Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00972

 

 

2022           10            21                                         001/ХТ2022/00972

Б-Ө А НН С ЗД

 даргын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00299 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 212/МА2022/00049 дүгээр магадлалтай,

Б-Ө А НН С ЗД даргын нэхэмжлэлтэй

О.Хт холбогдох

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 5,310,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Даригагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Дарига, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б-Ө А НН С ЗД дарга нь О.Хт холбогдуулан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 5,310,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00299 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б-Ө А НН С ЗД даргын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Секел овогт Охымын О.Хаас сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн хамт нийт 5310500 (таван сая гурван зуун арван мянга таван зуун) төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төрийн сангийн 100020855401 тоот дансанд оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч О.Хаас 99918 (ерэн есөн мянга есөн зуун арван найман) төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 212/МА2022/00049 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00299 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалт, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б-Ө А НН С ЗД даргын хариуцагч О.Хт холбогдуулан гаргасан 5.310.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.3, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч төсвийн байгууллага нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 99918 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж О.Хт буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Дарига хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: Тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.21-ний өдрийн 130/ШШ2022/00299 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ногооннуур сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн хамт нийт 5,310,500 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн. Ингэхдээ ...“Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын дагуу хариуцагч О.Хт Ногооннуур сумын Сум хөгжүүлэх сангаас зээл олгосон эсэхийг нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгч чадаагүй, зөвхөн зээлдэгч (хариуцагч) О.Хтай байгуулсан 2013.04.09-ний өдөр 29 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-г гаргаж өгсөн, хариуцагч О.Х нь Сум хөгжүүлэх сангаас арьс шир боловсруулах зориулалтаар зээл авахад холбогдох төсөл бусад баримтуудыг тухайн үед бүрдүүлж өгсөн эсэх нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдоогүй. Мөн нэхэмжлэгч талаас урьд өмнө зээлийг буцаан төлөхийг шаардаж байсан тухай нотлох баримт байхгүй боловч хариуцагч О.Х нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сум хөгжүүлэх сангаас 5,000,000 төгрөгийн зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрснөөр Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан зээлээ буцаан төлөх үүргээ шударгаар гүйцэтгэх зарчимтай болно. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй боловч хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч зээлийн гэрээний хугацааг тодорхойлох нотлох баримт байхгүй байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх тусгай хугацааг хэрэглэх боломжгүй байна. 2013.04.09-ний өдөр 29 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний дагуу хариуцагч О.Х нь 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч талуудад зээлийн гэрээний эрх үүрэг үүссэнээс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий арван жилийн хугацаа өнгөрөөгүй байна...” гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх дээрх байдлаар хавтаст хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж талуудын хороонд үүссэн гэрээтэй холбоотой маргааныг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүхээс “...Хэргийн 6 дугаар хуудаст авагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь гэх баримтыг үйлдэхдээ талууд “ХААН банк”-ны загвар баримтыг ашигласан хэдий ч уг баримтад зээлдүүлэгчийг төлөөлж Ногооннуур сумын Засаг дарга болон Төрийн сангийн төлөөлөгч нар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байдал, тухайн баримтыг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлдээ 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан, хугацаа 60 сарын өмнө дууссан гэж тайлбарласан зэргийг үндэслэж, тухайн зээл буцаан төлөх хуваарь гэх баримт бичгийг зээлийн гэрээний бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно...” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг зөрүүтэй байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал гэж үзэж байна. Зүй нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж зааснаар талуудын хооронд байгуулсан 2013.04.09-ний өдрийн 29 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-нд зээлийг буцаан төлөх хугацааг тогтоогоогүй тул зээлдүүлэгчийн шаардсанаар зээлдэгч зээлийг буцаан төлөхөөр байна. Иймд миний давж заалдах шатны шүүхийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн явдлыг зөвтгөж арилгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар гаргасан хяналтын гомдлыг хангаж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

 

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.09.16-ны өдрийн 001/ШХТ2022/00879 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан нь үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

8. Нэхэмжлэгч Б-Ө А НН С ЗД дарга, хариуцагч О.Хт холбогдуулан зээлийн үүрэгт 5,318,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

9. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээл авсан боловч үйл ажиллагаа дампуурсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн байна.

10. Талуудын хооронд байгуулагдсан 2013.04.09-ний өдрийн сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг сарын 0,25 хувийн, жилийн 3.0 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч зээлдэгч О.Х зээлийг буцааж төлөөгүй үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

11. Хоёр шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болохыг хуульд нийцүүлэн дүгнэсэн боловч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хэрэглэвэл зохих хуулийг зөрүүтэй хэрэглэж, өөр өөр шийдвэр гаргасан нь хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болсон.

12. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2013.04.09-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2016.04.09 гэхэд дууссан, гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч О.Х огт төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч нь шүүхэд 2022.02.09-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

13. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгч нь үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч уг шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хугацааг өнгөрөөсөн, “зээлийн гэрээний бүрэлдэхүүн хэсэг болох эргэн төлөлтийн хуваарь” баримтыг анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй гэж буруу дүгнэсэн, талууд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь гэх баримтыг үйлдэхдээ ХААН банкны загвар баримтыг ашигласан хэдий ч уг баримтад зээлдүүлэгчийг төлөөлж Ногооннуур сумын Засаг дарга болон Төрийн сангийн төлөөлөгч нар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан, тухайн баримтыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлдээ 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан, хугацаа 60 сарын өмнө дууссан гэж тайлбарласан, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг 2016.04.09-ний өдрөөс эхлэн тоолоход, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь илэрхий тогтоогдсон...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

14. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг гурван жил гэж тусгайлан зохицуулсан.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих уг хэм хэмжээг хэрэглэсэн нь оновчтой болсон боловч гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч үүргээ хүлээн зөвшөөрч байсан эсэх, нэхэмжлэгч шаардаж байсан эсэх, талууд шүүхэд хандах тодорхой нөхцөлийг зээлийн гэрээнд тохирсон байгаа эсэхийг анхаараагүй нь хууль хэрэглээний алдаатай болсон, улмаар магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон байна.

15. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хөөн хэлэлцэх хугацааг тогтоохдоо хэрэглэх ёсгүй хуулийг буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг хамаарна гэж, мөн талууд гэрээний хугацааг тохирсон болохоо  маргаагүй, энэ талаар баримт хэрэгт байхад “хугацааг тохиролцоогүй” гэж тус тус үзсэн нь үндэслэлгүй бөгөөд уг дүгнэлтийг зөвтгөх шаардлагатай гэж үзэв.

16. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Зээлийн гэрээний хугацаа 2016.04.09-нд дууссан боловч зээлдүүлэгч 2022.02.05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч үүргээ зөвшөөрч байсан эсвэл нэхэмжлэгч шаардаж байсан эсэх ач холбогдол бүхий байдлыг хоёр шатны шүүх аль аль нь тодруулаагүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд энэ талаар зохих дүгнэлт хийх боломжгүй байна.

17. Харин зээлийн гэрээний 4.3-д “энэхүү гэрээтэй холбогдсон аливаа маргаантай асуудлыг хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэх боломжгүй бол асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж зааснаас үзвэл эхлээд талууд харилцан зөвшилцөөд боломжгүй тохиолдолд шүүхэд хандах нөхцөлийг тохирсон байх тул энэ журмаар шүүхэд хандсанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байжээ. Учир нь нэхэмжлэгч боломжгүй гэж үзсэн тохиолдолд шүүхэд хандах үйлдлийг хийх ёстой бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т “шаардах эрх нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс тоолно” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 212/МА2022/00049 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00299 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

       П.ЗОЛЗАЯА

        Д.ЦОЛМОН