Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/00337

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............ тоотод оршин суух, Б ургийн овогтой, Г Ц /РД:.................../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...........................байранд байрлах Б дүүргийн Б холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтын мөнгө 654,256 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б газарт 2003 оны 04 дүгээр сарын 01-нээс 2021 оны 05 дугаар сарын 17 хүртэл тасралтгүй 18 жил ажилласан. Миний бие энэ ажиллах хугацаанд үүрэгт ажлаа шаардлагын хэмжээнд ажилласаар ирсэн. Гэвч 2021 оны 04 дүгээр сараас эхлээд хорооны засаг дарга н.Ш төрийн захиргааны хэлтсийн дарга н.М нар байнга ажлын байрнаас хөөж түлхүүр, цэвэрлэгээний болон хөдөлмөрийн багаж зэвсгийг цоожлон, ажил хийлгэхгүй 1 сар гаруй хугацаанд байнга дарамталсан. Ингээд эрүүл мэндээр ажиллах чадвартай эсэхийг шалгуулна гэж хэлсний дагуу эмч нарын зөвлөлийн шийдвэр гарч ирэнгүүт та шүүхдээд яв, таныг ажлаас халах тушаал бичсэн. Би энэ хугацаанд маш их дарамтанд байсан ба сэтгэлзүйн хүнд дарамтанд орсон. Би Бгазрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн .... тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд намайг Б газрын үйлчилгээний ажилд эгүүлэн томилж, тухайн хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, 2021 оны ээлжийн амралт зэргийг нөхөн олгуулж ажилд маань эргүүлэн томилуулж өгнө үү. Нэхэмжлэгч Г.Ц би шүүхэд гаргасан өмнөх нэхэмжлэлийн шаардлагаар ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн боловч хэдэн сарын цалин хэдэн төгрөг болохоо тодруулаагүй байсан учир нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Миний бие цалингаа Б нягтлан бодогчоор тодруулж асуухад Г.Ц миний үндсэн цалин 523,405 төгрөг төрийн алба хаасны нэмэгдэл 25 хувь болох 130,851 төгрөг нийт 654,256 төгрөг ба 2021 оны 06 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хугацааны 5 сарын нийт цалинд 3,271,280 төгрөг, амралтын цалинд 654,256 төгрөг нийт 3,925,536 төгрөгийг Б газраас гаргуулж өгнө үү. Бусад нэхэмжлэлийн шаардлага хэвээр болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б  газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны .... дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 57 дугаар зүйлийн 57.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4, 5 дугаар зүйлийн 5.14, 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.8, 8.11, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, 15 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Г.Ц гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч Г.Ц нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаартай тушаалаар тус дүүргийн 17 дугаар хорооны үйлчилгээний ажилтнаар томилогдож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан болно. Дүүргийн .... дугаар хорооны Засаг дарга нь 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар албан бичгээр Б газарт хандаж Тус хорооны үйлчилгээний ажилтан Г овогтой Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл өвчтэй гэх шалтгаанаар ажлаа хийлгүй өөрийн орондоо бэр дүү болох Б.У ажиллуулж байсан тул шийдвэрлэж өгнө үү гэх албан бичиг ирсэн бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийгхүртэл өөрийн биеэр ажиллаагүй нь тогтоогдсон болно. Б Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны ..... дугаар тушаалын хуулийн үндэслэлийг тайлбарлавал Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно. Гэж заасан ба нэхэмжлэгч нь өөрийн биеэр ажил хөдөлмөр эрхлээгүй хирнээ цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлүүлж байсан.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил
гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн дүү гэх Батбаярын Угоор ажлаа хийлгүүлж байсан нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг өөрийн нэр дээр бичилт хийлгэж мөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан албан ёсны ажилтан биш иргэнийг дур мэдэн өөрийн оронд ажиллуулж байсан үйлдэл нь ноцтой зөрчил бөгөөд төрийн албыгхууран мэхэлсэн үйлдэл юм. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь заалтад албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байна гэж заасан бөгөөд Гомбожав овогтой Ц нь Төрийн албаны тухай хуулийн 57.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 8.8, 8.11, 11.1.1 дэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс хэрэгт иргэний үнэмлэхийн хуулбар, Б  газрын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ....., 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ....., Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ..... дугаар албан бичиг, Б  газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ..... дугаар тушаал, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Б.Цгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эмч нарын зөвлөлийн шийдвэр, Н клиникийн эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээ хийсэн баримт, яаралтай түргэн тусламжийн хуудас, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

 

Хариуцагчаас ..... хорооны Засаг даргын .... оны .... дүгээр сарын ...-ны өдрийн .... дугаар албан бичиг, Г.Ц гийн өргөдөл, зураг, Хөдөлмөрийн гэрээ, Б  газрын .... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн .... дугаар тушаал, Хөдөлмөрийн дотоод журам,

