Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2022/00038/И |
Дугаар | 130/ШШ2022/00193 |
Огноо | 2022-02-17 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2022/00193
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Б” ХХК /захирал А, рд:00000004, утас: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн А сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Э” ХХК /гүйцэтгэх захирал Х, рд:000000, утас:00000000/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ болох 15480000 төгрөг, алданги 7740000 төгрөг, нийт 23220000 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М, түүний өмгөөлөгч З,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан зээлээр худалдан авсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ болох 15480000 төгрөг, алданги 7740000 төгрөг, нийт 23220000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байсан цэвэр усны үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хариуцагч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах, суурилуулах” тухай гэрээ байгуулж, гэрээний төсөл болон гэрээний саналыг худалдан авагч тал “Э” ХХК-ний гүйцэтгэх захирал Х өөрөө боловсруулж, гэрээний хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан болзолтойгоор, зээлээр худалдаа авах нөхцөлтэйгээр байгуулсан бөгөөд тухай үед худалдагч тал болох “Б” ХХК-аас үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг шалган хүлээн авч, суурилуулан үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн ба одоо хүртэл хэвийн ажиллаж, цэвэр усны бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж худалдан борлуулж байна.
2.Талуудын хооронд байгуулсан Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах, суурилуулах гэрээний 2.2 дахь заалтад заасан ёсоор тоног төхөөрөмжийн нийт худалдах үнэ 38700000 төгрөг бөгөөд худалдан авагч “Э” ХХК нь тоног төхөөрөмж анх худалдан авсан үед буюу 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 23220000 төгрөг төлж өгсөн ба үлдэх 15480000 төгрөгийг гэрээний хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар гэрээнд тусгаж, баталгаажуулсан юм. Мөн гэрээний хоёр дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “Худалдагчийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний 2.2-т заасан хугацаанд төлөөгүй хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө” гэж тодорхой заасан байдаг.
3.Гэвч худалдан авагч “Э” ХХК нь худалдан авсан эд хөрөнгийн үнийн дүнгийн үлдэгдэл 15480000 төгрөгийг одоо болтол төлж өгөлгүй гэрээний нөхцөл, шаардлагыг зөрчиж худалдагч “Б” ХХК-ийг хохироож байгаа тул хариуцагчаас тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 15480000 төгрөг нэхэмжлэх болно.Мөн хариуцагч “Э” ХХК-ийн төлбөл зохих төлбөрийн дүн 15480000 төгрөг төлөх эцсийн хугацаа 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дууссан учир гэрээний хоёр дахь хэсгийн 2.3 дахь заалтад “хугацаа хожимдуулсан хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж зааснаар 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 530 хоног гэрээний хугацаа хэтрүүлснийг үндэслэж, алдангийн хэмжээг тооцоход алдангийн нийт дүн 530 хоног /15480000 төгрөг:100%х0.5%/=41022000 төгрөг гарч байгаа ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй гэж заасан тул нийт хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 15480000 төгрөгийн 50 хувиар тооцоход алдангийн үнэ 7740000 төгрөг болох юм.
