Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00217

 

 

Ж ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/03212 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн хариуцагч П.Гт холбогдох 43 488 013.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч П.Г нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр манай банк бус байгууллагатай 735/ЗГ дугаартай зээлийн гэрээг байгуулсан. 20 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 735/БГ дугаартай барьцааны гэрээг байгуулан Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 89 дүгээр байр, 47 тоот хаягт байршилтай 27.9 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. Манай байгууллага зээлдэгч П.Гийн зээлийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 735/01/ЗГ дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан, зээлийн ерөнхий хугацааг 12 сар болгон сунгаж үндсэн зээл,

хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжлэхээр тохирсон. Гэтэл зээлдэгч П.Г нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Зээлдэгч П.Г нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нь дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 13 662 025.56 төгрөг, үндсэн хүү 23 959 357.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 866 630.96 төгрөг, нийт 43 488 013.84 төгрөгийн өр төлбөртэй байна. П.Г нь зээлийн өр төлбөрийг төлнө гэдгээ удаа дараа илэрхийлж байсан боловч өнөөг хүртэл тодорхой үр дүн гараагүй байгаа. Ийм учраас дараах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 89 дүгээр байр, 47 тоот хаягт байршилтай 27.9 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч П.Гээс 43 488 013.84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2205042493 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо /16094/, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 89 дүгээр байр, 47 тоот хаягт байршилтай, 27.9 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие шүүх хурал давхцаж уг хүсэлтээ бичгээр шүүхэд өгсөн боловч талуудын мэтгэлцэх боломжийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу. Уг маргаанд Т.Төмөр-Очирыг оролцуулалгүй, түүний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Т.Төмөр-Очирын эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа тухайд дүгнэлт хийгээгүй. Т:Төмөр-Очирт эрх үүрэг тайлбарлаж, нэхэмжлэлийн хувь гардуулаагүй. П.Г нь нийт 20 000 000 төгрөгийг төлсөөр байхад 43 000 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр төлөгдсөн 43 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК нь хариуцагч П.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43 488 013.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан эсэх тайлбар, түүний үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Хэдийгээр хариуцагч хариу тайлбар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран зээлдэгч Т.Төмөр-Очирыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2020/14738 дугаар шүүгчийн захирамжаар хангажээ. Гэвч шүүх түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг тайлбарлах, хэргийн материалыг танилцуулах ажиллагааг хийлгүй хэргийг шийдвэрлэж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ.

 

                Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. гэснийг зөрчжээ.

                Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.

                Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас зээлийн төлбөрийн хэмжээний талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх үйл ажиллагаанд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцогдох эсэхийг тогтооход тусгай мэдлэг шаардагдахгүй ба өөрөө үүнийгээ нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой. Мөн шүүх хуралдааны товыг мэдэгдсэнээс хойш өөр шүүх дээр зарлагдсан хэргийн шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй гэж хэрэгсэхгүй болгож, түүнийг байлцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсгийг зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/03212 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн 357 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД            А.МӨНХЗУЛ

 

                                                                 С.ЭНХТӨР