Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2022/00233

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 3 дугаар багт оршин суух, Ж овогт А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн А сумын Засаг дарга /Х/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч А, түүний өмгөөлөгч С,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С-д шүүх хуралдааны товыг шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч С шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын өмгөөлөгч С-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэрийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А нь хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргад холбогдуулан Б аймгийн Асумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1. А би 2006 онд анх Б аймгийн А сумын Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт ажиллаж эхэлсэн ба 2021 оны 02 дугаар сараас эхлэн А сумын Хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

2.Б аймгийн А сумын Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дугаар захирамж гаргаж намайг А сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд сэлгэн ажиллуулахаар болж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулиар сэлгэн ажиллуулахаас өмнө ажилтантай харилцан тохиролцсон байх ёстой боловч А сумын Засаг даргаас надтай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцохгүйгээр шууд сэлгэн ажиллуулснаар миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж байна.

3.Манай аймагт Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороо одоогоор байгуулагдаагүй, миний гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэдгээ холбогдох байгууллагуудаас тодруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т “Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ”, 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж заасны дагуу сэлгэн ажиллуулсан тухайн ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд шууд шүүхэд гомдлоо гаргаж байна.

4.Анх шинээр томилогдсон ажилчдыг төлөвшүүлэх, мэргэшүүлэн ажилчидтайгаа хамтран өдөр шөнөгүй ажиллаж байхад намайг сахилгын шийтгэл оногдуулсан мэт сэлгэн ажиллуулсан явдалд гомдолтой байна. Намайг сэлгэн ажиллуулж буй цэцэрлэг миний оршин суудаг газраас 8 км-ийн зайтай хол. Иймд А намайг сэлгэн ажиллуулах тухай Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга хариу тайлбартаа “Б аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох зорилгын хүрээнд хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгай харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа ба аймгийн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаа.

3.Б аймаг боловсролын түшингээрээ улсын хэмжээнд 21 дүгээр байранд орж байгаа.  Миний бие сумын Засаг дарга болсны дараа энэхүү асуудлыг барьж аваад боловсролын түвшнийг сайжруулна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ийнхүү Засаг даргын ажлаа авснаас хойш сэлгэн ажиллуулна гэдгийг олон нийтийн сүлжээгээр болон хурлуудад ил тодорхой 1 жилийн хугацаанд зарласан. Үүний дараа эрхлэгч нарын бүтэн жилийн тайланг 7 хүний бүрэлдэхүүнтэй шалгасан. Гэтэл тухайн тайланд өнөөдрийн нэхэмжлэгч болох А муу гэсэн үнэлгээтэй буюу 63 хувьтай гарсан. Гэхдээ цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулахад үүнийг нь урьтал болгоогүй. Бид үүнтэй холбоотой арга хэмжээ авахад эхний ээлжид цалинг хасах эсхүл эрх зүйн байдлыг нь доордуулахгүйгээр арга хэмжээ авъя хэмээн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын саналыг үндэслээд энэхүү шийдвэрийг гаргасан.

Мөн нэхэмжлэгчийн ажиллаж буй цэцэрлэгээс албан бусаар маш их гомдлууд ирдэг. Ийнхүү гомдлуудыг эрхлэгчид нь тухай бүр танилцуулж, ярьдаг байсан. Мөн манай аймгийн цэцэрлэгийн эрхлэгч нар авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй их холбогддог. Дээрх нөхцөл байдлуудын харгалзан үзэж цэцэрлэгийн эрхлэгч нарт ямар нэгэн хариуцлага тооцохгүйгээр эхний ээлжид сэлгэн ажиллуулъя гэж бодож сэлгэн ажиллуулах тухай шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн гол зорилго нь авилга, хээл хахуулиас урьдчилан сэргийлж байна. Зөвхөн нэхэмжлэгч Аг сэлгэн ажиллуулаагүй. Нийтдээ 18 цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулж байгаа. Сэлгэн ажиллуулсны үр дүнд 3, 4 цэцэрлэгийн үйл ажиллагаа сайжирсан.

Сэлгэн ажиллуулах явцад хэн нэгнийг ажлаас халсан, эрх зүйн байдлыг нь доордуулсан асуудал байхгүй бөгөөд ажил олгогч ажилтан хоёр зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан эрх  үүргийн хүрээнд л ажил зохион байгуулагдаж байгааг тайлбарлая. Цаашид сэлгэн ажиллуулах тухай захирамжийн хэрэгжилтийг нь бүрэн хангаж ажиллах нь эрхлэгчийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт түүний Монгол Улсын  иргэний үнэмлэх, Б аймгийн А сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/04 дугаартай “Аг ажилд томилох тухай” захирамж, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамж, 2021 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 19 дугаартай хөдөлмөрийн гэрээ, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/116 дугаартай албан бичиг, Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 08 дугаартай албан бичиг, Агийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Голомт банкны дансны хуулга зэрэг баримтуудыг

Хариуцагчаас Б аймгийн Боловсролын газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 28 дугаартай албан бичгийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Агийн Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдол нь үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн А сумын Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дугаартай захирамж гаргаж намайг А сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд сэлгэж ажиллуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулиар сэлгэн ажиллуулахаас өмнө ажилтантай харилцан тохиролцсон байх ёстой боловч Б аймгийн А сумын Засаг даргаас надтай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцохгүйгээр шууд сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан тул миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж байна гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: А сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох зорилгын хүрээнд хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа ба аймгийн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаа. Сэлгэн ажиллуулах явцад хэн нэгнийг ажлаас халсан, эрх зүйн байдлыг нь доордуулсан асуудал байхгүй бөгөөд ажил олгогч, ажилтан хоёр зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргийн хүрээнд л ажил зохион байгуулагдаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б аймгийн А сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/04 дугаартай “Аг ажилд томилох тухай” захирамж, мөн даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамж, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай Б аймгийн А сумын Засаг дарга болон А сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Б аймгийн А сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/04 дугаартай захирамжаар Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор нэр дэвшигдсэн А сумын 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон байх ба мөн даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дугаартай захирамжаар А сумын 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч  Аг А сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай А сумын Засаг дарга болон А сумын 19-р хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний гуравдугаар заалтаар Ажил олгогчийн эрх үүргийн талаар харилцан тохиролцсон байх ба уг хөдөлмөрийн гэрээний гуравдугаар зүйлийн 3.8-д А сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг ажил сайжруулах, сайн туршлагуудаа хуваалцах зорилгоор цэцэрлэг хооронд тодорхой хугацаагаар сэлгэн ажиллуулах ажил зохион байгуулах эрхийг зохицуулжээ.

5.Нэхэмжлэгч ажил олгогчийг харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулах ёстой байсан гэж тайлбарлаж нэхэмжлэлээ дэмжиж тайлбарласан ба хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

6.Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.4, 102 дугаар зүйлийн 102.1.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь заалтыг тус тус үндэслэн А сумын 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А-г А сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр хоёр жилийн хугацаатай сэлгэн ажиллуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно”, 59.1.4-т нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд ажил олгогч нь ажилтныг сэлгэн ажиллуулсан тохиолдолд  ажилтантай харилцан тохиролцсон байх шаардлагатай байх бөгөөд ажил олгогч Б аймгийн А сумын Засаг даргаас нэхэмжлэгч Ад сэлгэн ажиллуулах санал гаргасныг зөвшөөрч харилцан тохиролцсон гэдгийг нотлох баримт байхгүй байна. Хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргаас 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний  гуравдугаар зүйлийн 3.8 дахь заалтаар сэлгэн ажиллуулахаар харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү гэрээний гуравдугаар зүйлээр ажил олгогчийн эрх үүргийг харилцан тохиролцсон болохоос Б аймгийн А сумын Засаг дарга нь А-тай тухайн үйл баримтын талаар буюу  Б аймгийн А сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд сэлгэн ажиллуулах талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Сэлгэн ажиллуулах тухай зохицуулалт нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд шинээр орсон зохицуулалт бөгөөд энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн болно.  Мөн ажил олгогч Б аймгийн А сумын Засаг дарга нь Аг сэлгэн ажиллуулсан тухай шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т заасан нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх  үндэслэлийг баримталсан байна. Нэхэмжлэгч Аг Б аймгийн А сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/04 дугаартай захирамжаар Б аймгийн А сумын 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилсон байх ба А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00 дугаартай захирамжаар сэлгэн ажиллуулсан өдрийг хүртэл хугацааг тооцоход А нь А сумын 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр нэг жил хүрэхгүй хугацаанд ажилласан байх тул нэг ажлын байран дээр удаан ажилласан гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна.

Хариуцагчаас ажилтан А-тай байгуулсан гэрээг дүгнэх үед хангалтгүй дүн үзүүлсэн гэж тайлбарлажээ. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлд сум дүүргийн Засаг даргын тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулсан ба мөн хуулийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхийг тусгажээ. Б аймгийн Асумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжаас үзэхэд Аг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлсөн тухай агуулга байхгүй байгаа тул хариуцагчийн тухайн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч Ж овгийн А-ийн  гомдлыг хангаж, Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

7.Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/116 дугаартай албан бичигт А суманд Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй талаар, Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай албан бичигт аймгийн хэмжээнд хөдөлмөрийн маргаан таслах ажлын хэсэг байгуулагдаагүй талаар тусгасан байх ба нэхэмжлэгч А Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж шүүхэд хандсан байх тул нэхэмжлэгч Агийн гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д заасныг үндэслэн шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж овгийн А-ийн  гомдлыг хангаж, Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/00 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х