4.Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар “Э” ХХК-аас худалдан авсан тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 15480000 төгрөг, алданги 7740000 төгрөгийн хамт тус тус гаргуулж “Б” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч “Э” ХХК-ийн захирал Х хариу тайлбартаа “Миний бие Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээ хийсэн. Гэвч уг төхөөрөмж нь 2020 оны 02 дугаар сарын дунд үе хүртэл зөвхөн хагас автоматаар ажилладаг төхөөрөмжийг суурилуулсан боловч одоог хүртэл ямар ч ажиллагаагүй байна. Бүх тоног төхөөрөмжийг ажиллуулж үзсэн боловч хуучирсан, элэгдэлд орсон байсан ба уг тоног төхөөрөмжийн запас сэлбэг нь одоогүй, байхгүй байна. Харин би тухайн үед автомат болон таглагч шугамыг буцаан авахыг хэд хэдэн удаа М-т шаардсан. М таглагч, савлагч автомат шугамуудыг Увс аймгаас нэг хүн худалдаж авахаар болсон, удахгүй буцаагаад авъя гэсэн боловч аваагүй юм. Тоног төхөөрөмжийг цаашид ашиглах боломжгүй болсон учраас 6 сараас хойш ажиллуулахаа больсон. Би ч гэсэн байр сав, шошго бэлтгэх зэрэгт 50.000.000 төгрөгийн зардал гаргасан боловч одоо хүртэл 1 төгрөг ч ашиг үзэж амжаагүй, алдагдалд ороод хохирч байна. Сүүлд байрны түрээс болон 2 ажилтны цалинг төлж чадахгүйд хүрсэн. Худалдагч 1 жилийн баталгаа өгнө гэсэн боловч баталгаа өгөөгүй. Гэтэл тус компанийн захирал уг автомат шугамыг аваагүй удаасан. Мөн бид тоног төхөөрөмж худалдан авах үед 60%-ийг “Б” ХХК-ийн дансанд шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, 23220000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн байсан. Үлдсэн мөнгө болох 15480000 төгрөгийг үйлдвэр ажиллаж ашиг олох үед төлөхөөр тохирсон. Харин уг суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь авсан цагаас эхлэн удаа дараа эвдэрч хуучирсан одоо ажиллагаагүй болоод байгаа ба запас сэлбэг нь олдохгүй хуучин тоног төхөөрөмж байсныг саяхан мэдсэн. Иймд миний бие үлдсэн төлбөрийг төлж барагдуулах боломжгүй бөгөөд М-т ажиллуулж засаж өгөхийг удаа дараа сануулж байсан болно” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах, суурилуулах гэрээ, уг гэрээний 01 дугаартай хавсралт, үйлдвэр ажиллуулсны дараа А зар дээр сурталчилгаа хийсэн нь гэх тайлбартай фото зургууд, “Б” ХХК-ийн №000000000 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШЗ2021/00000000 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хариуцагч “Э” ХХК-аас зээлээр худалдан авсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл үнэ 15480000 төгрөг, алданги 7740000 төгрөг, нийт 23220000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Э” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Тоног төхөөрөмж худалдах худалдан авах, суурилуулах гэрээ байгуулж нийт 38700000 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж худалдаж авсан ба тухайн үед 23220000 төгрөгийг төлж үлдэх 15480000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлж өгөхөөр харилцан тохиролцсон боловч үлдэгдэл үнийг төлөхгүй байгаа бөгөөд гэрээний 2.3-т хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон тул худалдаж авсан тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 15480000 төгрөг, алданги 7740000 төгрөг, нийт 23220000 төгрөг гаргуулах гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тоног төхөөрөмж худалдан авах гэрээ хийсэн бөгөөд 2020 оны 02 дугаар сар хүртэл хагас автоматаар ажилладаг төхөөрөмжийг суурилуулсан боловч одоо хүртэл ямар ч ажиллагаагүй байна. Уг суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь авсан цагаас эхлэн удаа дараа эвдэрч, хуучирсан, одоо ажиллагаагүй болоод байгаа ба запас сэлбэг нь олдохгүй хуучин төхөөрөмж байсныг саяхан мэдсэн. Мөн үлдсэн мөнгө болох 15480000 төгрөгийг үйлдвэр ажиллаж ашиг олох үед төлөхөөр тохирсон юм. Нэгэнт доголдолтой тоног төхөөрөмж шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Б” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах, суурилуулах гэрээ, уг гэрээний хавсралт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. “Б” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах, суурилуулах гэрээгээр “Б” ХХК нь “Э” ХХК-д “Б” ХХК-ийн ашиглаж буй цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлж суурилуулж өгөхөөр, “Э” ХХК нь тоног төхөөрөмжийн үнэ болох 37800000 төгрөгийн 60 хувь буюу 23220000 төгрөгийг талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш 3 хоногийн дотор худалдагч талаас ирсэн нэхэмжлэлийн дагуу дансаар болон бэлнээр төлөхөөр, худалдан авагч нь гэрээний үнийн 40 хувь буюу 15480000 төгрөгийг талууд гэрээт ажлыг актаар хүлээлцсэнээс хойш 1 жилийн дотор худалдагч талаас ирсэн нэхэмжлэлийн дагуу дансаар болон бэлнээр төлөхөөр үүрэг хүлээсэн байна. Нэхэмжлэгч “Б” ХХК нь гэрээний дагуу тохиролцсон эд хөрөнгө болох цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгч суурилуулсан байх ба хариуцагч “Э” ХХК нь хүлээж авсны дараа уг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглан бүтээгдэхүүн гаргаж байсан нь тогтоогджээ. “Э” ХХК-аас худалдан авсан тоног төхөөрөмжийн үнээс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 23220000 төгрөгийг төлж, үлдэх 15480000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлж өгөхөөр харилцан тохиролцсон байна.