 

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.У, Ө.Н , Б.М, М.Б нараас гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 75 дугаар тодорхойлолт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Б газарт холбогдуулан Баянгол дүүргийн .... дугаар хорооны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговор 654,256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн .... тоот тушаалаар Г.Цг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Г.Ц 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эрүүл мэндийн шалтгаанаар удирдлагынхаа зөвшөөрлөөр өөрийнхөө оронд Б.Уг ажиллуулсан. Уг үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчил биш. Төрийн албыг хуурсан, мэхэлсэн үйлдэл байхгүй. Ажлаас халах тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа ...Төрийн албан хаагч нь хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авдаг. Г.Ц нь эрүүл мэндийн гэх шалтгаанаар 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд өөрийнхөө оронд зөвшөөрөлгүйгээр Б.У гэх хүнийг ажиллуулсан нь тогтоогдсон. Өөрийн биеэр ажил хөдөлмөр эрхлээгүй байж цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 2.5, хөдөлмөрийн дотоод журмын 8.8, 8.11, 11.1.1 дэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэжээ.

 

Б Тамгын зарын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаар тушаал, Г.Цтэй 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №2 Хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар Баянгол дүүргийн 15 дугаар хорооны үйлчлэгч Г.Цтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 57 дугаар зүйлийн 57.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Төрийн болон захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.5, Хөдөлмөрийн дотоод журмын 4.4, 5.14, 7, 8.8, 8.11, 11.1.1-т заасан , Дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын .... оны ... дүгээр сарын 30-ны өдрийн .... дугар албан бичгийг үндэслэн .... оны ... дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан нь тогтоогдож байна.

 

Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлээ ажилтан Г.Ц нь .... оны ... дүгээр сарын ....-ны өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ний өдөр, ... оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс ... оны ...дүгээр сарын ...-ний өдөр хүртэл хугацаанд эрүүл мэндийн гэх шалтгаанаар удирдлагын зөвшөөрөлгүйгээр хариуцсан ажлаа хийлгүй, өөрийн дүү гэх Б.Угоор ажлаа хийлгүүлсэн нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд тооцсон байна.

 

Нэхэмжлэгч Г.Ц нь ... оны .... дүгээр сарын ...-ны өдрөөс .... оны ... дугаар сарын ...-ний өдөр, ... оны ...дүгээр сарын ...-ны өдрөөс .... оны ... дүгээр сарын ...-ний өдөр хүртэл хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн биеэр ажиллаагүй, өөрийнхөө оронд Б.У ажиллуулсан, тухайн хугацаанд цалингаа авсан талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч Г.Ц нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлээ шүүхэд .... оны ... дугаар сарын ...-ний өдөр гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ....оны ... дугаар сарын ...-ны өдрийн шийдвэрийг хэзээ танилцуулж, өгсөн талаар тайлбар, баримт гаргаагүй учир 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж үзэв.

 

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.

 

Хуульд заасан ноцтой зөрчил гэдэгт ажилтан ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг гутаах зэрэг түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгох бөгөөд ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг тогтоосон байх, хариуцлага нь зөрчилд нь тохирсон байх, хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байхыг тус тус шаардана.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.5-д Сахилгын ноцтой зөрчилд тооцон гэрээ цуцлах үндэслэл: Холбогдох хууль тогтоомж болон хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна гэж тодорхойлсон байна. Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1-т Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн болон энэ журмын 11.3 дахь хэсэгт заасан хориглосон үйлдэл болон журмын 4.4, 7, 8 дугаар зүйлийн 8.8, 8.11 дэх хэсгийг зөрсөн үйлдлийн шинж байдал түүнийг давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хэсэгт заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны хооронд хөлийн буглаа авах хагалгаанд орж, мөн оны 04 дүгээр сарын 08-аас 13-нд давтан хагалгаанд орсон, дахин 10 дугаар сарын 26-аас 11 дүгээр сарын 02-нд 3 дахь мэс засал хийлгэн хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн хагалгааны дараа УВЧ шарлага хийлгэж байсан болох нь Н клиник эмнэлгийн тодорхойлолт, Буянт-манал өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын зөвлөгөөний шийдвэр зэргээр нотлогдож байна. /хх-ийн 77, 78, 79/

 

Ажилтан нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажлыг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болно.

