар тогтоосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгөд тогтоосон үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч буюу Г.А т 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ............ дугаартай албан бичгээр мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуулийн хугацаанд шүүхэд гаргасан болохыг дурдав. /хх-ийн 6/

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох улсын бүртгэлийн .......................... дугаарт бүртгэлтэй, ........................ тоот орон сууцыг 132,319,378 төгрөгөөр үнэлсэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Г.А нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох улсын бүртгэлийн .......................... дугаарт бүртгэлтэй, .........................тоот орон сууцыг 132,319,378 төгрөгөөр үнэлсэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Г.А нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР