Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00697

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/00337 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Ц-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,271,280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговор 654,256 төгрөг, нийт 3,925,536 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ц-, түүний өмгөөлөгч Т.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С , нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2003 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тасралтгүй 18 жил ажилласан. 2021 оны 04 дүгээр сараас эхлээд хорооны Засаг дарга н.Шижирдаваа төрийн захиргааны хэлтсийн дарга н.Мөнгөнхуяг нар ажлын байрнаас хөөж түлхүүр, цэвэрлэгээний болон хөдөлмөрийн багаж зэвсгийг цоожлон, ажил хийлгэхгүй 1 сар гаруй хугацаа өнгөрсөн. Намайг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллах чадвартай эсэхийг шалгуулна гэж хэлсний дагуу эмч нарын зөвлөлийн шийдвэр гарснаар Баянгол дүүргийн Засаг дарын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/483 тоот Ажлаас халах тухай тушаал гарсан. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,271,280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговор 654,256 төгрөг, нийт 3,925,536 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны Б/483 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 57 дугаар зүйлийн 57.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2.1.5, Хөдөлмөрийн гэрээний 2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 4.4, 5.14, 7 дугаар зүйл, 8.8, 8.11, 11.1.1, 15 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар албан бичиг зэргийг тус тус үндэслэн Г.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч Г.Ц- нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаартай тушаалаар тус дүүргийн 17 дугаар хорооны үйлчилгээний ажилтнаар томилогдож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 31, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд өөрийн дүү гэх Б.Урангоогоор ажлаа хийлгүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг өөрийн нэр дээр бичилт хийлгэж, цалин хөлс авч байсан нь тогтоогдсон. Энэ үйлдэл нь ноцтой зөрчил. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэгсийн агуулга: 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц-г Баянгол дүүргийн 15 дугаар хорооны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,047,384 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 654,256 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц-гийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хариуцагчаас 111,709 төгрөгийг гаргуулан 71,200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 40,509 төгрөгийг улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Г.Ц- нь хөдөлмөрийн гэрээний нэг тал ажилтан атлаа өөрийн хариуцсан ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн нь сахилгын ноцтой зөрчил юм. Хөдөлмөрийн гэрээний 2.5-д "Сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд холбогдох хууль тогтоомж болон хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна" гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 33 дугаар тогтоолын 15.4.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино." гэж тайлбарласан. Г.Ц-гийн хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн ноцтой зөрчил бөгөөд төрийн байгууллагыг хуурч мэхэлсэн үйлдэл юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хариуцагч нь Г.Ц-гийн гаргасан зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцож, гэрээг хууль зүйн дагуу цуцалсан гэж маргадаг. Улсын Дээд шүүхийн тайлбараар ноцтой зөрчил гэж тооцохын тулд ажилтны гаргасан зөрчлийг нарийвчлан тогтоосон байх ёстой. Хариуцагч талаас Г.Ц-гийн гаргасан ноцтой зөрчлийг тогтоосон баримтыг гаргаж өгөөгүй. Ажилтанд хүлээлгэж буй хариуцлага зөрчилд нь тохирсон байх ёстой байтал нэхэмжлэгч Г.Ц-г ажлаас халсан. Мөн ажилтны гаргасан зөрчлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байх ёстой гэж Улсын Дээд шүүхээс тайлбарласан. 2020 оны 02 дугаар сараас Г.Ц-гийн хөл өвдөж эхлээд мөн оны 02, 04, 10 саруудад хагалгаанд орсон. Г.Ц-гийн ажлаа хийгээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянав.

7.Нэхэмжлэгч Г.Ц- нь хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,271,280 төгрөг, ээлжийн амралтын олговор 654,256 төгрөг, нийт 3,925,536 төгрөгийг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 27-28/

8.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосны улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

8а.Хариуцагч байгууллагаас татгалзлалын үндэслэлээ нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтад өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг дарсан байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдгийг энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй гэж тайлбарласан.

8б.Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримт гаргах, цуглуулах үүргээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу эх хувь, эсвэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар бичмэл нотлох баримтыг өгөх ёстой.

9.Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасанд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/00337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД