Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2022/00059

 

Ч.Аийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 4 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2022/00344 дүгээр шийдвэртэй, *** оршин суух ** овогт Ч.Аийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багт байрлах Ө сумын ЗДТГ-ын байранд үйл ажиллагаа явуулдаг Ө сумын Засаг дарга /Д.Е/-д холбогдох,  

“Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дугаар “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Миний бие 2014 онд Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож, ажлаасаа халагдах хүртэл 8 дахь жилдээ ажилласан.

1.2. Ө сумын Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дүгээр захирамж гаргаж намайг Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд сэлгэн ажиллуулахаар болж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуульд ажилтыг сэлгэн ажиллуулахаас өмнө ажилтантай харилцан тохиролцсон байх ёстой нарийн журамтай боловч Ө сумын Засаг дарга надтай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцохгүйгээр, санал авахгүйгээр шууд сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан байна. Надтай тохиролцохгүйгээр шууд сэлгэн ажиллуулснаар миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж байна.

1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т “Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ”, 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж заасны дагуу сэлгэн ажиллуулсан тухайн ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд шууд шүүхэд гомдлоо гаргаж байна.

1.4. Иймд Ч.А намайг сэлгэн ажиллуулах тухай Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ..

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймгийн Ө сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох зорилгын хүрээнд хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа ба аймгийн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаа.

2.2. Сэлгэн ажиллуулах явцад хэн нэгнийг ажлаас халсан, эрх зүйн байдлыг нь доордуулсан асуудал байхгүй бөгөөд ажил олгогч ажилтан хоёр зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргийн хүрээнд л ажил зохион байгуулагдаж байгааг тайлбарлая.

2.3. Цаашид сэлгэн ажиллуулах тухай захирамжийн хэрэгжилтийг нь бүрэн хангаж ажиллах нь эрхлэгчийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2022/00344 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан ** овгийн Ч.Аын гомдлыг хангаж, Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дугаартай Сэлгэн ажиллуулах тухай захирамжийг хүчингүй болгож, Ч.Аыг Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Ө сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг хооронд нь сэлгэн ажиллуулах тухай ажил зохион байгуулсан гол зорилго нь цэцэрлэг хооронд сайн туршлага бий болгох, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго агуулсан.

4.2. Ч.А нь тэс өөр албан тушаалд сэлгэн ажиллаагүй бөгөөд зөвхөн цэцэрлэгийн харьяалал өөрчлөгдсөн бөгөөд эрхэлсэн ажил, хөдөлмөрлөх нөхцөлийн хувьд чанарын ямар нэгэн ялгаа байхгүй, эрх зүйн байдлыг доордуулсан шийдвэр гараагүй.

4.3. Ч.Атай харилцан тохиролцоогүй мэдэгдээгүй гэдэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээг сум дундын шүүх тал бүрээс нь судалж, үнэлээгүй явдалд гомдолтой байна.

4.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр биш учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

            5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзээд, гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

           

6. Нэхэмжлэгч Ч.А нь Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/  59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

7. Ажил олгогч “Ө сумын Хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох зорилгын хүрээнд Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт заасны дагуу, харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа ба аймгийн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхээр энэхүү ажлыг зохион байгуулж байна. Сэлгэн ажиллуулах захирамжийн хэрэгжилтийг эрхлэгчид хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэн нэгний эрх зүйн байдлыг нь доордуулсан асуудал байхгүй.” гэж хариу тайлбар гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

 

            8. Нэхэмжлэгч Ч.А нь Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын  16-ны өдрийн Б/485 дугаартай захирамжаар Ө сумын Хүүхдийн  ** дугаар цэцэрлэгийн  эрхлэгчээр томилогдон, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ө сумын Хүүхдийн  ** дугаар цэцэрлэгийн  эрхлэгчээр ажиллаж байсан нь тогтоогджээ. /хавтаст хэргийн 3, 4 дэх тал/

 

            9. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг дарга Д.Е нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.4, 102 дугаар зүйлийн 102.1.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн Ө сумын Хүүхдийн  ** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.Аийг Ө сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

 

10. Ажил олгогч ажилтныг сэлгэн ажиллуулахдаа “Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар, ажилтныг сэлгэн ажиллуулах талаар ажил олгогч болон ажилтан харилцан тохиролцсон, энэ талаарх ажил олгогчийн саналыг ажилтан хүлээн зөвшөөрсөн талаарх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3.8 дахь заалтыг өөр ажлын байранд сэлгэн ажиллах талаарх ажилтны зөвшөөрөл гэж үзэх үндэслэлгүй.

 

11. Ажилтныг сэлгэн ажиллуулах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/  59 дүгээр зүйлийн 59.1-д “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж зааснаас үзэхэд, ажил олгогч нь ажилтныг сэлгэн ажиллуулахдаа ажилтантай заавал тохиролцож, зөвшөөрлийг нь авсан байхаас гадна аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд сэлгэн ажиллуулахаар хуульчилсан. Гэтэл Ө сумын Засаг дарга нь “** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.Аийг Ө сумын * дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр” сэлгэн ажиллуулахдаа “аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд сэлгэн ажиллуулах” хуульчилсан журмыг зөрчсөн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/  59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж дүгнэв.

 

            12. Зохигчийн тайлбараас дүгнэвэл, ажилтан болон ажил олгогч сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож ажилтныг сэлгэн ажиллуулах болсон гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд сумын Засаг дарга нь ажил олгогчийн хувьд ажилтныг өөр ажлын байранд сэлгэн ажиллуулах шийдвэр гаргах эрхтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан журмын хүрээнд, хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Гэтэл хариуцагч буюу Ө сумын Засаг дарга Д.Еаас Ө сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.Аийг Ө сумын * дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан “ажилтантай харилцан тохиролцох”, “аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд сэлгэн ажиллуулах” урьдчилсан нөхцөлүүдийн аль алийг зөрчсөн нь тогтоогджээ.

 

13. Иймээс ажил олгогчийн ажилтныг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахаар гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан ажилтны гомдлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Ө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ч.А нь тэс өөр албан тушаалд сэлгэн ажиллаагүй, зөвхөн цэцэрлэгийн харьяалал өөрчлөгдсөн бөгөөд эрхэлсэн ажил, хөдөлмөрлөх нөхцөлийн хувьд чанарын ямар нэгэн ялгаа байхгүй, эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргаагүй” гэх илт хууль зүйн үндэслэлгүй давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь ажил олгогчоос ажилтан Ч.Аийн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт бэхжүүлсэн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох” үндсэн эрхийг хөндсөн, зөрчсөн шийдвэр гаргасан бөгөөд ажилтныг өөр ажлын байранд сэлгэн ажиллуулах, албан тушаалыг нь захиргааны санаачилгаар өөрчлөх тохиолдолд түүний сайн дурын үндсэн дээр, бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэх нь хүний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох үндсэн эрхийн агуулгыг тодорхойлох чухал үйл баримт юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2022/00344 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК