Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2022/00042/И |
Дугаар | 130/ШШ2022/00169 |
Огноо | 2022-02-10 |
Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2022/00169
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А аймгийн Г сумын 6 дугаар багт оршин суух, Х овогт Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Г сумын 9 дүгээр багт оршин суух, Н овогт Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч М-аас 1330000 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б,
Хариуцагч М,
Орчуулагч Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б нь хариуцагч Мд холбогдуулан 1330000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Б би өөрийн хашаанаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр жолооч М-ийн ачааны машинд нийт 14290 кг хаягдал төмөр болох аккумлятор-8550, хөнгөн цагаан-5025 кг, зэс-345 кг, гялгар зэс-132.9 кг, радиятор-237 кг-ыг Улаанбаатар хот руу ачуулсан болно. Гэтэл Улаанбаатар хотын “Гялалзах оргил” ХХК-д хүлээлгэн өгөх үед М нь 5025 кг хөнгөн цагаанаас 475 кг-ыг дутуу хүлээлгэн өгсөн болно. Тухайн үед ачаа ачсан тухай падаанд бичиж, нэг хувийг нь надад өгч байсан. Миний ачааг замдаа алга болгосон уу, хулгайд алдсан уу, шилжүүлэх ачих үед үлдээсэн эсэхийг мэдэхгүй байна. Иймд жолооч Маас 475 кг хөнгөн цагааны үнэ буюу 1330000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М хариу тайлбартаа “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн М, Малшыбай, Адис нарын 3 хүний ачааг очиж Улаанбаатар хот явах замдаа машин маань эвдэрч эдгээр хүний ачаар өөр машинд ачих зайлшгүй шаардлага гарсан тул Говь-Алтай аймгийн харьяат Б гэдэг /утас нь 000000000/ жолоочид ачиж өгсөн. Ачаа ачсан хоёр хүний ачаа зөв гарч Мын ачаа дутсанд гайхаж байна.
1.Иргэн Б өөрөө жинлэж ачиж байсан, би тэр хүнд итгэж нэг бүрчлэн хараагүй, надад 14290 кг болсон гэсэн бичиг өгсөн. Би хажууд нь байж нэг бүрчлэн жинлэж аваагүй.
2.Ачааг өөр машинд ачих болоход Бад хэлсэн “чи өөрөө ирж ачаагаа тэр жолоочид хүлээлгэж өгч, А, М нартай хамт ирээд ачаагаа хүлээлгэж өгөөрэй” гэсэн боловч Б ирээгүй.
3.Би тэр жолоочид Б-ын ачааг бүрэн бүтэн ачиж өгсөн болно.
4.Бын ачааг Эмээлтэд очоод хүлээлгэж өгөхдөө Б-ын ачааг хүлээн авсан хүн нь жинлэж аваагүй шууд ачаад явсан гэсэн. Дараа нь 4-5 цагийн дараа ачаа дутлаа гэсэн байна. Иймд Б өөрөө дутуу жинлэсэн эсвэл ачаа хүлээн авсан хүн дутуу жинлэсэн болно гэж үзэж байна. Би Б-ын ачаанд хар буруу зүйл хийгээгүй, бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн учраас Б-ын нэхэмжилсэн мөнгийг төлж өгч чадахгүй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт Б-ын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б-ын Монгол Улсын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Гялалзах-Оргил ХХК-ийн тамгатай баримт, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зарлагын баримт, 0063, 0065 дугаартай жин хэмжүүрийн баримтууд, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зарлагын баримт, нэмэлт тайлбар, ачааны машины фото зураг, тэмдэглэлийн дэвтэр, аккумлятор 2022-01-16 гэх хувийн тэмдэглэл, “А” захын дарга А-ийн 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нэмэлт тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б-ын хариуцагч М-аас 1330000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр жолооч М-ы ачааны машинд нийт 14290 кг хаягдал төмөр болох аккумлятор 8550, хөнгөн цагаан 5025 кг, зэс 345 кг, гялгар зэс 132.9 кг, радиятор 237 килограммыг Улаанбаатар хотод ачуулсан ба уг хаягдал төмрийг Улаанбаатар хотын “Гялалзах-Оргил” ХХК-д хүлээлгэн өгөх үед М нь 5025 кг хөнгөн цагаанаас 475 килограммыг дутуу хүлээлгэж өгсөн тул түүний үнэ 1330000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б-ын ачааг ачсан ба Улаанбаатар хот явах замд миний машин эвдэрч ачааг өөр машинд ачих шаардлага гарсан тул Говь-Алтай аймгийн харьяат Баасанжаргал гэдэг хүнд ачиж өгсөн. Ачааг Б өөрөө жинлэж ачиж байсан ба би тэр хүнд итгэж нэг бүрчлэн хараагүй, надад 14290 кг болсон гэж бичиг өгсөн. Ачааг өөр хүнд ачих гэж байна гэдгийг Бад хэлсэн боловч өөрөө ирээгүй. Б-ын ачааг Эмээлтэд очоод хүлээлгэж өгөхдөө Б-ын ачааг хүлээн авсан хүн нь жинлэж аваагүй шууд ачаад явсан ба 4-5 цагийн дараа ачаа дутлаа гэсэн байна. Иймд Б өөрөө дутуу жинлэсэн эсвэл ачаа хүлээн авсан хүн дутуу жинлэсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгч Б нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж нийт 14290 кг хаягдал төмөр болох аккумлятор 8550, хөнгөн цагаан 5025 кг, зэс 345 кг, гялгар зэс 132.9 кг, радиятор 237 килограммыг Улаанбаатар хотод ачуулсан болох нь зохигчдын тайлбар, тухайн үед ачаа хүлээлгэж өгсөн тухай хариуцагч М-ы гарын үсэгтэй тэмдэглэлийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Б-ын ачуулсан нийт 14290 кг ачаанаас хөнгөн цагаан 5025 кг байх ба үүнээс ачаа хүлээн авагч “Гялалзах-оргил” ХХК-д хүлээлгэж өгөх үед хөнгөн цагааны жин нь 5025 кг-аар байхаас 4550 кг хүлээж авсан болох нь “Гялалзах оргил” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зарлагын баримт болон жин хэмжүүрийн баримт зэргээр тогтоогджээ.
6.Нэхэмжлэгч хариуцагч нар нь нэг килограмм ачааны үнийг 100 төгрөгөөр тохиролцсон, мөн ачаа буулгагчийн хөлсийг нэмж нийт 1600000 төгрөгийг нэхэмжлэгч Баас хариуцагч М-д шилжүүлж өгсөн болох нь зохигчдын тайлбар болон Хаан банкнаас гаргаж өгсөн харилцагч Б-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогджээ.
7.Нэхэмжлэгч нэг кг хөнгөн цагаан төмрийг 2500 төгрөгөөр худалдан авч Улаанбаатар хотод нэг килограммыг 2800 төгрөгөөр худалддаг талаар тайлбарласан ба “Гялалзах оргил” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зарлагын баримтаар хөнгөн цагаан төмрийн нэгжийн үнийг 2800 төгрөгөөр тооцсон, мөн А аймгийн “А” захын даргын 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолтоор нэг килограмм хөнгөн цагааны үнэ А аймагт 2500 төгрөг байгаа талаар тодорхойлсон байна.
8.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байх ба тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж заажээ. Хариуцагчаас ачааг Б өөрөө дутуу жинлэсэн эсвэл ачаа хүлээн авсан хүн дутуу жинлэсэн гэж үзэж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Баас хариуцагч М-д ачаа хүлээлгэн өгсөн тухай баримтад хөнгөн цагааны хэмжээг тус тусдаа тэмдэглэсэн байх ба тухайлбал, нэгдүгээр хуудсанд хөнгөн цагааны хэмжээ нийт 1075 кг, хоёрдугаар хуудсанд хөнгөн цагааны хэмжээ нийт 3950 кг гэж тэмдэглэсэн байгаагаас үзэхэд нийт 5025 /3950+1075=5025/ кг хөнгөн цагаан хүлээлгэж өгсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч М нь ачааг хүлээн авагчид нэхэмжлэгч Баас хүлээлгэж өгсөн тоо хэмжээгээр нь хүлээлгэж өгсөн болохоо нотолж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгч Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Маас 1330000 төгрөгийг гаргуулан Бад олгох нь зүйтэй байна.
9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36230 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 36230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасныг баримтлан хариуцагч М-аас 1330000 /нэг сая гурван зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36230 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М-аас 36230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х