5.Талууд гэрээ байгуулагдсан талаар болон тоног төхөөрөмжийн үнээс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 23220000 төгрөгийг төлөгдсөн, үлдэгдэл 15480000 төгрөгийн төлбөр байсан талаар маргаагүй ба хариуцагчаас худалдсан тоног төхөөрөмж нь доголдолтой байсан гэж маргажээ.
6.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм. Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох бөгөөд хариуцагч “Э” ХХК нь “Б” ХХК-аас шилжүүлсэн усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглаж үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлж байсан байх тул хүлээн авсан гэж үзнэ.
7.Хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн тоног төхөөрөмж нь доголдолтой байсан гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.”, 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.” гэж тус тус заасан байх ба хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэгч “Б” ХХК-аас шилжүүлсэн эд хөрөнгө болох цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглан бүтээгдэхүүн гаргаж үйлдвэрлэл эрхэлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь тоног төхөөрөмжийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгө гэж үзэхээр байгаа тул биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй бөгөөд хариуцагч буюу худалдан авагч “Э” ХХК нь доголдолтой байсан гэдгийг нотолж чадаагүй, эд хөрөнгийн доголдлыг арилгуулах талаар худалдагчид шаардлага гаргаж байсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан байх ба хуульд заасан дээрх хугацаанд худалдан авагч болох “Э” ХХК нь доголдлын талаар шаардлага гаргаагүй байна. Иймд худалдан авагч “Э” ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Э” ХХК-аас алданги 7740000 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт авагдсан “Б” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах, суурилуулах гэрээний хоёрдугаар зүйлийн 2.3-т “Худалдан авагч нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг 2.2-т заасан хугацаанд төлөлгүй хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр “Э” ХХК нь эд хөрөнгийн үнийн үлдэгдэл 15480000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 15-нд, 06 дугаар сарын 15-нд хоёр хувааж төлөхөөр тохиролцсон байх ба 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 551 хоног хугацаа хэтрүүлсэн байх ба өдөрт төлөх алдангийн хэмжээ нь 77400 /15480000 х 0.5 % = 774000/ төгрөг байна. Хугацаа хэтрүүлсэн 551 хоногт нийт 42647400 /551 х 77400=42647400/ төгрөг төлөхөөр байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нэхэмжлэгчээс үлдэгдэл үнийн дүнгийн 50 хувь буюу 7740000 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж хариуцагч “Э” ХХК-аас худалдан авсан тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 15480000 төгрөг, алданги 7740000 төгрөг, нийт 23220000 төгрөгийг гаргуулан “Б” ХХК-д олгох нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274050 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Э” ХХК-аас 274050 төгрөгийг гаруулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас худалдан авсан тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 15480000 төгрөг, алданги 7740000 төгрөг, нийт 23220000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274050 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Э” ХХК-аас 274050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х