 

Нэхэмжлэгч нь өвчний улмаас ажил хийх боломжгүй болсонтой холбоотойгоор өөрийнхөө оронд Б.У гэх хүнийг ажиллуулах хүсэлтийг байгууллагад гаргаж байсан болох нь Б газарт 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ...өөрийнхөө оронд Б.Уг ажиллуулж, ээлжийн амралтыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ээс олгож өгөхийг хүссэн өргөдөл, /хх-ийн 30-32/

Шүүхэд гэрч Б.У ...2020 оны 02 сард Г.Ц эгчийн хөл нь өвдөөд ...эмнэлэгт очиж үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай болсон. ...Г.Ц эгч эхлээд ээлжийн амралтаа авсан. 04 дүгээр сарын 07-ны өдөр ээлжийн амралт нь дуусахад хөл нь эдгээгүй, тэнхрээгүй байсан учир 04 дүгээр сарын эхээр ................ Засаг даргатай очиж бид нар биеэр уулзаад, учир шалтгаанаа хэлсэн. ...Би оронд ажлыг нь хийе гэхэд М.Б дарга зөвшөөрсөн. ...2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. ...2021 оны 01 дүгээр сард буцаад хөл нь сэдэрсэн. 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин М.Б даргатай уулзахад, өвөл болсон шавар шавхай ихтэй байгаа тул цэвэрлэгээ хийх шаардлагатай гэж хариу өгсөн. Өмнө би ажиллаж байснаараа орлож ажиллая гэхэд хүсэлтээ бичээд өг гэхээр нь Г.Ц эгчээр өргөдөл бичүүлээд, зөвшөөрлийн үндсэн дээр ажилласан гэх мэдүүлэг. /хх-ийн 102/

Гэрч Ө.Н ...2020 оны 02 дугаар сард М.Б даргатай Б.У, Г.Ц бид 3 очиж уулзсан. ...М.Б дарга олон жил ажилласан, өвчтэй байдал, амьдрал ахуйг чинь харж үзээд тусламж үзүүлье гээд Б.Уг Г.Ц эгчийн оронд ажиллахыг зөвшөөрсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 104/

Гэрч М.Б ...н.У ирж надтай уулзаж байсан. Б-т удаан ажиллаж байсан тул орондоо н.Уг ажиллуулж болох уу гэж надаас асуухад нь би Б-ын хүний нөөцөд хэлээд өгье. Та хүний нөөцтэй уулзаарай гэж хэлж байсан. Би шууд Б.Уг ажилд томилох эрх зүйн субъект биш учраас хүсэлтийг нь Б-т хүсэлтийг нь өгсөн байсан. гэх мэдүүлэг, /хх-ийн 147/

Б газарт 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Г.Цгийн бичгээр гаргасан өргөдөл, Б  газрын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн .... дугаар албан бичиг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5, 30-32/

 

Нэхэмжлэгч өөрийнхөө оронд өөр хүн ажиллуулах хүсэлт гаргасныг ажил олгогчоос буюу эрх бүхий этгээдээс зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нолох баримтаар тогтоогдохгүй байх боловч өөр хүн ажиллаж байгааг ажил олгогч түүний амаар болон бичгээр гаргасан өргөдөл, хүсэлтэй танилцаж мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Ажилтны дээрх үйлдлийг зөрчилд тооцох боломжтой хэдий ч 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

 

Ажилтанд ногдуулах сахилгын зөрчилтэй холбоотой шийтгэлийг ажил олгогч дээрх хуулийн хугацаанд ногдуулна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг зөрчил гаргасныг мэдсэн боловч хуульд заасан хугацаа дууссанаас хойш сахилгын шийтгэл ногдуулсан учир уг шийдвэр хуульд нийцэхгүй.

  

Иймд нэхэмжлэгч Г.Цг Баянгол дүүргийн .... дугаар хорооны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгох үүрэгтэй.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин /2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа 2021 оны 01-03 дугаар сарын цалингийн бичилтээр 3 сарын дундаж цалин, хөлс 2,267,769 төгрөг, нэг сарын дундаж цалин 755,923 төгрөг, ажилгүй байсан 8 сар = 6,047,384 төгрөг/ 6,047,384 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Мөн 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ээлжийн амралтын мөнгө 654,256 төгрөг гаргуулахаар шаардсан. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар ажилтанд олгох ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно. Нэхэмжлэгчид 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн цалинг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч тус хугацаанд ажлаагүй тул ээлжийн амралтын олговор 659,256 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу хуваарилан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 111,709 төгрөгийг гаргуулан 71,200 төгрөгийг нэхэмжлэгчид, 40,509 төгрөгийг улсын төсөвт оруулахаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Цг Баянгол дүүргийн .... дугаар хорооны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Б газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,047,384 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 654,256 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Цгийн ажилгүй байсан хугацаанд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Цгээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 71,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б Тамгын газраас хариуцагчаас 111,709 төгрөгийг гаргуулан 71,200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 40,509 төгрөгийг улсын төсөвт оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР