Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2022/00344

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Асумын Засаг дарга /Х/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А  нь хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргад холбогдуулан Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1) Миний бие 2014 онд Б аймгийн А сумын Хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож, ажлаасаа халагдах хүртэл 8 дахь жилдээ ажилласан. А сумын Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00 дүгээр захирамж гаргаж намайг А сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд сэлгэн ажиллуулахаар болж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуульд ажилтыг сэлгэн ажиллуулахаас өмнө ажилтантай харилцан тохиролцсон байх ёстой нарийн журамтай боловч А сумын Засаг дарга надтай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцохгүйгээр, санал авахгүйгээр шууд сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан байна. Надтай тохиролцохгүйгээр шууд сэлгэн ажиллуулснаар миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж байна.

2) Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т “Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ”, 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж заасны дагуу сэлгэн ажиллуулсан тухайн ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд шууд шүүхэд гомдлоо гаргаж байна.

3) Иймд Ч намайг сэлгэн ажиллуулах тухай Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга хариу тайлбартаа “Баймгийн Асумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох зорилгын хүрээнд хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгай харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа ба аймгийн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаа. Сэлгэн ажиллуулах явцад хэн нэгнийг ажлаас халсан, эрх зүйн байдлыг нь доордуулсан асуудал байхгүй бөгөөд ажил олгогч ажилтан хоёр зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан эрх  үүргийн хүрээнд л ажил зохион байгуулагдаж байгааг тайлбарлая. Цаашид сэлгэн ажиллуулах тухай захирамжийн хэрэгжилтийг нь бүрэн хангаж ажиллах нь эрхлэгчийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт түүний Монгол Улсын  иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/485 дугаартай захирамж, Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дүгээр захирамж, 2021 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 10 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 08 дугаартай албан бичиг, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/116 дугаартай албан бичиг, итгэмжлэл зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2/174 дугаартай, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1/180 дугаартай итгэмжлэлийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч А ын Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн А сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол нь үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн А сумын Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дугаартай захирамж гаргаж намайг А сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд сэлгэж ажиллуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулиар сэлгэн ажиллуулахаас өмнө ажилтантай харилцан тохиролцсон байх ёстой боловч Б аймгийн А сумын Засаг даргаас надтай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцохгүйгээр шууд сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан тул миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж байна гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох зорилгын хүрээнд хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа ба аймгийн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаа. Сэлгэн ажиллуулах явцад хэн нэгнийг ажлаас халсан, эрх зүйн байдлыг нь доордуулсан асуудал байхгүй бөгөөд ажил олгогч, ажилтан хоёр зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргийн хүрээнд л ажил зохион байгуулагдаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/485 дугаартай “А ийг ажилд томилох тухай” захирамж, Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дугаартай Сэлгэн ажиллуулах тухай захирамж, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай Б аймгийн А сумын Засаг дарга болон А сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А  нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Б аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/485 дугаартай захирамжаар Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 76 тоот албан тоотоор ирүүлсэн нэр дэвшүүлэх тогтоолоор нэр дэвшигдсэн А-ийг А сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон байх ба Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дугаартай захирамжаар А сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А ыг А сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.  2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай А сумын Засаг дарга болон А сумын 10 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А  нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний гуравдугаар заалтаар Ажил олгогчийн эрх үүргийн талаар харилцан тохиролцсон байх ба уг хөдөлмөрийн гэрээний гуравдугаар зүйлийн 3.8-д А сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг ажил сайжруулах, сайн туршлагуудаа хуваалцах зорилгоор цэцэрлэг хооронд тодорхой хугацаагаар сэлгэн ажиллуулах ажил зохион байгуулах эрхийг зохицуулжээ.

5.Нэхэмжлэгч ажил олгогчийг харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулах ёстой байсан гэж тайлбарлаж нэхэмжлэлээ дэмжиж тайлбарласан ба хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

6.Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дугаартай Сэлгэн ажиллуулах тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.4, 102 дугаар зүйлийн 102.1.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь заалтыг тус тус үндэслэн А сумын 10 дугаар  цэцэрлэгийн эрхлэгч А ыг А сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр хоёр жилийн хугацаатай сэлгэн ажиллуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно”, 59.1.4-т “нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд ажил олгогч нь ажилтныг сэлгэн ажиллуулсан тохиолдолд ажилтантай харилцан тохиролцсон байх шаардлагатай байх бөгөөд ажил олгогч Б аймгийн А сумын Засаг даргаас нэхэмжлэгч А т сэлгэн ажиллуулах санал гаргасныг зөвшөөрч харилцан тохиролцсон гэдгийг нотлох баримт байхгүй байна. Хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргаас 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний гуравдугаар зүйлийн 3.8 дахь заалтаар сэлгэн ажиллуулахаар харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү гэрээний гуравдугаар зүйлээр ажил олгогчийн эрх үүргийг харилцан тохиролцсон болохоос Б аймгийн А сумын Засаг дарга нь А тай тухайн үйл баримтын талаар буюу Б аймгийн А сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд сэлгэн ажиллуулах талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Сэлгэн ажиллуулах тухай зохицуулалт нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд шинээр орсон зохицуулалт бөгөөд энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн болно. 

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлд сум дүүргийн Засаг даргын тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулсан ба мөн хуулийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхийг тусгажээ. Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дугаартай Сэлгэн ажиллуулах тухай захирамжаас үзэхэд А ыг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлсөн тухай агуулга байхгүй байгаа тул хариуцагчийн тухайн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч Ж овгийн А-ийн гомдлыг хангаж, Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож,  А-г Б аймгийн А сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

7.Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/116 дугаартай албан бичигт А суманд Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй талаар, Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай албан бичигт аймгийн хэмжээнд хөдөлмөрийн маргаан таслах ажлын хэсэг байгуулагдаагүй талаар тусгасан байх ба нэхэмжлэгч А  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж шүүхэд хандсан байх тул нэхэмжлэгч А ын гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д заасныг үндэслэн шийдвэрлэлээ.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан Ж овгийн А-г гомдлыг хангаж, Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож,  А-г Б аймгийн А сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х