Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/00159

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .....................тоотод байрлах, Ж ХХК /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....................... тоотод оршин суух, Б ургийн овогтой П.Г /РД:........../,

 

Хариуцагч: .................. тоот хаягт оршин суух, Н ургийн овогтой Ж.А /РД: .............../ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 55,367,310.06 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ... оны .. дугаар сарын ....-ны өдрийн ..... тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч П.Г өмгөөлөгч Ю.С, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ Ж ХХК-тай иргэн П.Г, Т.Т нар нь хамтарч .... оны .... дугаар сарын ...-ны өдөр .... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээл нь сарын 4 хувийн хүүтэй, жилийн 48 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 20,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Т.Тын өмчлөлийн ......................тоот хаягт байршилтай .... метр квадрат бүхий ........... улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалсан. Тухайн үед уг орон сууц нь нэг хүний өмчлөл буюу Т.Тын эзэмшил байсан. Иймд Т.Ттой барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртүүлж барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан, зээлийн ерөнхий хугацааг 12 сарын хугацаагаар буюу 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан. Зээлдэгч нар нь тухайн үед тодорхой төлбөрийг төлсөн боловч зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй. Зээлдэгч нар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлнө, 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдөр төлж дуусгана, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлж дуусгана гэж удаа дараа зээлээ төлөх хүсэлтээ илэрхийлж, хугацааг хойшлуулж байсан боловч зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй. Зээлдэгч нар үндсэн зээлд 6,337,974 төгрөг, хүүд 14,956,026 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй учир Ж ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тооцоолол хийж нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гарч, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцаасан. 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хүүг тооцож нэхэмжилсэн. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагад үндсэн зээлийн үлдэгдэл 13,662,025.56 төгрөг, 1,796 хоногийн зээлийн хүү буюу сарын 4 хувийн хүү, жилийн 48 хувийн хүүгээр тооцоолоход 32,942,607.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,762,678.01 төгрөг буюу нийт 55,367,310.06 төгрөгийг зээлдэгч П.Гээс гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээг П.Г, Т.Т нар хамтран зээл авсан бөгөөд Т.Т нь нас барсан. Хуулийн дагуу нэхэмжлэгч нь зээлдэгч болон хамтран зээлдэгч нарын аль алинаас нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэсэгчлэн хангуулан шаардах эрхтэй. Иймд зээлийн төлбөрийг бүхэлд нь П.Гээс гаргуулах хүсэлттэй байна. Хэрэв дээрх төлбөр нь төлөгдөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг хангуулах шаардлагыг Т.Тын эрх залгамжлагч болох барьцаа хөрөнгийг эзэмшин, ашиглаж буй Ж.Ад холбогдуулан гаргасан. Барьцааны хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлд хөрөнгөөр хангуулах хөрөнгөнд хамааралтай хөрөнгө юм. Ж.Агаас зээлийн төлбөрийг нэхэмжлэхгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэдий Ж.Агийн нэр дээр эрх залгамжлагч буюу өв залгамжлалын гэрчилгээ гаргаагүй байгаа боловч бодит байдал дээр Ж.А нь уг хөрөнгөөс татгалзаагүй, тухайн хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болж эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талаар тайлбарыг шүүхэд ирүүлсэн байсан. Бодит байдалд Ж.А нь уг хөрөнгийг эзэмшиж байгаа тул Ж.Ад холбогдуулан барьцаа хөрөнгийн шаардлагыг гаргасан. Иймд зээлийн гэрээний үүргийг болон барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж ХХК нь үндсэн зээлийн гэрээний үүргийг Т.Тоос нэхэмжлээгүй, П.Гт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Т.Т нь барьцаа хөрөнгийн өмчлөгч тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар түүний эрх залгамжлагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Банк болон банк бус санхүүгийн байгууллага нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг үндэслэж зээлийн гэрээ байгуулдаг бөгөөд мөн хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан зохицуулалт нь иргэд хоорондын зээлийн гэрээнд хэрэглэгддэг зохицуулалт юм. Хариуцагч тал нь барьцааны гэрээг ноцтой төөрөгдсөн хэлцэл, хууль бус хэлцлийн алинд хамааруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь тодорхойгүй байна. Зээлийн гэрээний 2.2 дахь хэсэгт зээлийг зээлдэгчийн харилцах дансанд шилжүүлсэн тохиолдолд олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч П.Гт зээлийг олгосон. Т.Т нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч буюу зээлийн гэрээний үүргийг төлөх этгээдээр оролцсон. Барьцаа гэрээнд Т.Т гарын үсэг зурсан бөгөөд гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Иймд хариуцагч Ж.Агийн Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасныг үндэслэж барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзлаа Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүссэн. Энэ нь дан ганц хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашраагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү хэрэг нь цөөнгүй удаа түдгэлзэж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой хэмжээний ажиллагаа явуулж, хуульд заасан үндэслэлийн дагуу түдгэлзсэн. Мөн нэхэмжлэгч тал шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Нэхэмжлэгчийн шаардаж буй 1,796 хоногийн хүүгээс 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хоногийн хүүг хасах ёстой юм. Иймд 32,942,000 төгрөгөөс тодорхой хувь хэмжээний хүү хасагдах ёстой юм. Нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүүг 8,762,678.01 төгрөг гэж хэлж байгаа боловч нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлээс бодох ёстой, хүү алдангиас бодох ёсгүй. Иймд 13,000,000 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүг бодоход 2,400,000 төгрөг болох бөгөөд нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлж нэхэмжилсэн байна. Зээлдэгчийн төлсөн 6,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, үлдэх 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал хүүд суутгаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. П.Г нь хэлэхдээ үндсэн зээлээсээ 10,000,000 төгрөгийг хасаад 10,000,000 төгрөгийг хүүд авчих гэж хэлсэн боловч нэхэмжлэгч тал үүнийг программдаа автоматаар оруулж, уг нотлох баримтаа шүүхэд өгсөн байна. Хамтран хариуцагч Ж.А нь өв залгамжлагч биш бөгөөд өв залгамжлалын эрх нь нээгдээгүй, өв залгамжлах эрхийн гэрчилгээ аваагүй. Иймд энэ хэрэгт эрх залгамжлагчаар оруулсан нь үндэслэлгүй байна. Ж.А нь өв залгамжлалын гэрчилгээ нээгдсэний дараа энэхүү хэрэгт эрх залгамжлагчаар оролцъё гэж хүсэлт гаргасан. Ж.А нь Т.Тын эхнэр байснаараа нэхэмжлэгчийн өмнө эрх зүйн үүрэг хүлээсэн этгээд болохгүй. Иймд өв залгамжлалын асуудал шийдэгдсэний дараа барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэл хуульд нийцнэ. Энэхүү хэрэгт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэгт холбогдогч нас барахад хэрэг нь хэрэгсэхгүй болдогтой адил ба Ж.А нь өв залгамжлагч болсон тохиолдолд л барьцаа хөрөнгийн асуудал шийдэгдэнэ. Иймд Ж.Аг хариуцагчаар татан оролцуулсан нь хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэх тайлбар гаргасан байна.

