Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2022/00299

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сан (тус сумын Засаг дарга Х, утас 0000000);

Хариуцагч: Б аймгийн Н сумын 7 дугаар багт оршин суудаг, РД:000000 С овогт Х:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт нийт 5310500 төгрөгийг Б аймгийн Н сумын төрийн сангийн 00000000000 тоот дансанд оруулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д,

Хариуцагч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Засаг даргаас хариуцагч Хт холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл, хүүгийн хамт нийт 5310500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Хариуцагч Х нь Н сумын Сум хөгжүүлэх сангаас 5000000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлийн гэрээ байгуулан зээлдэн авсан. Тохиролцсон хугацаа 60 сарын өмнө дуусан боловч мөнгийг буцаан төлөхгүй байна. Иймд Х-аас үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 5310500 төгрөг гаргуулан Н сумын сумын төрийн сангийн 00000000000 тоот дансанд төлүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.Хариуцагч Х хариу тайлбартаа: 1) Миний бие арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах зорилгоор 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Н сумын Сум хөгжүүлэх сангаас 5000000 төгрөгийг, 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээлдэж авсан нь үнэн. Арьс шир боловсруулах үйлдвэр байгуулна гэж яваад дампуурсан тул зээлээ гэрээнд зааснаар төлөөгүй маань үнэн.

2) Гэхдээ нэхэмжлэгч талаас  надаас зээлээ төлөхийг хэзээ ч шаардаж байгаагүй бөгөөд Н сумын Засаг Х.Есболат гэрээний үүрэгтэй холбоотой тогтоосон хугацаанд зээлээ төлөхийг шаардсан, мэдэгдсэн зүйл огт байхгүй.

3) Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааж бөгөөд энэ хугацаа өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 3.Нэхэмжлэгчээс 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №29 тоот “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлгэрчилсэн загвар”, “Барьцааны гэрээ”, Хаан банкны “Зээл буцаан төлөх хуваарь” зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас шүүхэд бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн хариуцагч Х-аас үндсэн зээл, хүүгийн хамт нийт 5310500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Х нь Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ хийж 5000000 төгрөгийг авсан боловч зээлийн үлдэгдэл хүүгийн хамт нийт 5310500 төгрөгийг төлөхгүй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Х нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 5000000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Нэхэмжлэгч талаас хуулийн хугацаанд зээл төлөхийг шаардаагүй, зээлийг нэхэмжлэх  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

1) Нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Засаг дарга болон хариуцагч (зээлдэгч) Х нар нь 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр  29 дугаартай  “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” байгуулан, 5000000 төгрөгийн зээлийг, сарын 0,25 хувийн хүүтэй, арьс шир боловсруулах зориулалтаар авсан болох нь нотлогдож байна. Үүгээр

Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сан болон Х нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 282.1-т зааснаар талууд зээлийн хүүг тохиролцсон байна.

2) 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн  29 дугаартай  “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ээр зээлийн гэрээний хугацааг тусгаагүй, мөн энэ гэрээний  2.2-т “зээлийн үндсэн төлбөрийг дор дурдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгана” гэж заасан боловч эргэн төлөлтийн хуваарийг гүйцэт бичээгүй үлдээсэн тул зээлийн гэрээний хугацааг тодорхойлох боломжгүй байна.

3) Нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Засаг дарга болон хариуцагч (зээлдэгч) Х нар гарын үсэг зурсан “Барьцааны гэрээ”-ний огноо, дугаар бичигдээгүй, мөн 2.2-т “Барьцааны зүйл: Барьцаалуулагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүний бүрдэл хэсэг, дагалдах зүйл, хөрөнгийг засан сайжруулах зорилгоор оруулах нэмэлт өөрчлөлтийг хамтад нь барьцаалуулсан болно” гэж заасан боловч барьцааны зүйлийг бичээгүй, ямар эд хөрөнгө барьцаалсан нь тодорхой бус байгаа тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны эрх үүсээгүй байна.

 4) Нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Засаг дарга болон хариуцагч (зээлдэгч) Х нар гарын үсэг зурж 2013 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр байгуулсан  29 дугаартай  “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-нд хавсралтаар зохицуулсан заалт байхгүй ба нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээлийн гэрээний хавсралт гэх Хаан банкны “Зээл буцаан төлөлтийн хуваарь”-т банкийг төлөөлж, салбарын захирал болон зээлийн эдийн засагч нар гарын үсэг зурсан байгаа тул Хаан банкны “Зээл буцаан төлөлтийн хуваарь” нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

5) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ”зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.

 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 134 дүгээр тогтоол болон 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталсан ба тухайн журмаар сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулах “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ.

Мөн “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-д зааснаар сумын Засаг дарга нь санд ирүүлсэн орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилгод нийцсэн төсөлд зээл олгох шийдвэр гаргаж, төсөл нь шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн явц, үр дүнд байнга хяналт тавьж ажиллах үүрэгтэй байна.

Дээрх “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын дагуу хариуцагч Х-т Сум хөгжүүлэх сангаас зээл олгосон эсэхийг нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгч чадаагүй, зөвхөн зээлдэгч (хариуцагч) Х-тай байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 29 дугаартай  “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-г гаргаж өгсөн, хариуцагч Х нь Сум хөгжүүлэх сангаас арьс шир боловсруулах зориулалтаар зээл авахад холбогдох төсөл бусад баримтуудыг тухайн үед бүрдүүлж өгсөн эсэх нь хөдлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

6) Нэхэмжлэгч талаас урьд өмнө зээлийг буцаан төлөхийг шаардаж байсан тухай нотлох баримт байхгүй боловч хариуцагч Х нь Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сангаас 5000000 төгрөгийн зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрснөөр Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан зээлээ буцаан төлөх үүргээ шударгаар гүйцэтгэх зарчимтай болно. 

7) Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд нийтлэг журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолдог.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй боловч хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч зээлийн гэрээний хугацааг тодорхойлох нотлох баримт байхгүй байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх тусгай хугацааг хэрэглэх боломжгүй байна.

8) Мөн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 29 дугаартай  “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний дагуу хариуцагч Х нь 5000000 төгрөгийг шилжүүлэн авч  талуудад зээлийн гэрээний эрх үүрэг үүссэнээс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий арван жилийн хугацаа өнгөрөөгүй байна.

9) Мөн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан ба талуудын хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дугаартай  “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-нд зээлийг буцаан төлөх хугацааг тогтоогоогүй тул зээлдүүлэгчийн шаардсанаар зээлдэгч түүнийг буцаан төлөхөөр байна.

10) Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 5310500 төгрөгийн үнийн дүн дээр маргаагүй болно.

11) Иймд нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х-аас Н сумын Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл, хүүгийн хамт нийт 5310500 (таван сая гурван зуун арван мянга таван зуун)  төгрөгийг гаргуулан Б аймгийн Н сумын төрийн сангийн 00000000000 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

12)Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сан нь төсвийн байгууллага тул энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамж 99918 төгрөгийг хариуцагч Хаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б аймгийн Н сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С овогт Х-аас сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн хамт нийт 5310500 (таван сая гурван зуун арван мянга таван зуун) төгрөгийг гаргуулан Б аймгийн Н сумын төрийн сангийн 00000000000 тоот дансанд оруулсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х-аас 99918 (ерэн есөн мянга есөн зуун арван найман)  төгрөгийг  гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М