 

Хариуцагч Ж.А сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Ж ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Т.Т, П.Г нартай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр Ж ХХК нь 20,000,000 төгрөгийг П.Г, Т.Т нарт хүлээлгэн өгөх үүрэг хүлээж, Т.Тын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Гэвч Ж ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж Т.Тт 20,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй. Хавтас хэргийн 33 дугаар хуудаст авагдсан нотлох баримтад 20,000,000 төгрөгийг П.Гт өгсөн талаарх баримт авагдсан байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан. Иймд Т.Ттой зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнээс Т.Тын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт зээлийн гэрээг Ж ХХК нь П.Гтэй байгуулсан, Т.Ттой байгуулаагүй тул зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Ж ХХК-иас Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт /хх-ийн 7-10/, 2016 оны 02 сарын 22-ны өдрийн ............. тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ..... тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-ийн 12-19/, Ж ХХК-иас П.Г, Т.Т нарт мэдэгдэл хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 20-21/, Хаан банкны зарлагын мэдүүлгийн баримт /хх-ийн 22/, Ж ХХК-ийн кассын орлого, кассын зарлагын баримт /хх-ийн 32-33/, Ж ХХК-д П.Гийн гаргасан хүсэлт /хх-ийн 34-38, 94/, Ж ХХК-ийн санхүүгийн зээлийн дансны баримт /хх-ийн 55-64/,

 

6.Хариуцагчаас Гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 146/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 149-151/, Үл хөлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 162/, танхимын лавлагаа /хх-ийн 166/,

 

7.Хариуцагчийн хүсэлтээр Ж ХХК-ийн Зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагаанд мөрдөх журам, Нас барсны лавлагаа /хх-ийн 72-79/ шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч П.Гт холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13,662,025.56 төгрөг, зээлийн хүү 32,942,607.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,762.678 төгрөг нийт 55,367,310.06 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн, барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны зарлагын баримтаар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Ж ХХК нь  хариуцагч П.Г, Т.Т нартай ............. тоот Зээлийн гэрээ-г байгуулж, 20,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн, мөн талууд 735/БГ тоот Барьцааны гэрээ-г байгуулж, Эрхийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй, ..................... тоот, .... м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаалсан болох нь тогтоогдож байна.

 

Зээлийн болон барьцааны гэрээг талууд хүсэл зоригийнхоо дагуу байгуулж, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий зээлдэгч 20,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

Харин 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ............. тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-нд зээлдэгч Т.Т гарын үсэг зураагүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасны дагуу бичгээр хийх хэлцэлд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зураагүй учир уг хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй.

 

Зээлийг гэрээний үүргийг хамтран гүйцэтгэхээр П.Г, Т.Т нар гэрээг зөвшөөрч байгуулсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д хамтран үүрэг гүйцэтгэгчидийн талаар зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 242.3.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно.

 

Иргэний хуулийн Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Зээлийн гэрээний 2.1.2-т зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүг сарын 4 хувь, жилийн 48 хувиар, 2.1.3-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг сарын 0.8 хувь, жилийн 9.6 хувиар, 2.7-д талууд гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон байна.  

 

Зээлийн гэрээнд гэрээний болон хэтэрсэн хугацаа хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон, уг тохиролцоо хуульд нийцсэн байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч төлөх үүрэг хүлээнэ.

 

Хариуцагчаас 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөг, 20-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөг, 06 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 6,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн боловч үүнийг үндсэн зээлээс бус хүүгээс хассан талаар маргасан.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.

 

Нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн 10,000,000 төгрөгөөс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөг, 20-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцож хассан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.

 

Зээлийн төлбөрөөс дээрх 4,000,000 төгрөгийг хасаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 9,662,025.56 төгрөг, зээлийн хүү 31,665,692 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,333,138 төгрөг нийт 47,660,856.56 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч П.Г нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн төлбөр төлөхийг зөвшөөрч хүсэлтээ нэхэмжлэгчид бичгээр гаргасан хугацаандаа төлөөгүй, /хх-ийн 34-38 дугаар тал/ улмаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжлэх эрхтэй. Хариуцагч гэрээнд зааснаар зээлийн төлбөр төлж дуусаагүй бол хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзах, түүний хэмжээг бууруулах үндэслэл болохгүй.

 

Иймд хариуцагч П.Гээс 47,660,856.56 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, үлдэх 7,706,453 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч Ж.А нь ............. тоот, 27.9 м.кв талбайтай нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ...... тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээл 20,000,000 төгрөгийг зээлдэгч Т.Т аваагүй, түүнд шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.

 

Гэрээний нэг тал Ж ХХК, нөгөө талаас П.Г болон Т.Т нар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ............. тоот Зээлийн гэрээ байгуулж, тус хэлцэл хүчин төгөлдөр болсон талаар дээр дүгнэсэн. Мөн гэрээний дагуу зээлийг зээлдэгч талд шилжүүлснээр гэрээний үүргийг нэхэмжлэгч биелүүлсэн нь тогтоогдсон байна.

 

Ж ХХК нь П.Г болон Т.Т нартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах ...... тоот Барьцааны гэрээ-г бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.  

 

Гэрээний аль нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл болохгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл, эсхүл хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Барьцааны гэрээний тал, барьцаа хөрөнгийн өмчлөгч Т.Т 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болох нь нас барсны лавлагаагаар /хх-ийн 72-79/, хариуцагч Ж.А нь барьцаа хөрөнгийг өвийн журмаар хүлээн аваагүй нь Нотариатын танхимын лавлагаагаар нотлогдож байна. /хх-ийн 166/

 

Өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. Хариуцагч Ж.А нь барьцаа хөрөнгийг өвөөр хүлээн авсан баримтгүй, тогтоогдохгүй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хариуцахгүй.

 

Барьцааны гэрээнд хариуцагч П.Г гарын үсэг зурж гэрээг байгуулсан хэдий ч барьцаа хөрөнгийг захиран зарцуулах, барьцаалах эрхтэй этгээд нь П.Г бус Т.Т болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

 

Иймд Эрхийн улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, /16094/ ................. талбайтай нэг өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн .... тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах хариуцагч Ж.Агийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь барьцааны гэрээний дагуу шаардах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 650,609 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч П.Гээс 47,660,856.56 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, үлдэх 7,706,453 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч П.Г, Ж.А нарт холбогдох ................... тоот, 27.9 м.кв талбайтай нэг өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ж ХХК-д холбогдох 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ...... тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Ж.Агийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 650,609 төгрөгийг, хариуцагч Ж.Агаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Гээс 396,255 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР